Үндэсний мэдээллийн агентлаг МОНЦАМЭ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлтэй хамтран “Өнөөдрийн Монгол” төслийг аравдугаар сарын 8-15-ны хооронд хэрэгжүүлэхээр эхлүүллээ.
Гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдаар дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчилан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах нь төслийн гол зорилго юм.
Төслийн талаар МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд "Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь Монгол Улсыг гадаадад мэдээллээр дамжуулан сурталчлах үүрэг хүлээсэн байгууллага. Бид энэ зорилгоор монгол, англи, орос, хятад, япон зэрэг таван хэлээр цахим хуудас ажиллуулан өдөр тутам мэдээллээ түгээж байна. Мөн англи, орос, хятад, япон хэлээр долоо хоног тутмын сонин, англи хэлээр улирал тутам сэтгүүл эрхлэн гаргадаг. Олон улсын нэр хүнд бүхий мэдээллийн агентлагуудын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан Монголоо сурталчлахад бид хичээн ажиллах болно. МОНЦАМЭ агентлаг энэ хөтөлбөрт өөрийн хамтран ажилладаг нэр хүнд бүхий байгууллагууд болох ОХУ-ын ТАСС, СПУТНИК, БНХАУ-ын СИНЬХУА, Япон улсын КИОДО ЦУШИН зэрэг мэдээллийн агентлагийн гэрэл зурагчдыг урилгаар оролцуулах ажлыг зохион байгуулсан. Бидний урилгыг хүлээн авч энэхүү хөтөлбөрт оролцож буй дээрх агентлагийн уран бүтээлчдэдээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Мөн хөтөлбөрт хамрагдаж буй нийт гэрэл зурагчид, уран бүтээлчиддээ өндөр амжилт хүсье. Та бүхэн орчин үеийн Монгол Улсын түүх соёл, унаган байгаль, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүмүүсийн аж амьдралын тухай олон сайхан гэрэл зурагтай болж, өөр өөрсдийн сувгаар түүнийгээ дэлхий дахинд түгээнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.
Сэтгэгдэл ( 1 )
emnesti tbb shig