Энэ долоо хоногт эдийн засгийн салбарт болсон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. Өмнөх долоо хоногийн баасан гарагт /2018.10.12/ “Сентерра Гоулд” компаниас гаргасан хэвлэлийн мэдээлэл энэ долоо хоногт олон учиг араасаа дагуулав. Монгол нутгийн хөрс шороон дороос гарсан грамм алт бүр Монголбанкинд очих нь, улсын эдийн засагт чухал гэж буй. Тэгвэл энэ долоо хоногт үнэт металлын сорьц тогтоох лаборатори Дархан-Уул аймагт албан ёсоор нээлтээ хийсэн нь, энэ чиглэлд хийгдэж буй үйл ажиллагаа юм. Мөн энэ долоо хоногт Дорноговь аймгийн Замын-үүд суманд “Бүс нутгийн Логистикийн төв” ашиглалтад орсныг мөн онцлох хэрэгтэй. Ингээд эдийн засгийн салбарын бусад анхаарал татсан мэдээллүүдийг хүргэе.
“Гацуурт”-ын 34 хувийн эзэн ТӨР чимээгүй!
Торонтод төвтэй “Сентерра Гоулд” компанийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүд Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн эзэмшлийнх болсон тухай манай сайт анхлан мэдээлсэн билээ. Улмаар гурван жилийн өмнө УИХ-ын тогтоолоор стратегийн орд болсон “Гацуурт”-ыг Э.Дөлгөөн захиралтай OZD компани хөдөлгөж чадах уу?, “Сентерра Гоулд” Монгол дахь уул уурхайн үйл ажиллагааныхаа 21 жилийн замналд үнэхээр цэг тавьсан уу, эсвэл хүлээлгийн өрөөнд олон жилийг үдэж буй “Гацуурт” төслийн хариуцагчийг хэлбэр төдий сольж, тоглож байна уу, бүр эсвэл улс төрийн болоод нийгмийн тал бүрийн шахалтуудын нөлөөллөөр өөр “эзэн” ирэв үү? гэсэн асуудлыг хөндсөн нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн.
Манай сайтын дараагийн цуврал нийтлэлд “Сентерра Гоулд” компани 50-70 тонноор нөөц нь хэмжигдэж буй “Гацуурт” ордын хайгуулд 50 сая ам.доллар зарцуулсан хэрнээ 35 сая ам.доллараар худалдаад явж буй нь ямар учиртай вэ? Төслийг худалдаж авсан OZD ASIA компанийн ард хэн байна вэ? Сингапурын бизнесийн зөвлөлд бүртгэгдсэн, уул уурхай, төмөрлөгийн төслүүдэд хөрөнгө оруулдаг гэх тус компанийн Монгол талын захирлаар өмнө нь "Улаанбаатар капитал" ХХК-д тодорхой албан тушаал хашиж байсан Эрдэнэбаатарын Дөлгөөн ажилладаг гэсэн мэдээллийн цаана уг НАЙМАА-ны жинхэнэ эзэд нуугдаж байгаа юу? Төслийн 34 хувь Монголын төрийн мэдэлд байна гэсэн тогтоол УИХ-аас 2 жилийн өмнө гарсан учраас, хоёр компанийн хооронд хийгдсэн гэж харагдах уг наймааны талаар төр засгийн нөхдүүдэд мэдээлэл байна уу? гэхчлэн олон асуудлыг хөндсөн. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ талаар нарийн тодорхой мэдэх зүйл байхгүй гэсэн. Харин З.Энхболд өөрийг нь УИХ-ын дарга байх үед “Гацуурт” стратегийн орд байсныг батлан өгүүлсэн юм.
Тав ч биш, арав ч биш хоёр гуравхан жилийн өмнөх хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрүүд өнөөдөр үнэ цэнээ яагаад алдав. Ер нь стратегийн орд гэх ойлголт, тодорхойлолтын гол ач холбогдол нь юу юм бэ. Төрийн оролцоо ямар байх ёстой юм бэ зэрэг олон асуудлууд дагаж яригдаж буй. Тиймээс энэ долоо хоногийн гол сэдэв болсон уг асуудлыг ирэх долоо хоногт ч үргэлжлүүлэн хөндөх болно.
Монголбанк: Гадаад орчны эрсдлийг тойрох бололцоо хомс
Валютын нөөцийг нэмэгдүүлэх нь Төв банкны төдийгүй эрх баригчдын хүлээх гол үүрэг болохыг Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ долоо хоногт гишүүдэд сануулж хэллээ. УИХ-ын гишүүд ХАНШ ХЭЗЭЭ БУУХ ВЭ? гэсэн асуултыг Монголбанкинд шууд хандан тавьж буй нь залхмаар, явцгүй сонсогдож байсныг тодотгох хэрэгтэй байх.
Энэ оны эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл 400 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Энэ бол 2017 оноос 213 сая ам.доллароор муудаад байгаа үзүүлэлт. Төлбөрийн тэнцэл ийн муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд нөлөөлснийг Монголбанкнаас мэдэгдэж буй. Мөн том гүрнүүдийн худалдааны бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчин тодорхойгүй байгаа нь, гадаад зах зээл дээр хүү өсч, хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татарч эхэлсэн нь дэлхий нийтийн валютууд болон зарим төрлийн эрдэс, бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулархад нөлөөлжээ. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах бодлого хэрэгжүүлж байгаа ч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч, мөнгөний бодлогын хүүгээ нэмэх арга хэмжээг авч байгаа аж. Манай Монгол Улсад ч гадаад орчны энэ эрсдлийг тойрох бололцоо хомс гэж Төв банк мэдэгдлээ.
“Эрдэнэс Тавантолгой”-д иргэдийг төлөөлөх хүмүүс ТОДРОВ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал баасан гарагт /2018.10.19/ болж, компанийн ТУЗ-ийг албан ёсоор батлав. Мөн энэ долоо хоногт компанийн дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн нэрс тодорхой болсон. Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлийн гишүүнээр жүжигчин Н.Онон, Олимпийн аварга Э.Бадар-Ууган болон Г.Ундрал нар санал асуулгаар сонгогдсон бол Авлига, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд сэтгүүлч Г.Золжаргал, Техникийн ухааны доктор Ч.Лодойравсал болон Н.Соронзонболд нар, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд сэтгүүлч Р.Сэргэлэн, М.Батбилэг, Д.Билгүүн нар санал асуулгаар тус тус сонгогдов. Олон нийтийн зөвлөлд сонгогдсон гишүүд орон тооны бус бөгөөд чиг, үүргийг тодорхой болгосны дараа хуралдааны хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах аж.
“Роснефть”-тэй хамтарна, “Оюу Толгой”-той харилцан ашигтай ажиллана гэв
ОХУ-ын “Роснефть” компани манай улсын шатахууны жижиглэнгийн зах зээлд орж ирэх талаар талууд ярьж байна гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Тэгвэл УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ мэдээллийг үгүйсгэв. Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд ОХУ-тай хийж буй яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Нефть хайгуулын салбар, боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой, нөөц хангамжийн асуудлаар “Роснефть” компанитай хамтран ажиллах яриа хэлэлцээрүүдийг яам хийж байгаа. Хоёр талд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа яриа хэлэлцээ үргэлжилнэ гэлээ. Бодлогын асуудлуудын хүрээнд хамтын ажиллагаа өрнөж байгаа бөгөөд үүний дунд шатахууны импортын үнийн асуудлыг хөндөнө гэсэн юм. “Роснефть” компани Монгол Улс дахь шатахууны жижиглэнгийн худалдаанд оролцоно гэдэг яриа ор үндэсгүй худал, ашиг сонирхолын зорилгоор тараасан худал мэдээлэл гэж Д.Сумъяабазар мэдэгдэв.
Хуурамч шатахууны асуудал мөн олны анхааралд байгаа. Тэгвэл Засгийн газраас хуурамч шатахууны асуудлыг шалгах Ажлын хэсгийг байгуулагдаж, хяналт, шалгалт хийж эхэлсэн гэдгийг тэрбээр хэлсэн юм.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мөн энэ долоо хоногт “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой уулзсан. Тэд төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын явц, энэ долоо хоногийн эхээр тус уурхайд гарсан галын талаар ярилцаж, мэдээлэл солилцлоо. Галын шалтгаан нөхцлийг тогтоохоор Монгол Улсын холбогдох байгууллагууд болон Австрали Улсаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн тусгай баг ажиллаж байгаа, галын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэгэн хохирол учраагүй гэж Армандо Торрес мэдэгдэв. Галын шалтгаан, нөхцөл тодорхой болмогц холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлэхийг сайд Д.Сумъяабазар компанийн удирдлагуудад үүрэг болгож, төслийн үйл ажиллагааг харилцан ойлголцол, итгэлцэл, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан цаашид тасралтгүй үргэлжлүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
“Гарцгүй” орнууд ГАРЦ эрэлхийлж, чуулав
“Азийн далайд гарцгүй орнуудын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба экспортын төрөлжүүлэлтийг дэмжих нь” сэдэвт бүс нутгийн семинар энэ долоо хоногийн мягмар гарагт /2018.10.16/ Улаанбаатар хотноо боллоо. Семинарын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй Монгол, Казахстан, Киргиз, Узбекистан, Лаос, Бутан гэсэн Азийн зургаан улс орны эдийн засгийн байдал, шийдвэрлэх ёстой асуудлууд юу байна вэ гэдгийг тодруулсан судалгааны дүнг танилцуулсан юм. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвөөс хамтран хийсэн уг судалгааны үр дүн болоод Монгол Улсад ямар боломжууд бий талаар судлаач Э.Одбаяраас тодруулахад “...далайд гарцгүй орнууд дотроо манай улс харьцангуй давуу талтай. Хоёр том зах зээлийн дунд оршиж байдаг. Нүүрсний зах зээл нь яг урд хилээ дагаад байж байдаг. Казахстан гэхэд дэлхийн хамгийн том далайд гарцгүй улс. Далайн боомтоос хамгийн хол зайд 3520 километрт оршдог. Казахстан улстай харьцуулахад эдийн засгаа төрөлжүүлэх боломж манайд хамаагүй илүү харагдаж буй” гэж байлаа. Харин НҮБ-аас уг семинарыг зорин ирсэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд болон тусгай хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга Пол Акивуми хэлэхдээ “Боловсон хүчин, дэд бүтэц, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байхад эдийн засгийг төрөлжүүлэх суурь бүрдсэн байна гэж ойлгох хэрэгтэй" гэж байлаа.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 9 )
Sumiya mini dee henii yatgalgaar yund garaa duchihev de. Ai hetsuu dee bolovsrol nimgeen,guih har !!uhaan ni ch tiim surhii ni yu l bol.erool l medej dee. songolt uu?!shunal uu?!
Sumiya mini dee henii yatgalgaar yund garaa duchihev de. Ai hetsuu dee bolovsrol nimgeen,guih har !!uhaan ni ch tiim surhii ni yu l bol.erool l medej dee. songolt uu?!shunal uu?!
Sumiya mini dee henii yatgalgaar yund garaa duchihev de. Ai hetsuu dee bolovsrol nimgeen,guih har !!uhaan ni ch tiim surhii ni yu l bol.erool l medej dee. songolt uu?!shunal uu?!
Худалдагдсан лалруудаас юу ч хараад нэмэргүй. Аль эх оронч үзэлтэйгүүд нь бүгд цаг бусаар үхсэн. Одоо ганц нэг шударга хүнээ аймаар хавчиж байна. Төрийн дуу хоолой тасарсааан. Одоо УИХ-ыг тараахаас өөр гарц байхгүй. Ерөнхийлөгч арай голтой байнадаа хөөрхий
ERDEMTED SHUNALGUI HUMUUS DARGA BOLOHIIG HUSDEGGUI
mongol dalaid gartstai ulstai hilledgeeree
AVLIGIIG GEMT HEREG BISH GEED HUULID BATLAAD MUU AVLIGIIG GEMT HEREG GEJ UZDEG BOLVOL MONGONII UNE TSENE