СЭДЭВ: Хүлээгдсэн ТӨМӨР ЗАМУУД

2018 оны 09 сарын 25

Ашигт малтмалын экспортоос хүртэх үр ашгаа нэмэгдүүлэх гол гарц бол төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах юм. Нэгэнтээ эдийн засаг солонгороогүй, экспортоос, түүхий эдийн ханшийн савлагаанаас хамаарч байхад төрийн зүгээс дэд бүтцийн төслүүдээ дэмжсэн шиг дэмжиж, урагшлах боломжтойг нь түлхэх хэрэгтэй байна. Ашиг орлого нь улам нэмэгдээд байвал төмөр замын төслүүд рүү мөнгөө оруулна гэдгээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг хэлээд байсан. Тэгвэл төмөр замын төслүүд олон он жилээр хүлээлгийн өрөөнд зогсож буйгаас болж  алдсан боломжийг үнэлж харвал  цаашид  барих өртөг зардлаас хамаагүй өндөр гарна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хоёр хөрштэйгөө нийлээд Эдийн засгийн коридор байгуулах ажил урагшилбал, дагаад төмөр замын төслүүд хэрэгжих цаг наашилна гэсэн хүлээлт мэдээж бий.

Найман жилийн өмнө чуулганаар  батласан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын дагуу манай улс  5600 километр төмөр зам  тавихаар болсон. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 километр урттай төмөр замын сүлжээ  барихаар төлөвлөсөн. Гэхдээ бодитой ажил хийгдсэн нь бага байна.

Ашиг дагуулах төмөр зам

Барих гүйцэтгэх ажил нь   2017 онд эхлээд 2019 он гэхэд дуусчихна гэгдэж байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам хаана гацчихаад байгаа вэ гэдэгт анхаарал хандуулъя. 1.5 тэрбум ам.доллар шаардагдах энэ төслийн өгөөж тэр хэрээрээ том гэсэн хүлээлт бий.  Тэгвэл “МТЗ” компанийн мэдээллээр төслийн санхүүжилтийг хэрхэх вэ гэдэгт анхаарал хандуулж байгаа аж. Уг нь өмнөд хөршийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх талаар ярьсан ч, ажил хэрэг болоогүй, гацсан.  Тиймээс ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ-ийг нь тодруулах хэрэгцээ нэгэнтээ гараад байна. Төр, хувийн хэвшлийн оролцоог хангах зохицуулалт нь мэдээж төрийн хийх ажил. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс гадна нэг том асуудал байгаа нь төмөр замын хил холболтын цэг юм. Энэ бол хоёр улсын хооронд ярьж тохирох ёстой сэдэв. Цэг тогтсоны дараа шаардлагатай ажлууд хийгдэнэ гэдгийг албаны хүн хэлж байна.


Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гацсаны улмаас нүүрсний компаниуд ихээхэн алдагдал хүлээж байгаа. Улсын дансанд орох мөнгөний хэмжээ ч буурч байгаа.   Тонн нүүрс  тээвэрлэх өртөг 15  ам.доллараас  25 ам.доллар болж өссөн. Дэд бүтцийн тохирсон шийдэлгүй, хил гаалийн нэвтрүүлэх чадвар муу байгаагаас нэг л компани гэхэд жилд 40 сая ам.долларын алдагдал хүлээж байна. Тэгэхээр энэ төмөр замыг барьж байгуулах эдийн засгийн шаардлага чинээндээ тулчихаад байгааг хэлэх хэрэгтэй. Байгаль орчны хувьд ч, эдийн засгийн үр ашгийн хувьд ч төмөр замын дэд бүтцийг байгуулах ажлыг яаравчлуулах шаардлага төрд байна. Төрийн хойрго байдлыг харж ядсан нүүрсний салбарынхан арга ядахдаа хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулаад өгөөч гэж гуйхдаа тулаад буй билээ. Энэ таагүй дүр зураг. Нэгэнтээ бид ашигт малтмалаар тулгуур хийчихээд, тэрнээсээ олох ашгаа урт хугацаанд алдаад байх нь бодлого хоосон байгаагийн шинж.

Цааснаас газарт буух уу?

Дэд бүтэц бас дахин дэд бүтэц. Энэ үг төмөр замтай шууд холбогдоно. Цаасан дээр зурагдсан төмөр замуудын тоо олон байна. Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Тавантолгой-Гашуунсухайт, Чойбалсан-Эрээнцав,  Зүүн баян-Ханги,   Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн   олон чиглэлийн төмөр замууд цааснаас газарт буух уу гэдэг нь анхаарал татаж байгаа.  Тэгвэл эдгээр төслүүдийн заримынх нь суурь судалгааны ажлууд хийгдэж буй аж.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн  техник, эдийн засгийн суурь судалгааг “Монголын төмөр зам” компани хийсэн байдаг. ТЭЗҮ-г нь Хятадын компани гүйцэтгэж байгаа. Царигийн асуудлыг нь манай эрх баригчид шийдэх учиртай.  Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийн судалгааг Хятадын CREC компани хийж буй бол  Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийн судалгааг  мөн өмнөд хөршийн компани хийж буй аж.

“Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын төслийн тухайд Орос, Хятад хоорондын ачаа тээвэрлэх хамгийн дөт зам зам. Тэр хэрээр тээвэрлэлтийн зардал бага шаардах чиглэл юм. Хятад улсын Хүлэмжийн хийг бууруулах судалгааны хүрээлэнгийн дэд Захирал Дэли Би энэ төслийн талаар хэлэхдээ "Энэ замыг барьснаар Хятад болон Ази Европыг холбосон төмөр замын бодлоготой уялдаж байна. Мөн Монголын далайд гарах хамгийн дөт зам болох юм.  Төмөр замыг барьж байгуулснаар Монголын уул уурхайн бүтээгдэхүүн Хятадын бүх зах зээлд хүрэхээс гадна далайн гарцаар Зүүн ази, хойшоо ОХУ-д гарах бүрэн боломжтой болно” гэсэн байдаг.

Харин  Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан чиглэлийн төслийн тухайд  Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хувиар Японд очихдоо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж байсан. Улмаар зүүн чиглэлийн төмөр замын төсөлд ахиц гарах байх гэсэн хүлээлт байсан. Өнөөдрийн тухайд бүрэн дүүрэн мэдээлэл бага байна.

Ерөнхийдөө цааснаас газарт буувал үр ашиг дагуулах ийм олон төслүүд байна.

Э.Болорхажид

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top