ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов өнөөдөр хүртлээ.
Энэхүү шагналыг газарзүйн шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, онцгой бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдад хоёр жилд нэг удаа олгодог байна. Академич, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Профессор Д.Доржготов Монгол Улсад хөрсний газар зүйн судалгааг үндэслэгчдийн нэг Москвагийн их сургуулийг энэ мэргэжлээр төгссөн төдийгүй Ази тивээс хүртэж байгаа хоёр дахь хүн болж байгаа юм. Өмнө нь уг шагналыг Азиас БНХАУ-ын Хөрс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн хүртэж байжээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулахаар ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид Монголд хүрэлцэн ирээд байгаа юм. Академич Д.Доржготов “Би Монгол орны газарзүйн судалгааг 1963 оноос хойш өнөөг хүртэл эрхлэн явуулж байна. Олон арван шавь нартайгаа хамт, ОХУ-ын эрдэмтэдтэй хамт, өнөөдрийг хүртэл судалгаагаа хийлээ. Энэ хугацаанд олон арван ном бүтээл, олон газарзүйн зураг атлас, монгол хэл дээр орос хэл дээр зарим нэгийг нь герман болон хятад хэл дээр хэвлүүлсэн. Ихэнх нь бүтээл нь шавь нартайгаа хамт болон ОХУ-ын судлаачидтай хамт хийсэн бүтээлүүд юм. Хамгийн олон түмэнд хүртээмжтэй зүйл бол зураг байдаг юм байна. Тиймээс Монгол орны газрын зураг, Аймгуудын газрын зураг атлас, гэх мэт өдийг хүртэл хийж ирсэн ажлуудыг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг өгсөнд маш их баяртай байна” гэв.
Б.АМИР
Эх сурвалж: www.ZINDAA.mn
Сэтгэгдэл ( 0 )