АРТ БОЛОРИА: Хайраар урласан зургууд

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

Намар цаг цаанаа л нэг бөглүү уйтай. Өдрүүд онцгой шинэ байхаа больж, бүгд ижилхэн мэдрэмж төрүүлэх яг л ийм бүрхэг, жиндүүхэн өдрүүд тохиож байхуйд нэгэн зураач эмэгтэйн шинэ үзэсгэлэнгийн уран бүтээлүүдтэй танилцаж, ярилцлага хийх боломж гарсны учир "Best art" галерейг зорин алхав. Гэтэл өөдөөс минь Мөнхжаргалын Болортуяа зураач гэрэл цацруулан инээмсэглэсээр угтах нь тэр. Дүрслэх урлагийн дээд сургуульд Урлагийн бүтээл сэргээн засварлах мэргэжлээр 2005-2010 оны хооронд суралцаж  төгссөн тэрээр Шинжлэх ухаан технологийн их сургуульд дөрвөн жил багшлан, одоо чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа ажээ. "Арт Болориа 3- Хайр татам амьтад" бол түүний бие даасан 3 дахь үзэсгэлэн юм.


-АМЬТДЫН ЗУРГААР ДАМЖУУЛЖ ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДИЙН АЗ ЖАРГАЛ, ХАЙР, ХАЛУУН ДУЛААНЫГ МЭДРҮҮЛЭХИЙГ ЗОРЬСОН-

 

- Өмнөх хоёр үзэсгэлэн нь хэзээ гарч байсан бэ?

- Эхний үзэсгэлэн 2015 онд “Арт Болориа- Миний амьдралын кадрууд” нэртэйгээр гарч байсан. Түний дараа 2016 онд “Арт Болориа- Амьтад” гэсэн нэртэйгээр, харин энэ удаагийн үзэсгэлэн маань “Арт Болориа 3-  Хайр татам амьтад” ерөнхий сэдвийн дор гарч байна.

- Таны хоёр дахь үзэсгэлэн амьтад гэдэг нэртэй байж. Энэ үзэсгэлэн ч бас адил байна. Ер нь яагаад амьтдыг сонгон зурах болсон юм бэ?

- Нэгт ерөнхийдөө зураач болгонд  өөр өөрийн гэсэн сонирхдог сэдэв гэж бий. Мэдээж тухайн зураач ямар сэдэвтээ илүү дуртай байна түүнээс л шалтгаалдаг. Миний хувьд анхны үзэсгэлэн дээрээ илүү усан будаг, тосон будгаар натюрморт хөрөг, амьтад, хар зураг гээд холимог явж байсан. Хоёр дахь үзэсгэлэнгээс 80 орчим хувь нь амьтдын зураг болж хувирсан. Энэ удаагийн үзэсгэлэн 100 хувь амьтдын зураг байна.

Би бага байхаасаа л амьтанд хайртай, нохойтой их найзалдаг байлаа. Хайр татам бяцхан амьтдад маш их дурладаг. Амьтад чинь өөрөө их өргөн сэдэв. Тэгээд л “animalist” урсгалаар дагнасан даа. Сүүлийн үед бүр илүү дуртай болж байгаа.

- Та зургуудынхаа гол дүр болсон амьтдаа хэрхэн сонгож байна вэ? Амьтдаа бодитоор нь харж байгаад зурдаг уу?

- Уул хадаар явдаг, зэрлэг ан амьтад надад зогсоод зуруулна гэж хэцүү шүү дээ. Би гэрэл зурагчдын судалбар зургуудыг өөрийн бүтээлийнхээ судалгаанд ашигладаг байгаа. Нэг ёсондоо уран бүтээлч хүн маань өөрөө орчин, атомсфер бүрдүүлдэг гэсэн үг. Энэ үзэсгэлэнгийн зургуудын судалгаандаа канадын нэгэн гэрэл зурагчны бүтээлээс өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр ашигласан байгаа. Тухайн гэрэл зурагчин уран бүтээлч, зураач нарт өөрийн бүтээлийг ашиглахыг 100 хувь зөвшөөрдөг.

- Байгаль орчин, нийгэм талаас авч үзвэл та өөрийн зурсан амьтдын зургуудаа юу гэж холбон тайлбарлах вэ? Юуг хэлэхийг зорьсон бэ?

- Зураач хүнд өөрийн гэсэн үүрэг гэж бий. Би хоёр хүүхэдтэй, нийгэмд өөрийн зургаараа дамжуулан эерэг хандлагыг түгээхийг зорьсон. Миний найман настай хүү надаас ээжээ туулайны чих, нүд нь ямар байдаг вэ гэж асуудаг. Танин мэдэхүйн ач холбогдолтой, өсөж явж байгаа хүүхдүүд монгол оронд маань байдаг ийм олон амьтдыг хараад гоо сайхныг нь мэдрэх, байгаль дэлхийгээ хайрлах, эдгээрх амьтад байгальд ийм үзэсгэлэнтэй оршдог гэдгийг харуулах, нэг ёсондоо зураач хүн өөрийн үүргээ биелүүлж байна гэсэн үг л дээ.  

Жишээ нь миний үзэсгэлэнд “Үүр” гэдэг нэртэй хоёр, гурван ч бүтээл бий. Тэгэхээр гэр бүл гэж юу вэ? Бид гэртээ байхдаа илүү аюулгүй, тайван амгалан байдаг. Тэдгээрх амьтдын гэр орон бол үүр. Үүрэндээ байгаа амьтад амар амгалан, тайван байна. Гэтэл хүмүүс тэр үүрийг сүйтгэж болохгүй шүү дээ. Нэг ёсондоо амьтдыг байгаагаар нь л дүрсэлчихсэн мэт харагдавч амьтдаар дамжуулан гэр бүл, үр хүүхдийн аз жаргалыг илэрхийлж, бусдад хайр, халуун дулааныг түгээж, мэдрүүлэхийг зорьсон учраас ихэвчлэн эх амьтан болон төл амьтдыг сонгон авч зурсан байгаа.

-Тэгвэл таны зургуудыг харахад зүгээр л амьтдыг гоёоор зурчихсан юм шиг боловч далд байгаа утга санаа нь хайрын тухай л өгүүлжээ?

- Тийм.

-Таны хувьд нэг зураг зурахад хэр хугацаа зарцуулдаг вэ?

- Зураг бүр ондоо хугацаанд бүтээгддэг. Энэ үзэсгэлэнд хоёр жил зурагдсан зураг байхад хоёр хоногийн дотор ч зурагдсан зураг байна. Над шиг нялх хүүхэдтэй ээжийн хувьд өдөржингөө зураад сууна гэдэг маш хүндрэлтэй. Нэг зургандаа дурлаад олон цагаар суух боломж байдаггүй. Жирэмсэн байхдаа болон төрөхийнхөө өмнөх зурсан зургууд дунд нэг суултаар гурван сар зурсан зургууд байгаа бол төрсний дараа нэг зурган дээр дээд тал нь нэгээс хоёр цаг л суух боломжтой байсан.

- Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?

- Би одоогоор гэртээ байгаа. Ээжийн үүргээ гүйцэтгээд, хүүхдүүдээ асарч байна. Бас зургаа зурж байгаа.

- Цаашдын уран бүтээлийн хувьд ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Цаашдаа мэдээж  ур чадвараа илүү сайжруулах, нэмэгдүүлэх, сэдвээ ч өргөн цар хүрээтэй болгох талаар бодож байна. Хичээж байгаа, бодож төлөвлөсөн зүйл маш их байгаа шүү.

-БИ ХҮМҮҮСТ  ОЙЛГУУЛАХЫН ТУЛД БИШ, ХҮМҮҮСИЙГ ЗУРАГТ ДУРЛУУЛАХЫН ТУЛД БҮТЭЭЛЭЭ ТУУРВИДАГ-

 

- Таны үзэсгэлэнгийн хамгийн онцлох бүтээл юу вэ?

- Миний онцлох бүтээл бол “Үүр” гэж бүтээл. “Үүр” сэдэвт зураг хоёр, гурав байгаагаас чоно, гурван бэлтгэртэй зураг бий. Зургийг ажиглавал үүрэнд яагаад эцэг чоно байхгүй байна вэ? Аав гэдэг бол амьдралыг авч явах ёстой, ноён нуруу. Магадгүй ан агнуур хийх гээд, үүрэндээ үлдээсэн бэлтрэгнүүддээ хоол олж ирэхээр явчихсан ч юм бил үү... Эх чоно нь алсын барааг ширтсэн байдалтай. Гурван бэлтрэгээ янз бүрийн аюул ослоос, магадгүй анчидаас хамгаалахын тулд сонор сэрэмжтэй байгаа гэх мэт эх хүний характерийг илүү гаргаж өгөхийг хичээсэн.

- Та энэ зургаа жирэмсэн байхдаа зурсан уу?

- Тийм. Би жирэмсэн байсан. Тэгээд л илүү мэдэрсэн байх.

- Таны уран бүтээлүүдийн өнгө жигд уусгалттай, их зөөлөн юм аа?

- Уран бүтээлчийн онцлог л байх даа. Ямар өнгөнд илүү дурлаж байна, дээрээс нь реалист чиглэлийн зургуудыг ямар өнгөөр зурах вэ гэхээр, мэдээж суулттай, илүү байгалийн өнгөнүүдийг сонгож зурсан.

- Та нүдийг чухалчилж, зургууддаа амьд буулгахыг зорьдог юм байна. Тийм үү?

- Тийм шүү. Хүн хийгээд бүхий л амьтны толь нь нүд байдаг. Чи бид хоёрыг ялгах гол онцлог нь бидний нүд хэзээ ч давтагдашгүй. Яг ижилхэн хоёр туулай мөртлөө хоёулаа шал өөр нүдтэй байх жишээтэй. Яг л хүнтэй адилхан. Өөрийнхөө зурж байгаа зургууд дээр нүдийг илүү их анхаардаг. Ялангуяа амьд зүйл зурж байгаа тохиолдолд.

- Хүн өөрийн мэдэрч байгаа зүйлээ л хамгийн сайн илэрхийлж чаддаг юм шиг?

- Тийм шүү. Яг өөрийнхөө мэдрэмжээр л зурна. Би багшлаад л их задарч нээлттэй болсон. Ихэнх уран бүтээлчид дотогшоогоо байдаг.   

-БИ ЗУРГУУДАА АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХДАА ЗУРДАГ-


- Өөр уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзэж байхад реалист зүйл ховордчихсон юм шиг санагдах болсон. Яг ийм үед та яагаад заавал реалист төрлөөр дагнаж бүтээлээ туурвиж байна вэ?

- Яг зөв. Маш гоё асуулт байна. Реалист гэдэг бол өөрөө бүх урлагийн анхдагч, суурь байдаг. Би оюутан байх хугацаандаа ийм л үзэсгэлэн байсан бол гэж хүссэн тэр зүйлрүүгээ дөхөхийг хичээж байгаа.

Ерөнхийдөө миний үзэсгэлэнгийн үйл явцад нөлөөлсөн зүйл гэвэл би өнгөрсөн жил буюу 2017 онд европын 12 орноор аялсан. Дэлхийн топ 16 дүрслэх урлагийн музейг үзсэн. Тэгэж явахад эх орон, дүрслэх урлаг, ер нь надад энэ л хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Яагаад гэвэл би илүү их бодит зургуудыг зурж үзэгчдээ бэлдэх ёстой.

Хүүхдүүд нь музей, галерей орье гэхээр ээж нь зураг мэдэхгүй, урлаг ойлгохгүй гээд урлагийг хүүхэддээ сурталчилдаггүй тохиолдол манайханд их байдаг. Яг үнэндээ би ч зарим зургийг хараад үнэхээр ойлгодоггүй. Нөгөө талаар би хүмүүст ойлгуулахын тулд зурж байгаа юм биш, хүмүүсийг зурагт дурлуулахын тулд реалистыг зурж байгаа юм. Өөрөө ч гэсэн дурлачихсан л байна. Миний дурлалыг чи ч гэсэн олж харж байгаа биз дээ/инээв/ Чи дурлаж байгаа биз?

- Маш дулаахан мэдрэмж таны зургуудаас төрж байна. Реалист зураачдад байдаг шинж нь юм болов уу?

- Реалист гэхээрээ дулаахан байдаг юм биш. Зураач бүр ондоо л доо. Чи зүгээр л азтай байхгүй юу/инээв/. Мэдээж нийгэмрүүгээ чиглэсэн шүүмж хэлбэртэй зургууд байна. Мөн урсгал техник нь тийм боловч сэдэв маш чөлөөтэй байдаг.

Миний баримтладаг гол зүйл нь урлаг бол гоо зүйг нийгэмд тараах ёстой. Магадгүй би ан амьтдыг хөнөөж буйгаар дүрслээд нийгэмд тийм мессеж өгч болно. Гэхдээ хангалттай их тийм мэдээлэл байгаа шүү дээ. Энэ дунд бүхнийг эерэг харсан хандлага байвал зүгээр юм болов уу гэж бодсон. Миний илэрхийлдэг сэдэв ч эерэг. Ер нь би зургуудаа илүү аз жаргалтай байхдаа зурж чаддаг. Бухимдсан, стрессдсэн үедээ зураг зурах нь битгий хэл зургийн талаар ч бодож чаддаггүй. Гэхдээ би бухимдах нь ховор юм даа/инээв/.

- Та аз жаргалтай байхдаа зурдаг гэж хэлсэн ховор зураачдын нэг байх аа. Маш сайхан санагдаж байна. Уран зураг уншина гэж  бид ярьдаг. Реалист зургийг харахаар зүгээр бодит зураг шиг харагддаг ч цаанаа хэлэх гэсэн санааг агуулаад байна л даа.

