Геологичдын амьдрал алх барихаас эхэлдэг гэвэл ярилцлагын маань эзэн одоогоос 26 жилийн өмнө гартаа алх барьжээ. Тэрбээр энэ хугацааг хайртай хүмүүстэйгээ халуун дулаан гэр орондоо биш хээр хөдөө, ажлынхаа талбарт өнгөрүүлсэн гэхэд болно. Гэсэн ч тэр сонгосон мэргэжилдээ гомдоллож, нэг ч удаа харамсаж байгаагүй. Харин ч салбартаа хүлээн зөвшөөрөгджээ. Түүнийг Д.Төрмагнай гэдэг. Тэрээр Геологийн судалгааны төвийн ахлах геологич, Хайгуулын тавдугаар ангийн даргаар ажилладаг.
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Д.Төрмагнай гэдэг. Эхнэр гурван хүүхэдтэй. Эхнэр бид хоёр нэг нутгийнх. Эхнэртэйгээ 1996 онд танилцсан. Бид гурван сайхан охинтой.
-Нутаг хаана вэ?
-Би Завхан аймгийн Нөмрөг суманд төрж өссөн. Эгэл жирийн малчин айлын хүү.
-Аав, ээжээсээ хэдүүлээ вэ?
-Би айлын том хүү. Зургаан дүүтэй.
-Айлын том байх нь. Их хариуцлага шүү?
-Тийм ээ, их хариуцлага.
-ГЕОЛОГИЧ БОЛСОН МИНЬ МИНИЙ АЗ, ХУВЬ ТАВИЛАН ЮМ ДАА-
-Таны унаган мэргэжил геологич. Удахгүй салбарын тань 80 жилийн ой тохионо. Харин та амьдралынхаа 26 жилийг энэ салбартаа холбожээ. Яагаад геологич болохоор шийдсэн юм бэ. Багын тань мөрөөдөл байв уу?
-Яг ч мөрөөдөл минь байгаагүй л дээ. Гэхдээ бага байхаасаа л сонирхож эхэлсэн. Намайг долдугаар ангид байхад санагдана. Тэр үед Хайрхан өндөр хаана байна гэдэг нэртэй Монголын уран сайхны кино гарсан юм. Тэр кинонд геологичдын амьдралыг цухас харуулдаг юм. Тэр үеэс л сонирхож эхэлсэн гэхэд болно доо.
-Арван жилээ аймагтаа төгссөн үү?
-Үгүй. Сумандаа төгссөн. Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
-Хэдэн онд гэсэн үг үү?
-1987 он.
-Тэгэхээр та геологич мэргэжлийг 14, 15 настайгаасаа сонирхож эхэлсэн байх нь ээ?
-Тэгж л таарах нь дээ. Бас тэр үед зохиолч Ч.Лодойдамба гуайн геологичдын амьдралыг харуулсан романыг уншиж байлаа. Тэр их нөлөөлсөн.
-Та нарын үед ном их уншдаг, багш нар ч ном унших даалгавар өгдөг байсан биз дээ?
-Тийм. Уншлагыг аварга шалгаруулдаг, уншсан номын тэмдэглэл их хөтлүүлдэг байлаа.
-Хэр сурлагатай хүү байв?
-Дажгүй шүү. Тоо талдаа гаагүй хүүхэд байсан шүү. Надад багшилж байсан багш нарын минь гавьяа л гэж хэлнэ. Шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл сууж ном уншиж, хичээлээ хийдэг байлаа. Сумын гэрэл оройн 22.00 цаг гээд л тасарчихна. Тэр хүртэл багш нар минь давтлага ордог байлаа шүү дээ.
-Ер нь геологич болоход кино, ном хоёр их нөлөөлжээ дээ?
-Би аз л гэж хэлнэ. Энэ мэргэжлийн сонгосон минь миний аз юм. Арван жилээ төгсөөд 1987 онд аймгийнхаа төвд конкурс өгсөн. Одоо санахад математик, физик, орос хэлний шалгалт өгсөн санагдана. Тэгээд л геологийн ангийг сонгосон доо.
-Ямар сургуульд орсон юм бэ?
-Тухайн үеийн Политехникийн дээд сургууль.
-БИ МАЛД НҮДТЭЙ ХҮҮХЭД БАЙГААГҮЙ-
-Шинэхэн оюутанд их хотын амьдрал ямар санагдаж байв. Сумын төвд өссөн хүүг Улаанбаатар хот хэрхэн угтаж авч байв аа?
-Их сайхан. Оюутны дөрвөн жил их сайхан өнгөрсөн. Эхний жил нь оюутны байранд амьдарсан. Дараа жилээс нь хамаатнуудынхаараа амьдарч явлаа.
-Ер нь хөдөөнөөс хотод оюутан болж ирж байгаа хүүхдүүдэд хотод хамаатан нь байна гэдэг их дэм шүү?
-Тийм. Улаанбаатар хотод нагац ахынх минь байдаг байсан. Тэр чинь миний амьдралын хамгийн том тулгаар байлаа шүү дээ. Нагац ах минь бурхны оронд одсон ч намайг харж л байгаа байх. Их баярлаж явдаг даа.
-Ардчилал гараад удаагүй байхад их сургуулиа төгссөн юм байна. Бас л нийгмийн ороо, бусгаа үе. Ажлын байр тань бэлэн байсан уу, эсвэл үгүй юу?
-Би 1992 онд буюу ардчилал, зах зээлийн системд шилжээд удаагүй байхад нь их сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд Геологи, уул уурхайн үйлдвэр шинжилгээний институцид ажилд орсон. Тухайн үедээ л том институци байсан. Тэндээ л амьдралаа холбосон доо.
-Өнөөдөр геологичоор төгссөн оюутнуудад ажил олдох нь ховор байдаг гэж сонссон. Тухайн үед ямар байсан юм бэ?
-Тэр үед наймхан газар байсан. Институцид ажиллана гэдэг бол их том л доо. Эрдэм шинжилгээний л ажил шүү дээ.
-Толгой сайтай оюутан байж ээ?
-Өө, яах вэ. Ном их уншихаас гадна хөдөлмөрч зан минь л нөлөөлсөн байх.
-Хөдөлмөрч зан гэснээс эцэг, эх тань та нарт юу захиж, юу гэж сургадаг байв. Магадгүй хөдөлмөрч занг тань суулгаж өгсөн байхыг үгүйсгэхгүй шүү дээ?
-Тийм шүү. Багаас минь л хөдөлмөрч занд сургасан. Ажил хийвэл ам тосдоно гэдгийг л ухааруулсан. Би арван жилийн хүүхэд байхдаа зуны гурван сар амарч үзээгүй. Тасралтгүй мал дээр л байсан хүн. Өглөө хонь, ямаагаа туугаад л гарна. Үдээс хойш гэртээ орж ирнэ.
-Их сургуулиа төгсчихөөд нутагтаа ажиллахаар очсон уу?
-Нутагтаа очдог байсан ч ажиллахаар очиж байгаагүй. Учир нь, тэр үед манай нутагт миний мэргэжлийн ажлын байр байгаагүй юм.
-Геологич болоход эцэг, эхийн тань нөлөө байсан уу?
-Би малд нүдтэй хүүхэд байгаагүй. Аав, ээж минь ч гэсэн ярьдаг байсан. Энэ бол малаар явахгүй гэж. Намайг малтай биш цаастай ноцолдож л насыг барах юм байна гэж ярьдаг байлаа.
-Өөрөөр хэлбэл, том хүүгээ өөрөө өөрийнхөө хувь заяаг шийдээд яваг гэж бодсон байх нь ээ?
-Магадгүй л юм. Яах вэ, миний л хувь тавилан юм даа.
-НАМАЙГ ГЕНЕРАЛ ГЭЖ ХОЧИЛДОГ БАЙЛАА-
-Сонсох нь ээ, таныг янз бүрээр л хочилж, нэрлэдэг байж. Хамт олон, найз нөхдийг тань таны тухай “Бие жижиг ч бэлчээр том хүн шүү” гэж ярихыг нь анзаарлаа л даа?
-Өө их хочтой байсан. Гэхдээ ихэнх нь намайг генерал гэж хочилдог байсан шүү.
-Ямар учиртай хоч вэ?
-Өө, манай найзуудын л өгсөн нэр. Өмнө нь нэг үг бий.
-“Жижиг” генерал уу?
-Тэр нууц. /инээв/
-Мэргэжлийн тань сайхан зүйл нь юу вэ. Бас зовлон нь хаанаа байдаг юм бэ?
-Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдэг. Үүнтэй л ижилхэн. Дандаа дардан замаар явахгүй шүү дээ.
-Гэхдээ л та чаджээ. Өнгөрсөн 26 жил ямар ямар төсөл дээр ажиллаж байв?
-Монгол орны зэсийн ашигт малтмалын бүртгэлийн зургийг гаргахад хувь нэмрээ оруулсан. Дараа нь Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка төслийн Баянхонгор аймгийн Баянлиг, Гурванбулаг, Загжаргалант, Байдраг, Бөмбөгөр, Баян-Овоо зэрэг сумын нутгийг хамарсан судалгааны ажилд оролцож байлаа. Мөн 2002 оноос Хармагтайн ордын хайгуулын ажил, Оюутолгойн хайгуулын ажлыг багт оролцож явсан. Харин өнгөрсөн жилээс Геологийн судалгааны багийн ахлагч геологичоор ажиллаж эхлээд байна.
-БИ ГЕОЛОГИЧ МЭРГЭЖЛИЙН СОНГОСОНДОО ХЭЗЭЭ Ч ХАРАМСАЖ БАЙГААГҮЙ-
-Та амьдралынхаа ихэнх цаг хугацааг гэр бүлээсээ хол хөдөө, хээр өнгөрүүлжээ. Хэдийгээр ажил, мэргэжлийн шаардлага ч гэлээ ийм мэргэжил сонгосондоо, бас гэр бүлдээ цаг зав их бага зарцуулж дээ гэж хааяа ч болтугай харамсах сэтгэл төрдөг үү?
-Үгүй.
-Яагаад тэр вэ. Үнэхээр нэг удаа ч гэсэн харамсаж байгаагүй гэж үү?
-Яалаа гэж. Ер нь ар гэр их найдвартай байх хэрэгтэй. Ялангуяа бидэн шиг ажил, мэргэжилтэй хүмүүст.
-Эхнэр хүнээс ихээхэн тэвчээр, ухаан шаардах нь ээ?
-Яг зөв. Би ер нь охидоо өсгөлцөөгүй гэхэд болно доо.
-Ингэхэд та их даруухан хүн юм аа. Асуултад бүрт их товчхон хариулах юм. Дотогшоогоо хүн үү?
-Магадгүй.
-Геологич мэргэжлээр сурах гэж байгаа, сурч байгаа, одоо ажиллаж байгаа залууст хандаж ямар зүйлийг захих вэ?
-Аливаа зүйлд дайчин, тэвчээртэй, шаргуу байх хэрэгтэй. Дээр нь бүх зүйл няхуур хандах шаардлагатай л гэе дээ.
Бид хоёр ийн хөөрөлдлөө. Ярилцлага маань дутуудсан бол уншигчдаасаа хүлцэл өчье. Учир нь, энд Д.Төрмагнай ахтай ярилцах цаг хомс, их давчуу байсан гэдгийг онцлох нь зөв байх. Гэсэн ч тэр асуулт бүрт минь их нухацтай хандаж байлаа. Барагтай бол амнаасаа үг унагахгүй, зовооно. Гэхдээ түүний байгаа байдал нь цаанаа л нэг түшигтэй, дулаахан мэдрэмжийг төрүүлнэ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com
Сайхан аав ээжийн сайхан хүү дээ
ta bol mundag xodolmorch xun shvv baxarxaj yabdag shvv
Ahdaa bayr hvrgii mundag shvv taniaar baharhaj bna hairtai shvv
Mundag hun shu