Бээжин хот цахилгаан станцуудаа хотоос гаргажээ

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Бээжин хотын Агаарын чанарын хяналтын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Бээжин хотынхон өвлийн улиралд түүхий нүүрс түлж хэрэглэдэг, мөн олон тооны автомашин явж байгаа нь агаарын бохирдол үүсэхэд голлон нөлөөлдөг болохыг тус хотын Агаарын чанарын хяналтын төвийн ерөнхий инженер Юи Жианхуа тэмдэглэж байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Төрийн зөвлөл, Бээжин хотын удирдлагын зүгээс агаарын чанарыг сайжруулах чиглэлээр олон талын гарц хайж, багагүй амжилтад хүрээд буйг мөн онцлов.

Агаарын бохирдлыг утаа гаргадаг суурин цэгүүдийн болон хөдөлгөөнт цэг буюу автомашины хяналт гэсэн хоёр чиглэлээр хянадаг аж. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн утаа гаргаж байгаа байгууллагуудад сануулга өгч, ихээхэн хэмжээгээр хэтэрсэн тохиолдолд хуулийн хүрээнд бүрмөсөн хаах хүртэл арга хэмжээ авдаг юм байна. Олон улсын холбогдох байгууллагаас Бээжин хотын агаарын чанарт бодитой эерэг үзүүлэлт гарсан хэмээн үзэж сайшаажээ.

Бээжин хотынхон тун удахгүй бүх халаалтаа цахилгаанаар шийддэг болох зорилт дэвшүүлжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь ногоон байгууламж хэмээн үзэж хотоо цэцэрлэгжүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа юм байна. Ногоон байгууламж нь хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлөх давхар ач холбогдолтойг онцолж байлаа.

Өмнө нь жилд есөн сая хоёр зуун мянган тонн нүүрс хэрэглэдэг дөрвөн цахилгаан станц Бээжинд ажиллаж байсныг хотоос гаргаж, цахилгаанаа алсаас дамжуулан авдаг болжээ. Одоо Бээжинд нүүрс түлдэг цахилгаан станц байхгүй гэнэ.

Бээжин хотынхон дээрх аргуудыг ашиглан агаарын чанараа сайжруулж байгаа бөгөөд туршлагаасаа Улаанбаатар хотын холбогдох байгууллагуудтай хуваалцаж ирсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Улаанбаатарт ирэх 2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглох, дулаанаар хангах асуудлыг аль болох цахилгаанаар шийдэх зэрэг тодорхой арга хэмжээг авахаар болж байгааг энэ үеэр танилцуулж байлаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top