Шар дөрвөлжин тэмдэглэгээ, цагийн хязгаарлалтын талаар даваа гарагт хэлэлцэнэ

2018 оны 10 сарын 05

Зарим замын ашиглалтыг сайжруулж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгож эхэллээ. Мөн зарим замыг өргөтгөж, нэгдүгээр эгнээг нь зогсоол болгохоор судалж байна. Ирэх 11 дүгээр сараас ачаалал ихтэй дөрвөн уулзварт "Yellow box junctions" буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ тавина. 1980 оноос эхлэн дэлхийн олонх улс уг тэмдэглэгээгээр уулзваруудынаа нэвтрүүлэх чадварыг сайжруулсан байдаг. Түүнчлэн ирэх оноос нийтийн тээврийг хянах алба байгуулж, борлуулалт, түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулна. Түгээлтийн автоамашинууд хөдөлгөөнд оролцож байхдаа ачаалалд нөлөөлдөггүй ч ачаа, бараагаа буулгах үедээ тухайн орчиндоо түгжрэл үүсгэдэг ажэ. Энэ бол нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнгөрсөн тавдугаар сард баталсан 70 тогтоолын дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор баталсан уг тогтоолын хүрээнд нийслэлийн ИТХ-аас ирэх даваа гарагт "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөн хийх нь. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, Тээврийн цагдаагийн алба, эрдэмтэн, судлаачид гээд замтай холбоотой бүх албан тушаалтнууд оролцох юм байна. Өнгөрсөн хугацаанд хэчнээн замыг засаж, өргөтгөсөн, хэдэн автобус нэмж авсан зэрэг асуудлыг зөвлөгөөний үеэр ярилцахгүй, хөдөлгөөний хэт ачааллыг хэрхэн бууруулах вэ гэх хэтийн зорилго, төлөвлөлтөө танилцуулж, хэрэгжүүлж буй арга хэмжээндээ тусгах гэнэ.

Хэт төвлөрөл, нэвтрүүлэх чадвар муутай уулзвар, замууд, хөдөлгөөнд оролцож буй соёлгүй жолоочоос үүдэн Улаанбаатар хотын зам "түгжирдэг" гэж олон хүн ярьдаг. Харин эрдэмтэн судлаачид замын муу сүлжээ, нийтийн тээврийн буруу бодлого, оновчгүй бүсчлэлээс болж ачаалал нэмэгдсэн хэмээн үзэж буй. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад иргэдийн саналыг тусгахаар Монгол Улсад анх удаагаа ийм зөвлөгөөн зохион байгуулах болжээ.

Жолооч нар өдөрт дунджаар хоёр цаг зам дээр "түгжирч" зогссоныхоо төлөөсөнд ДНБ-ий гурав орчим хувьтай тэнцэх хэмжээний өртөгтэй шатахуун яндангаараа үлээлгэдэг байна. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, замын ашиглалтын сайжруулах төлөвлөгөөгөө нийслэлийн ИТХ-ын олон нийтэд танилцуулах юм байна. Тодруулж хэлбэл, нэг чигийн хөдөлгөөнтэй болгох авто замууд, шинээр байгуулах автозогсоолуудын талаарх мэдээлэл өгнө гэсэн үг. Зөвлөгөөний үр дүнд зөвлөмж гаргаж, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид түүний дагуу арга хэмжээ хэрэгжүүлэх ажээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top