ГУРВАН БАГШИЙН НЭГ ӨДӨР: Цэцэрлэг + ЕБС + Их сургууль

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

Ерийн малчны хотноос
Ертөнцийн дэвжээнд гаргасан... гэж эхлэх их найрагч Ш.Сүрэнжавын "Багш" найраглалыг мэдэхгүй Монгол хүн ховор биз ээ. "Сурган хүмүүжүүлэгч" эрхэм алдрын эзэд болох багш нарын баяр энэ өдөр тохиож байна.  Энэ жилээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэхээр болсон. Багш нар баяраа тэмдэглэж байгаа энэ өдөрт зориулан манай редакци цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн гурван багшийг сонгон уулзаж, тэдний нэг өдөртэй танилцлаа.

Эхлээд бид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн багш Чулуунбатын Болормаатай ярилцлаа. Хүүхдүүд үдийн цайндаа ороод дөнгөж дуусч байв. Ч.Болормаа багш хүүхдүүдийнхээ хоолны ширээ, хэрэгслийг хураагаад тун завгүй байлаа. Түүний маш завгүй ажлын хажуугаар богинохон яриа өрнүүлэх боломж гарав.

ХҮҮХДИЙН СУУРЬ ХҮМҮҮЖЛИЙГ ОЛГОДОГ ХАМГИЙН САЙХАН АЖИЛ

-Та цэцэрлэгтээ хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би боловсролын салбарт 29 дэх жилдээ, энэ цэцэрлэгт 17 дахь жилээ ажиллаж байна.

-Цэцэрлэгийн багш байхын сайхан тал нь юу вэ?

-Энэ олон жил цэцэрлэгийн багшийн ажлыг тасралтгүй хийж байгаа маань мэргэжилтэй хайртайгийнх гэж боддог. Хамгийн сайхан нь гэвэл хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа энэ үүрэг, хариуцлага маань юм. Тиймээс ч хүүхдүүдийн суурь хүмүүжлийг зөв тавихыг зорьж ажилладаг.

-Та энэ жил хэд дэх ангиа дааж байгаа вэ?

-Яг тооцож үзээгүй ч 1991 оноос хойш тасралтгүй дөрвөн жил тутамд нэг анги төсгөөд явж байна. Тэгэхээр арав гаруй анги дааж аван, хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол олгосон байна.

-1991 оноос хойш гэхээр тухайн үед төгсгөж байсан хүүхдүүд бол одоо насанд хүрсэн том залуучууд болсон байх нь ээ?

-Тийм ээ. Одоо бүгдээрээ 30 гарчихсан залуучууд боллоо. Анхныхаа шавь нарын хувьд би эмээ багш болоод байна шүү дээ /инээв/.

-Хамгийн анх төгсгөсөн шавь нартайгаа холбоотой байдаг уу?

-Тэгэлгүй яахав. Холбоотой байдаг. Эх орныхоо дөрвөн зүгт маш сайхан ажиллаж, амьдарч байгаа, шавь нар минь.  Мэдээж бүх хүүхдүүдтэйгээ холбоотой байж чадахгүй ч мэндтэй явдаг. Бас шавь нарынхаа хүүхдүүдэд хүртэл суурь боловсролыг нь олгоод төгсгөж байсан удаа хэд хэд бий.

-Багш нарын баярыг цэцэрлэгийн багш нар хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Хуучин бид багш нарын баярыг хоёрдугаар сард тэмдэглэдэг байсан бол одоо аравдугаар сард Дэлхийн багш нарын баярыг тохиолдуулан тэмдэглэдэг болсон. Цэцэрлэгийн багш нарын хувьд хүүхдүүдийнхээ дунд янз бүрийн зургийн уралдаан зэрэг тэмцээн зарладаг. Ер нь тэгээд бид чинь хүүхдүүдтэйгээ л баярладаг даа. Албан ёсоор баярлаж байна гээд хүүхдүүдээ орхиод явна гэж байдаггүй. Цэцэрлэг тасралтгүй хүүхдээ хөгжүүлэх ёстой учраас.

-Та багш нарын баярыг тохиолдуулаад нийт багш нартаа болон цэцэрлэгийнхээ багш нарт мэндчилгээ дэвшүүлж болно?

-Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан нийт боловсролын салбарт ажиллаж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд хүргэе. Мөн манай Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэг маш амжилттай яваа сайн цэцэрлэгийн нэгд нэрлэгддэг. Цэцэрлэг энэ хичээлийн жилд 13 бүлэгт 13 багш, 13 туслах багштайгаар 596 хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байна. Мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт цэцэрлэгийхээ хамт олон, багш нартаа баярын мэнд хүргэж, аз жаргал хүсье.


БАГА АНГИЙН БАГШ БАЙХ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ АЖИЛ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24-р сургуулийн бага ангийн багш Дарьсүрэнгийн Азбилэгтэй ярилцлаа. Д.Азбилэг багш өөр мэргэжил эзэмшсэн ч хүсэл мөрөөдөлдөө үнэнч үлдэн, бага ангийн багшаар ажиллаж эхэлжээ.

-Та Нийслэлийн 24-р сургуульд хэдэн жил багшилж байгаа вэ?

-Би боловсролын байгууллагад 23 дахь жилдээ, харин 24-р сургуульдаа 2004 оноос хойш багшилж байна.

-Та энэ жил хэд дэх ангиа дааж аваад ажиллаж байна вэ?

-Долоо дахь ангиа дааж авлаа. Харин 24-р сургуульд ирснийхээ дараа 4 дэх бага ангиа хүлээж аваад байна.

-Таны анхны төгсгөсөн бага ангийнхан одоо бараг их сургуулиа төгссөн байх?

-Бүгдээрээ ажил, амьдралаа босгоод, сургууль соёлоо төгссөн, мундаг хүүхдүүд бий. 2006 онд 24-р сургуульд ирээд дааж авч байсан шавь нар маань гэхэд өнгөрсөн хавар их, дээд сургуулиа төгссөн.

-Та анх төгсгөсөн ангийнхантайгаа холбоотой байдаг уу?

-Анх би Завхан аймгийн Завханмандал сумын 10 жилийн сургуульд багшилдаг байсан. Одоогийн Сувилахуйн сургуулийг төгссөн ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаж, бага ангийн багш болсон. 1995 оноос хойш бага ангийн багшаар ажиллаж байна. Монгол Улсын боловсролын их сургуулийг ажиллаж байх хугацаандаа буюу 2001 онд төгссөн.

-Ерөнхий боловсролын сургуулийн багш нар баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Уламжлал болгож багш нарын баярыг бид өргөн дэлгэр хэмжээнд тэмдэглэдэг. Баярыг угтсан олон төрлийн арга хэмжээг хүүхдүүд болон багш нарынхаа дунд зохион байгуулдаг.

-Та нийт багш нартаа болон 24-р сургуулийнхаа багш нарт мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Багш, тэр дундаа бага ангийн багш байх аз жаргалтай, сайхан ажил. Мэргэжлээрээ би маш их бахархдаг. Хүнд хүндлэгдэх, хүүхдүүдэд зааж сургах, итгэл хайрыг хүлээж авна, дааж явна гэдэг хамгийн эрхэм. Хамт олон гэдэг хүнд хамгийн чухал байдаг. Би ийм сайхан хамт олноороо үргэлж бахархадаг. Нэгэн багц болж, биенээ тэтгэж, хамтарч ажилладаг ийм л хамт олон. Нийт багш нартаа болон амьдралын минь нэгээхэн хэсэг болсон 24-р сургуулийн хамт олондоо Багш нарын баярын мэндийг хүргэе.

БИД МУНДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. БИД АГУУ БАГШ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Соёл урлагийн их сургууль, Театр урлагийн сургуулийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Лусвангомбын Чаминчулуунтай их сургуулийн багш нарыг төлөөлүүлж уулзах завшаан тохиосонд баяртай байна. Биднийг очиход Л.Чаминчулуун багш оюутнуудад мэргэжлийн хичээл зааж байв.

-Та Соёл урлагийн их сургуульд багшлаад хэдэн жил болж байна вэ?

-1980 оноос хойш багшийн ажил хийж байна. Одоо 30-аад жил болох гэж байна.

-Та яг ямар хичээл ордог вэ?

-Би Соёл урлагийн их сургуулийн, Теарт урлагийн сургуулийн жүжигчний ангийн оюутнуудад тайзны яриа буюу ярих урлагийн хичээл ордог.

-Оюутан залуучуудтай ажиллахын сайхан нь юу вэ? Тэр тусмаа урлагийн сургуулийн оюутнуудын хувьд?

-Багшийн ажил өөрөө их сайхан, гэгээлэг ажил шүү дээ. Сайн багшийн алган дээр эх орны маргааш манддаг гэж сайхан үнэн үг бий. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сайн сайхны төлөө өөрийнхөө хүч авьяасыг зольж, олон жил зүтгэж байгаадаа баярладаг. Миний гараас гавьяат цолтон зургаа төрсөн байна. Яг одоо би 4-р дамжааны оюутнуудад хичээл орж байна. Сүүлийн үед өвөрмонгол оюутнуудтай ажиллаж байгаа. Энэ тайзан дээр жүжгийн сургуулилт хийж байгаа оюутнууд бүгдээрээ өвөрмонгол оюутнууд юм.

-Соёл урлагийн их сургуулийн багш нар баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Сургуулийн удирдлагын зүгээс баярын хурал хийнэ. Бас шавь нар маань баяр хүргэнэ. Ажлаа хийж байтал нэг л мэдэхэд орой болно доо. Гэртээ очиход гэрийхэн халуун хоол цайтай угтаж баярлуулдаг. Ерөөсөө багш нарын хувьд аз жаргал гэдэг чинь шавь нараа сайн явааг харах юм шүү дээ.

-Та нийт багш нартаа болон Соёл урлагийн их сургуулийн багш нарт хандаж баярын мэндчилгээ хүргэхгүй юу?

-Монгол орны минь өнцөг булан бүрт хүүхдийн оюун ухааныг тэлэх гэж өөрийнхөө хүч авьяасыг сорьж, даралтаа ихэсгэж, баярлах цагтаа баярлаж, инээх цагтаа инээж, гомдох цагтаа гомдож яваа ардын олон багш нартаа баярын мэнд дэвшүүлье. Багш нар минь сайхан баярлаарай. Багш нар бусдад мэдлэг олгохын тулд, мэдлэгээ мэргэжил болгож хүн тус бүрт суулгахын тулд ар гэрийн янз бүрийн хүмүүжилтэй хүүхдүүд хүлээн авч ажилладаг.  Хүний оюун ухааныг тэлж, мэргэжилтэй болгоно гэдэг хэцүү.

Багш болгон өөрөө өөртөө дүгнэлт хийж байгаасай гэж би байнга боддог. Жирийн багш ярьдаг, сайн багш тайлбарладаг, мундаг багш үлгэр дууриалал үзүүлдэг, агуу багш шавь нарынхаа зүрхэнд гал асааж чаддаг гэдэг үгэнд хэмжүүр хийж, ажлаа амжилттай ахиулж, өөрийгөө энэ дөрвөн шалгуурын хаана нь яваа билээ гэж дүгнэж байгаасай гэсэн санаа юм. Бид мундаг багш байх хэрэгтэй. Бид агуу багш байх хэрэгтэй шүү. Ингээд нийт багш нартаа дахин баярын мэнд хүргэе.

Н.Даваасүрэн

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top