“Хаант тэнгэрийн Самгалдай” төвөөс "ХӨХ ДӨЛ" Галын Их тахилга үйлдэж, 162 айлыг тэнгэрт мэдүүлэн даатгах зан үйл энэ сарын 24-нд Дархан-Уул аймгийн Дархан сумаас баруун хойш 15 км-ийн зайд Хараа голын эрэг дагуу амжилттай болж өндөрлөлөө. “Самгалдай” төвөөс намрын адаг сарын шинийн 15-нд газар лусаа аргадан, айл өрхүүдийн галыг тахиж, арван тавны сарнаас буян хишиг дуудан тав дахь намраа ийн үдэж байна. “Самгалдай” төвийн үйл ажиллагааг дэмжин “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч, зайран Ж.Өсөхбаяр, дэд ерөнхийлөгч, н.Дангаасүрэн зайран, н.Батжаргал зайран тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо. Их галын тахилгыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас дэмжин, аюулгүй байдлыг нь ханган хоёр дахь жилдээ ажилласан юм. "ХӨХ ДӨЛ" галын их тахилгад нийт 37 удган зайран, тэнгэр шүтлэгтэн ирж оролцов.
Тав дахь жилдээ болж буй энэхүү "ХӨХ ДӨЛ" галын их тахилгыг нээж "Самгалдай" төвийн тэргүүн Д.Батчулуун үг хэлэв.
Тэрбээр, “Галын тахилга 2018”–д хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид болон зон олон та бүхний энэ үдшийн амарамгаланг айлтгая.
“ХААНТ ТЭНГЭРИЙН САМГАЛДАЙ” төв нь 2009 онд байгуулагдаж дархад, цаатан, халх, торгууд, Өвөр монголын нийт 15 удган, зайрангуудыг эгнээндээ нэгтгэсэн бөө мөргөлийн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа хойш бид нийт 19 аймгийн 81 хайрхан, лусыг аргадаж ирсэн байна. Тухайлбал:
Самгалдайчууд бид монгол орны Хайрхан уулыг эрэмбэ жаягийн дагуу тахиж дуусаад хар, цагаан, хөх лусы гаргадаж хатсан була шанд, гол горхийг сэргээх, догширсон лус хаадыг аргадаж тахин ган гачиг, зуд зурхангүй, өвчин зовлонгүй эрүүл энх байлгахын төлөө даатган зан үйлээ хийдэг билээ. Сүүлийн 3 жилийн турш Монгол орноо нар зөв тойрон дээрээс орох цагаан лус, дороос ундрах хар лус, дэргэд мэлтэлзэх хөх лусыг аргадан дагуулж ирлээ. Алтайн 13, Алтай таван богдын цагаан гол, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн цагаан лус, Хөвгөл далайн хар лус, Орхон Сэлэнгийн бэлчир, олон голын хөх лус гэх мэт олон лусыг аргадаж иржээ.
Аливаа бүхэн учир утгатай байдаг. Энэ тахилгыг Самгалдайн 7 удган зайран тахих юм. Эд маань Галын их тэнгэрийг дуудаж та бүгдийн гал голомт, хийморь лундаа, буян хишгийг дуудахаас гадна монгол орны бүх уул хайрханы эзэн савдаг, лус хаадад овог угсаа, үр хүүхдийг тань мэдүүлж, голомтонд тань бадамлах аргалын “ХӨХ ДӨЛ”-өөр дээд тэнгэрт өргөн мэдүүлэх юм.
Бид цаашид Төрийн болон Олон Улсын Шинжлэх ухааны байгууллагуудтай өргөн цар хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Энэхүү тахилгад хүрэлцэн ирсэн та бүхний тулганд асах аргалын хөх дөлийг одоо бид хайрхан, лусын эзэдтэй хамтаар ахиж, улмаар Төр, түмнээ Хөх тэнгэртээ даатгахад “ХӨХ ДӨЛ” Галын их тахилгын гол зорилго оршиж байгаа юм. Та бүхний маань хийморь нь босоо, гал нь бадарсан, хишиг буян тань дүүрэн дэлгэрч явахыг хүсэн ерөөе. Ингээд “ХӨХ ДӨЛ” ГАЛЫН ИХ ТАХИЛГЫН АРГА ХЭМЖЭЭ АЛБАН ЁСООР НЭЭСНИЙГ МЭДЭГДЭЕ” ХЭМЭЭВ.
Өөрсдийн хувь заяагаа мөнх хөх тэнгэртээ даатган, тэнгэр газар, лус савдагаа тахин шүтэж ирсэн Монгол ард түмний бөө мөргөлийн зан үйлийн хамгийн том ёслол бол “Галын их тахилга” юм. Монгол туургатны овог удмын их бөө, удган нар нэгэн тэнгэрийн дор, нэгэн галын дэргэд цугларч өөр өөрийн овог удмын заншлаар тэнгэр тахих, галын их тайлга ёслолыг үйлдэн төр улс, түмэн олны амар амгаланг 99 тэнгэрийн зарилгаар тахиж даллага авав.
Ингэж тахил өргөн, галын тахилга үйлдэн хурмастын даллага авахуулснаар:
Мөн “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”-ны ерөнхийлөгч, зайран Ж.Өсөхбаяр "ХӨХ ДӨЛ" галын их тахилгын нээлтэнд зориулан дараах үгийг хэллээ.
"Бид хуран цугларахдаа хур бороотой, хурц нартай, цасан шуургатай, шороон шуургатай байсан ч тэнгэрийн аясыг харалгүй товлосон цагтаа үйл ажиллагаагаа явуулдаг хүмүүс билээ. “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн холбоо”-ны хамт олон бид “Самгалдай” төвийнхөө тахилгуудад оролцож, хамтарч үйл хийгээд олон жил болж байна. Сүүлийн 10,20 жил хамтдаа зүтгэж байгаа нийт удган, зайрангууд, тэнгэрийн улаач нартаа баяр хүргэе. Та нар бол тусгаар тогтнол, газар шороо, түмэн олныхоо төлөө өөрсдийн өчүүхэн биеэ золиосолж явдаг тийм сайхан хүмүүс шүү. Бидний хийж байгаа өнөөдрийн энэ үйл зөвхөн галаа тахиад зогсохгүй, газар газраас ирсэн олон түмнийхээ заяа буянг даатгаж, замбуутивдээ сайн сайхан явахыг хүсэж, ерөөж хийж байгаа том үйл. Мөн нөгөө талаараа Монголчууд хоорондоо эвлэлдэн нэгдэхийн эхлэл бол бидний энэ үйл ажиллагаа юм. Олон аймаг, сумаас хүмүүс энд ирсэн байна. Та бүхэн маань монгол түмнийхээ төлөө, хоорондоо эвлэлдэн нэгдэхийн төлөө, заяа буянаа даатгахын төлөө, дэлхий дахинд дарийн утаа үнэртүүлэхгүй байхын төлөө, улс орон маань дэвжин дээшлэхийн төлөө галын их тахилгад ирсэнд баяртай байна" хэмээсэн юм.
Мөн "ХӨХ ДӨЛ" галын их тахилгын үеэр Самгалдайнхан Дархан-Уул аймгийн Жигүүр цогцолбор сургуулийн нэгэн сурагчид хандив өргөсөн юм. Үүгээр тэд түмэн олондоо тэнгэрийн үйлээрээ туслахаас гадна хэрэгтэй хүнд нь мөнгөн хандиваар ч туслаж чаддаг гэдгээ батлан харуулсан чухал үйл явдал болсон билээ. “Хаант тэнгэрийн Самгалдай” төв нь 2009 онд соёл уламжлал, зан заншил, бөөгийн зан үйл, эцэг өвгөдийн түүхийг түгээн дэлгэрүүлж ард иргэдийг амар тайван байлгах, газар лус, хөх тэнгэрээ аргадан тахих зорилготойгоор дархад, цаатан, хотгойд талыг барьсан удган, зайран уулын хүү, түшээдийн хамтаар нийгэмд үйлчлэх бөөгийн төв болон ажиллаж иржээ. Самгалдайчууд монгол орныхоо Хайрхан уулыг эрэмбэ жаягийн дагуу тахиж дуусаад хар, цагаан, хөх лусыг аргадаж хатсан булаг шанд, гол горхийг сэргээх, дошгирсон лус хаадыг аргадаж тахин ган гачиг, зуд зурхангүй, өвчин зовлонгүй эрүүл энх байлгахын төлөө даатган зан үйлээ хийдэг аж. Мөн зон олныхоо төлөө ханийн тэнгэр, үрийн заяа дуудаж эх нялхсыг эсэн мэнд амаржуулах, эмнэлэг зүйн талаас эмчлэх, боломжгүй даавууны өвчин, хорт хавдар, элэгний хавдар, үе мөчний тулай өвчин, могойн яр, архаг үрэвсэл, бөөрний дутагдал, хар сархадны болон бусад дэв бузар арилгах зэргийг бөөгийн зан үйлийг уламжлалт анагаах ухаантай хослуулан эмчилдгээрээ өдгөө түмэн олны дунд нэрд гарч чаджээ.
“Тэргүүн зайран хийгээд тэргүүн удганаар толгойлуулсан ГАЛЫН ИХ ТАХИЛГА”
Манай сурвалжлах багийг Улаанбаатар хотоос гарахад нар ээсэн дулаахан өдөр байсан ч Дархан хотын зүг жолоо залахад шороон шуурга шуурч, дараагаар нь бороо орж, цасан шамарга нөмрөн авав. Үйл ажиллагаанд оролцож, гал голомтоо даатгуулахаар Улаанбаатар хотоос арваад машин гарчээ. Дархан орох зам халтиргаа, гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан ч бид саадгүй явсаар зорьсон газраа хүрэв. Түүдгэнд аргал, өргөлд ганга арц, хонины өвчүү, цэвэр шар тос, тахилгад тавгийн идээ, таван тансаг, үйлийн өмнө өргөлд сүү зэргийг бэлтгүүлсэн байв. Хөвсгөлийн “нисдэг долоон бөө”-ийн тухай үлгэр домог шиг олон зүйл сонсож байлаа. Түүнтэй адил галын тахилгыг Чонос овгийн шүтээнтэй тэргүүн удган Чогостхаан, тэргүүн зайран Хуцгаа, удган Цахирагч хан, удган Мөнхцаст, зайран Хөхөлдэй, Найдан, удган Ундрах нарын долоон бөө долоон бурхан одонд мэдүүлэн тахив.
-Тэргүүн удган Чогостхаан-
-Тэргүүн зайран Хуцгаа-
-Удган Цахирагч хан-
-Удган Мөнхцаст-
-Зайран Хөхөлдэй-
-Зайран Найдан-
-Удган Ундрах-
Аргал асах явцад удган зайрангууд хуураа татаж, хэц хэнгэрэгээ нүдэн гал тахих зан үйлийг эхлүүлдэг аж. Эхлээд таван удган зайран өөрсдийн онго тэнгэрийн дуудлагыг хийнэ. Тэргүүн зайран, удган хоёр энэ хооронд уул усны эзэд, хайрхадын савдгуудыг дуудан, хуураа татаж, ёслол үйлдэв. Тэргүүн удган Чогостхаан нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Чагдаан тээх Агарын голын Чонос овгийн Дайвийн Наранцэцэг билээ.
Тэрбээр 2005 онд тав дахь үеэс Дархадын хар тэнгэрийн Баянзүрх хайрхан Дашдэмбэрэл аавыг буулгаж, 2011 онд 99 тэнгэрээс зарлигтай Хар Цагаан цахилгаан, Хар лусын барьсан Харгалшар хааныг буулгасанаас хойш 15 дахь жилдээ бөөлж байгаа нь энэ юм. Харин тэргүүн зайран Хуцгаа нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Баянгийн тээх Шаргын голын Жамбын Эрдэнэбат гэх авай. 2000 онд Хулгар Содов зайрангийн гурав дахь үеэс Дархадын хар тэнгэрийн ар тужийн аавыг буулгасанаас хойш 18 дахь жилдээ бөөлж байгаа гэнэ.
Их зайран, их удган хоёр эхлээд өөрийн толгой онгыг буулган мөнх тэнгэртээ мэдүүлэн дуулгав. Онгын нэр ус, буудал суудал, улаачийн тэнгэр нэр, чанар чансааг дуулган мөнх тэнгэртээ сүшиглэн утсан мяндсан улаачдаа хүч өгөхийг гуйн бөөллөө. Улаачид тэнгэрийн зараал тэнгэрүүд ирж улаачийн биед буун, галын тахилын бөөлөө хийв. Бөөлөх явцдаа тэргүүн зайран, удган хоёр янз бүрийн амьтаны дүр төрхийг илэрхийлэн бөөлж тухайлбал, чоно болон дуугарч, гахай, баавгай, шувуу гэх мэт янз бүрийн амьтаны төрхийг гарган бөөлсөн юм.
