НИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ-ын 39 төлөөлөгч оролцсоноор 87 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаанаар Улаанбаатар хотын Агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээлэл болон Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай асуудлыг хэлэлцэхээр тогтов.
НИТХ-ын дарга С.Амарсайхан ээлжит бус хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Агаар орчны бохирдлын асуудал нь та бидний өмнө тулгамдсан, шийдвэрлэхэд олон талын оролцоо, иргэний хариуцлага шаардсан, хөрөнгө хүч, санхүүгийн боломжоос ихээхэн хамааралтай бөгөөд өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрч, иргэдийн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн амьдралд ноцтой нөлөөлдөг асуудлын нэг болчихоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх талаар Нийслэлийн удирдлагууд боломжтой бүх хэлбэрээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс гарч буй санал санаачлагыг дэмжин ажиллаж байна. Бид Улаанбаатар хотын агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулгыг сар бүрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шаардлагатай шийдвэрийг цаг алдалгүй гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх чиглэл үүргийг холбогдох газруудад өгч ажиллаж байна. Өмнөх ээлжит хуралдаанаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилтийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг та бүхэнд танилцуулахаар өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд оруулаад байна. Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт бид Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, төрийн аудитын байгууллагаар баталгаажсан 2017 оны хотын шуудын төсвийн орлогын давалт болох 23,7 тэрбум төгрөгөөр хотын шуудын 2018 оны төсвийн орлогын төлөвлөгөөг нэмэгдүүлэн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай өргөн барьсан санал юм. Нийслэлийн 2018 оны батлагдсан төсөвт зориуллтын дагуу зохицууллат хийж, нийслэлийн дэд бүтэц, замын шинэчлэлийн ажлыг иргэд олон нийтэд хүндрэл чирэгдэл багатай байдлаар хурдан шуурхай зохион байгуулж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх баримт бичигт туссан хотын төвийн хэсгийн төвлөрөлийг бууруулахад ач холбогдол бүхий дэд төв, үйлдвэр технологийн паркийн авто зам, дэд бүтэц сүлжээг бий болгох, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу гэр хороололын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах, агаар орчины бохирдлыг бууруулах чиглэл зэрэг эдийн засаг нийгмийн чхуал ач холбогдол бүхий ажлуудыг яаралтай хийж гүйцэтгэхэд төсөвлөн шилжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан саналыг хэлэлцэн батлана” гэв.
Нийслэлийн агаар орчины бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа “Засгийн газрын 43-р тогтоол гарч Улаанбаатар хот болон Монгол улсын төвлөрсөн суурийн газруудын агаар орчины бохирдлыг бууруулахтай холбогдуулан 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс эхлэн түүхий нүүрсийг нийслэл хотод оруулахгүй байх шийдвэр гарсан. Үүний дагуу холбогдох салбарын яам, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч аентлагуудын зүгээс олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байгааг дурьдаад, боловсруулсан түлшийг нөөцлөх, түгээх, бэлтгэх ажлын хүрээнд нөөцлөх агуулахыг барьж байгуулах ажлыг төсөвлөн ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэдээллийн төвийг байгуулан ажиллахаар болсон. Янданг буулгах, цахилгаан халаагуурт шилжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна” гэв.
Төлөөлөгчдийн зүгээс Ж.Батбаясгалан даргаас холбогдох асуултуудыг асууж, хариулт аван цаашид дэд станцуудын яндангийн тоог бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимтэй явуулах, төвийн шугамд холбогдох боломжтой газруудыг холбох чиглэлд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх зэрэг саналыг илэрхийллээ.
Хэлэлцэх асуудлын дараалалд орсон Нийслэлийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны батлагдсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийн тухай мэдээллийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуралдаанд танилцуулав.
2017 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар Нийслэл хот төсвийн орлогоор 1.65 их наяд төгрөг төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 21.4 тэрбум буюу 2.1%-иар давж биелсэн дүнтэй байгааг дурьдав. Дээрх давсан орлогыг Улаанбаатар хотын агаар орчины бохирдол, түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хүрээнд Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг Хан-Уул дүүргийн 4, 8-р хорооны нутаг дэвсгэр, шинэ төвд шилжүүлэн байршуулахтай холбоотой сууршлийн бүсийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнйи эхний ээлжийн төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай 17.3 тэрбум төгрөгийг, дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх дэд бүтцийн төв байгуулахад 4.0 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар тусгажээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын танилцуулгатай холбогдуулан НИТХ дах МАН, АН-ын бүлгийн дарга нар дүгнэлтээ уншиж танилцууллаа.
Үүний дараагаар төлөлөөгчид саналаа хэллээ.
Ц.Баатархүү: Нийтийн тээвэр, авто замын асуудлыг нийслэл хот бодлогын түвшинд эргэж харах цаг нэгэнт болжээ. Жишээ нь авто зам барихын тулд шинжлэх ухааны судалгаа, математик тооцооллыг нь нарийвчлан гаргаж байж, дараа нь хэрэгжүүлдэг уламжлалтай гадны эрдэмтдийн туршлагаас бид суралцах ёстой.
Д.Мөнхжаргал: Улаанбаатар хотын нийтийн тээврийн асуудал нь тодорхой шийдэл хүлээсэн хэвээр байгаа нь үнэн. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж 2019 онд төсөвт оруулж ирэх нь чухал. Нийслэлээс 2019 онд боловсролын салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлэр бодлого гаргаж ажиллах ёстой. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд дотор 20-30 хүнтэй том том агентлагууд байна. Эдгээр агентлагуудын ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаа нь ойлгомжтой, судалгаа шинжилгээний ажил явуулдаггүй, өдөр хоногийг аргацаасан байдалтай байна. Энэ мэтийн төсвийн үрэлгэн зардлыг бий болгодог газруудыг эргэж харах цаг болсон.
Д.Бадарсан: Шинэ захиргааны байрыг үзлээ. Төсөвт дарамт болгохгүй шийднэ гэсэн, хэрхэн яаж шийдэх гэж байгаа тухай мэдээллээ иргэд олон нийтэд сайн сурталчлахгүй бол мэдээлэлгүйн улмаас хүмүүс буруу ойлгох магадлал их байна.
Д.Үнэнбат: Хотын захиргааны шинэ байр барьж, хотын түгжрэл нягтралыг задлах нь зөв. 97 тэрбум төгрөг энд төлөвлөсөн юм билээ. Хуучин Бат-Үүл дарга ханын материалд 120 гаруй тэрбум төгрөгийн концесс хийчихээд явж байсан. Бид агаар хөрс усны бохирдол гэж ярих юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүлж байгаа компаниудын шугам сүлжээ, авто замыг нь татаж өгөх чиглэлд тодорхой төсөв хөрөнгө суулгаж өгөх нь зүйтэй байна.
Төлөөлөгчид саналаа хэлсний дараагаар хэлэлцэх асуудлаар санал хурааж 2018 оны төсвийн тодотгол дэмжигдлээ.
НИТХ-ын ХМОНХТ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
AGUULAHDAA NUURSEE ZAR