Сүүлийн үед Улаанбаатар хотын хэмжээнд түгээлтийн үйлчилгээ явуулж буй авто машинуудыг цагийн хязгаарлалтад оруулж явуулах шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Энэ талаар өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал болон холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, автозамын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр 70 дугаар тогтоолыг батлан гаргасан байна. Нийслэлийн ИТХ-аас дээрх тогтоолыг гаргахдаа төрийн холбогдох байгууллагуудтай хамтран дүүрэг тус бүрт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зарим асуудлыг газар дээр нь шийдэж, нийслэлийн хэмжээнд шийдэх санал зөвлөмжүүдийг гаргажээ.
Эдгээр санал зөвлөмж, мэргэжлийн байгууллагын тоо, баримт, судлаачдын тооцоонд үндэслэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, хэт их ачааллыг үе шаттайгаар бууруулах чиглэлээр 70 дугаар тогтоолыг батлан гаргасан талаар дурдлаа.
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах дэд хөтөлбөр, тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд журмын төслийг боловсруулж, Нийслэлийн ИТХ-д танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон байна.
Дээрх журмын төсөл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн баригдаагүй бөгөөд түгээлтийн автомашиныг тодорхой цаг хугацаанд хөдөлгөөнд оролцуулах талаар албаны шийдвэр гараагүй болохыг мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )