С.Батболд: Хотын шинэ төв байгуулахад зориулж 17 тэрбум төгрөг төлөвлөсөн

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар болсон тухай тодорхой мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 29-ний өдөр нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн тохионо. Ойн босгон дээр Улаанбаатарыг хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхлэхээр боллоо. Өдгөө Улаанбаатар маань дэлхийн 400 гаруй метрополис хотын нэг болтлоо хөгжиж, хүрээгээ тэлж, оршин суугчдын тоо 1.4 сая хүрлээ. Улаанбаатарын анхны Ерөнхий  төлөвлөгөөг 1954 онд тухайн үеийн ЗХУ-ын инженер, мэргэжилтнүүд боловсруулсан. Улаанбаатарыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг Монгол инженер, мэргэжилтнүүд бие дааж боловсруулсан. 2030 он хүртэлх хөгжлийн тодотголыг УИХ-аас батлуулж хэрэгжүүлнэ. Хотын ерөнхий төлөвлөгөөг баримталж ажиллах нь хотын даргын хуулиар хүлээсэн үүрэг. Ерөнхий төлөвлөгөөг баримтлахгүй бол бүх зүйл эмх замбараагүй болно.

-2040 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний онцлог юу байх бол?

-Өмнөх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнүүдийг гадаад, дотоодын инженер, мэргэжилтнүүд цугларч зөвлөлдөж, зөвлөж хийдэг байсан бол 2040 он хүртэлх Ерөнхий төлөвлөгөөнд иргэдийн саналыг тусгаж боловсруулахаараа онцлогтой. Дэлхийн ихэнх хотууд иргэдийнхээ саналд үндэслэж, хөгжлийнхөө төлөвлөгөөг боловсруулдаг. Иргэд, байгууллагуудын дунд хөгжлийн төлөвлөгөө боловсруулах 45 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Үүнд идэвхи санаачлагатай оролцох хэрэгтэй.

-Хотод суурьшлын бүс тогтоож, хөдөө орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Хэр удаан хугацаанд ийм байдал үргэлжлэх вэ?

-Нийслэлийг эмх замбараагүй болгодог зүйлийн нэг нь суурьшлын бүсийн тэлэлт. Хэн дуртай нь хаана ч хамаагүй бууж, худаг гаргаж, гэртээ цахилгааны утас татдаг. Суурьшлын бүс тогтоосноор тэр хүрээнд хөгжүүлнэ. Улаанбаатарт шилжилт хөдөлгөөнийг 2016-2017 онд хотын даргын захирамжаар хязгаарласан. 2020 он хүртэл Засгийн газрын шийдвэрээр шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Хүний оршин суух, амьдрах эрхтэй холбоотой асуудал мөн боловч Улаанбаатар хотод амьдрах иргэдийнхээ эрхийг хангаж чадахгүй байна гэсэн үндэслэлээр шилжилт, хөдөлгөөний хязгаарлалтыг хийсэн. Бид бий болгож буй дэд бүтэц, барилга байгууламжуудыг тооцоо судалгаатай барьж, шийдвэрлэсний дараа шилжилт, хөдөлгөөний асуудлыг ярих ёстой.

-Улаанбаатар хотыг дагуул хот, дэд төвүүдтэй болгох ажил ямар шатанд байна вэ?

-Нийслэлийн газар нутгийн ихэнхийг гэр хорооллууд эзэлдэг. Гэр хорооллыг яаж орчин үеийн болгох вэ, хэрхэн хаус хороолол болгох вэ гэдэг асуулт гардаг. Улаанбаатар олон төвтэй хот болох ёстой. 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөгөөр Бага тойруу, Яармаг гэсэн хоёр төв, Сэлбэ, Дамбадаржаа, Баянхошуу, Сонсголон гэсэн найман дэд төв, Майдар, Налайх, Зуун мод гэсэн дагуул хотууд байгуулагдах ёстой.

-Нийслэлийн төр, захиргааны байгууллагыг Яармаг уруу нүүлгэх, барилга байгууламжийн санхүүжилт хэрхэн хийгдэх вэ?

-2019 оны нэгдүгээр улиралд багтаан Яармагт хотын төр, захиргааны байгууллагыг нүүлгэхээр төлөвлөсөн. Гурван барилга баригдана. НИТХ-ын  барилга, ЗДТГ, Захирагчийн ажлын албаны байр, Иргэдэд үйлчлэх төвийн барилга. Хоёр жилийн хугацаанд барих юм. Барилгуудын санхүүжилтийг хотын төвд байдаг үл хөдлөх хөрөнгийг худалдаж босгоно. Хангарьд ордон, нийслэлийн засаг, захиргааны дөрөвдүгээр байр буюу хуучин Ард банкны барилгыг хувийн хэвшлийн байгууллага, иргэдэд дуудлагаар худалдаж, орлогыг нь бүтээн байгуулалт, шилжин суурьшилтад оруулахаар төлөвлөсөн.

-Хотын төвлөрөл ямар хэмжээнд буурах вэ?

-Хотын төвд нийслэлийн төр, захиргааны 3000-4000 ажилтан,  өдөрт үйлчлүүлдэг 10000-15000 хүний хөл хөдөлгөөнийг дагасан ачаалал буурна. 30000-40000 машины ачаалал хасагдана. Засгийн газар, яам, агентлагийг нүүлгэхээс илүүтэй хотын захиргаа шинэ газарт нүүх нь илүү үр ашигтай. Хотын захиргаа нүүсний дараа төрийн байгууллагууд өөрсдийн санаачлагаар хотын төвөөс гарах байх. Тухайлбал, Батлан хамгаалах яамнаас санаачлага гаргасан. Хуурай замын цэргийн командлалын штабын байрыг Зуун мод хотод шилжүүлье гэх жишээтэй.

-17 тэрбум төгрөгийг эхний удаад хуваарилсан гэж үнэн үү?

-2018 оны есдүгээр сард хуралдсан НИТХ-ын ээлжит хуралдаанаар энэ ажлын санхүүжилтэд шаардлагатай 17 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. Гүйцэтгэлээрээ компаниуд руу шилжинэ.

-Удахгүй хүйтэрч, Улаанбаатарын утаа яригдана. Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад өмнөх жилүүдээс  их  хэмжээний төсөв батлагдахаар яригдаж байна. Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газартай Улаанбаатар хотын захиргаа нягт хамтарч ажиллаж байгааг онцолмоор байна. Утааг бууруулах, агаарын бохирдлыг багасгахад ганц биш олон аргаар тэмцэх, ажиллах ёстой. Эцсийн шийдэл нь дэд бүтэц, орон сууцжуулах  боловч урт хугацаа шаардлагатай. Түүний наана нь олон төрлийн арга бий. Эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдөөд тодорхой шийдлүүд олсон.

-Сайжруулсан түлшний үйлдвэрлэл ямар хэмжээнд байгаа вэ?

-Нийслэлчүүд жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Ийм хэмжээний нүүрстэй тэнцэх илчлэгтэй 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж  бэлтгэнэ. Шинээр байгуулагдсан “Таван толгой-Түлш” компани 200 мянган тонн, хувийн хэвшлийн компани 200 мянган тонн, хуучин үйлдвэрүүд үлдсэн 200 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэнэ. 2019 оны есдүгээр сарын 15 гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэгдсэн байх учиртай. Засгийн газрын тогтоолоор 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон. Нэг кг түлшний үнэ 1кг нүүрсний үнэтэй тэнцүү байхаар төлөвлөсөн.

-Зуух, янданд шүүлтүүр тавих тухай яригдаж байна?

-Туршилтууд хийгдэж байгаа. Улам сайжруулахаар ажиллаж байна. Шат дараалалтай арга хэмжээнүүд авна.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдах уу?

-УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын 10 дугаарт нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл жагссан байсан. Хууль батлагдвал хотын иргэдийн эрх зүйн  хувьд боломжийн орчин бий болно. Улаанбаатарыг хотыг 40000-50000 хүн амтай аймагтай зүйрлэдэг байдал арилна. Улаанбаатар хотоос  УИХ-д сонгогдсон 28 гишүүнийг Нийслэлийн эрх зүйн  байдлын тухай хуулийг батлуулахыг шаардаж, ажиллаж байгаа.

-Дахин төлөвлөлтийн улмаас газаргүй, орон гэргүй болоход хүрсэн иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Намайг ажил авах үед 400 орчим иргэн  газраа орон сууцаар солихоор компаниудтай гэрээ байгуулж, цаг хугацаандаа барилга нь баригдахгүй, түрээсийн байранд амьдарсан дүр зурагтай байсан. Бид богино хэмжээнд арга хэмжээ авч 200 гаруй айлыг Ахмадын орон сууц болон түрээсийн байранд оруулсан. Сансар хотхоныг барьж буй Их өргөө компани 50 гаруй өрхийн  газрыг аваад барилга барих хугацаанд хөрөнгө оруулагчид нь буцаад явсан учраас хүндрэл үүссэн байсан. Энэ асуудлыг шийдэж байгаа. Дахин төлөвлөлтийн 24 байршлаас 7-8 компанийн байршилд дахин тендер зарлаад явж байна.

Д.Дамдиндорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.235) 2018 оны 10 сарын 11

Хотын утаа аль хэдийн эхэлсэн бна.хороолол оройдоо утаагд мансуурч өвөлжих нь тодорхой.ЯАХ УУ???

0  |  0
зочин(103.26.194.34) 2018 оны 10 сарын 11

Төв нь хуучиндаа биш орон сууц хүрэлцэхгүй байгааг ойлгооч.Энэ мөнгөөр 100 айлд,Ногоон нууррыг баригажуулах юмсан даа

0  |  0
Top