Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-өөс өнөөдөр /2018.10.01/ шүүгчийн ачаалал, хэрэг шийдвэрлэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан судалгааны дүнг танилцууллаа. Уг хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” судалгааны байгууллагын судлаач Г.Цагаанбаяр, референт Б.Билгүүн нар оролцов.
Шүүгчийн ажлын ачааллыг тооцох судалгааг Монгол Улсад анх удаа хийсэн бөгөөд судалгаанд нийслэлийн зургаан дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, сум дундын анхан шатны шүүхийн шүүгч нарыг хамруулжээ. Судалгааны дүнд хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нарын ачаалал 40 хувиар илүү байгаа зэрэг үзүүлэлтийг гаргажээ.
Тухайлбал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын хувьд жилд 75 эрүүгийн хэрэг шийдвэрлэдэг. Дээрх хэргүүдийг шийдвэрлэхэд нийт 229 өдөр зарцуулдаг бөгөөд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд шүүгчийн ачаалал харилцан адилгүй байгаа аж. Харин иргэний хэргийн шүүгч нарын хувьд маш өндөр ачаалалтай байдаг ба тэд жилд ажиллах өдрөөсөө 93 өдрөөр илүү ажиллаж байгаа нь 40 хувиар илүү ачаалалтай байгаа гэсэн үг юм. Тиймээс нийслэлийн зургаан дүүрэгт шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дээрх албаны хүмүүс хэлж байлаа.
Хэвлэлийн хурлын дараа ШЕЗ-ийн гишүүн О.Зандраатай ярилцлаа.
-Энэхүү судалгааг анх удаагаа явуулсан гэлээ. Судалгааны зорилго үр дүнгийн талаар танилцуулна уу?
-Анх удаагаа шүүгч нарын ачаалал, жилд шийдэж буй хэргийн тоо баримтыг бодитоор гаргалаа. Судалгааны дүнд хаана ачаалал их байна, хаана шүүгч нарын орон тоо хэрэгтэй байна гэдгийг мэдэж, түүнд тохирсон зөвлөмж, шийдлүүдийг гаргаад байна. Тухайлбал, орон нутагт эрүүгийн хэргийн шүүгч нар жилд дунджаар есөн хэрэг шийдвэрлэж байгаа бол нийслэлд нэг шүүгч 50 хэрэг шийдэж байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр, нийслэлд шүүгч нарын орон тоо дутагдалтай байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар орон нутгаас шүүгч нарыг түр хугацаагаар томилон ажиллуулж байна. Харин эрүүгийн хэрэг шийдвэрлэхэд орон нутагт шүүгч нар дутагдаж байгаа учир ижил төрлийн хэрэг шийдвэрлэдэг шүүгч нарыг зэргэлдээх аймаг зэргээс томилж байгаа. Эндээс үзэхэд бидэнд тойргийн систем хэрэгтэй. Гэвч Шүүхийн тухай багц хуульд оруулаад байсан дээрх заалтыг цэцээс хүчингүй болгосон байдаг.
-Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Судалгааны үр дүнд хэд хэдэн зөвлөмж, дүгнэлт гаргаад байна. Үүнд, эрүү, иргэн, захиргааны анхан шатны шүүхийн хувьд аль аль нь ачаалал их байгааг харгалзаж шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 40 хүртэлх хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Шүүгч нар эрүү, иргэн, захиргааны хэргүүдийг хянахаас гадна зөрчлийн хэргүүдийг хянаж байна. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын хэрэг, хорих байгууллагуудын хянан магадлантай холбоотой хэргүүд гээд бүх хэрэг шүүхээр орж байгаа. Энэ бүгдийг харгалзаж үзээд, төсөв төлөвлөгөөгөө танилцуулахаар хуучин орон тоогоор нь батлаад байдаг. Үүнээс үүдээд шүүгч нар бүх шатандаа хэтэрсэн ачаалалтай ажилласан хэвээр байна. Энэ нь өнөөдрийн нийгэм дэх шаардлагыг хангаж чадахгүй байгаа.
