Эдийн засгийн байдлыг илааршуулах чиглэлтэй ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж дуустал Монголын банкны салбар эрүүл үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн шаардлага дагаж тавигдсан билээ. Банкуудад хийсэн активын чанарын үнэлгээний дүн гарсны дараа хувь нийлүүлэгчийн өөрийн хөрөнгийн хэмжээг энэ 2018 онд багтаан 100 тэрбум болгох үүргийг Монголбанкнаас өгсөн. Хэрэв ОУВС-тай манай эрх баригчид эрх мэдлээ хуваах дээрээ тултал нөхцөл байдал хүндрээгүй байсан бол арилжааны банкууд хөрөнгийнхөө доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөртэй уралдан нэмж болох хугацаа байв. Гээд яахав, банкууд нэгэнтээ үүрэг хүлээгээд буй. Манай улсад 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл активын чанарын шалгалтаар ороод гарсан банкуудын хэд нь өөрийн хөрөнгийн дутагдалтай гэж дүгнэгдсэн бэ гэдэг дээр тов тодорхой мэдээлэл гадагшлаагүй. Банкны үйл ажиллагаа итгэлцэл дээр суурилдаг учраас энэ талын мэдээллүүд ч хаа хамаагүй урсаад байх нь зохимжтой биш л дээ.
Гэхдээ санхүүгийн зах зээлийн багтаамжийн 95 хувийг эзлэж буйн хэрээр системийн үйл ажиллагааг эрүүлжүүлэх нь чухал. Хэдийгээр төрөөс хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлийн зохицуулалт бий ч, банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх нь төрд учирч болох эрсдэлийг бууруулж таарна. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх чиглэл гарсны араас УИХ-аар Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль батлагдсан. Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай гэсэн нэршил нь өөрчлөгдөөд Банкны салбарын тогтвортой байдлын тухай хууль гэж батлагдсаных нь араас хардлага тээсэн хандлага дагаж байв. Тэгвэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Хуулийн үндсэн зорилго нь банкууд өөрсдийн нөөц бололцоогоор, эсвэл хувийн хөрөнгө оруулагч шинээр татаж, өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх замаар банкны салбарын тогтвортой байдлыг хангахад оршиж байгаа. Иймд хуулийн зорилготойгоо нийцүүлэн, хуулийн нэрээ Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль хэмээн өөрчилсөн. Харин хуулийн агуулга, зохицуулалтын хувьд, өргөн барьсан төсөлд өөрчлөлт ороогүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тодруулбал, активын чанарын үнэлгээгээр өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан системд нөлөө бүхий банкууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан дутагдсан хөрөнгөө нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхзүйн орчныг бүрдүүлсэн хууль гэж ойлгогдож буй. Хэрэв арилжааны банкууд дутагдсан хөрөнгөө өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан нөхөж чадахгүй бол хувийн салбараас хөрөнгө босгох, бусад хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар нөхөх ёстой. Банкууд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад, бусад хувийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татсан ч дутагдсан хөрөнгөө бүрэн нөхөж чадахгүй нөхцөл байдал үүсвэл ТӨРӨӨС банкны хувьцааг түр хугацаанд эзэмшиж, удирдах эрх зүйн зохицуулалтыг мөн хуульчилсан байгаа юм.
Тэгэхээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн банкуудад ямар хувилбарууд байж болохыг хуулиас харж болж байна. Мөн банк санхүүгийн чиглэлээр дорвитой дуугардаг хүмүүсийн байр суурийг сонсоход илүүдэхгүй. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Банкны системийг эрүүлжүүлэхтэй холбоотой бас нэг чухал зүйл бол банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэх ёстой. Банкны засаглалыг сайжруулах ёстой. Засаглал сайжруулна гэдэг нь олон нийтийнх болох ёстой. Нэгэнт төрөөс дэмжлэг аваад, ард иргэдийн хадгаламжийг авч байгаа тохиолдолд банк олон нийтийн байх ёстой. Олон хүний өмч байх ёстой. Өнөөдөр нэг, хоёр хүний л өмч байна шүү дээ. Банкууд яагаад хувьцаа гаргаж болдоггүй юм. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломж байна” гэж байна.Харин УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас арилжааны банкууд хувьцаа гаргаж хөрөнгөө нэмэгдүүлэх боломжийн талаар тодруулахад “Манайд цаг хугацааны хувьд яг л боломжтой үе нь ирж байна. Өнгөрсөн 28 жилийн түүхэнд Анод, Зоос гэж хоёр банк л хувьцаа гаргасан байдаг. Харамсалтай нь, хоёулаа дампуураад байхгүй болсон. Тэр үеийн нөхцөл байдлыг харахад аль аль талдаа зохицуулалт муу байсан. Төрийн зохицуулалт ч хангалттай байж чадаагүй. Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийж, хувьцаа худалдаж авч байгаа олон нийтийн санхүүгийн боловсрол хангалттай байж чадаагүй. Банкны хувьцаа эзэмшигч болж буй хүн хөрөнгө оруулагч болдог. Тэрнээс хадгаламж эзэмшигч биш. Банкны төлөө өөрөө санаа тавьж, банкны үйл ажиллагаанд, удирдах ажиллагаанд тодорхой хэмжээнд оролцох ёстой. Тэр хэмжээгээрээ эрсдэлээ хүлээдэг санхүүгийн хөрөнгө оруулалт шүү дээ. Одоо бол иргэдийн санхүүгийн боловсрол маш дээшилсэн. Сүүлийн нэг жилийн хугацаанд манай хөрөнгийн биржийн үйл ажиллагааны идэвхжил нэмэгдлээ. Аж ахуй нэгжүүд хэд хэдэн IPO гаргалаа. Банкууд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах цаг нь яг мөн л гэж бодож байна. Банкуудаас өөрсдөөс нь идэвх хэрэгтэй” гэсэн юм.
Албаны хүмүүсийн байр суурийг сонирхоход ийм байна. Банк хувьцаа гаргаж, иргэдээс хөрөнгө татахад дагаад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хангах вэ гэдэг асуудал яригдана. Анод банкны жишээн дээр тулгуурлахад 1200 жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хэрхэх талаар хэдэн он дамнаж ярьж байсан гашуун туршлага бий. Мөн банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага тавигдсантай зэрэгцэн харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөх үү гэдэг асуудал тавигдаж буй. Тэгвэл одоогийн нөхцөл байдалд банкууд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх бүх үе шатуудад харилцагч, хадгаламж эзэмшигчдэд эрсдэл үүсэхгүй эрхзүйн орчин бүрдсэн гэж байна.
Э.Болорхажид
.
Сэтгэгдэл ( 1 )
Biggie SOLIOR