Д.Цогбадрах:Хэвтэрт байсан хүн бидэн дээр ирээд алхдаг, гүйдэг болдог

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Ахиллис Монгол” олон улсын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Итгэл, найдвар, боломж- Улаанбаатар-2018” гүйлтийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр “Ахиллис Монгол” клубын гишүүн Д.Цогбадрахтай ярилцлаа.

-Юуны өмнө та манай уншигчдад клубынхаа талаар танилцуулахгүй юу?

-Энэ тэмцээнийг олон улсад анх “Аxillis international” байгууллагыг үүсгэн байгуулсан Дик Траум гэдэг хүн зохион байгуулсан түүхтэй. Учир нь тэрбээр 23 настайдаа хөлгүй болсон ч Нью-Йоркын марафонд замаа дуусгасан байдаг. Дикт Трам нь энэ хүнд хэцүү замаа дуусгасны дараа,1983 оноос хойш 5000 гүйгчтэй тэмцээнийг “Итгэл найдвар боломж” гэсэн нэрийн дор зохион байгуулж эхэлсэн юм билээ. “Axillis international” гэдэг байгууллага нь зөвхөн АНУ-даа төдийгүй дэлхий даяар тархаад одоо 80 гаруй оронд салбараа нээсэн том айл болжээ. Монгол Улсын хувьд 75 дахь гишүүн бөгөөд н.Төмөрхүү, О.Саранчулуун нарын үүсгэн байгуулсан “Axillis international Mongoli” гэсэн олон улсын байгууллага юм. Манай клуб 2015 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэднийг нийгэмшүүлэх, спортоор дамжуулан эрүүл бие бялдартай болгох зорилгоор гүйлтийн тэмцээн зохион байгуулж эхэлсэн.

-Тэгэхээр өнөөдөр болж буй тэмцээний хамрах хүрээ, гүйлтийн талаар мэдээлэл өгөөч?  

-Манай клубээс уг гүйлтийн тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн тэмцээний хүрээ тэлж 4500 оролцогч оролцсоноос 500 гаруй сайн дурын ажилтан ажиллалаа. Сайн дурын ажилтан гэдэг нь шүүгч, хөгжөөн дэмжигч, бариа, гараа гээд багаар ажиллаж байгаа хүмүүсийг хэлдэг. Үүнээс гадна 12 ивээн тэтгэгч ажилласан. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 8000 гаруй гүйгч хамрагдсан байдаг. Үүнээс есөн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бол 90 гаруй хувь нь энгийн иргэд байдаг. Тэдний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих хүрээнд хураамж төлж манай үйл ажиллагаанд оролцдог. “Axillis international Mongoli” байгууллага нь дотроо дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортод дуртай болгох, гүйж сургах. Эрүүл чийрэг хүүхдийн хувьд гадаа гараад гүйдэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд шууд гүйнэ гэдэг тун хэцүү. Тиймээс эрүүл бие бялдартай хүүхдүүтэй хамт тэмцээн зохиож, хамт гүйлгэж сургах хүрээнд “Эх үрсийн баяр”-аар энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Хоёрдугаарт, даван туулагчийн хөтөлбөр гэж бий. Энэ нь эд эрхтний тайралттай, хортой хоргүй хавдартай хүмүүсийг хамруулдаг. Гуравдугаарт, илүү гүйх сонирхолтой, спортын түвшинд бэлтгэгдсэн  хүмүүсийг бэлдэхийн зэрэгцээ давхар хөтөчүүдийг бэлддэг. Миний хувьд хөтөчөөр ажилладаг. Хараагүй, сонсголгүй гээд янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг учраас хөтөчийг бэлдэх шаардлагатай. Дөрөвдүгээрт, хамгийн дээд шалгуур. “Марафон тур” гэж бий. Энэ нь Нью-Йоркт болдог олон улсын марафон гүйлтийн тэмцээн. Бидний хувьд арваннэгдүгээр сард Нью-Йоркийн марафонд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Одоо болж байгаа “Итгэл найдвар боломж” бол Нью-Йоркийн марафонд оролцох тамирчдынхаа хэр хэмжээг харах, нэг ёсны сунгаа болж байна гэж ойлгож болно.

-Анх болж байхад хүрээ нэлээд хумигдмал байсан байх. Эхэлж байсан үеийн дурсамжаас хуваалцаач?

-Анх зохион байгуулж байхад Сүхбаатарын талбай дээр зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд, гэхдээ маш цөөн хүмүүстэй хүрээ хумигдмал болж байсан. Нийгэмд ч бүрэн дүүрэн ойлголт байсангүй. Гэтэл өнөөдөр 8000 орчим хүнийг хамарсан том тэмцээн болжээ. Энэ бол нийгэмдээ зөв мессэж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, тэднийг нийгэмшүүлэх тал дээр анхаарч байгаа бидний ажлын нэг хэлбэр юм. Өнөөдрийн үйл ажиллагааны нээлтэд гэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга ирж үг хэлсэн төдийгүй гурван километрийн тэмцээнд өөрөө гүйсэн. Бидний зүгээс Ерөнхийлөгчдөө талархаж байгаа.

-Нью-Йоркийн марафон гэхээр яах аргагүй том тэмцээн байж таарна. Танайхаас хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ямар журмаар оролцох вэ. Энэ тэмцээнд үзүүлж байсан амжилт юу байна?

