Т.Түвшинтулга: Г.Мандахнаран ах бид хоёр нэг өрөөнд хамт байсан ч нэг ч удаа бөх яриагүй

2018 оны 10 сарын 30
“Будапешт-2018” Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-д өрсөлдсөн Монголын эрэгтэй багаас ганцаар хүрэл медаль хүртсэн ОУХМ Т.Түвшинтулга манай редакцид уригдлаа. Дэлхийн шинэхэн медальтан, Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2018 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри" тэмцээний хүрэл, Яшар Догу болон Дмитрий Коркиний нэрэмжит олон улсын тэмцээний мөнгөн медальт, “Mongolia Open” тэмцээний хошой аварга, Монгол Улсын гурван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Аваргууд академи"-ийн тамирчин, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулгын дэлгэрэнгүй ярилцлагыг хүлээн авна уу!

-ДАШТ эхлэхийн өмнө нэг бус хүнээс Т.Түвшинтулгын бэлтгэл сайн байгаа тухай сонсч байсан. Танд өөрт чинь ямар бодол төрж байсан бэ? Медальд хүрэх итгэл өндөр байсан уу?

-Биеийн ерөнхий байдал, ачаалал авах тухайд гээд бэлтгэл яг таарсан нь мэдрэгдэж байсан. Бэлтгэл ханасан үе өөрт цаанаасаа мэдэгддэг. Ямар нэгэн зовиур, дутуу зүйл байгаагүй. Тэмцээнд оролцохын өмнө олон хүн хэлж байсан л даа, энэ жил чи сайн байгаа шүү, дэлхийн аварга дээр л тэрийгээ харуулах хэрэгтэй гэж. Нэг талаар энэ нь надад урам болж, сайхан санагдаж байсан ч нөгөө талаар хариуцлага байлаа. Гэхдээ би сайн байгаа юм байна гэж хөөрч, сэтгэл хөдлөлд автаагүй. Бас би чадах болов уу гэж их зүйл бодохгүй байхыг хичээсэн. Ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд өөртэйгөө их ажиллахыг хичээсэн. 

-Эхний өдөр барилдах ямар байв. Өмнө бол 61 кг-ын жингийн барилдаан тэмцээний хоёр дахь өдөр болдог байсан?

-Тэмцээн эхэлсний дараа барилдах өдрөө хүлээх ч бас амаргүй шүү. Барилдаанаа бодоод байдаг. Анх удаа ДАШТ-ий эхний өдөр барилдаж үзлээ. Надад бол амар санагдсан.

-Эхний өрсөлдөгч Киргизийн бөхийг /Улукбек Жолдошбеков/ та хэр судалсан бэ?

-Судалсан. Хэд хэдэн барилдааных нь бичлэгийг үзсэн. Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай жинд хүрэл медаль авсан. Том барьцнаас барилддаг бөх. Шигшээ багийн багш нар сугадаа ч юм уу, том барьц битгий өгөөрэй гэж захисан нь зөв байсан.

-Сугалаагаар эхний тойрогт таарснаа мэдээд ямар тактиктай барилдана гэж бодсон бэ? Та 6:0-оор ялагдаж яваад оноогоо нөхөж хожсон. Барилдаан таны бодсоноос хэр өөр болсон бэ?

-Киргизтэй таарснаа Г.Мандахнаран ахаас сонссон. Би сугалаагаа тэр дор нь хараагүй. Эндээс явангуутаа утсаа унтраагаад, интернет орчин, харилцаа холбооноос хэсэгтээ татгалзсан. Багш нартай уулзахаа хүлээгээд өрөөндөө амарч байтал ах ирээд, сугалаа харсан уу л гэж байна. Үгүй л гэлээ. Тэгсэн, Киргизтэй таарсан байна шүү гээд өөр нэг их юм яриагүй. Надад Улукбек Жолдошбеков барилдаан таарах юм шиг санагдсан, бас багагүй судалсан болохоор яаж барилдахаа ерөнхийд нь төсөөлчихсөн байсан. Маргааш нь тэмцээн эхэлж, барилдаан боллоо. Гэтэл би өрсөлдөгчөө дутуу үнэлсэн байсан. Яг дэвжээн дээр гарсан чинь барилдаан нилээн эвгүйтээд ирсэн. Урдуураа тохио цохиулаад, ардаа алдчихсан. Яах ийхийн зуургүй 6:0 болчихлоо. Цаг байсан болохоор бас ч гэж тайван байхыг өөртөө сануулсан. Яг тэр үед л би толгойгоо ажиллуулах хэрэгтэй байлаа. Нэг ч буруу хөдөлгөөн хийж болохгүй. Ингээд хоёрдугаар үе дээр гарч ирээд 2 оноо авлаа. Цааш нь хийсэн мэхэн дээр нь үлдэж, 4 оноо авснаар онооны харьцаа 6:5 болсон. Дахиад 1 оноо авч тэнцээд, цагийн төгсгөлд зөрж оноо авснаар 8:6 болж, ялалт манай талд ирсэн. Ер нь их эвгүй барилдаан болсон. Олон тэмцээнээс харж байхад надад том, жижиг ямар ч тэмцээний эхний барилдаан хүнд байдаг юм шиг. Багш нараасаа хүртэл асуудаг. Яагаад би эхний барилдааныг ийм хүнд нөхцөлд хийгээд байна вэ гэж... Эхний барилдаан л сайхан болчихвол цаашаа дажгүй явчихдаг. Ийм нэг байдал над дээр харагдаад байгаа юм. Харин энэ жилийн барилдаануудаа хараад өөрийгөө нэг зүйл дээр үнэлж байгаа. Би барилдааны үеэр урд өмнөхөөсөө илүү сайн төвлөрч чаддаг болсон. Мэхэнд дутуу явахгүй. Яарч сандрахгүй, төвлөрч барилдах байдлаа хадгалж, өөрийгөө хянах чадвар дээрээ багш нартайгаа сайн ажиллаж чадсан юм байна гэж бодож байгаа. Магадгүй би эхний барилдаанд 6:0-оор хожигдож яваад жаахан л төвлөрлөө алдсан бол 8:0, 10:0 харьцаагаар ялагдаж ч болох байсан. Нэг л алдаа гаргаж, сандарсан бол бүх зүйл өөрөөр эргэнэ шүү дээ.

-1/8 шигшээд “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга, ОХУ-ын Гажимурад Рашидовтой тун тэнцүүхэн барилдсан. Ялах боломж маш ойрхон байсан гэсэн үг. Яг дэвжээн дээр өрнөсөн барилдааны талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Оросын хоёр удаагийн аварга, өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын мөнгөн медальтай, энэ жил ер нь бараг ялагдаагүй яваа бөхтэй хоёрдугаар тойрогт таарсан. Рашидов чансаагаараа жингээ тэргүүлж байгаа. Бид хоёр өмнө нь барилдаж байгаагүй. Барилдах боломж гарсан ч барилдаагүй өнгөрсөн. Юу гэвэл, сая манай шигшээ баг Дэлхийн аваргын өмнө Якутад тэмцээнд оролцчихоод, Сочид очиж, Оросын бөхчүүдтэй хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн юм. Тэндээс би их зүйл анзаарсан. Дэлхийн аваргад оролцох Оросын шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлд хамрагдсан. Миний хувьд өмнө нь яг ингэж Оросын шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцож байгаагүй. Олимп, дэлхийн аваргууд, дандаа дэлхийн шилдэг бөхчүүд. Тэд ямар бэлтгэл хийдэг нь, яаж ачаалал авдаг нь, сэтгэлзүйн хувьд хэрхэн биеэ бэлтгэдэг нь гээд алхам бүр нь надад чухал байсан. Их зүйл сурсан. Бэлтгэлийн үеэр барилдаан хийх болоход жингийнхээ бөхчүүдийг харна. Манай жингийнхэн гэхдээ яг үндсэн бэлтгэлээ хийхээс биш барилдаанд тэр бүр орохгүй. Орж ирж харж байгаад гараад явах үе байна. Энэ бэлтгэлийн үеэр би Рашидовтой нэг барилдаад үзчих юмсан гэж бодсон ч тийм боломж таараагүй. Магадгүй, барилдаагүй нь ч зөв болсон байх. Хэрэв Дэлхийн аваргад Рашидовтой таарвал яаж барилдах тухайд багш нараасаа гадна Г.Мандахнаран ахтай өмнө нь зөвлөж байсан. “Оросын бөх зөрж ордог. Зай андахгүй. Дутуу хийсэн мэх, санамсаргүй үйлдэл, сиймхийг алдана гэж байхгүй” гэдгийг багш нар маань болон Г.Мандахнаран ах анхааруулж захьсан. Тэрийг нь ч би бэлтгэл дээр маш сайн харсан болохоор барилдаанаа дотроо ер нь бодчихсон байсан. Барилдаан тэнцүү үргэлжилсэн. Жаахан эрт мэхэнд явсан бол гэж одоо харамсаж л байна. Яг таарсан момент гарч өгөхгүй байсан. Хамгаалалт маш сайн. Нэг хүрсэн, тэрийгээ уг нь зөв хөдлөөд, дагаж чадсан бол ард нь гараад оноо болгочих боломж байсан. Цаг тулчихсан байсан л даа.


