Ерэн насныхаа босгон дээр Алтан гадас одонгоор шагнууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсний түүхт 90 жилийн ойн баяр энэ өдөр тохиож, Төрийн ордноо үе үеийн хуульч өмгөөлөгчид чуулж, баярын хурлаа зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нар үг хэлсэн.

Ерөнхийлөгч “Үе үеийн өмгөөлөгчид, нэрт хуульчид бол нийгмийн нинжин сэтгэлтнүүд байх учиртай, манай хуульчид ч энэ үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Харин өнөөдөр бидэнд тулгамдаж буй зүйл бол өмгөөлөгчид өөрсдөө бие даасан хуультай байх ёстой. Бие даасан хуультай байж шударга ёсийг тогтооно” гэдгээ хурлын индэр дээрээс мэдэгдсэн бол Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар ч “Монголын өмгөөлөгчид бие даасан хуультай байх ёстой, өнөөдөр шүүх, прокурор бүгд өөрийн гэсэн бие даасан хуультай байна, бие даасан бүтэцтэй байна, тэгэхээр 90 жилийн түүхтэй манай байгууллага өөрийн гэсэн хуультай байх нь бидэнд тулгамдаж байгаа асуудал” гэдгийг онцолсон.

Баярын хурлын үеэр халуун алга ташилтан дор болсон нэгэн үйл явдал бол салбартаа тэргүүлэгч хуульчдыг болон Өмгөөлөгчдийн байгууллагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнаж урамшууллаа. Тодотговол, Монгол Улсад эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах, иргэн хуулийн этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх болон хуулиар олгогдсон эрхийг тууштай хамгаалах, шударга ёсыг тогтоох үйлсэд оруулсан тус байгууллагын үе, үеийн хуульч, өмгөөлөгч, ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Өмгөөлөгчдийн байгууллагыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Мөн үеэр өмгөөлөгч Б.Ганбат, М.Өнөрцэцэг, О.Чулуунцэцэг, П.Батжаргал, Р.Цэрэнлхам, А.Мөнхтулга, Р.Ганхуяг нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмгээр, Л.Азжаргал, М.Баасандамба, Ц.Байгальмаа, У.Батжаргал, Л.Мөнгөнцэцэг, Оюунцэцэг нарын хүмүүсийг Хууль зүйн албаны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнав. Ингээд энэ үеэр хурлын хүндэт төлөөлөгчдийн сэтгэгдлээс сонслоо.


Монгол Улсын Гавьяат хуульч академич С.Нарангэрэл:Өмгөөлөгчид луйварчид биш, өмгөөлөгчид гэмт хэрэгтний хамсаатан биш  

Монголын үе үеийн өмгөөлөгчид монголын нийгмийг хамгаалах, хууль зүйн хүнд асуудалд тулгарсан хүмүүст мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Би 1996-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувиар өмгөөлөгчдийн ажил үйлсийг сайн мэдэх хүний нэг нь юм. Тиймээс би дараа үеийнхэндээ, залуу хойч үедээ өмгөөлөх, өмгөөлөл гэдэг бол бурхан шиг, хамгийн нигүүлсэнгүй, хамгийн өр зөөлөн байх ёстой гэж захидаг. Өөрөөр хэлбэл учир явдлаа олохоо больчихсон, ядарсан зүдэрсэн хүмүүст хууль зүйн мэргэжлийнхээ нарийн туслалцааг цаг тухайд нь гар таталгүй үзүүлдэг байх ёстой гэж үздэг. Өмгөөлөгчид бол луйварчид биш, өмгөөлөгчид бол гэмт хэрэгтний хамсаатан биш. Гэхдээ намайг Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед өмгөөлөгчдийн нэр төр өндөр байсан бол өнөөдөр тэр үеэс уруудсан байгааг нуух хэрэггүй. Тэгэхээр бид өөрсдөө маш өндөр ёс зүйтэй байх ёстой. Миний хувьд бол Хуульчдын эрх зүйн байдлын хуулиар өмгөөлөгчдийн эрх зүйн байдал хангагдаж байна, тэгэхээр одоо өмгөөлөгчдийн тухай бус, өмгөөлөгчдийн байгууллагын тухай бус өмгөөллийн тухай бие даасан хуультай байх ёстой гэж үздэг.

Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга П.Батжаргал: Өмгөөлөгчид өөрийн гэсэн хуульгүй байгаа нь зохисгүй

Юуны өмнө Монгол Улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын мэндийг нийт өмгөөлөгчиддөө хүргэж байна. Хүний эрхийг хамгаалах гол баталгаа бол өмгөөлөгчид өөрсдөө бие даасан хуультай байх ёстой. Нийт өмгөөлөгчид ч энэ тал дээр санал нэгдсээр ирсэн. 2013 онд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан, үүнээс хойш Өмгөөлөгчдийн хууль маань хүчингүй болсон. Хуульчдын эрх зүйн байдлын тухай хууль гэхээр Шүүхийн тухай хууль, Прокурорын тухай хууль гээд бүгд бие даасан хуультай, бие даасан бүтэцтэй байхад Өмгөөлөгчид өөрийн гэсэн хуульгүй байгаа нь зохисгүй. Энэ байгууллага нь бие даасан байдлаа алдах, хэврэгших хандлага ажиглагдаж байна. Өмгөөлөгчдийн хууль байхгүй болсоор 90 жилийн түүхтэй өмгөөлөгчдийн байгууллага нь зүгээр нэг Төрийн бус байгууллага шиг боллоо. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нар ч индэр дээрээс энэ тухай цохож хэлсэн. Гол үндэс суурь нь өмгөөлөгчдийн хуультай байж бид нийгэмд шударга ёсыг тогтооно, өөрсдөө шударга өмгөөлөл үзүүлэх учиртай.


С.Ууганбаяр

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗБ(103.57.95.161) 2018 оны 09 сарын 17

Байгуулагыг шагнах нь зохимжтой биш

0  |  0
Top