"Монголын Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2018"-ын үеэр Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл болон "Эрхэт Монгол" медиа группийн харьяа "ЗИНДАА" сэтгүүл, ZINDAA.mn сайт Хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг сахин мөрдөх, өөрийн зохицуулалтыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хоёр байгууллага хамтран хэрэгжүүлэх юм. Мөн "ЗИНДАА" сэтгүүл, ZINDAA.mn сайт Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг редакцдаа нэвтрүүлж буйг үүгээр зарлалаа.
Монголын иргэд, олон нийтийн үнэнийг мэдэх эрхйг баталгаажуулах, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хэвлэл мэдээллийн байгууллагын хариуцлага, нэр хүндийг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, сэтгүүл зүйд ёс зүйн зарчмыг хэвшүүлэхийг тунхаглан зарлаж, Монгол Улсад хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын бэхжүүлэхийг эрмэлзэж, бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэн, үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх зарчимд тулгуурлан хамтран ажиллахаар уг Санамж бичгийг байгуулж буй юм.
Санамж бичиг байгуулснаар "ЗИНДАА" сэтгүүл, ZINDAA.mn сайт сэтгүүлийн редакци ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшний цахим сэтгүүл зүйг төлөвшүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг даган мөрдөж ажиллахаа илэрхийлж буй юм.
Мөн Хэвлэл мэдээллийн өөрийг зохицуулалтыг сайн туршлагыг нэвтрүүлэх, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тогтвортой үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх болж байна.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах Зөвлөлийн дэд дарга У.Тамир, Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, "Эрхэт Монгол" медиа группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, Zindaa.mn сайтын эрхлэгч Н.Гантуяа нар оролцов.
Хэвлэл мэдээллийн зөвлөл болон редакцийн хоорондын энэхүү хамтын ажиллагаа нь бусад байгууллагын хувьд жишиг соёл болохыг талууд онцолж байсан юм.
Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа:
Энэ жилийн Сэтгүүл зүйн ёс зүйн форум "Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе" гэдэг уриан дор боллоо. Форумаас гаргасан Уриалгад ZINDAA.MN сайт нэгдсэнд талархаж байна. Энэхүү Уриалга, Санамж бичгээрээ Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг редакцийнхаа удирдамж болгож, ёс зүйтэй ажиллахаа илэрхийлж байгаа юм. Мөн салбарынхаа өөрийн зохицуулалтын байгууллагадаа тодорхой дэмжлэг, хандивыг жил болгон өгч байхаар санаачиллаа. Энэ нь алс ирээдүйдээ Хэвлэл мэдээллийн зөвлөл тогтвортой үйл ажиллагаа явуулахад маш том хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна. Редакциуд өөрийн зохицуулалтын хэвлэл мэдээллийн байгууллагаа дэмжиж эхэлж байгаа нь сайшаалтай. Цаашид яг энэ жишгээр редакциуд маань нэгдэж, энэ үйл хэрэг үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.
ZINDAA.MN сайтын эрхлэгч Н.Гантуяа:
Сэтгүүл зүйн ёс зүйн форум энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдахдаа Дижитал эрин үeд мэргэжлийн сэтгүүл зүй хэрхэн оршин тогтнох, өөрийн зохицуулалтыг хэрхэн хангах, мэргэжлийн сэтгүүлч сошиал сүлжээ ашиглагч жирийн иргэдээс хэрхэн ялгарах талаар хэлэлцлээ. Сошиал сүлжээний давалгаа улам ихэсч байгаа энэ үeд цагаа олсон, чухал сэдэв хөндөж ярилцсан форум болж, үр дүнгээр нь Хэвлэл мэдээллийн зөвлөл нийт редакциудад хандан уриалга гаргасныг ZINDAA.MN сайт дэмжиж, нэгдээд байна. Мөн Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй санамж бичиг байгуулснаар Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг редакцдаа нэвтрүүлж буй тав дахь цахим сайт болж байна. Бид цаашдын үйл ажиллагаандаа ёс зүйн зарчмыг чанд баримталж, хариуцлагатай, мэргэжлийн цахим сэтгүүл зүйг хөгжүүлэхийг эрмэлзэж ажиллах болно. Тун удахгүй бид Редакцийн бодлогоо олон нийтэд нээлттэй танилцуулна. Ингэснээр ZINDAA.MN сайт ямар бодлого баримталж мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаа нээлттэй илэрхийлж, хараат бус байдлаа бататгах юм. Цаашдаа ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй цахим сайтууд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг өөрсдийн редакцид нэвтрүүлэн, баримталж ажиллах, салбарын өөрийн зохицуулалтын байгууллагаа хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө санхүүжүүлэх жишиг соёлын түүчээг үргэлжлүүлэхийг уриалж байна.
Б.Эрхэс
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )