Монголын хамгийн том хөгжмийн хүрээлэн болох Улсын филармони жил бүрийн аравдугаар сард ирэх жилийнхээ уран бүтээлийг улирлыг нээж, “NEW SEASON” тоглолтоор үзэгч, сонсогчдод бэлэг барьдаг. Энэ жилийн нээлтийн тоглолтоо Монголын хөгжмийн урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд түгээн хүргэсэн, орчин цагийн уран бүтээлчдийн авьяас билэг, уран чадварын бүхий л ололтыг цогцлоосон, гарамгай чадварлаг хөгжимчдийн бүрдэл бүхий "Морин хуурын чуулга", дуучид, уран бүтээлчдийн хамтарсан бүтээлээр чимжээ.
Хөгжмийн концертын яруу аялгуу нь үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхэнд уусан нийцэж, оюун ухааныг сэргээн, сэтгэл зүрхийг догдуулж, ер бусын сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Үнэ цэнэтэй, содон соргог мэдрэмжийг төрүүлэх "Морин хуурын чуулга"-ын шинэ бүтээлийг Улсын филармонийн нээлтийн тоглолт болох “NEW SEASON 2019”-өөс сонсох боломжтой.
Тоглолтод Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, С.Баттулгга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Монголхүү, Т.Отгонбаяр нарын дуучид оролцож, удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор шинэ уран бүтээлээ хүргэнэ. Хамгийн гол нь бүх дуучид "Морин хуурын чуулга"-тай хамтарна.
Шинэ улирлын нээлтийн тоглолтын талаар Монгол Улсын филармонийн гоцлол дуучин, туслах найруулагч Б.Дэлгэрбаяртай ярилцлаа.
-"Морин хуурын чуулга" хэдэн жилийн түүхтэй, хэдэн хүний баг бүрэлдэхүүнтэй вэ?
-"Морин хуурын чуулга" өнгөрсөн жил 25 жилийн ойгоо тэмдэглэсэн. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.
-Улсын филармони нэг улиралд хэдэн тоглолт тоглохоор төлөвлөдөг вэ?
-Гурван найрал хөгжим, дуучид маань тус бүр өөрсдийн гэсэн брэнд тоглолтуудтай. Сард багадаа гурван тоглолт хийдэг. Жил жилээрээ тоглолтын төлөвлөгөө гараад явдаг.
-Брэнд тоглолтууд нь жил бүр тогтмол болдог уу?
-Тийм. Тогтмол.
-Удахгүй 47 дахь жилийн шинэ улирлын тоглолтыг онцлог юу вэ?
-Өмнөх нээлтийн тоглолтуудад Улсын филармони бүрэн бүрэлдэхүүнээрээ симфони найрал хөгжим, "Баянмонгол" жазз найрал хөгжим, "Морин хуурын чуулга", мөн дуучид тоглодог байсан. Харин энэ жил илүү онцлог хийе гэдэг үүднээс дан ганц "Морин хуурын чуулга", дуучдын хамтарсан тоглолт хийхээр шийдсэн. "Морин хуурын чуулга" бол бусад олон улсад Монголыг сурталчилдаг, дэлхийд ганцхан байгаа үндэсний найрал хөгжмийн чуулга. Тийм ч учраас Монголынхоо брэнд болсон чуулгатайгаа нээлтийн тоглолтоо хийе гэж зорьсон.
-Тоглолтонд оролцох дуучдын тухайд?
-Тоглолтод дуучид уртын дуу, ардын дуунаас эхлээд орчин үеийн, гадаад бүтээлүүдээс ч дуулна. "Морин хуурын чуулга"-тай эстрадын дуучид дуулвал ямар байх бол гэж бодохоор содон, сонирхолтой байгаа байх. Манай Н.Наранбаатар өөрийнхөө бүтээлийг чуулгатай хэрхэн зохицуулж дуулах бол гэх мэтчилэн маш сонирхолтой бүтээлүүдийг толилуулахаар ажиллаж байна. Удахгүй "Баянмонгол" чуулгын 50 жилийн ой болно. Үүнд ч бид шаргуй бэлтгэж байгаа.
Тоглолт 2018 оны аравдугаар сарын 13, 14-нд 19:00 цагаас Улсын филармонийн концертын танхимд болох ба тасалбарыг 1900-1800 болон www.ticket.mn, мөн Филармонийн тасалбарын кассаар худалдаалах аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012 8801-0854 9919-6623
Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )