Өндөг шиддэг ТАЙВАН ЖАГСААЛ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

“Гэр хороолол хөдөлгөөн”-өөс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тус хөдөлгөөнийхөн өнгөрөгч гуравдугаар сард мөн шаардах бичиг хүргүүлж байсан юм.  Тухайн үед Сүхбаатарын талбайд  “Эсэргүүцэж байна” жагсаалыг зохион байгуулж, найман зүйл бүхий шаардлагыг хотын даргад хүргүүлж байсан. Тэгвэл энэ удаа тэд Хотын захиргааг Нүхт рүү нүүлгэхийг эсэргүүцэж байгаа аж.

 “Гэр хороолол хөдөлгөөн”-ий гишүүн Я.Мөнгөнцэцэг хэлэхдээ “Бид хотын захиргаанаас талбай дээр жагсах зөвшөөрөл хүссэн боловч зөвшөөрөөгүй. Тиймээс бид Су.Батболд даргын цонхон дор жагсаж байна. Бидний жагсаж байгаа гол шалтгаан бол гэр хороолол руугаа дэд бүтэц татахгүй байж Хотын захиргааг 97 тэрбум төгрөгөөр Нүхт рүү нүүлгэх болсныг эсэргүүцэж байна. Мөнгө байгаа л юм бол түүнийгээ гэр хороололдоо зориулмаар байна. Мөн яагаад заавал Нүхт рүү нүүнэ гэж. Тэнд дандаа олигархиуд, баячууд амьдардаг. Гэтэл тэдэнд төсвийн мөнгөөр үнэгүй дэд бүтэц татаж өгөх гэж байна шүү дээ” гэсэн юм.

Жагсаалд 50-иас дээш насны 50 орчим иргэд цугласан бөгөөд тэд “Гэр хороолол биш олигархиудад үйлчилдэг Су.Батболд огцор” гэсэн уриа лоозон барьжээ. Я.Мөнгөнцэцэг “Бид тайван замаар жагсаж байна” гэсэн боловч иргэд өндөг шидэж, жагсаал тайван бус байдлаа алдсан юм. Хотын захиргаанаас тэдэнд хэлэхдээ “Өнөөдөр талбай дээр өөр байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан тул та бүхний жагсаалыг хүлээн авах боломжгүй” гэжээ. Жагсаалд оролцсон иргэд Хотын захиргаа руу өндөг шидэх үеэр Цагдаагийн алба хаагчид зогсоосон бөгөөд, зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан шалтгаанаар “Гэр хороолол хөдөлгөөн”-ий Б.Батсүхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан юм.


“Гэр хороолол хөдөлгөөн”-ийг Нийслэлийн Засаг Дарга асан Э.Бат-Үүл үүсгэн байгуулсан гэдэг. Тус хөдөлгөөнөөс өнгөрөгч наймдугаар сарын 24-нд УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг булхайтай болох гэж буй талаар хэвлэлийн хурал зохион байгуулсан. Тэд Хотын дарга асан Э.Бат-Үүлд 42 дугаар тойрогт бие даан нэр дэвших санал тавих гэж байсан ч эрх баригчид энэхүү суудлыг хоосноор нь 2020 онтой золгуулах санаа агуулж байна гэцгээсэн юм.

“Э.Бат-Үүлийн уран нүүдэл”

“Гэр хороолол хөдөлгөөн”-ийхөн өөрсдийгөө бидний ард ямар нэгэн олигархи, нам эвсэл байхгүй гэж байгаа боловч энэ сарын 14-нд Хотын захиргаа руу дайрч орсон жагсаалыг Нийслэлийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “97 тэрбум төгрөгөөр гэр хорооллын 100 мянган айл орон сууцанд орно” гэсэн лоозон барьж  тэргүүлсэн байдаг. Тэгэхээр тус хөдөлгөөнийхөн үнэхээр манай улсын нийт өрхийн 57,9 хувь буюу 200 гаруй мянган айл өрхийн өмнөөс тэмцэл өрнүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Аливаа тэмцэл жагсаалын ард хэн нэгэн байдаг, харин хохирогч нь ард түмэн байдаг гэдэг. Ардчилсан нам болоод Хотын дарга  асан Э.Бат-Үүл гэр хорооллын ядарсан иргэдийг эрх мэдэлд хүрэх бамбайгаа болгодог хуучирсан арга барилаа орхиогүй байгаа нь харамсалтай. Мөн 97 тэрбум төгрөгөөр 100 мянган айлын орон сууц барих боломжтой эсэх нь ч эргэлзээтэй. Жишээлбэл, Засгийн газраас 2011 онд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 100 мянган иргэнд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгоход жилдээ 450-700 тэрбум төгрөгийн зардал гарна. Нийт хөтөлбөрийн туршид 9-14 их наяд төгрөг шаардлагатай гэж тухайн үеийн Сангийн яамнаас мэдээлж байв. Тэгэхээр “Гэр хороолол хөдөлгөөн”-ийхөн 97 тэрбум хийгээд 100 мянган айлын орон сууцыг математикийн ямар томъёогоор бодсон нь сонин. Мөн “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс 10 дугаар сар гаргаад томоохон жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн. Монголын уран зохиолын хүндэт баавай Сэнгийн Эрдэнэ Хэнтий нутгийнх. Тэгэхээр С.Эрдэнэ баавайн хүү Бат-Үүлд Хэнтий тийш зүглэх шалтгаан бий. Нийслэлийн ИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү ч Хэнтийнх. Түүнд ч бас Э.Бат-Үүлийг дэмжих шалтаг, шалтгаан бий. Гэхдээ л гишүүний суудалд суух гэж ингэж улайрах хэрэг байна уу, Э.Бат-Үүл дарга аа!!! 42 дугаар тойрог нэлээн хатуухан гэдгээ өнгөрсөн үйл явдлаар харуулсан даа, харуулсан.

Б.Баргужин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top