Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсэг хуралдаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын холбооны улсын Дотоод хэргийн яам хоорондын хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.10/ Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд болж байна.

Монгол Улсын найман аймаг Оросын холбооны улстай хиллэдэг бол тус улсын дөрвөн муж манай нутаг дэвсгэртэй хил залгаа оршдог юм. Жил бүр зохион байгуулдаг энэхүү хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын холбооны улсын Дотоод явдлын яам болон Цагдаагийн ерөнхий газар, хоёр улсын хил залгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, хил хамгаалах байгууллага, гадаадын иргэн харьяатын газрын төлөөллүүд оролцож хил орчмын бүсийн гэмт хэрэг, зөрчил, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замын талаар зөвлөлдөж байна.

Хуралдааныг нээж Монгол талын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Оросын холбооны улсын ажлын хэсгийн ахлагч, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд орлогч сайд И.Н.Зубов нар үг хэллээ.

Хоёр улсын төлөөлөгчид хил орчмын бүсэд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаашид хоёр орны цагдаа, хуулийн байгууллагын зүгээс анхаарах асуудлын талаар илтгэл хэлэлцүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл “Хоёр улсын хилийн бүс нутаг дахь гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Дотоод хэргийн яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Н.Данзы илтгэл тавилаа.

Оросын холбооны улсын талын ажлын хэсгийн ахлагч, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд орлогч сайд И.Н.Зубов “Хоёр талын хамтын ажиллагаа амжилттай явж байгааг онцлоод цаашид терроризм, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх асуудалд хоёр талаас илүү нягт нямбай хамтран ажиллах ёстой” хэмээсэн юм.

Хоёр улсын хил залгаа бүс нутгийн цагдаагийн газар, хэлтсийн удирдлагууд өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа учир ээлжит хуралдааны протоколд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг илүү тодорхойлон тусгахаар талууд ярилцаж байгаа аж.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top