-Токио, Бостни, Берлин, Чаокаго, Лондон гээд зургаа дахь нь Нью-Йоркийн марафон нь хамгийн том нь байдаг. Хүн төрөлхтнийг спортын хувьд ангилахад нэгдүгээрт, олимпийн аварга, хоёрдугаарт, дэлхийн аварга, гуравдугаарт, Нью-Йоркийн марафон гэж болно. Нью-Йрокийн марафон нь энгийн иргэдтэйгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамтад нь гүйлгэдгээрээ онцлогтой. Бусад марафонууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт гүйлгэдэггүй юм. Олон улсын хэмжээнд буюу “Axillis international”-ийн хүрээнд манай клуб нь 2015 оны шилдэг салбар нэгжээр шалгарч байсан төдийгүй тамирчдаас маань шилдгүүд олноор төрөн гарсан. Харин энэ жилийн хувьд найман хөтөч, долоон тамирчинтай Нью-Йоркийн марафонд оролцохоор бэлтгэлээ хийж байгаа нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа явдал юм. Амжилтын хувьд гэвэл ерээд оны үед Гавьяат тамирчин Ж.Лхагважав нэгдүгээр байранд шалгарч байсан бол дараа нь н.Ванданпүрэв, Б.Батзориг нар хоёр, гуравдугаар байр эзэлсэн байдаг. Мөн тамирчин О.Саранчулуун гэж Нью-Йрокийн замд замаа дуусгасан тэвчээртэй тамирчин бий. Одоо бол бид урьд өмнөх амжилтаа алдахгүйгээр эхний байруудад шалгарна гэсэн төлөвлөгөөтэй бэлтгэлээ базааж байна.

-Нэгэн цагт хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс ангид байсан бол өнөөдөр нийгэмших тал дээр олон ажил зохион байгуулах болжээ. Үүний нэг нь танай клубээс зохион байгуулдаг ажил гэж болох уу?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нуугдмал, гэр бүлийнхээ хүрээнд л харилцаатай байсан бол өнөөдөр бид энэ байдлыг өөрчилж байна. Үүнээс гадна бид бямба гаригт ууланд алхахаас эхлээд олон талт арга хэмжээг зохион байгуулсаар ирсэн. Тэр хэрээр манай хүрээ улам өргөжин тэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгэмших, өөртөө итгэх итгэлийг олж байна. Гэрээсээ ч гардаггүй, хэвтэрт байсан хүн бидэн дээр ирээд алхадаг, улмаар гүйдэг болж, сая гэхэд 5000 метрт амжилттай гүйгээд ирж байна. Зарим нь амьдралаасаа уйдаад амиа хорлох оролдлого хийсэн хүн хүртэл манайд ирээд инээж хөхрөөд явж л байна. Энэ нь ямар нэг анагаах ухааны төрлийн эмчилгээ биш, ерөөсөө хүн сэтгэлийн амьтан болохоор өөрийгөө вакумжуулаад хорьчихсон, нийгмээс бүр тасалчихсан байдаг. Ерөөсөө би босохгүйгээс хойш хэвтэж байгаад үхье, ерөөсөө би эдгэхгүй учраас хэвтэж л байя, ямар гараад бусадтай адил алхах биш, гүйх биш гэсэн бодол сэтгэлд нь бат бөх оршсон байдаг учраас өөрийгөө ялах тухай огт бодоогүй байдаг. Харин өөрийн ижил өвчин зовлонтой хүмүүс дээр ирээд өөрийгөө хэрхэн ялан дийлсэн тухай сонсоод тэдэнтэй нэгдэснээр өөрийгөө ялж чадаж байна.

Б.Төрбат:Гүйх нь өөрийгөө ялан дийлэх сэтгэл өгдгөөрөө маш гайхамшигтай

-Өөрийгөө танилцуулахгүй юу. Энэ гүйлтийн тэмцээнд хэдийнээс оролцож эхлэв?

-Намайг Батсүхийн Төрбат гэдэг, би энэ удаад гурав дахь марафондоо амжилттай оролцоод ирлээ. Урьд өмнө 5000 метрт гүйгээд өнгөрөгч жил 10 мянганд гүйсэн бол энэ жил ахиад 10 мянган метрт гүйлээ. Урьд өмнө тавдугаар байранд шалгарч байсан амжилт байдаг.  

-Энэхүү марафонд гүйснээр бие бялдар болон сэтгэлийн хувьд ямар мэдрэмж төрөх юм?

-Сэтгэл санаа тайвширч, эерэг бодолтой болдог. Олон найз нөхөдтэй болж, нийгэмд эзлэх байр сууриа ахиулдаг. Ерөөсөө өөртөө итгэх итгэлийг, өөрийгөө ялан дийлэх сэтгэлийг өгдгөөрөө маш гайхамшигтай. Манай тэмцээн нь өөрийгөө хөгжүүлэх гэсэн хэнд ч нээлттэй учраас өргөн хүрээнд хамарч байна.    

-Дасгалжуулагч багш нар байдаг байх, бэлтгэл сургуулиа яаж зохицуулж байна вэ?

-Намайг болон биднийг дасгалжуулдаг Цогоо ах байдаг. Амралтын өдрөөр ууланд алхана, гүйнэ гээд бэлтгэл сургуулиа базаадаг даа. Гол төлөв ажилтай хүмүүс амралтын өдрөөр ууланд авирдаг.

С.Ууганбаяр

www.zindaa.mn         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top