Хотын автобустай аялалд гадаад, дотоодын оюутнуудыг хамруулж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатар хотод ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангаж, аялал жуулчлалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр “City bus” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг нэвтүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү автобус нь гадаад болон дотоодын жуулчдад хот доторх болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газар, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулах зорилготой юм.

Нийслэлийн 379 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Улаанбаатар хотыг залууст таниулах, сурталчлах зорилгоор энэ сарын 23-27-ны өдрүүдэд Монголын их дээд сургуульд суралцахаар ирсэн гадаадын оюутнууд болон хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн оюутан залуусыг хотын автобустай аялалд хамруулахаар болсон байна.

Өдөрт 90 оюутныг хамруулах бөгөөд таван өдрийн турш гадаад, дотоодын нийт 450 оюутан, залуусыг хамруулахаар төлөвлөжээ.


Хотын автобустай аяллаар нийслэл нийслэлийн төв цэг Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой, Төрийн Чойжин Лувсанхайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейг оюутан залууст үзүүлнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top