- Энэ асуултанд урлаг судлаач нар л бүр тодорхой хариулах байх даа. Миний хувьд үзэгчдээсээ юуг хүсдэг вэ гэхээр ихэвчлэн энэ зургаас яг миний мэдэрч байгаа хайрыг мэдрээсэй л гэж хүсдэг. Нийгэмд хүүхдийн хүчирхийлэл гээд бид өчнөөн л ярьдаг. Гэтэл тэрийг сенсаацлаад л хаядаг шүү дээ. Түүнтэй адилхан бид тийм бяцхан, нялх амьтны үсийг хэрэглээд л явдаг. Тэгсэн мөртлөө ийм жаахан амьтныг алаад өмсчихсөн байна гэж хэн ч ярьдаггүй. Энэ гайхалтай байгалийн нэгээхэн хэсэг болсон хүнтэй л адилхан цохилох зүрхтэй ийм бяцхан амьтдын хайрыг мэдрээсэй.

Би өөрөө ч гэсэн миний хүүхэд битгий өвдөөсэй л гэж боддог. Ялангуяа нас нэмэх тусам үр хүүхэд, ээж аав минь эрүүл саруул миний дэргэд байгаасай гэж хүсэх нь давамгай болчихдог. Тийм ч учраас амьтдаа илүү тайван амгалан дүрслэхийг боддог.

- Ер нь дандаа амгалан төрхнүүд байна шүү...

- “Үүр” бүтээлийг харахад л эх хүн, үр хүүхэдтэйгээ гэртээ байж байх нь аз жаргал байдаг. Түүний хувьд тайван, бас хүсэмжит харц нь байгаа биз.

- Нялх хүүхэд ямар ч хир тортоггүй, ариун, хайр дүүрэн байдаг шиг бүх л амьтны бяцхан зулзагууд ч адил юм шиг ээ. Нялх хүүхэд, амьтны үр төл ганцхан зүйлийг л мэдэрч байдаг нь хайр юм болов уу?

- Тийм. Яг адилхан. “Чимээ” гэх зураг дээр чимээ гарангуут сэртэгнээд харж байгаа янзага байгаа боловч түүний харцанд айдас байхгүй. Маш амгалан байна. “Гэртээ” зурагт хүүхэд гэртээ аюулгүй байдаг шиг тэр бяцхан бамбаруушны хувьд энэ мод, ганц мөчир л гэр орон нь гэсэн үг. “Гэрэл” бүтээл нарны гэрэлд туулайн бүжингийн тэр нэг амьд, чих гэрэлтэж байгаа биз, дөнгөж төрсөн нимгэн арьс, цус, гүйж байгаа судас бүхэн, нялх үнэр, мэдрэмж гэх мэт... “Эрвээхий” бүтээл гэхэд л хоёр бэлтрэг эрвээхий дэрхийн нисэхэд гайхан харж байгаа нь хэн бэ гээд ч байгаа юм шиг...


Хэмээн эрч хүч дүүрэн цоргисон харцтай, цовоо сэргэлэн, эелдэг инээмсэглэлтэй зураач М.Болортуяа зураач маань ярисан юм. Тэрээр өөрийнх нь үзэсгэлэнг жаахан хүүхэдтэй ээж аав, залуу гэр бүлүүд ирж үзээсэй гэж хүсэж буйгаа ч хэлэв. Түүнтэй ярилцсаныхаа дараа үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг нь дахин нэг удаа анхааралтай ажиглаж харав. Үнэхээр хайр татам өхөөрдөм амьтдын харцнаас айдас, гомдлын бараан сүүдэр олж үзэгдсэнгүй. Гайхалтай юм шүү. Ийм гэгээн мэдрэмж бүрийг бүтээлдээ сийлж үлдээнэ гэдэг...

 Их хотын хөл хөдөлгөөн, стреес бухимдлаас түр ч атугай холдохыг хүсвэл зураач М.Болортуяагийн "Арт Болориа3- Хайр татам амьтад" үзэсгэлэнг зориорой. Үзэсгэлэн 10-р сарын 7-ныг хүртэл "Best art gallery" үзэсгэлэнгийн танхимд гарна.  

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Alimaa(202.126.88.34) 2018 оны 09 сарын 29

Wow...super

0  |  0
Hagseu(202.126.88.34) 2018 оны 09 сарын 29

Uran bvteelchidee amjilt

0  |  0
Zochin(202.126.88.34) 2018 оны 09 сарын 29

Bi ch ingeed photo haraad zuraad bj chadiishdee sda

0  |  0
Hi(202.55.183.108) 2018 оны 09 сарын 28

Wow

0  |  0
зочин(203.91.114.244) 2018 оны 09 сарын 28

бид нээрээ бодит зүйлээс хэт холдоод байх шиг

0  |  0
Top