Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хоёр жилийн өмнөхөөс дээрдсэн ч олон улсын томоохон банкууд Монголын зах зээл эрсдэлтэй гэж харсан хэвээрээ байна. Тэд манай банкуудын дансыг хааж, Монголын зах зээлд төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулахаа зогсоосон тухай мэдээлэл хэд хэдэн удаа бидэнд ирсэн билээ. Олон улсын зохицуулагч байгууллагуудын зүгээс мөнгө угаалттай тэмцэх дүрэм журам, шаардлага, стандартаа чангаруулснаас гадна гадаадын банкуудын комплаенсийн үйл ажиллагааны зардал нь нэмэгдсэн, Монгол Улсын зах зээл дээр хийгдэж буй гүйлгээ нь ашиг багатай, эрсдэл өндөртэй гэж үзсэн олон улсын банкууд Монголын банкуудын ностро дансуудыг хааж байгаа юм.
Тухайлбал, 2013 онд Credit Suisse, 2014 онд ING Bank, Wells Fargo, Citi Bank, 2017 онд Deutsche bank тус тус Монголын зах зээлээс гарснаар ам.долларын төлбөр тооцоог дамжуулагч гол банк нь Standard Chartered Bank Plc болон China Construction Bank Corporation болсон. Гэтэл энэ хоёр банк ч Монголын банкуудын дансыг хаахаа мэдэгдээд байна. Энэ бол сөрөг мэдээлэл.
Тиймээс Монголын банкны холбооны дэргэдэх Комплаенсийн мэргэжлийн зөвлөлөөс “Ам.долларын клирингийн асуудлаарх бодлогын баримт бичиг”-ийг боловсруулан гаргаад буй аж. Манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжил бүхэлдээ гадаад худалдаа, шууд болон багцын хөрөнгө оруулалт, зээл, мөнгөн шилжүүлэг зэрэг гадаад валютын урсгал болон валютын төлбөр тооцооноос үлэмж хамааралтай. Эдгээр үзүүлэлтүүд өсөх, эерэг өөрчлөлт бий болох, гадаад төлбөр тооцоо саадгүй хийгдэх, зардал багатай байх нь эдийн засгийн өсөлт, санхүүгийн зуучлалын гүнзгийрэлд чухал нөлөөтэй юм. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 2018 оны эхний найман сарын гүйцэтгэлээр 8,473 сая ам.долларт хүрч, жилийн 24 хувийн өсөлттэй гарсан. Гадаад эдийн засгийн нэн сөрөг өөрчлөлтийн улмаас 2012-2016 оны турш агшилттай байсан гадаад худалдааны эргэлт ийнхүү тэлэх чиглэлд өөрчлөгдсөн нь эдийн засаг, бизнесийн идэвхжилд эергээр нөлөөлж байна. Эдгээрийн цаана гадаад валютын, тэр дундаа ам.доллар(нийт гадаад худалдааны 75-85 хувь нь ам.доллараар хийгддэг)-ын гадаад гүйлгээ, төлбөр тооцоо гүйцэтгэх шаардлага нь эрс нэмэгдэж, гүйлгээний тоо, мөнгөн дүн үлэмж хэмжээгээр нэмэгдэж буйг тус зөвлөл онцолж байна. Монголын банкны холбооны зарим гишүүн банкууд ам.долларын гүйлгээг өөрсдийн корреспондент харилцааны хүрээнд нэр бүхий банкуудаар дамжуулан гүйцэтгэж ирсэн. Гэсэн ч ихэнх банкууд манай банкуудын дансыг хаасныг эхэнд өгүүлсэн билээ.
Монголын банкны холбооноос хийсэн судалгаагаар 2017 онд голлох таван банкаар дамжуулан нийт 334,891 удаагийн 8,1 их наяд ам.долларын дүн бүхий гадаад гүйлгээ хийгджээ. Үүнээс 5,5 их наяд нь ам.доллараар хийгдсэн байна. 2018 онд энэ тоо өсөх хандлагатай.
Манай улс АНУ-д ам.долларын төлбөр тооцоо гүйцэтгэх дансгүй болсноор ам.доллараар хийгдэж буй гүйлгээ бүгд өөр валютаар хийгдэх эрсдэл үүсээд байгаа аж. Ингэснээр олон дамжуулагч банкаар дамжих, төлбөр хүлээн авах хугацаа тодорхойгүй хугацаагаар нэмэгдэх, төлбөр тооцооны зардал үлэмж хэмжээгээр өсөх, цаашлаад нөхцөл байдал улам муудвал ам.долларын гадаад гүйлгээ, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй болох хүртэл эрсдэл үүсээд буй юм байна.
Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэхээс гадна улсын төсвийн орлого бүрдүүлэлт хийгээд эдийн засагт чухал нөлөөтэй гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын хэвийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлнө гэж бодлогын баримт бичигт дурджээ.
Дэлхийн томоохон банкууд Монголын зах зээлээс гарч буй ШАЛТГААНУУД
Олон улсын банкууд биднээс харилцаагаа таслаад байгаа шалтгаан нөхцлийн талаар өгүүлэх нь зөв байх. Томоохон банкууд хөгжиж буй орнуудын тэр дундаа Монголын банкуудын ностро дансыг ээлж дараалан хааж буй нь дараах шалтгаантай холбоотой аж.
Нэгт. Монголын зах зээлээс олж буй бодит ашиг тэдний хувьд бага байна. Мөнгө угаалттай тэмцэх чиглэлийн байгууллагууд томоохон банкуудад их хэмжээний торгууль ногдуулсантай холбоотойгоор банкуудын комплаенсийн үйл ажиллагааны зардал нэмэгдсэн нь нөлөөлж байгаа.
Хоёрт. Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх бэлэн мөнгөний гүйлгээ ихтэйгээс шалтгаалан Монголын зах зээлийг эрсдэл өндөртэй гэж үзсэн.
Гуравт. Европын холбооны татварын “Хар жагсаалт”-д ороод гарсан.
Дөрөвт. Мөнгө угаахтай тэмцэх Ази, Номхон далайн бүсийн байгууллагаас хийсэн хоёр дахь удаагийн харилцан үнэлгээний тайлангаар “Эрчимтэй хяналт”-д орсон.
Тавд. Transparency International байгууллагын Авлигын индексээр 180 орноос 103-т жагссан.
Зургаад. Basel Institute of Governance байгууллагын Мөнгө угаалттай тэмцэх индексээр 146орноос 69-т (Дундаас-Өндөр эрсдэлтэй) орсон гэх мэт хүчин зүйлс нь дэлхийн томоохон банкууд Монголын зах зээлийг орхиж гарах үндсэн хүчин зүйлс болоод байна.
Тэгвэл дэлхийн томоохон банкууд манайхыг ээлж дараалан орхиж гарснаар цаашид ямар эрсдэл үүсэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.
Эдийн засагчдын мэдэгдэж буйгаар, Ам.долларын картын төлбөр тооцоо зогсох, Харилцагчийн гадаад гүйлгээ олон дамжуулагч банкаар дамжих ба төлбөр тооцооны хугацаа удаашрах, Гадаад төлбөр тооцооны зардал, шимтгэлийн хэмжээ огцом нэмэгдэх зэрэг нөхцөл байдал шууд утгаараа үүсэх эрсдэлтэй. Харин цаашид Гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, Хөрөнгө оруулагчид, түншүүдийн итгэл буурах, Банкуудын гадаад зах зээлээс татах эх үүсвэр буурах, Худалдааны санхүүжилтийн зорилгоор гадаад валютын зээл хязгаарлагдах, Гадаад улсад ажиллаж байгаа иргэд (элчин, консул гэх мэт)-ийн цалин, хөлсийг тухай бүр шилжүүлэх боломжгүй болох эсвэл шилжүүлэх өртөг нэмэгдэх, Хууль бус мөнгөний эргэлт нэмэгдэх гэх мэт сөрөг нөлөө олон гарч болзошгүйг анхааруулж буй юм.
Ер нь бол Монголын банкууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээгээ сайжруулж, дотоод хяналтын тогтолцоогоо чангатгах шаардлага тулжээ. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоог сайжруулах, олон улсын үнэлгээг эерэг гаргах шаардлага дагаж байна. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд банкуудад учирч буй гол хүндрэлүүд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломжуудыг мэргэжилтнүүд дараах байдлаар тодорхойлоод байна.
НЭГ. Асуудал ба Шийдэл
Банкуудын хувьд улс төрд нөлөө бүхий этгээдийг тодорхойлох, харилцагчаа таньж мэдэх нь чухал. Үүний тулд банкууд тухайн харилцагч нь улс төрд нөлөө бүхий этгээд эсэх, орлогын эх үүсвэр нь хууль ёсных эсэхийг тодорхойлоход шаардлагатай нэмэлт мэдээллийг харилцагчаас гаргуулж авах үүрэгтэй. Банк тухайн харилцагч нь улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэхийг тодорхойлоход аль нэг эрх бүхий төрийн байгууллагаас албан ёсны жагсаалт өгснөөр хэрэгжүүлэх боломжтой. Энэ бол АСУУДАЛ. Тэгвэл ШИЙДЭЛ нь юу байж болох вэ гэдэгт анхаарал хандуулъя.
Улс төрд нөлөө бүхий этгээдийн жагсаалтыг эзэмшдэг Авлигатай тэмцэх Газар нь Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад хүргүүлж байх хэрэгтэй гэж үзэж байна.
ХОЁР. Асуудал ба Шийдэл
Харилцагчаас шаардсан мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдолд банк тухайн харилцагчид “Санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй” байх үүрэгтэй. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй байх гэдэг нь тухайн харилцагчид үйлчлэхгүй улмаар харилцаагаа таслах буюу банкин дахь дансыг хаах асуудал үүсч байна. Харилцагчийн дансыг хаах нь хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагатай тул Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд /МУТСТ/ тодорхой зааж өгөх шаардлага үүсч байна. Энэ бол АСУУДАЛ.
Тэгвэл шийдэл нь МУТСТ тухай хуульд банк нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй байх үүргийг харилцагчийн дансыг хаах, хөрөнгийг “царцаах”/битүүмжлэх эрхийг тусгах; хэрэгтэй гэж үзэж байна.
ГУРАВ. Асуудал ба Шийдэл
Банкууд Монгол Улсын МУТСТ тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс харилцагчдаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаардахад харилцагч уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, шаардсан мэдээллийг гаргаж өгдөггүй аж. Энэ бол АСУУДАЛ.
Тэгвэл шийдэл нь ямар арга хэмжээ байж болох вэ гэж үү? Энэ тал дээр Монголбанк олон нийтэд хандсан ухуулга, сурталчилгааг идэвхтэй явуулах хэрэгтэй гэж Комплаенсийн мэргэжлийн зөвлөл үзэж байна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 6 )
Сонгууль гэдэг тоглоомыг бэлэн менге авч тэр бэртэгчингуудийг сонгодог сохор, еерийнхее тархигуй тэнэгийн гайгаар ийм юм болж байгаа юмшуудээ! Одоо жаахан ч болов ухаантай байж, телее цэвэрлэх хэрэгтэй! Шуух, хууль хучний байгууллага шуршаласан олигархийн гар хелийг таскана гэдэг ч амаргуй л ажил!... Ямарч унээр унийн хийхгуй бол ....
Засаг идэж уусан,хуйвалдсан зэрэг улсуудад яаралтай зоримог арга хэмжээг авч тас цохихгүй бол байдал улам дордоно.Үүний тулд прокурор,шүүх,цагдаагийн байгуулгад эрс шинжлэлт хийх хэрэгтэй байна.
een hoorhii doo
хулгайч гдгын дэлхий мэдчихлээ
BAYR ,BAYRTCOGT ,SAIHANBILEG ,ELBEGDORJ ,SV.BATBOLD , BADAMJUNAI,M.ENHBOLD TERGUUTEI AVILGACHIDIIN L HOR URSHIG.MONGOL IRGED YMAR CH BURUUGUI.
Улс төрч нэртэй Гэмт хэрэгтэнгүүд Бизнесмэн Нэртэй Луйварчид энэ Улс орныг ийм байдалд оруулсаны Балаг шүү дээ Гадны Улс орнууд хүртэл Итгэл үзүүлж болохгүй гэсэн Дүгнэлттэй болсон байна шүү дээ