Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой өнөө жил тохиож буй. Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн. Япон Улсын Засгийн газар 1991-2013 он хүртэлх хугацаанд Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжиж, харилцааны хүрээ өргөжин тэлсээр өнөөдрийг хүрчээ.
Тэгвэл хоёр улсын бизнес эрхлэгчдийг өөр хооронд нь танилцуулах, үйл ажиллагааг нь харилцан сурталчлах, хамтын ажиллагааг нь эрчимжүүлэх зорилго бүхий "Монгол-Хоккайдогийн бизнес форум" өнөөдөр /2018.09.17/ боллоо. Форумд УИХ-ын гишүүн, Монгол-Хоккайдогийн эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Л.Болд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Такэббэ Цүтомү, Япон улсаас Монголд суугаа Бүрэн эрхэт элчин сайд асан Шимүзү Такэнори, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс болон Монгол, Япон улсад бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. Японы Хоккайдо мужид үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага, компаниудын төлөөлөл оролцож, барилга угсралт, хөдөө аж ахуй, архетиктур дизайн, дулаан хангамжийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. Тэдгээр нь цаг агаарын эрс, тэс уур амьсалтай Монгол орны нөхцөлд тохирох давуу талтай байв.
Форумын үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба "Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2018" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Тэрбээр илтгэлдээ "Улаанбаатар хот Хоккайдо мужтай эртний харилцаатай. 1997 онд Япон улсын Саппоро хотод зохион байгуулсан Өвлийн хотуудын уулзалтад Улаанбаатар хот оролцож, гишүүнээр элссэн. Түүнээс хойш Хоккайдо мужтай олон чиглэлээр хамтран ажиллалаа. Жайка байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн барилгыг өргөтгөн, дулаалж, төрийн үйлчилгээг нийгэмд хүргэх бааз суурийг бэхжүүллээ. Мөн нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тус байгууллага багагүй дэмжлэг үзүүлсэн. Цаашид нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тул Улаанбаатар хотыг хэд хэдэн дэд төвтэй болгох юм. Өдгөө Улаанбаатар Их болон Багатойруу гэсэн хоёр том төвтэй, төр, захиргааны бүх байгууллага тэнд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эхний ээлжинд хоёр төвтэй болгох зорилт тавьсан юм. Үүний нэг нь Яармагт байгуулах дэд төв юм. Тус хоёр төвийн бүтээн байгуулалтыг гадаадын байгууллагын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр хийж байна. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн байгууламж зэргийг дурдаж болно. Яармагт байгуулах дэд төвд зөвхөн хотын захиргааны байгууллага очно гэж ойлгож болохгүй, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаас авхуулаад эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Хотоос хийж буй дараагийн том ажил нь Налайх дүүрэгт барьж буй Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт. Ажилгүйдэл, ядуурал, нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулж, Налайх дүүрэгт үйлдвэрүүдийг бөөгнүүлэх юм. Татварын болон бусад хөнгөлөлт үзүүлэх зарчмаар аж ахуйн нэгжүүдийг тэнд төвлөрүүлэхээр тооцсон. Паркийн эхний ээлжийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. Уг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, хамтран ажиллах боломж хэн бүхэнд нээлттэй.
Гэр хорооллыг дахин барилгажуулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулах нь бидний том зорилгын нэг. Өнөөдрийн байдлаар 210 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна гэсэн статистик бий. Яндангийн тоог бууруулж, Улаанбаатарыг орчин үеийн хот болгохоор ажиллаж буй. Ингэхдээ шахмал түлшний үйлдвэр барих, дулааны алдагдлыг бууруулах ажил санаачилж буй. Уурын зуухыг цахилгаан халаагуур солих гэх мэт арга хэмжээ авч байна. Дэлхийн банкнаас авхуулаад олон байууллага хандив, тусамж үзүүлж байгаа. Мөн аялал, жуулчлалыг хөгжүүлэхээр хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг онцолсон. Энэ бүгдэд Япон улсын төлөөлөгчид гар, бие оролцож буйг хэлэхэд таатай байна” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Хотын захиргааны байшин гологдоод утаа,түгжрэл их боллоо гэж Батболд ойлгосон бна уу
Дарга нэртэй Та нар ч дээ нэг л их Гоё юм ярьсан Улс тэгээд заавал Нүхтийн аманд шүү Та нар сайн даа ч биш Хотын их Утаанаас дайжиж л байгаа шүү дээ Худлаа юм ярьж байхын оронд Үнэнээ хэлээд Хотын захиргаагаа нүүлгээ ч дээ Одоо Иргэд олон түмэн Та бүхний Хэлж ярьж байгаад чинь огт Итгэхээ байсан шүү дээ
Амжилт хүсье!