Ийн галын тахилга албан ёсоор эхэлж айл өрхүүд хонины өвчүүгээ хүсэл бичсэн цаасны хамт галдаа өргөлөө. Галыг ариусган тахих нь бөөгийн ёсонд тухайн айлыг мөнх хөх тэнгэрт мэдүүлж, эцэг өвгөдийн буяныг дуудаж өршөөл ивээлдээ багтааж, айл гэрийг мандан бадраах бэлэгдэлтэй. Гал голомт нь сэвтэх хийгээд бузарлагдвал тухайн айл өвчин зовлонд нэрвэгдэж, ажил үйлс нь бүтэхгүй, хэрүүл тэмцлээр дүүрж, өрх гэр өөдөлдөггүй гэнэ. Гал голомт цэвэр ариун байвал өвчин зовлон холуур тойрч, эд мөнгө хуран цугларч энх тунх амьдардаг. Өрх, гэр бүлийн өөдлөн дэвжих анхдагч эх сурвалж нь гал түүний дээш бадамлан асах дөл аж. Галын тахилгын төгсгөлд хүрэлцэн ирсэн удган зайрангууд гал төр төвшин, түмэн олон амгалан байхын төлөө бөөлж, илүүрийн үйл хийв. Илүүрийн үйл нь дэв бузар, муу бүхнийг галын тэнгэрээр ашиглан хөөн зайлуулах шидтэй. Түүнээс гадна галаас муу бүхэн эмээдэг учир галд улайссан илүүрээр онгод тэнгэр бас хүч авдаг тухай тэргүүн түшээ Д.Батчулуун тайлбарлан, өгүүлж байлаа. Мөн хүрэлцэн ирсэн айл өрх, зочид төлөөлөгчдөө буцахад нь есөн есийн 81 ул боовны хишиг тарааж, айл өрхүүд галын их тахилгын үнсийг гал голомт руу гаа авч явж хүндэтгэлээ илэрхийлэв.
“Хаант тэнгэрийн Самгалдай” төвийн галын их тахилгад оролцож буй удган Л.Болорчимэгтэй цөөн хором ярилцлаа.
- Намрын адаг сарын шинийн 15-нд “Самгалдай” төвөөс галын их тахилга хийж байна. Та өөрийгөө танилцуулахгүй юу, мөн энэхүү тахилгад хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Галын тахилгын ач холбогдлын тухай манай уншигчдад ярьж өгөөч
Намайг Л.Болорчимэг гэдэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын харьяат, одоо Улаанбаатар хотод амьдардаг. Энэ үйл ажиллагаанд хоёр дахь удаагаа ирж байна. Энэ жилийнхэд зорин их үйл амжуулъя гэж ирсэн. Зон олон даатгалтай хүмүүсээ даатгаж ирлээ. Гал бол бүх зүйлийн эхлэл бас төгсгөл байдаг. айл гэрийн гал голомт өөдөө байх тусмаа амьдрал нь зөв сайхан, тэгш явж байдаг. тиймээс галын их тахилганд оролцож байна. Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа “Самгалдай” төвийхөндөө баярлалаа. Олон жил энэ сайхан үйлийг хийж олон үедээ уламжлуулан, цааш цаашдаа авч явах байх гэж бодож байна.
- Айл гэр гал голомтоо тахиулахын утга учрын тухай та ярьж өгөөч?
Миний хувьд орон сууцанд амьдардаг хүмүүсийн галыг заавал хээр гарч тахидаг. Хээр гарч тахиад үнснээс нь аваад тулганд хийж тавьдаг. Айл гэр болгон гал голомттой. Өрх тусгаарлаж гарсан байсан ч, гараагүй байсан ч заавал гал голомт гэж айлд байдаг. Тийм учраас заавал галаа тахиулах ёстой. Нэг үеэ бодвол хүмүүсийн галын тухай, гал голомтын тухай ойлголт маш сайн болсон. Яагаад гэвэл бөө гэж энэ сайхан зан үйлээр дамжуулж гал гэдэг ухагдахууныг маш олон хүнд түгээж байна. Би хориод жил бөөлж байна. Маш олон айлын галыг тахиж өгч байсан. Гал тахина гэдэг тухайн айлын үр хүүхэд нь эрүүл саруул сайхан өсөж торних, үе удамдаа илүү сайхан амьдраасай гэсэн утгатай юм шүү дээ.
- Бөө, бөө мөргөлийн тухай ойлголт олон янз байдаг л даа. Нэг хэсэг айл болгон нэг бөөтэй гэж яригддаг байсан. Харин тэдгээр бөө нараас дархад бөөгийн ялгарах онцлог юу байдаг вэ?
Одоо дархад, захчин, урианхай, буриад гээд нутаг орныхоо онцлогоос шалтгаалаад бөө нар байна. Бөө бол дархад нутгаас эхлэлтэй. Зан заншлын тухайд нутаг, нутгаараа өөр. Тэр олон бөө нар дотроос чанарын ялгаа нээх гардаггүй л дээ. Яагаад гэхээр эхлэл нь дархадаас учраас нэг нэгтэйгээ ойрхон байдаг. дархад бөөгийн илүү гарсан зан үйл, захчин бөөгийн илүү гарсан зан үйл гэж ямар нэгэн байдлаар илүү гаргаж тодотгох зүйл байдаггүй. Манай дархадуудын онцлог гэвэл явган бөөлөөгөө түлхүү хийдэг. Буриад бөө гэхээр хэнгэрэгээрээ гээд онцлог бол бий. Түүнээс үүсэл гарал нь дархадаас учраас тийм ч их ялгаа байдаггүй л дээ.
- Та хориод жил бөөлж байгаа гэлээ. Дархад бөө нар шавь тодруулахдаа их чамбай байдаг гэж сонсож байсан юм. Одоо хэдэн шавьтай болсон бэ, шавь нартаа ямар шалгуур тавьдаг вэ?
Би шавь нараа маш нарийн шалгаж авдаг. Шавь авлаа гэхэд түүнийгээ таван жил даадаг. Надад шавь орохын тулд бүх зүйлээ зүүд нойроороо харсан байх ёстой. Тэгж өндөр шалгуур тавьж шавиа авдаг. Миний гэрийг, миний тахил шүтээнийг тэр хүн харсан байх хэрэгтэй. Хориод жил бөөлөхдөө 15 шавь гаргасан. Тэд нар маань маш өндөр цензурээр шалгагдаж над дээр ирдэг.
- Бөө мөргөлийг шашин биш хэмээдэг. Гэхдээ цаашдын хөгжил, уламжлуулан өвлүүлж үлдээх тухайд бөө хүн болгон санаагаа чилээж явдаг байх гэж бодож байна?
Тэгэлгүй яах вэ. Одоо маш олон бөө мөргөлийн төвүүд байна. Гэхдээ манайд эвлэлдэн нэгдэж байгаа төвүүд маш ховор байдаг. Яагаад гэхээр үнэн худал гэж байна, хар цагаан, хатуу зөөлөн гэж дэнсээ байна, үүнийг давж гардаг бөө нар ховор болчихсон. Үнэ зөвөөр, сайн сайхан явж байгаа төвүүдийн нэг нь би Самгалдай гэж боддог. Би өөрөө хүндэлж явдаг. Яагаад гэхээр цаагуур чинь маш олон худлаа, үнэн юм байна. Бараг нэг айлын таван хүүхдээс гурвыг нь бөө болгочихож байна. Яахав, онгод тэнгэрүүд нэг айлаас хэдэн хүн бөө болгохоо өөрөө мэддэг л дээ. Гэхдээ түүнийг зөв зам руу нь, зөв чиглүүлэх ёстой. Тэгэхгүй бол бөө мөргөлийн тухай буруугаар ойлгодог хүмүүс маш их байна. Үүнийг ямар нэгэн байдлаар засах, цайруулах зан үйлийг хийх ёстой.
Г.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Болорчимэгийн бөө гэж ямар ац нь байдгын. Халх бөө нарыг халх пизданууд гэж хуцхж байсан тийрэн дээ. Тийм ёс зүйтэй бөө байдгымуу чааваас. Самгалдайн хэдэн бөө нар олон хүний амьдралыг самарч тоглосон хүмүүс дээ. Ач тусаа өгсөн нь байдаг л байлгүй дээ бас ч гэж.
Энэ болорчимэг гэж удган хэзээдээ цагааннуурынх болов инээдтэй юм даа