“Oracle”-ыг үндэслэгч Лоуренс Эллисон

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Дэлхийн хамгийн томд тооцогдох Oracle корпорацийг үүсгэн байгуулагч Лоуренсе Эллисоны хувийн амьдрал үнэхээр адал явдалт кинотой төстэй гэмээр тун ч адарматай түүхтэй ажээ. Тэрбээр 1944 оны намар Италийн Флоренци хотноо Спеллман хэмээх ядруухан еврей бүсгүйгээс мэдэлжээ. Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байсан хүнд бэрх цаг, дээр нь  эцэггүй хүүхдийг өсгөх нь дэндүү хэцүү байсан тул эх нь хүүгээ Чикаго руу авга эгч Лилиан Эллисон Спеллман, авга ах Луи Эллисон нартаа өсгүүлэхээр хүргүүлжээ. Тэд хүүг есхөн сартай байхад нь хүлээж авсан юм. Тиймээс тэрбээр 48 нас хүртлээ өөр эхтэй гэдгээ мэдээгүй, бас төрсөн эцгийнхээ нэрийг хэзээ ч мэдэж чадахааргүй болжээ.

            Ларри Чикагогийн хойд дүүрэгт орших Южин Филдын бага сургуулийг төгсөөд Өмнөд Шорын дунд сургуульд элсэн суралцах болжээ. Дан еврей сурагчид амьдардаг, дунд сургуулийн дотуур байрны хоёр тасалгаанд тэрбээр өсч торнижээ. Энд байхдаа тэрбээр өргөж авсан эх Лилиан Эллисон Спеллман, эцэг Луи Эллисон нарыг санаж суудаг байв. Эцэг нь Крымээс цагаачлан ирсэн оросын еврей бөгөөд хатуу чанд, олон зантай байсан бол түүний энэ хахир хатуу занг эх нь ямагт зөөлөн сэтгэл, халуун дулаан аашаараа нөхдөг байжээ. Хөдөлмөрч чанарынхаа ачаар Луи Чикагод чамлахааргүй том үл хөдлөх хөрөнгө эзэмших болсон ч Их хямралын үеэр бүгдийг нь тавиад туучихсан гэдэг.

            Л.Эллисон оюутан ахуй цагаасаа эхлэн маш хичээнгүй, амбицтай нэгэн болж төлөвшжээ. Тэрбээр хүн бүр ороод байдаггүй Иллинойсын их сургуульд орсон ч хоёрдугаар курст байхдаа орхижээ. Өсгөсөн эх нь нас барсан тухай мэдээ хүлээж аваад Ларри төгсөлтийнхөө шалгалтыг хаян гэрийн зүг одсон гэдэг. Зун нь найз Чак Вайстайгаа Хойд Калифорнид хэсэг хугацаанд амьдарч байхдаа анх компьютертэй нүүр тулжээ. Улмаар хэсэг хугацаанд Чикагод эргэн ирсэн боловч 1964 онд Хойд Калифорнид амьдрахаар эргэж иржээ. Энд тэр карьераа эхэлсэн юм. Тэрбээр        

            Анх Atpex Corporation-д ажиллаж эхэлсэн тэрбээр 1977 онд Oracle-ын эхлэл болох Relational Software Инк компанийг үүсгэн байгуулж, банкны программ хангамж бүтээхээр ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр шинэ компанидаа 1400 ам.доллар оруулсан гэдэг.

Банкны программ хангамжийн салбарт амжилттай ажиллаж салбартаа тэргүүлэх болсон Oracle-тай 1990-ээд оноос Informix Software, Sybase зэрэг компаниуд хүчтэй өрсөлдөх болж, захирал Фил Уайт, Лоуренс Эллисон нарын сөргөлдөөн гурван жилийн турш хэвлэлийнхний хуудсыг чимж байв. Гэсэн ч эцсийн эцэст Фил Уайт санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр шоронд орж, Л.Эллисон 2002 онд Oracle-ын захирлуудын зөвлөлын даргын албан тушаалаа орхисноор энэ тэмцэл өндөрлөсөн түүхтэй. Ларриг албаа орхисноос хойш ч гэсэн Oracle амжилттай урагшилж байгаа бөгөөд 2009 онд Sun Microsystems-ийг худалдан авч одоо мэдээллийн илүү дэвшилтэт технологийг шинээр буй болгохоор ажиллаж байна.

Oracle 2005 онд түүнд 975 мянган ам.долларын нөхөн олговор өгч байсан бол 2009 онд 56.8 саяыг төлжээ. Үүний нэлээдгүй хэсэг нь цалин байдаг бол үлдсэн хэсэг ньзохиогчийн эрх урамшууллаас бүрддэг байна. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 50 тэрбум ам.доллар гэж үзэн, дэлхийн тав дахь баян хүнээр тодруулжээ. Өмнө нь тэрбээр 2000 онд хэсэгхэн хугацаанд дэлхийн хамгийн баян хүн байж үзсэн.

Хувийн амьдралын хувьд тэрбээр тийм ч тогтвортой амьдралыг туулсангүй. Түүнийг дөрвөн удаа гэрлэж байсан гэлцдэг (баталгаагүй эх сурвалж) бөгөөд хамгийн сүүлд Мелани Крафт хэмээх зохиолч бүсгүйтэй гэрлэжээ. Өмнөх гэрлэлтүүдээсээ Дэвид хэмээх хүү, Меган гэдэг охинтой.

Тэрбээр далбаат завины спортоор хичээллэж чамгүй амжилт гаргаж байжээ. Түүнээс гадна Эллисон нигүүлсэгч гэдгээрээ америкчуудын талархлыг хүлээдэг. Түүний байгуулсан буяны сан эрх нь зөрчигдсөн иргэдэд тусалдаг аж.      

 

Б.Баргужин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top