Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр, гадаад зах зээл дээр брент маркийн газрын тосны үнэ огцом өсч, ирэх 11 дүгээр сард дахин нэмэгдэх магадлалтай байгаа аж. Энэ байдлыг харгалзан салбар яамны зүгээс бодлого боловсруулах, нефть импортлогчидтой уулзах зэрэг арга хэмжээг авч буй гэлээ.
“Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад брент маркийн газрын тосны үнэ 30 орчим хувиар өсөөд байна. Дотоодын хүчин зүйлээс илүүтэй гадны хүчин зүйл нөлөөлж байгаа. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Иранд хориг тавих шийдвэр гаргасны дараа дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш огцом өссөн. Ирэх 11 дүгээр сард хоёр дахь шатны хориг арга хэмжээ авна. Тэгэхээр газрын тосны үнэ савлах төлөвтэй байна” гэж УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат ярилаа.
Шатахууны үнэ өнгөрсөн долоо хоногт 20-30 төгрөгөөр нэмэгдсэн нь энэ жилийн хувьд дөрөв дэх удаагаа нэмэгдсэн тохиолдол байлаа. Энэ удаагийн үнийн өсөлтөд дотоодын гэхээс илүү гадны хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Хэдийгээр гадаад зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нефть импортлогчидтой уулзан бодлогын төвшинд анхаарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.
Дашрамд дуулгахад улсын хэмжээнд 38 хоногийн шатахууны нөөцтэйгөөс А80 автобензин 119 хоног, А92 автобензин 25 хоног, Дизелийн түлш 38 хоног, ТС1 онгоцны түлш 28 хоногийн тус, тус нөөцтэй байгаа ажээ.
Б.Азаа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )