Ургац арвинтай “И мaрт”-ын гэрээт хүлэмжээр...

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 27

Дэлхий нийтээр эко бүтээгдэхүүний эрэлд мордож, энэ чиглэлд бүхий л анхаарлаа хандуулж байна. Энэхүү эко давалгаа ч манай улсад хэдийнээ орж ирснийг “И март” дэлгүүрийн гэрээт ААН-үүд болох “Төгс ургац”, “Элбэг ургац”-ын хүлэмжээр зочлоход тодоос тод харагдана. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон буюу 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монос” группийн “Төгс ургац” хүлэмжид өргөст хэмх үрслэн тариалж газар дээр нь савлаад “И март”-руу илгээдэг байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч таны гар дээр дөнгөж хураасан өргөст хэмх “И март”-аар дамжин өдөр бүр шинээр очиж байна гэсэн үг. Мөн нутаг дэвсгэрт буюу “Төгс ургац”-аас хэдэн саахалтын зайд “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” хүлэмжид гүзээлзгэнэ тариалж, тэндээ савлаад хэрэглэгч олноо шууд хүргэдэг. Тэр ч утгаараа даваа гүвээн дээр “И март” дэлгүүрийн гэрээт хүлэмж хэмээн чиг зүг заасан самбар цөөнгүй тааралдана. Тус дэлгүүрийнхэн энэ мэтээр ААН-үүдэд захиалга өгч, хэрэглэгч олондоо эх орны хөрсөнд ургуулсан шинэхэн ургац, сүү цагаан идээ хүргэхийг зориод чамгүй хугацааг үджээ.

Тус дэлгүүрийн Маркетинг хариуцсан дарга н.Алтанхундага “Манай дэлгүүр энэ хоёроос өөр хэд хэдэн ААН-тэй хамтран ажилладаг, өнөөдөр хэрэглэгч олонд юу хэрэгтэй байна, тэд юу хүсч байгааг захиалан бэлтгүүлдэг. Зарим нэг ААН-д хөрөнгө оруулах замаар хамтран ажилладаг. Сүүлийн үед хэрэглэгчид маань илүү эко, эх оны хөрсөнд ургасан хүнсний ногоо, бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг болсон учраас бид хэрэглэгч олныхоо таашаалд нийцсэн бүтээгдэхүүн хүргэхийг зорин ажиллаж байна” гэсэн юм.

“И март” нь анх “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хэрэглэгч олны өмнө үүд хаалгаа нээж, энэхүү уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгч нартаа хүргэхээр зориг шулуудсан нь хэдийнэ биелэлээ олжээ. Тиймдээ  ч “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд зургаан ААН-ийн хүлэмж болон мах сүүний фермүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. Үүгээрээ тус дэлгүүрийнхэн хэрэглэгч олонд найдвартай шинэ хүнс хүргээд зогсохгүй үндэсний ААН-үүдээ дэмжсэн бодлого барьж байгааг сайшаахаас өөр аргагүй. Хамгийн наад зах нь тухайн ААН-ийг дэмжиж ажилласнаар ажлын байрыг нэмэгдүүлж байгаа гээд давуу тал олныг дурдаж болно. Өнөөдөр гэхэд “Төгс ургац” 40 орчим, “Элбэг ургац” 10 гаруй ажилчинтай тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь тус дэлгүүрээс хэрэгжүүлсэн хөтөлбөрийн нэгэн эерэг тусгал биз ээ.  

Энэ үеэр “И март” дэлгүүрийн Маркетинг менежер Н.Тамара “Фермерүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хамтрагч ААН-үүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Бид эх орны хөрсөнд ургасан эрүүл, шинэ жимс, хүнсний ногооны чанарыг өөрийн лаборатори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулан хэрэглэгчдийнхээ гарт хүргэдэг” хэмээсэн.

Харин бидний зочилсон ААН-ийн захирал, дарга нар “Бид тариалж ургуулахаас эхлээд маш олон нарийн ажиллагааг цаг наргүй гүйцэтгэхийн зэрэгцээ борлуулалтын ажилд ихээхэн хөрөнгө, цаг зардаг байв. Харин өнөөдөр “И март” дэлгүүртэй хамтран ажиллах болсноор борлуулалтын ажилд санаа зовохоо больсон. Зөвхөн тариалалт, ургацын чанартаа илүү анхаарч байгаа нь эрүүл хүнсээр ард олноо хангах боломжийг нь улам нэмэгдүүлж байна. Тэгэхээр “И март” дэлгүүрийн хамт олонд хэрэглэгчид тариаланчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье” гэж хамтрагчийн зүгээс талархасан.  

Ингээд бидний эхний зочилсон “Төгс ургац” хүлэмжтэй танилцъя.

“Төгс ургац” хүлэмжийн төгс шийдлүүд


“Төгс ургац”-ын шилэн хүлэмж нь өндөр өртөгтэй Голланд технологиор босдог учраас манай улсад тийм ч олонгүй гэдгийг ярианы эхэнд дурдана билээ. Нийтдээ 10080 га талбайд босгосон нүсэр том шилэн хүлэмжийг А, Б хоёр хоёр хэсэгт хуваан өргөст хэмх тариалдаг аж. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий шилэн хүлэмжийн бүхий л зүйл автоматаар ажиллана. Усалгаа, агаар орчин, мананжуулах, халуун хүйтэн тохируулах, чийгшүүлэх гээд бүгдийг компьютер дээр хянан автоматаар тохируулах нь хөгжлийн нэгэн гайхамшгийг харуулна. Тухайлбал, шилэн хүлэмжид нарны гэрэл ихдэж байгааг компьютер дээр хянаад хиймэл манан үүсгэх, мөнхүү агаарын чийгшил бага байвал чийг өгөх, хүчилтөрөгч үгүй бол хиймлээр өгөх зэргээр нарийн технологид өргөст хэмх тариалдаг аж.

Тэд үрсэлгээгээ Голландаас авдаг бөгөөд хүлэмжийн бүхий л технологи, ажиллагаа нь Голланд шийдэлтэй гэдгийг үйлдвэрийн дарга Б.Батжаргал дурдсан. Олон мянган га талбайн нэгээхэн хэсгийг 90 тоннын хоёр усан сан эзлэнэ. “Төгс ургац” өөрийн дөрвөн худгаас энэхүү усан сандаа ус нөөцөлж, тасалгааны темпратурт байлгадаг гэнэ. Өргөст хэмх өөрөө 90 хувийн уснаас бүрддэг учраас ус их шаардана, тиймдээ ч нэг удаагийн усалгаанд хоёр талбайн тус бүр 4032 га нийлээд 8064 га талбайг услахад 30 тонн ус хэрэглэдэг гэхээр чамгүй сонсогдож таарна.

Нийт талбай нь хоёр тасалгаатай байх агаад чухам хэчнээн бутанд өргөст хэмх ургаж байгааг таах аргагүй. Ямартай ч нэг бут нь гурван сарын настай бөгөөд энэ хугацаанд нэг бутнаас 30 орчим килограмм өргөст хэмх хураан авдаг гэнэ. Өвлийн цагт 2.8 мвт-ын уурын зуух ажиллуулдаг, ид хүйтэнд буюу хасах 40 хэм хүрэхэд өдөрт долоон тонн нүүрс орох ч тохиолдол байдаг гэдгийг ажилтнууд хэлнэ лээ. “Төгс ургац”-д 40 орчим ажилтантай бөгөөд ажилчдын дийлэнх нь Жаргалант тосгон, төмөр замын Рашаант өртөөний харъяатууд байдаг аж. Хүлэмжийн технологи, үйл ажиллагаатай танилцан, ажилтнуудтай хөөрөлдөж явахад шинэхэн өргөст хэмх нь чамгүй өртөг зардал, хөдөлмөр шингэж байж хэрэглэгч олны гар дээр очдог юм байна гэдгийг төвөггүйхэн мэдэж болохоор.


Энэ үеэр Ургамал хамгааллын Ахлах ажилтан Д.Гантулга “Манай ажил өглөө долоон цагаас эхэлж, юуны өмнө ургамлаа ажиглана, өргөст хэмх арчилгаа их шаарддаг учраас бутаа сойхоос эхлээд өдөржин арчилгааны ажил хийдэг, услахаас эхлээд бусад тал дээр бол бүгд автоматаар амжуулдаг нь бидний ажлыг ихээхэн хөнгөвчилдөг, бид тусгай зааланд тодорхой нөхцөлд үрсэлгээгээ суулгаад 14 хоногийн дараа тариалж эхэлдэг” хэмээсэн.

Энэ айл тус бүр нь 4032 га хоёр талбайгаас нийлээд хоёр тонн өргөст хэмх хураан ангилж цэвэрлээд савлагааны хэсэг рүү явуулна, савлагааны автомат машин дээр дор нь уутлаад тусгайлан бэлдсэн саванд хийснээр “E Mart” дэлгүүр рүү явахад бэлэн болж байна. Улаанбаатар хотоос 50 орчим километрт байх “Төгс ургац”-аас Улаанбаатар руу ирэхэд тун бага хугацаа зарах учраас хэрэглэгч олон хөрснөөс хураан аваад нэгээс хоёр цаг болж байгаа шинэхэн өргөст хэмх хэрэглэдгээрээ туйлын онцлогтой.

Дашрамд дурдахад, “Төгс ургац”-ынхан шилэн хүлэмжийнхээ урьд талд 8000 га талбай бүхий хүлэмжийн суурийг тавиад байгаа бөгөөд шинэ хүлэмжээ ирэх онд ашиглалтад өгснөөр жилдээ 1000 тонн ургац хураан авах хүчин чадалтай болохыг Үйлдвэрийн дарга Б.Батжаргал дуулгасан.  

“Элбэг ургац”-ын эх орны хөрсөнд ургасан жимс


“Төгс ургац”-аас хэдэн саахалтын зайд байх “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” фрем нь “И март” дэлгүүрийг байгуулагдсан цагаас хойш хамтран ажиллаж байгаа эртний сайн түнш аж. Тус айл нь зургаан метрийн өргөн, 60 метрын урттай зургаан хүлэмжид гүзээлзгэнийг хоёр технологиор тариалдаг байна. Нэгдүгээрт, эх орныхоо хөрсөн дээр ямар нэгэн бордоогүй тарьдаг бол хоёрдугаарт, газар тариалангийн сүүлийн үеийн технологи болох усан орчинд буюу тавцангийн технологиор ургуулж хэрэглэгч олондоо эко бүтээгдэхүүн хүргэсээр иржээ. Тавцангийн технологи нь бутанд ургах жимсний тоог олшируулдаг, ургуулах, арчлах, хураан авах зэрэгт орчин цэвэр гээд давуу тал олонтой. Харин шууд хөрсний технологи нь усалгаа, хөрсний шорооноос цэвэрлэх гэх мэт ажиллагаа илүү шаарддаг гэдгийг агрономич С.Болорцэцэг тайлбарласан юм.  

Гүзээлзгэнэ жимс 45 хоногт боловсорч гүйцдэг бөгөөд нийт зургаан хүлэмжээс өдөрт 50-60 килограмм гүзээлзгэнэ хураан авч савлаад хоёр цагийн дараа гэхэд “И март” дэлгүүрт хүргэдэг байна. Гүзээлзгэнэ өөрөө тээвэрлэлт хадгалалт даадаггүй учраас эх орны хөрсөн дээр ургасан жимсыг газар дээрээс нь хэрэглэгчиддээ ийн шуурхай хүргэдэг гэнэ.

“Манайх зөвхөн гүзээлзгэнэ тариалаад зогсохгүй энэ жил бөөрөлзгөнийн бут суулгаж туршсан, усан үзмийн хүлэмж байгуулан туршиж байгаа нь ч амжилттай боллоо. Гүзээлзгэнэ өөрөө маш их арчилгаа шаарддаг жимс учраас нэг захаас нөгөө зах хүртэл арчлаад явахад эргээд эхнийх дээр нь очих болдог ийм нарийн ажиллагаатай” гэдгийг агрономич Б.Лхагвабаяр дуулгаж байсан. Тэгэхээр “И март”-ын хэрэглэгчид ирэх жилээс шинээр эх орны хөрсөнд ургасан усан үзэм, бөөрөлзгөнө гэх нэр төрлийн жимсүүдийг хэрэглэх боломжтой болох нь.


Биднийг очиход угтан авсан “Мөнх ногоон тал” компанийн захирал Д.Давааням “Манай компанийн “Элбэг ургац” ААН 2012 онд байгуулагдаад зургаа дахь жилдээ жимс тариалж байна. Анх ХХААЯ-аас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу жимс тариалж эхэлсэн. Манай компани хоёр технологиор жимсээ тариалдаг. Нэгдүгээрт, эх орныхоо хөрсөн дээр ямар нэгэн бордоогүй тарьдаг, хоёрдугаарт, газар тариалангийн сүүлийн үеийн технологи болох усан орчинд ургуулж хэрэглэгч олондоо эко бүтээгдэхүүн хүргэсээр ирлээ. Бидний ажил хүн ирээд харахад амархан, ургуулсан жимс жимсгэнэ, ногоог идэх амархан ч нарийн ажиллагаа ихтэй, цаг наргүй алба юм. Тариаланчид маань энэ их ажлынхаа зэрэгцээ борлуулалтаа хийх нь хамгийн хүнд ажил байв. Харин “И март” байгуулагдсан цагаасаа эхлээд даруйд манайтай гэрээ байгуулан ажилласнаас хойш боруулалтад санаа зовохоо больж, зөвхөн тариалалт, арчилгаагаа анхаарахаар ургац арвин, чанартай сайн байна” хэмээв.

Тэгэхээр “И март” дэлгүүрийнхэн хэрэглэгч олондоо эх орны хөрсөнд ургасан шинэхэн ургацыг өглөө бүр хүргээд зогсохгүй, тариаланчдынхаа ажлыг ч хөнгөвчилж өгдөг гэдгийг тэдний ярианаас анзаарч болно.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.131.236.11) 2018 оны 10 сарын 09

Mundag yum aa . Batjargal dargatai hamt olond amjilt husey. Tugs Urgats co .ltd

0  |  0
Top