-Шүүгч нарын ачааллыг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл нь юу байна вэ?
-Хэргийн оролцогч талуудаас шүүх хуралдааныг хойшлуулах байдлаар шүүгчийн ачааллыг нэмэгдүүлж байна. Иймээс тухайн асуудлыг ШЕЗ-өөс нарийвчлан судлах шаардлага гарч байна. Өөрөөр хэлбэл, хэрэг шийдвэрлэхэд хэргийн зарим оролцогч нар хугацаа хожих зорилгоор хүсэлт гаргаж, шүүх түүнийг хангаж шийдсэнээр хурал хойшлох тохиолдол их бий.
-Хэргийг хойшлуулахгүй шийдвэрлэх тусам шүүгчийн ачаалал багасна гэж ойлгох уу?
-Оролцогчийн эрхийг хамгаалах асуудал маш нарийн болсон. Оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх заавал эцэслэн шийдвэрлэнэ. Түүний дараа хэргийг шийдэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Үүнийг хангахгүй шийдвэрлэвэл давах болон хяналтын шатны шүүх хэргийг буцаадаг. Тиймээс оролцогч талаас хүсэлт гаргасан л бол түүнийг шүүгч хангаж, хуулийн дагуу ажиллах шаардлагатай. Угтаа бол хэн ч хэргийг шийдвэрлэхгүйгээр удаашруулах сонирхолгүй шүү дээ.
-Ноён уулын шүүх хурал 49 дэх удаагаа хойшиллоо. Шүүх хурал дээд тал нь хэдэн удаа хойшлох боломжтой байдаг юм бэ?
-Холбогдох хууль, тогтоомж, дүрэмд заасны дагуу анхны хурлыг 60 хоногийн дотор явуулах, цаашлаад оролцогч талуудын хүсэлтийн дагуу 14 хүртэлх хоногоор хойшилж болдог. Өмнө нь дурдсан шиг цаг хугацаа хожих зорилгоор шүүх хурлыг дахин дахин хойшлуулах тохиолдол олон байдаг. Ноён уулын шүүх хурлын тухайд миний мэдэхээр хамгийн олон удаа хойшилсон хурал болж байх шиг байна. Хамгийн ихдээ л 20 орчим удаа хойшилж байсан шүүх хурал байгаа байх. /Жич: Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул нь хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмших Засгийн газрын шийдвэр гарсан. Харин ашиглалтын дөрвөн лицензийг “Сентерра Гоулд” ХХК- эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан юм/.
-Шүүхийн шийдвэрт гомдолтой иргэд хэвлэл, мэдээллийн байгууллагад маш олноор ханддаг. Шүүгч нартай холбоотой гомдол санал ШЕЗ-д хэр их ирдэг вэ?
-Манайд энэ талаарх гомдол санал ирдэг. Гэхдээ иргэдийн гомдлыг давах юм уу, хяналтын шатны шүүх шийдвэрлэж байгаа. Ёс зүйн зөрчил гаргасан бол энэ асуудлыг өргөдөл, гомдлоор шийдвэрлэдэг.
-Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхдаа алдаа гаргасан шүүгчид хариуцлага тооцох систем бий юу?
-Ер нь чанарын үзүүлэлт муу, процессын алдаа гаргаж байгаа шүүгч нарт хэрхэн хариуцлага тооцох нь тодорхой бус байна. Хуульчдын холбооны дэргэдэх, шүүгчдийн хороогоор оруулж баталсан “Шүүгчийн ёс зүйн дүрэм” гэж бий. Энэ дүрэмд хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчлийг авч хэлэлцэхгүй гэсэн зүйл байгаа. Жишээлбэл, шүүгч тухайн жилд 10 хэрэг шийдэхдээ бүгдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байдаг, эсвэл шийдээд явуулсан хэрэг нь давах дээр очоод бүгд буцаад байгаа бол ямар нэг хүчин зүйл байгаа гэсэн үг. Тиймээс Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн хөтөлбөрийг мөрдөж, энэ хариуцлагын асуудалд нэг мөр цэг тавих шаардлага бий болоод байгаа.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )