“Автомашингүй өдөр” есдүгээр сарын 22-нд буюу Бямба гарагт болно. Энэ өдөр 08:00-17:00 цагийн хооронд хаагдах замуудын мэдээллийг хүргэж байна. Зүүн дөрвөн замаас Сансарын тунель хүртэл зорчих хэсгийн баруун талын туслах зам Бээжингийн гудамж Залуучуудын гудамж Сөүлийн гудамж Байгалийн түүхийн музейн уулвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаах юм. Энэ үеэр Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй бүсчлэл болон бүсчлэлээс гадуур иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нийт 260 гаруй алба хаагч ажиллах аж.
“Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор зам тээврийн осол болон автомашины хор хөнөөлийн талаар олон нийтэд таниулах, автомашины хэрэглээг багасгах, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг олон нийтэд уриалж, олон төрлийн тэмцээн уралдаан, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.
Автомашингүй өдөр нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Б.Баргужин
Сэтгэгдэл ( 0 )