KOREA WEEK-2018: Солонгосын соёлын өдрүүдийн онцлох боломжууд

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 11

БНСУ-ын ЭСЯ-наас энэ сарын 15-22-ны өдрүүдэд “Korea Week-2018” соёлын долоо хоногийн  өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээлэл өглөө. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Чой Чан Гаю хүргэсэн юм.

"Korea Week-2018" соёлын өдөрлөг долоо хог үргэлжлэх бөгөөд үндсэн дөрвөн арга хэмжээнээс бүрдэж байгаа аж. Үүнд:

  • Сөүлийн гудамжны фестивал
  • Солонгос киноны өдөрлөг
  • Элчин сайдын нэрэмжит Таэквондогийн тэмцээн
  • Го даамны улсын тэмцээн зэрэг багтжээ.

Ингэхдээ шинэ залуу үеийг идэвхжүүлж, өнгө будгийн ялгарал буюу хармони гэсэн бодлогын хүрээнд солонгос хэл сонирхон сурагч 150 оюутан болон Монгол дахь 20 гаруй солонгос оюутан хамтран зохион байгуулах юм байна. 

Хармони гэдэг нь зөвхөн Солонгосын уламжлалт хувцас ханбуг дээр илэрхийлж болдог өнгөний зохицолдлогыг хэлж байгаа бөгөөд торго дурдан дээр хийдэг байсан эртний монгол уламжлалаас гаралтай гэж үздэг байна. “Аливаа улс дан ганцаар соёлоо хөгжүүлэх боломжтой ч бусад орны соёлын хамтын ажиллагаа байх ёстой гэдэг үүднээс Монголоос үүссэн соёлын энэ хэлбэрийг гол илэрхийлэл болгох нь зөв гэж үзсэн” хэмээн Чой Чангаю тэмдэглэлээ. Өнгөний гайхамшигт нэгдлийг харуулах үүднээс Сөүлийн гудамжны дээд хэсгийг олон өнгийн шүхрээр чимэглэх аж. 

Өдөрлөгийн үеэр Сөүлийн гудамжинд залууст зориулсан нээлттэй үдэшлэг, хоолны үзэсгэлэн, мөрөөдлийг захиагаа өлгөх арга хэмжээ, үндэсний хэв шинжийг орчин үеийн урсгалаар илэрхийлдэг монгол, солонгос монголын хамтлагуудын тоглолт болно. Энэ үеэр болох монгол, солонгос үндэсний хувцасны баярын жагсаалд Ариранг дуу эгшиглэж, хоёр орны уламжлалт хувцсаар гоёсон 400 орчим хүн оролцох нь. 

Кино өдөрлөгөөр “Кай” хэмээх Ханс Кристиан Андерсоны зохиолоор бүтсэн хүүхэлдэйн киног сонгожээ. Учир нь уг киноны үйл явдал Монголд өрнөдгөөрөө онцлог гэв. 

Өдөрлөгийн хамгийн сүүлийн өдөр хэд хэдэн хонжворыг задлах нь. Хонжворын тасалбарыг хүмүүст зүгээр тараахгүй, 2,000 төгрөгөөр зарах бөгөөд олсон орлогыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ТББ-аар дамжуулан эмзэг давхаргынханд тусламж болгон хүргэхээр төлөвлөжээ. 

Харин хонжворын супер шагнал нь Монгол-Солонгос хоёр талдаа хосоороо үнэгүй зорчих нислэгийн тийз байх гэнэ. Хонжворын тасалбарыг цуглуулахдаа утасны дугаарыг бичүүлж авах бөгөөд азтаны утас руу залгах юм байна. Хэрэв эхний дуудлагыг авахгүй алдвал шагнал дараагийн хүнд шилжихийг Чой Чан Гаю санууллаа. 

Солонгосын долоо хоногийн өдөрлөгийг өнгөрсөн жилүүдэд Монголд суугаа солонгос иргэдэд чиглэн, байгууллага, зааланд зохион байгуулж ирсэн бол энэ удаа олон нийт, залуусыг хамруулан задгай талбайд өргөн хүрээнд явуулж байгаагаараа онцлог хэмээн үзэж байна.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top