Байраа барьцаалж эхлүүлсэн ЖҮДОГИЙН ”ОРДОН”

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шимтэн үзэж суугаа бөх сонирхогчдыг жүдо бөхтэй холбоотой өөр нэгэн гэгээлэг мэдээнд анхаарлаа хандуулахыг хүсье. Гэр хороололд, энэ спортод чин сэтгэлээ зориулж яваа нэгэн аавын санаачилгаар ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг бэлтгэх авсаархан танхим сүндэрлэх өдрөө хүлээж байна.

 Одоохондоо барилгын ажил эхлээд явж байгаа ч санхүүгийн чамгүй туслалаа хэрэгтэй шинэ заалны талаар олж мэдэхээр Дарь-Эхийн Ганц худагийг зорив. Гэр хорооллын олон гудамж сүлжин явсаар тэр хашааны өмнө ирэх хүртлээ энэ хавийн хүүхдүүд дэргэдээ спортоор хичээллэх заал, танхимтай болчихвол нар нь гарах байхдаа гэж өмнөөс нь баярлах сэтгэгдэл төрж байв. Энэ олон гудамж, машин зам, түгжрэлийг давж хүүхдүүд хотын төв рүү байтугай гэрээсээ яльгүй хол бэлтгэлд явахад үнэхээр хүндрэлтэй байхаар.

Өөрийн зардлаар, олон түмний дэмжлэгээр энгийн нэгэн хашааг спортын өргөө болох санааг “Жүдо бөх сонирхогч, дэмжигчдийн клуб” ТББ-ийн үүсгэн байгуулагч Б.Батбаатар гаргажээ. "Багадаа спортод их дур сонирхолтой байсан ч айлын том хүүхэд учир гэр орны ажил их, дээрээс нь дүү нараа харж ханддаг байсан болохоор өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж чадаагүй. Тийм ч учраас өөр шиг нь хүсэл мөрөөдөлтэй хүүхэд, багачуудыг баярлуулахаар хороолол дунд заал барихыг тэр хүсчээ. 

  


Харин клуб, бэлтгэлийн заал байгуулах болсон талаараа тэрбээр "2013 онд хүүхдээ Франц руу нэг жилийн хугацаатай жүдогийн клубт хүүхдээ явуулсан юм Тэр клубт Монголоос дөрвөн хүүхэд шалгарч, бүх зардлыг нь гэр бүлийнхэн нь дааж, гэрээ байгуулан, бэлтгэл хийсэн. Би хүүхдээ хүргэж өгөх, эргэх гэх мэтийн шаардлагаар энэ хугацаанд Франц руу дөрвөн удаа явсан. Тухайн клуб нь 50 жилийн түүхтэй хувийн клуб, эзнийх нь хүү олимп, дэлхийн медальтай, Францийн сайн тамирчдын нэг байсан. Клубийн онцлог нь гэвэл ерөөсөө л тэр гэр бүлийн гишүүд өөрсдөө клубээ ажилуулж, хүүхдүүдэд жүдо бөх зааж байсан явдал. Монголд Спортын төв ордныг тойрсон цөөөнгүй клуб, заал байдаг. Томоохон клубууд нь дандаа хүчний байгууллагууд дээр тулгуурласан, төрийн санхүүжилттэй байх нь элбэг. Тэгэхээр энэ нь нэг талдаа өрөөсгөл болчихож байгаа юм. Тухайн төрийн байгууллагын төсөв санхүү хямарсан тохиолдолд клуб оршин тогтнох боломжгүй болно гэсэн үг. Тиймээс  жүдо бөхийн холбоонд санал тавьж, гэр хороололд клуб байгуулья, гол зорилго нь гэр хорооллоос Спортын төв ордон руу очиж бэлтгэл хийж чадахгүй хүүхдүүдэд илүү ойртоё, тамирчдын гол нөөц, эх ундарга энэ орчинд бас байдаг гэсэн асуудлыг хөндсөн. Холбоо ч нааштай хүлээж авсан.

Ингээд би хашаа, байшингаа 20 сая, орон сууцаа 50 сая төгрөгийн барьцаанд тавьж, өнгөрсөн 2017 оны зургадугаар сараас клубынхээ барилгыг эхлүүлсэн. Ямар ч байсан хүүхдүүдийнхээ төлөө, жүдо бөхийн төлөө юм хийе гэсэн хүсэл маань биелж эхэлсэн. Анх хүүхдээ арай илүү бэлтгэл хийлгэе, хувийн юмтай болъё гэж бодож байсан бол сүүлдээ энэ нь нийгэм рүү чиглэсэн ажил болж хувирсан. Хөдөө орон нутгаас ирсэн тамирчин хүүхдүүдийг хүлээн авч байрлуулах, хотод тэмцээнтэй байх хугацаанд байр сав хайхгүй байж болох боломжтой юм байна гэж харсан. Нэг ээлжиндээ 20-иод хүүхэд байрлуулах боломжтой гэж төлөвлөх жишээний. Би хүүхдээ дагаж хорон нутагт болсон хэд хэдэн тэмцээнд явж үзсэн. Хамгийн гол асуудал нь хүүхдүүдийг хүлээж авах байр байдаггүй. Хоёрдугаарт, бэлтгэлээ хийх дэвжээ тэр бүр олддоггүй. Сургуулийн хурлын зааланд юм уу, том гэсэн зай талбайд гудас дэвсэж байгаад барилддаг.


Улаанбаатарт ирсэн хүүхдүүдэд ч зориулалтын байрлах буудал олоход хүндрэлтэй. Спортын  төв ордонтой хамгийн ойрхон хувийн буудлуудад гэхэд нэг өрөөнд тав зургаагаар нь байлгана. Нөгөө буудлууд нь нийтэд үйлчилдэг газар учир хажууд нь архи ууна, янз бүрийн л зүйл болно. Жин хасч байгаа хүүхдүүдэд энэ нь маш их хүндрэл учруулдаг. Тэгээд  бэлтгэх хийх гэж ганцхан Спортын төв ордон руу очих болдог. Энэ мэт бэрхшээлийг хүүхдээ спортоор хичээллүүлж байгаа аав, ээжүүд, багш дасгалжуулагч нар сайн мэднэ.

Жүдо бөх Монголын топ спортын төрөл юм чинь дэмжиж, туслах хүмүүс гарч ирэх байх гэж шууд бодсон ч яг хийгээд эхлэхэд бодит байдал дээр эсрэгээрээ байсан. Санхүүгийн асуудал дээр маш их цаг хугацаа алдаж, хүнд байдалд орж байгаа ч бодож, санаснаа биелүүлэхээр зүтгэж л байна. Барилдах сонирхолтой ч клуб, дугуйлангийн төлбөр төлөх чадваргүй айлын хүүхдүүд олон байдаг. 13-р хороололд байр түрээслэн, клуб ажиллуулж байхдаа тийм хүүхдүүдийг зөндөө харж байсан. Маш ирээдүйтэй хүүхдүүд ар гэрийн боломжоос болоод спортоор хичээллэж чаддаггүй. Тийм хүүхдүүдийг дэмжиж байж жүдогийн ирээдүй хойч үеийг бэлтгэнэ гэсэн бодолтой байдаг болохоор бага багаар энэ байшин, заалаа явуулж л байна. Үндсэндээ жүдо бөхийн холбоо бодлогын хэмжээнд маш сайн дэмжиж байгаа. Надад бас хэдэн дэвжээ хүртэл өгсөн.

Жүдо бөхийн холбоонд хүсэлт тавьж, Дэд ерөнхийлөгч нартай уулзалт товлохоор болсон. Өнөөдөр гэхэд бидэнд "Макс" групп дэмжлэг үзүүлэхээр болсон сайхан мэдээтэй. Дээврийн хэсгээ хийх дутуу байсан тэрийгээ захиалчихаад, сэтгэл тэнэгэр байна. Одоо барилгын ажил ерөнхийдөө 80 хувьтай болчихлоо. Аравдугаар сардаа багтаагаад ашиглалтад оруулчих санаа маш их байна.  Миний төлөвлөж байгаагаар бол энд нэг ээлжиндээ 20-иод хүүхэд хичээллэх боломжтой. Тийм хэмжээний багтаамжтай заал барьж байгаа. Хүүхдийн тоо их болвол бэлтгэлийн чанар муудах ч юм уу, асуудлууд үүснэ. Миний бодлоор хороо бүрт нэг ийм клуб байвал хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд маш том дэмжлэг болох байх. Гэр хороололд хэдэн дэлгүүр, караоке, буудал, тэгээд сүм л байна. Гэр хорооллын бодит дүр зураг ийм. Уг нь эцэг, эхчүүд бид спортоор дамжуулж хүүхдүүдийг архи, тамхи, компьютер тоглоом гэх мэт буруу зуршлаас урьдчилан сэргийлэх ёстой юм. Эндээ би зөвхөн жүдо, зөвхөн хүүхэд гэж хязгаарлахгүй, гэр бүлийн клуб маягаар үйл ажиллагаа явуулах боломжтой гэж харж байгаа. Хүүхдээ дагуулаад очих газар бидэнд ховор байна. Тийм болохоор энэ хавийнхан маань хүүхдүүдтэйгээ хөлс гаргаж, 3x3 төрлийн сагс тоглож, дартс зэрэг биед амар спортын төрлүүдээр хичээллэж болно. Олон сайхан санаа бий" хэмээн хашаа, байшингаараа дэнчин тавин босгож буй гэр хороолол дундах бүтээн байгуулалтынхаа талаар танилцууллаа. 


Сэтгэл байхад юуг ч хийж бүтээж болдгийн бодит жишээ ийнхүү бидний өмнө харагдаж байна. Үр хүүхдийнхээ ирээдүйг дэмжин, тэдэнд хөрөнгө оруулалт хийнэ, их спортыг хүндлэнэ гэдэг ийм гайхалтай ажээ.

Хэрэв таны хүүхэд спортоор хичээллэдэг бол та жүдо бөхөд сэтгэлтэй, олимп, дэлхийн аваргууд төрүүлсэн энэ спортыг үнэнхүү сэтгэлээсээ хүндэлдэг бол сайн санааны үндсээр тэжээгдэн босч байгаа энэ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТыг дэмжиж, ширхэг тоосго, хадаас ч байж болох тусыг өргөн бариарай. Жинхэнэ спортыг хайрласан чин хүндлэл дээр өдөр өдрөөр өндөр болон сүндэрлэж байгаа энэ "ордон"-оос ирээдүйд олон аварга төрнө гэдэгт эргэлзэх шалтгаан алга.



Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Царэнноров(85.143.90.134) 2018 оны 10 сарын 06

Найзын аавд үнэхээр их баяр хүргэе мундаг хүн шүү

0  |  0
Баатархүү (202.9.43.136) 2018 оны 09 сарын 26

Нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө Батбаатартай 10 гаруй жил хамт зүтгэсэн болохоор ажилч бүтээлч, хүнлэг чанарыг нт дэндүү сайн мэднэ. Дүүдээ амжилт хүсъё.

0  |  0
Наранцацрал(188.162.15.154) 2018 оны 09 сарын 25

Санаа зөв бол заяа зөв!Батбаатар ахдаа амжилт хүсье!

0  |  0
Зочин(66.181.179.105) 2018 оны 09 сарын 25

Ард түмнээс хандив босгочихоод өөрөө аваад хөрөнгөтөн болчидог шүү Бөхийн өргөө Болдкогын цэцэрлэг яг ийм замаар явсан .

0  |  0
Батбаатар(182.160.1.25) 2018 оны 09 сарын 25

Тусалж дэмжиж хамтран ажиллах хүмүүс холбогдооройв Утас 99114607 Батбаатар

0  |  0
Батбаатар(182.160.1.25) 2018 оны 09 сарын 25

Тусалж дэмжиж хамтран ажиллах хүмүүс холбогдооройв Утас 99114607 Батбаатар

0  |  0
sanaa(122.201.23.83) 2018 оны 09 сарын 25

Сайхан сэтгэл, их үйлст амжилт хүсье. Монгол хүн бүр ийм сэтгэлтэй болох юм бол үнэхээр олон олимпийн аварга төрнө шүү

0  |  0
ккк(203.169.48.146) 2018 оны 09 сарын 25

Мундаг залуу бна. Санааг нь дэмжижи бна.

0  |  0
Top