“Амар тайван амьдралын төлөө” уриатай ажилладаг, төр, түмэндээ тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид ямар орчин нөхцөлд ажилладаг вэ. Тэдний хэрэглэдэг машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцасны хангалт шаардлага хангаж байгаа юу. Эдгээр асуултад бодит хариулт авах, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газар “Шөнийн сурвалжлага” арга хэмжээ зохион байгуулж, сэтгүүлчид хэв журам сахиулах болоод замын цагдаагийн алба хаагчдын ажлын нөхцөлтэй танилцсан юм. Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал нар сэтгүүлчдэд нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлын тухай танилцуулж, тайлбарлаж, бас “газарчилж” явсан юм.
Гомдол, мэдээллийн 54.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн
Цагдаагийн байгууллагаас өгсөн статистик мэдээлэлд сүүлийн жилийн хугацаанд улс болон Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, иргэдийн санал, гомдлын тоо судалгааг нарийвчлан тусгасан байлаа. 2018 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 145475 гомдол, мэдээлэл бүртгэгдсэний 79910 буюу 54.9 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс харахад бидний амьдарч буй нийслэлд гэмт хэргийн нөхцөл байдал ямархуу байгаа нь бага боловч төсөөлөгдөнө. 20525 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 7958 буюу 38.8 хувийг хулгай, 4583 буюу 22.3 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 3468 буюу 16.9 хувийг залилан, 1175 буюу 5.7 хувийг дээрэм, 92 буюу 0.4 хувийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн 29 хувь нь шөнийн 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгддэг.
“Эмзэг цэг” арга хэмжээ үр дүнтэй болсон
Гэмт хэргийн гаралтыг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас “Эмзэг цэг” арга хэмжээ зохион байгуулсан нь зохих үр дүнд хүрчээ. 2017 оны 12 дугаар сараас эхэлж 10 сарын хугацаанд үргэлжилсэн “Эмзэг цэг” арга хэмжээний хүрээнд 55852 аж ахуйн нэгж байгууллага, 36408 иргэн, 10629 баар, 11766 караоке, 3372 ресторан, 9903 хүнсний дэлгүүр, 6332 дэн буудал, 5695 зочид буудал, 4656 цахим тоглоомын газар, 1455 саун, массаны газрыг шалгахад 3144 зөрчил илэрч, 249 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Тодруулбал, цаг хэтрүүлэн ажилласан 1135 зөрчил бүртгэгдсэний 130 нь баар, караоке 95, ресторан 25, паб 21, хүнсний дэлгүүр 96, кафе 5, Түргэн үйлчилгээний цэг 374, цахим тоглоомын газар 296, саун массаж 43, ломбард 39, зоогийн газар , алжаал тайлах төв тус бүр тав бүртгэгджээ.
Зөрчилтэй 28 аж ахуйн тусгай зөвшөөрлөөс нэгийг нь хүчингүй болгожээ
Цагдаагийн байгууллагаас зөрчил илрүүлж цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчлийг удаа дараалан гаргасан зарим үйлчилгээний байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг холбогдох төрийн байгууллагад хүргүүлдэг ч дорвитой арга хэмжээ авдаггүй бололтой юм. Юу гэвээс энэ оны эхний есөн сарын хугацаанд 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох байгууллагад буюу нийслэлд хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагад байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх байхгүй учраас тэр. Гэтэл нэг байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж, 19 байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж “толгойг нь илсэн” байх юм. “Эмзэг цэг” арга хэмжээний үеэр тохиосон үйл явдал юм билээ. Үр дүнгийн тухай цухас дурдаад орхисон. Аян зохион байгуулсаны гол ач холбогдол нь Улаанбаатар хотод хуваарьт цаг хэтрүүлэн ажилладаг баар, цэнгээний газруудын зөрчил 80 хувиар буурчээ. Түүгээр хязгаарлагдахгүй гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулдаг, шөнийн цагаар шагладаг иргэдийг хяналтад авч, тусгай зөвшөөрөлгүй ч үйл ажиллагаа эрхэлсэн зочид буудал, дэн буудал, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоосон байна. Арван сар үргэлжилсэн аян ийм үр дүнд хүрсэн байгаа юм.
Гэмт хэрэг, зөрчлийн 70-80 хувь нь согтуугаар үйлдэгддэг
Сурвалжлах багийнхны очсон эхний газар нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс. Шөнийн 22.30 цагийн үед тус хэлтсийн эргүүлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн эргүүлд гарахаар хэв журмын тасгийн даргаасаа үүрэг, даалгавар, чиглэл авч байх үе таарсан. Хэлтсийн Хэв журмын хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Б.Дулмаадорж “Манай хэлтэс дүүргийнхээ 13 хороог хариуцдаг. Хамгийн олон дуудлага ирдэг , ачаалал ихтэй нь 13 дугаар хороо. Нийт 26 чиглэлд 52 алба хаагч эргүүлд гарахаар үүрэг, чиглэл авлаа. Хоногт 140-200 дуудлага хүлээн авдаг” гэж танилцуулсан. Дөрвөн чиглэлд машинтай эргүүл, бусад нь явганаар гардаг аж. Эргүүлийн машиндаа дайгдаж, хүрэх цэгтээ очоод явганаар үүрэг гүйцэтгэдэг байна. Унааны хүрэлцээ муу учраасаа цагдаагийн ажилтнууд нэгэндээ боломжоороо тусалж байгаа нь энэ юм. Тус хэлтэст 2018 оны 10 дугаар сарын шөнийн 22.30 цагийн үед 104 дуудлага ирснээс гэмт хэргийн 14, гэр бүлийн хүчирхийллийн 11, зөрчлийн 77 дуудлага байлаа. Эрүүлжүүлэх байранд есөн иргэн саатуулагдсан бөгөөд маргааш нь Хэсгийн цагдаад нь хүлээлгэн өгч хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэв. Дуудлагын, гэмт хэрэг, зөрчлийн 70-80 хувь нь согтуугаар үйлдэгддэг.
Хуурамч дуудлага өгч, өөрөө зугтаажээ
Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр сурвалжлага хийж байх үед архидан согтуурсан дуудлага ирлээ. Дуудлага өгсөн байршилд очиход цагдаагийн ахлах ахлагч Р.Баянмөнх нар гэртээ согтуурсан иргэнийг Эрүүлжүүлэх байранд аваачихаар явах гэж байв. Ахлах ахлагч Р.Баянмөнх “Баянгол дүүргийн 11, 22, 23 дугаар хороонд 5000 өрхийн 23000 хүн амьдардаг. Зөрчлийн зургаа, гэр бүлийн хүчирхийллийн дөрвөн дуудлага ирсэн. Гурван хүнийг Эрүүлжүүлэх байранд хүргүүлсэн” тухай илтгэсэн. Харин нэг дуудлага нь хуурамч байжээ. Хуурамч дуудлага өгсөн иргэн М гэх эмэгтэй байнга архи уудаг. Тус дүүргийн 11 дүгээр хороонд бүртгэлтэй ч хаяг дээрээ оршин суудаггүй. Тэнэмэл амьдралтай нэгэн аж. Жижүүр, эргүүлээс буугаад дараагийн ээлжиндээ гарахаар ажилдаа ирэхэд дахин эрүүлжүүлэгдээд ирчихсэн байдаг гэнэ. Хуурамч дуудлага өгөөд өөрөө зугтаасан байна. Харин 53 настай эрэгтэй Б-г гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлагын дагуу эрүүлжүүлэхээр болж байв. Гэртээ агсамнаж, охин нь цагдаагийнханд дуудлага өгсөн байна. Гэр хороолол учраас явуулын хүнээс илүүтэйгээр хамт амьдардаг хүмүүс нь цагдаад дуудлага голчлон өгдөг байна.
Сэжигтэй этгээдийг ямар хэрэгт холбогдсоныг газар дээр нь шалгах боломжтой
Цагдаагийн ерөнхий газраас албан хаагчдынхаа нийгмийн асуудал ялангуяа аюулгүй байдалд нь багагүй анхаарал хандуулж, нэлээдгүй ч хөрөнгө хүч зарцуулжээ. Түүний үр дүн нь цагдаагийн ажилтны ажлыг хөнгөвчилж, цаг хугацааны хэмнэлт гарах болсноор илэрнэ. Цагдаагийн эргүүлийн машинтай ажилтнуудад эхний ээлжинд таблет өгсөн байна. Гэмт хэргийн шинжтэй дуудлагаар очсон газартаа тухай этгээд өмнө нь ял шийтгэл эдэлсэн эсэх хэрэгт холбогдож байсан уу, гэдгийг газар нь шалгаад мэдээлэл авдаг болжээ. Мөн цагдаа бүр энгэрийн камертай болж хэргийн газарт дуудлагаар очихдоо үйл явцыг бодитоор баримтжуулдаг болсон бөгөөд тухайн бичлэгийг цагдаа нар биш зөвхөн холбооны мэргэжлийн инженер нь хяналттайгаар шаардлагагүй хэсгийг нь устгадаг юм байна. Мөн сум нэвтрэхгүй хантааз, бээлийнээс эхлээд аюулгүй байдлыг нь хамгаалахад анхаарч буй. Харин эргүүлийн машинуудын дийлэнх нь 5-аас илүү жил явсан учраас шатахууны зарцуулалт их байхаас эхлээд уул, хадтай газарт дуудлагаар олон явдаг учраас дугуй хагарах зэрэг бэрхшээл, хүндрэл байнгын үзэгдэл болох дөхжээ.
Цагдаагийн хэлтсүүдийн жижүүрүүдийн байрыг жигд тохижуулжээ
Нийслэлийн Баянзүрх, Сонгино хайрхан дүүрэг 300 мянга хол давсан хүн амтай учраас Засгийн газрын тогтоолоор цагдаагийн гурван хэлтэстэй болгожээ. Бусад дүүрэг хоёр хэлтэстэй. Цагдаад санал гаргаж, гомдол мэдүүлж очсон иргэдийн хамгийн эхэнд ханддаг, уулздаг, хүлээн авдаг хүн нь цагдаагийн хэлтсийн Шуурхай жижүүрийн бүрэлдэхүүн байдаг. Ажиллаж буй ажилтан, ирж байгаа иргэнд ч цагдаагийн жижүүрийн байр өнгө үзэмж, тааруухан байх нь таатай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Тиймээс цагдаагийн удирдлагууд хотын дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн жижүүрүүдийн байруудыг тохижуулан, камержуулж, иргэдийг хүлээн авахад бас ч “таагүй” сэтгэгдэл төрүүлээд байхааргүй болгож жигд тохижуулсан юм байна. Түүнчлэн цагдаагийн ажилтнуудад өдөрт 3200 төгрөгийг хоолны мөнгө гэж олгодог байсныг 5000 төгрөг болгосон. Тухайн хэлтэс нь цайны газар, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ажилтнуудаа хооллох үүрэг хүлээсэн тухай танилцуулж байлаа. Дараа нь, нийслэлийн Сонгино хайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байраар орлоо. Тус хэлтэст бусад хоёр хэлтэс болон өөрсдийнх нь хариуцсан хороод түүнчлэн Баянгол дүүргийн 20 дугаар хорооноос архидан, согтуурсан иргэдийг авчирч эрүүлжүүлдэг ажээ. 2016 онд иж бүрэн камержуулалт хийгдсэн бөгөөд нийт 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэгдсэн юм байна. Тус Эрүүлжүүлэх байранд 20 орчим иргэн шөнийн 00.00 цагийн үед хүргэгдэж ирсэн байлаа. Эмчийн үзлэгээр оруулж, үлээлгэх төхөөрөмжөөр согтолтын зэргийг тогтоодог бөгөөд 0.20 хувиас дээш согтолттой тохиолдолд эрүүлжүүлдэг ажээ. Хоногт дунджаар 35-40 хүн саатуулагддаг. Баасан гарагт ачаалал нэмэгддэг нь бусад дүүрэгтэйгээ адилхан.
Замын цагдаагийн шинэ байртай танилцав
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Хяналтын шинэ байрны үйл ажиллагаатай танилцахаар иргэдийн нэрлэж заншсанаар 22-ын товчоо уруу сурвалжлах багийнхан хөдөллөө. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх Хяналтын хэсэг шинэ байрандаа ороод удаагүй байлаа. Хурд хэмжигч, сэжигтэй, зугтаасан тээврийн хэрэгслийг албадан зогсоогч буюу зараа, таблет, хантааз, резинэн сумтай гар буу гээд цагдаагийн ажилтанд шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг байршуулжээ. Замын цагдаагийн ажилтны түр амрах байр, хоол, цайгаа хийж идэх өрөө, угаалтуур, машины граж, цахилгаан болон түлшээр халдаг зуух бүхий Хяналтын байрыг нийслэлийн хоёр дүүрэг, аймгуудад нийт 27-г барьж байгаа ажээ. Нэг байрыг 77.7 сая төгрөгийн өртгөөр барьж байна. Машины журмын хашааг ч шийдвэрлэж өгчээ.
Нэг удаагийн тохиолдлоор 360 тарвага илрүүлсэн
Замын цагдаагийн ахлагч Д.Батчулуун ээлжтэй байсан юм. Тэрбээр, зам тээврийн зөрчил улирлын чанартай байдаг. Намар ургац хураалтын үед даац хэтрүүлэх, өвөл малын хулгай ихэсдэг учраас хулгайн мал, мах оруулах, түүнчлэн хууль бусаар агнасан тарвага, тарваганы мах оруулахыг завдсан зөрчлүүд гардаг гэлээ. Гурван жилийн өмнө Завхан аймгаас хууль бусаар агнасан 360 тарвага нууж ачиж явсан зөрчлийг илрүүлж байжээ. Мөн 2016 онд Говь-Алтай аймгийн Цогт сумаас нэг тонн адууны мах ачсан гэсэн гарал үүслийн бичигтэй тээврийн хэрэгслийг шалгахад махны доор агнасан 110 тарвага нуусан байсныг илрүүлж байжээ. Зам сайжрахын хэрээр дагаж гарах зөрчил нь жолооч нарын хурд хэтрүүлэлт гэнэ. Замын цагдаагийн албанд хоёр төрлийн хурд хэмжигч ашиглагдаж байна. Автомат ажиллагаатай. 500-700 метрийн зайнаас тухайн авто машин хурд хэтрүүлсэн эсэхийг хэмжиж баримтжуулаад, шаардлагатай тохиолдолд хэвлэнэ. Хурд хэтрүүлэх нь Зөрчлийн хуулиар жолооны эрх хасуулах хүртэл арга хэмжээ авахаар тусгагдсан.
Замын цагдаагийн ажилтан хэв журмын цагдаатай адилхан таблет ашиглаж, тухайн жолооч өмнө нь зөрчил гаргасан эсэхийг шалгана. Мэдээлэл бөглөхөд зөрчилтэй жолоочийн эрх газар дээрээ цуцлагдана. Хотын төв уруу эсвэл Замын цагдаагийн хэсэг явж, цаг алдах шаардлага байхгүй. Энэ мэтээр цагдаагийн байгууллагад цагдаагийн ажилтны ажиллах байдалд бага гэлтгүй өөрчлөлт, ахиц гарч байна. Гэвч тэднийг хүнд нөхцөлд “Амар тайван амьдралын төлөө” ажиллаж байгаа гэдгийг иргэд ч төр ч мартаж, анхаарлаасаа холдуулж болохгүй билээ.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 17 )
YU YUGUI BOROODHOIDHOOS UUDEJ BAITSAAGCHIDAD HUDAL HEREG UUSGEDEH TAL BII SHUU
yu yugui eruuden shuuh geed baidag medleg muutai nohduud tsagdaagiin albanii ner hundiig unagaaj bna tor zasag shudraga bish uchraas doodoh n guidlee olohgui
gemt hereg hiih sedel haldvarladag
gedeg guzee ni unjsan office-d suudag garuud bugd huviin unaatai tsalin undurtei sda gej..,13-n jil erguuld ajillachihaad jijuurt suudag godgor ohinoos 500,0-gaar baga tzalin avah shudraga yavdal uu
tsaling nemeh ni zöv ehleed bie bureldhuunee huuliin shalgaltand oruulah,huntei hariltsah soeld surgah zailshgui shaardlagatai bna... sain bolovson alban haagtsid baigaa teden dotor ul buteh huumuus baina..
bolomjguig erdemted buteedeg
цагдаагийнханы ажил прлкурор шүүгчээс илэрхий хүнд гэтэл цалин эсэрэгээрээ бага. шүүгч прокурор бэлэн хавтаст хэрэг авч уншаад л болоо.тэр хавтаст хэргийг бүрдүүлэх гэж маш их хѳдѳлмѳр ухаан зардал гардаг .цагдаа прокуор шүүгчдийн ы дотор буруу захаруулагч нар бий.эгэ бол тусдаа шийдэх асуудал.ажлын хувьд тѳртйн ѳүх муу ажилд нохойд барьдаг мод болдог. цагдааг рүмүүс муж хэлдэг ч тусламжаа цагдаагаас шѳнѳ ч гуйдаг. цагдаа нарын цалинг нэмж шүүгч прокурор нарыг хасж бланслуулах ёстой
Land 200 untsan bi mergejildee hairyai durtai ene ter geed shaagaad l yavaad baidiim bailee
TEGVEL BARILGA DEER 500 GAAR AJIL HIIHGUIYU HEN TSAGDAA BOL GESIIN
Оффист суудгуудад нь бага цалин өг
ХYН БОЛЖ ТЕРНЕ ГЭДЭГ ЯМАР АГУУ ЮМ ГЭДГИЙГ ОЙЛГОХ БYY ХЭЛ АМЬТАН , АРААТАН ШИНЖЭЭ ИЛЭРХИЙЛЭХЭЭС ЕЕР АЖИЛ Ч УГУЙ АМЬДРАЛ ГЭЖ ОЙЛГОХ ЧАДВАРГУЙ ЗУГААЧИГЧ ЗАЛУУ АРМИ УЛАМ БYР ЕРГЕЖСЕЕР ХАРАНХУЙ ШЕНЕЕР КАЙФ АВНА ГЭДЭГ БОЛ БАЙЖ БОЛОХ АСУУДАЛ МЕН Ч МАНАЙ ХУВЬД ГАМШИГААС ДОР ХЭМЖЭЭНД УЛАМ Л ОРСООР... ЕР НЬ ЭНЭ БОЛ НИЙГМИЙН ХУРЦ АСУУДАЛ МЕНЕЕС МЕН.... МУУР БА ХУЛГАНЫ YЛГЭР ШИГ Л ЦАГДАА ХЕЕНЕ СОГТУУЧУУД ЗУГАТАНА... САЯХАН Л ШЕНЕ ОРОЙ ХЭСЭХ БАР САВГУЙ ГЭРТЭЭ НОМ Л УНШИЖ ГЭР БYЛ ДОТРОО ХАЛУУН ДУЛААН ЯРИА ЕРНYYЛЖ ААВ ЭЭЖИЙНХЭЭ ЭРТНИЙ МЭТ ЯРИА СОНСООД БИД Ч ЖАРГАЖ БАЙЖ ДЭЭ... МУУСАЙН ЦАГДАА НАР Ч АМРААД
Цагдаагийн бүх ажилтнууд халуун цэгт ажилладаггүй. Форм өмсөж штрээний ард суусан алба хаагчидын цалин бага, халуун цэгт ажиллагчдын цалин өндөр байх нь шударга ёсонд нийцнэ. Цагдаагийнханы цалинг хавтгайруулан нэмэх шаардлагагүй.