ОРОСЫН БӨХ ГАЖИМУРАД РАШИДОВТОЙ ХИЙСЭН БАРИЛДААН

 

-2:0 харьцаагаар ялагдаж яваад, цаг дуусахаас хэдхэн секундын өмнө та 1 оноо авсан. Сүүлийн мэхэнд 2 оноо өгөх боломжтой байсан уу? Цагийн төгсгөлд барилдааны ялалт, ялагдлыг шийдэх бичлэг үзэж байхад танд юу бодогдож байв?

-Сүүлийн мэхний эхлэл цаг дуусахаас 20 секундын өмнөөс эхэлсэн юм уу даа. Яг үндсэн мэхийг 8 секунд дутуу байхад хийсэн. 10 секунд дээрээс эхлээд явах гэж оролдсон ч боломж гараагүй. Тэгэхээр сүүлийн 7, 8 секундэд бид хоёрын тэр бужигнасан барилдаан болж өнгөрсөн. Би бөгсөөрөө суугаад тохойлдсон болохоор 2 оноо болов уу гэж бодсон. Гэхдээ мэхний үргэлжлэл удааширсан, салангид байсан гэж үзээд, 1 оноо өгсөн. Хэрэв 2 оноо авч чадсан бол сүүлийн оноог авснаараа ялах боломжтой байлаа. Шүүлттэй маргах зүйл байхгүй ээ. Магадгүй Рашидовыг ялсан бол дараагийн барилдаанд таарах Кубыг хожих найдвар надад байсан уу гэвэл байсан. Өмнө нь Кубтэй “Дэлхийн цом”-оор барилдахдаа ялж байсан. Гэхдээ би Орост ялагдсан ч энэ барилдаанаас их зүйл ойлгосон. Манай бөхчүүдийн хэнд нь ч дэлхийн топ бөхчүүдээс дутуу зүйл алга. Боломж байна. Улам илүү хичээх хэрэгтэй юм байна гэдгийг энэ удаагийн Дэлхийн аваргаас харж, бодож байлаа.

-Рашидовтой барилдсаныхаа дараа түүний бусад барилдааныг үзсэн үү? Тэр хэрхэн барилдахаас таны дагаж барилдах асуудал шийдэгдэх учраас ийм нөхцөлд өрсөлдөгчийнхөө барилдааныг хардаг уу?

-Тэмцээн үзээгүй. Барилдааны дараа шууд буудал руу гаа явж, амарсан. Ер нь бол Рашидовыг финалд гарчих байх гэж бодож байсан.

-Дагах барилдаанд таарсан Энэтхэгийн бөхийн /Сонба Гонгане/ барилдах арга барил нь хэр байв?

-Сул өрсөлдөгч мэдээж биш. Ер нь дэлхийн аваргад сул бөх гэж байхгүй л дээ. Тохой сөхдөг, их бяртай энэтхэг байсан. Өмнө нь таарч байгаагүй. Хүмүүс хүрлийн төлөө барилдах Гүржийг л яриад байдаг. Гэтэл надад бол наана нь Энэтхэгтэй барилдах нэг даваа байдаг. Барилдаан сайхан болж, 7:0 хожсон. Эхний оноог өөрийн болгочиход барилдаан сайхан үргэлжилдэг.

-Хүрэл медалийн төлөөх барилдаан таны хувьд төдийгүй Монголын шигшээ багийн хувьд чухал байлаа. Тэмцээний хувьд хамгийн эхний медалийн төлөөх барилдаан байсан болохоор хариуцлага өндөр?

-Дагах барилдаанаа өглөө 11.30 цагаас хийчихсэн. Финал орой 19.00 цагаас байдаг. Хүлээлтийн цаг удаан. Тэр хооронд юм юм бодогдоно. Сүүлдээ бушуухан барилдчих юмсан гэж санагддаг юм билээ. Өдөр харин 30 минут орчим нам унтаж чадсан. Тэгээд босоод ирсэн бие сэргээд, их сайхан болчихсон. Гүржийн бөхтэй /Бека Ломтадзе/ өмнө нь барилдаад, хожиж байсан. Чанга өрсөлдөгч, том бөх. 2016 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. Дэлхийн аваргад финалдчихсан хүний сэтгэлзүй хүртэл шал өөр. Барилдааны өмнө Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, бусад багш нар маань сайн зөвлөгөө өгсөн. Гүржийн бөх цагийн төгсгөлд жаахан ядардаг. Тийм болохоор шахаж барилдах тактиктай гарсан. Гэхдээ яг дэвжээн дээр гартал барилдаан төлөвлөснөөс өөрчлөгдөж, эхний хоёр оноогоо би алдчихлаа. Эгзгийг нь тааруулж байгаад зөрж оноо аваад, 2:2 болсон. Сүүлийн оноогоор хожиж яваа болохоор миний хувьд сандрах байдал гайгүй байсан. Цагийн төгсгөл рүү барилдаан ширүүссэн. Сүүлийн 30 секундэд бужигнаад л өнгөрсөн. Хөлд нь орж, ууцаар нь холбоод, араар нь мордож шидсэн. Энд шүүгч 4 оноо өгсөн. Би 2 оноо байх л гэж тэрүүхэн хооронд бодсон чинь 4 байсан. Цаг ч бодох сөхөөгүй барилдааны дараа нэг мэдсэн 20 секунд үлджээ. Ямар ч торгууль, сануулга байгаагүй болохоор оноо болон бүх давуу байдал миний талд байна, гэхдээ маш анхааралтай байна гэж өөртөө тэр хооронд сануулж л байлаа. Ингээд 6:3 харьцаагаар барилдаан дууссан. Барилдааны дараа дотор байсан бүх юмаа л гаргачих шиг болсон, орилоод. Дараа нь бичлэг, зургийг хараад тийм үйлдэл хийснээ ч санахгүй байсан. Яг тэр ялалтын мөчид тархи, биед юу болоод өнгөрдгийг үгээр илэрхийлэхэд их хэцүү юм. Аав, ээжийгээ баярлуулсандаа, багш нарынхаа ачийг бага ч болов хариулсандаа баяртай байна. Медалийн төлөөх барилдааны дараа би юм л бол уйлчих гээд байсан. Баярын нулимсыг тэвчиж чаддаггүй юм билээ. Г.Мандахнаран ах хэлж байсан юм, “Дандаа эв техникээр барилдана гэж байхгүй. Ялангуяа олимп, дэлхийн аварга дээрх нягтарсан барилдаанд ерөөс зай гардаггүй. Сиймхий, сул зай гэж олдохгүй. Харанхуй дайрах үе байдаг” гэж. Хүрлийн төлөөх барилдаан яг л тийм барилдаан болсон. Хөлд хүрээд, тэр хүн хамгаалж байхад би зөв цагтаа зөв хөдөлсөн юм байна гэж харж байлаа. Бичлэгээ дараа нь олон үзсэн. Гарны барьц, байрлал, мэхний хувилбар, бүх зүйл таарсан байсан. Жаахан л буруу хөдөлгөөн хийсэн бол тэр хүн гараад явчихаар байсан. Барилдаан шал өөрөөр эргэх байлаа. Тэр богино хугацаанд ямар мэх хийхээ бодно, өрсөлдөгчөөс ямар хариу ирэхийг тооцоолно, тэгээд мэхээ хийнэ гэдэг амаргүй... Юу ч гэмээр юм бэ дээ, тэр олон зүйлийг дэвжээн дээр гарсан хүн зэрэг хийдэг юм шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН

 

 

-Ингэхэд Г.Мандахнаран та хоёр хамт нэг өрөөнд оръё гэж орсон юм уу, тэгж таарсан уу?

-Санаандгүй л тэгээд таарчихсан. Энэ тэмцээн гэлтгүй энэ жилийн турш бид хоёр их ойр байлаа. Ахаасаа их зүйл сонсч, суралцдаг. Багш, дасгалжуулагч нарын дараа орох миний хамгийн гол зөвлөгч. Сэтгэлзүй ямар өндөр, барилдааны мэдрэмж ямар мундаг гэж санана. Сая хоёулаа нэг өрөөнд орж таарлаа. Бас нэг өдөр барилдаж ч таарлаа.

-Г.Мандахнаран өөрийнхөө барилдааны тухайд юм ярьсан уу? Ямар дүгнэлт хийж байсан бол?

-Яриагүй. Олон ялалт, ялагдлыг амссан хүн өөр байдаг юм байна. Ялалт, ялагдлын дараа сэтгэл зүй нэг хэвийн байвал жинхэнэ тамирчин болж байна гэдэг үнэн байх. Г.Мандахнаран ах бид хоёр нэг өрөөнд байгаа мөртлөө ерөөсөө тэмцээн, барилдааны талаар яриагүй. Тэр нь бас ах нарын төлөвлөгөө байсан юм билээ?

-Яагаад ярилцаагүй юм бол?

-Дэлхийн аваргад явахын өмнө Э.Ням-Очир ах /Гавьяат тамирчин/ Г.Мандахнаран ахад захисан юм билээ. “За, цаад Бооёо дээрээ анхаараарай. Бөх бодуулж, бөх ярьж хэрэггүй шүү. Юмыг ургуулж, төвлөрч бодоод, тэрэндээ сатаарах гээд байдаг” гэж. Энийг Мандах ах надад тэмцээнээс ирээд хэлсэн. Үнэхээр Г.Мандахнаран ах надтай нэг өрөөнд байгаа мөртлөө тэмцээн, бөхийн талаар ер яриагүй. Өөрөө ялагдчихаад өөрийнхөө хүнд байдлыг ч харуулаагүй. Яаж барилдсанаа, миний яаж барилдсаныг ч дурсаагүй. Хүндэлж, хайрлахаас аргагүй, ийм сайхан ах нар намайг сэтгэлзүйн хувьд дэмжиж, энэ медальд хүрэх нэг хэсэг нь болсон байгаа биз. Э.Ням-Очир ах миний жинд барилддаг байсан. Ер нь манай спортынхон ингэж жингийнхээ доод үеийн бөхчүүдийг дэмждэг, мэдэрдэг. Э.Ням-Очир ах миний жинд барилдаж байгаа бүх өрсөлдөгчдийг мэднэ. Ихэнхтэй нь барилдаад үзчихсэн. Тэр бүгдийн талаар харамгүй хэлж, зааж өгнө. Сая гэхэд ах нар ингэж надад тусалсан байсан. Сэтгэлзүйн дасгалжуулагч хийсэн гэх үү дээ. Тэд нартаа маш их баярласан. Дээр нь Ооска /Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар/ багш маань Унгарт хамт очсон нь надад тэр чигтээ л хүч өгсөн. Багштайгаа хамт байхад улам зоригтой болсон юм шиг санагддаг.

-Их сайхан санагдлаа. Гурав дахь жилдээ ДАШТ-д оролцоход бөхийнхөө хувьд ч, хувь хүнийхээ тал дээр ч их өөр хүн болж очиж байгаа байх? Танд тэгж санагдсан уу?

-Туршлага хүнд үнэхээр чухал. Одоо бодоход анх Дэлхийн аваргад оролцохдоо ийм хариуцлагатай, төвлөрөлтэй байгаагүй санагдаж байна. Мэдээж тэр нь, тийм байхыг хүсээгүйдээ биш туршлагын тухайд, цаанаасаа л байсан байдал нь тийм байх. Өмнөх жилүүдийнхээ алдааг зассан учраас, туршлага суусан учраас энэ удаагийн амжилт ирж байгаа. Анх Дэлхийн аваргад оролцоод ялагдахдаа би ямар их сэтгэлээр унаж байснаа санадаг. Тийм дутуу байсан байна. Одоо бол ялагдсан ч биеэ барьж чадна, ялагдахгүйн тулд юу яг надаас хамаарахыг ялгаж салгадаг болсон.

-Бөх болох нь таны багын мөрөөдөл, зорилго байсан уу?

-Би Булган аймгийн Тэшиг суманд төрсөн. Намайг 4 настай байхад аав, ээж маань хот руу нүүж ирсэн. Хотод өссөн ч гэсэн зуны амралтаа ихэвчлэн хөдөө өнгөрүүлдэг байсан болохоор барилдах их сонирхолтой хүүхэд байсан. Дээрээс нь удмын ген гэж зүйл хүнд их нөлөөтэй байдаг байх. Миний өвөө Мишигийн Оргил гэж аймгийн арслан байсан. Анх яг бөх болно гэж зорилгоо болгож байгаагүй ч яах аргагүй л цаанаасаа бөхөд дуртай болоод ирсэн. Энэ удмын л зүйл байх. 2006 онд “Алтайн барс” клубт П.Чулуунбаатар багшийнхаа шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Дараа нь 2010 онд “Олимп” сургууль байгуулагдахад О.Пүрэвбаатар багш дээрээ ирсэн. Түүнээс хойш  багшийнхаа удирдлагад өнөөдрийг хүртэл бөхийн эрдэм заалгаж байна. Үе үеийн Шигшээ багийн багш нар маань мэдээж надад ихийг зааж сургасан.

-Айлын том уу?

-Тийм. Хоёр эмэгтэй дүүтэй.

-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын шавь нараас ингээд хоёр нь Дэлхийн медальтан боллоо /Нөгөө нь Б.Номин/. Багш нь их баяртай байсан?

-Тийм ээ. Биднээс илүү багш их баярлаж байгаа. Багш биднийг өөрийнхөө хүрээгүй амжилтад хүргэнэ гэж зорьдог. Амьдрал дээр ч гэсэн багш яг л бидний аав шиг байдаг. Шударга байхыг сургадаг. Зөв хүн байхыг захидаг. Гадагшаа тэмцээнд явж байхад Монголын О.Пүрэвбаатарын шавь гэж сонсоод биднийг их азтай тамирчид гэж хэлдэг.

-Одоо ихэвчлэн шигшээ баг дээрээ бэлтгэлээ хийж байна уу?

-Тийм ээ. Шигшээ багийнхаа үндсэн бэлтгэлд хамрагдана. Манай шигшээ багийн дасгалжуулагч нар хуваарь гаргаж, хувь багш нартайгаа ажиллах боломж олгосон бие даалтын цаг гаргаж өгсөн. Энэ цаг дээр клубын болон анхны багш нар, бас шигшээ багт барилдаж байсан ах нар маань ирж, хамтарсан бэлтгэл хийдэг. Энэ нь бид нарт их үр дүнтэй.

-Чөлөөт бөх шиг ийм өндөр хөгжсөн төрөлд дэлхийн хэмжээний амжилт гаргана гэдэг одоо үед улам л хэцүү болж байна. Тийм хэдий ч улам илүүг хүсч байна. Сая гэхэд, ДАШТ-д үзүүлсэн амжилтыг шүүмжлэх хүмүүс байж л байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Бага амжилт гэж харахгүй байна. 60 гаруй гаруй орон оролцсон ДАШТ-ээс гурван медаль хүртэж, эрэгтэйчүүд багийн оноогоор 7-д, эмэгтэйчүүд 5-д жагслаа. Энэ бага гэж үү. Харин ч шигшээ багийн бүх жингийн амжилт жигд болсон гэж боддог. Тэр энэ гэлтгүй хэн нь ч медалийн төлөө барилдах боломжтой нь харагдаж байна. Зооны аваргын төлөө хэд хэдэн бөх гарч ирлээ. Заавал юмыг буруу талаас нь харах хэрэггүй гэж бодож байна. Энэ бүх тамирчдын ард олон хүний хөдөлмөр байгаа. Харагдаж байгаа нь л тамирчид болохоос олон хүн Монголын гэж овоглох амжилтын төлөө ажиллаж байдаг.

-2014 онд Оюутны Дэлхийн аварга болсон билүү?

-Тийм ээ. Миний анхны томоохон амжилт болохоор оюутны Дэлхийн аварга гэж хэлүүлэх надад их сайхан санагддаг. Тэр тэмцээн бас Унгарт болж байсан юм.

-Цаашид хэдэн жил энэ формоо хадгалж барилдах боломжтой гэж боддог вэ?

-2024 он хүртэл барилдана. Тэр үед би 28, 29-тэй байх нь. ДАШТ-ий медалийнхаа өнгийг өөрчлөхийг хүсч, зорьж байна.

-Жингийн хувьд ойрын хугацаанд өөрчлөлт орох болов уу? /61 кг/

-Багш нар шийдэх байх. Дээш, доошоо явуулах эсэхийг. Сая бол том тэмцээний өмнө жин дээр өөрчлөлт хийж хэрэггүй гэж үзээд, 61 кг-даа барилдсан.

-Жин ер нь хэдтэй байна?

-Сая 65 кг-аас буулгасан.

-Ингэхэд, таны биен дээрх шивээс ямар учиртай юм бол. Их онцгой, тод шивээс байдаг?

-Энэ шивээсийг би 2013 онд хийлгэсэн. Зүгээр ч нэг сэтгэл хөдлөөд шивүүлчихсэн юм биш л дээ. Тэр үед бэлтгэл дээр эрүүгээ хугалаад, нилээн удаан эмнэлэгт хэвтсэн. Бэлтгэл сургуулилтаа тааруулж чадахгүй, өөрийгөө төвлөрүүлж чадахгүй, сэтгэл санаагаар унасан нэг тийм сонин үе таарсан юм. Тэр үедээ л өөртөө хүч өгөх гэж жигүүр далавчтай хүний дүрсийг биен дээрээ шивүүлсэн. Өөртөө жигүүр өгч, өөрийгөө л хурцлах гэж тэр... Гадны тамирчид их сонирхож, гоё шивээс байна гэж хэлдэг /инээв/. Зарим нь шивээсээр таньдаг гэсэн.

-Таны хүндэлдэг тамирчин хэн бэ?

-Ямар ч эргэлзээгүй би багшийгаа л хэлнэ. ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын шавь болсон нь миний амьдралын хамгийн чухал учрал юм. Яг энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүдээс гэвэл сая Дэлхийд гурав дахь удаагаа түрүүлсэн Абдулрашид Садулаев /97 кг/-ыг хэлнэ. Сочид хийсэн бэлтгэлийн үеэр тэр хүнийг илүү ойроос таньж мэдэх боломж олдсон. Бэлтгэл хийж байгаа, биеэ авч яваа байдал гээд бүх зүйл нь төгс. Үнэхээр өөр. Хамгийн түрүүнд кросстоо гүйнэ, бусад бөхчүүд нь тэгэхэд юм яриад алхаж л байна. Бэлтгэл дээр яг цагтаа ирнэ. Бэлтгэлийн үндсэн цаг дууссан ч тэр барилдаж л байна. Ийм хүн, ингэж хичээж байгаа хүн тийм амжилтад хүрэхээс яахав дээ л гэж бодсон. Залуучуудаас хэд дахин илүү хөдөлмөрлөдөг, бүгдийг чадаж байгаа мөртлөө тэрийгээ үргэлж давтдаг.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-Манай гэргийг Бадгар гэдэг. Бид хоёр танилцаад гурван жил, тусдаа гараад нэг жил болж байна.

-Таны өөртөө тавьж байгаа хамгийн ойрын зорилт?

-Шинэ оны эхэнд улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Удахгүй нэгдсэн бэлтгэл эхэлж, улсын аваргадаа бэлтгэнэ. Ирэх оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд сайн оролцож, тивийн аварга болохыг хүсч байна.

-Дэлхийн аваргаас ирээд шигшээ баг цөөн хоногийн амралттай байгаа байх. Та юу хийж байна, энэ өдрүүдэд?

-Сэргэлтийн хугацаанд хэсэг амарна. Нэгдсэн бэлтгэл эхэлтэл хэд хоног аав, ээждээ туслах ажилтай байна. Манай аав, ээж 100 айлд лангуу ажиллуулдаг юм. Тэнд очиж ээждээ туслах дуртай. Ачаа барааг нь зөөж өгнө, хэсэг хугацаанд ч гэсэн бөх бодохгүй, нэг төрлийн амралт болдог юм. Ээж жаахан дургүй. Хүүгээрээ ажил хийлгээд гээд. Би бол зав гарвал туслахыг боддог юм. Арваад хоноод бэлтгэлдээ орно доо.

-ДАШТ-ий барилдааныхаа талаар ярилцаж, редакцид хүрэлцэн ирсэн Танд болон таныг амжилтад хүрэхэд тусалсан бүх хүмүүст дахин баяр хүргэе.

-Баярлалаа. БТСГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нартаа, өөрийн багш нартаа, надад бүх талаар зөвлөдөг Б.Баяраа багшдаа, чөлөөт бөхийн спортод зүрх сэтгэлээ зориулсан олон ах нар, дэмжигчдэдээ бүгдэд нь баярлаж буйгаа дамжуулан илэрхийлье. “Аваргууд академи”-ийн хамт олон маань байна. Мөн бидний бөх болох, энэ спортоор өнөөдөр амжилт гаргах бүх үндэс суурийг тавьж өгсөн “Олимп” сургууль, “Гацуурт”-ын Л.Чинбат захирал, А.Сүхбат аваргадаа талархал илэрхийлье. Намайг үргэлж дэмждэг “Пауэр Бласт” компанийн хамт олон, Ж.Баяржавхлан ахдаа баярлалаа. Чөлөөт бөхийн шигшээ багийг дэмждэг "Сүү" компанийн хамт олонд баярлалаа. Өөр олон хүнд би баярлалаа гэж хэлэх ёстой. Тэр бүхэнд энэ үг маань хүрээсэй гэж хүсч байна.

 

ОУХМ Т.Түвшинтулгын хувийн зургийн цомгоос...

Image may contain: 2 people, people standing and night

Image may contain: 7 people, people smiling, people sitting and child

Image may contain: 9 people, people standing

Image may contain: one or more people and shoes

Image may contain: 1 person, playing a sport and text

Image may contain: 2 people, basketball court and text

Image may contain: 7 people, people standing

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монхоо(64.119.20.31) 2018 оны 11 сарын 19

амжилт хусье дуу мундаг байсан шуу

0  |  0
Zochin(64.119.16.194) 2018 оны 11 сарын 01

Үнэхээр ухаантай мундаг залуу байна. Маш сайхан ярилцлага болжээ. Ирээдүй нь гэрэлтэй харагдаж байна. Амжилтын дээдийг хүсье Түвшинтулгадаа

0  |  0
Zochin(202.55.183.178) 2018 оны 10 сарын 31

sain huu saihan zaluu bna.Eh oron eej aav hani ijlilee ulam ih bayarluulaarai, ushuu ih amjilt husii amjilt uud uragshaa zaluu mini .ireedui chin mash ih gerel geggetei haragdaj bna tiv delhii olimpiin avarga bolooroi huu mini!

0  |  0
монгол(202.179.27.41) 2018 оны 10 сарын 31

сайн байна дүү минь юунд ч сатааралгүй амжилтын төлөө урагшаа

0  |  0
Монгол(103.111.68.3) 2018 оны 10 сарын 31

Сайхан залуу байна. Амжилт хүсье.

0  |  0
Hg(66.181.190.12) 2018 оны 10 сарын 30

65-d uzeh yostoin bishuu 65 manaid ch delhiid ch er ni shuldeguud chihelddeg hamgiin goy jin yum bn da

0  |  0
ABCD-korea-gaas(211.108.156.33) 2018 оны 10 сарын 30

Burhan min ene huud amjiltiin zamiign chuluutei tavij uguuch . Suuliin ued zaluus maani iim ert iim saohan hersuujij uhaajij bgaan uneheer saihan sanagdaj bn . Duu min Bulganii ah chin judod todiigui buh sportiinhnoos olimpiin anhnii altan medal hurtsen . Bulganiihan anhdagchid gedeg !? Hicheegeerei duu min hicheegeerei ! Beltgel beltgel beltgel bas dahin beltgel sudalgaa

0  |  0
Иргэн(45.117.35.21) 2018 оны 10 сарын 30

Агуу агуу.Сайхан ирээдүй гэрэлтэж байна даа.Маш их маш том амжилтын эзэн мөн дөө.амжилт.Баяр хүргэе! Чи чаднаа

0  |  0
Зочин(103.212.119.66) 2018 оны 10 сарын 30

Дэлхийн медальтан болсонд баяр хүргэе.Үнэхээр авах цаг нь болсон байсаан.Харин олимпийн бус жин гэдгээр тэр Хосбаяр гэж нэг хэрүүлч шалчигнасан хүн бнаа тэр л ийм амжилт гаргаад ирж бхад олимпийн биш жин гээд л доош нь хийгээд бх юм.Болкан Баяраа бол рекламны пауз.монголын чөлөөт бөхөөс энэ бөхөнцөр багшийн оронцог өөрийн гэсэн шавьгүй балайг зайлууах хэрэгтэй

0  |  0
BAT(150.129.141.160) 2018 оны 10 сарын 30

MUNDAG.

0  |  0
энхээ(103.57.92.157) 2018 оны 10 сарын 30

100 айлд жижкээн лангуун дээр сууж байсан даруухан залуу харагдсан.. мундаг шүү чи гэсэн инээж байсан , олимп дэлхийн аварга болоорой миний дүү.

0  |  0
жавхлан(122.201.26.194) 2018 оны 10 сарын 30

сайхан ярилцлага болжээ Боёо-доо улам их халгисан амжилт хүсье

0  |  0
jak(117.111.28.223) 2018 оны 10 сарын 30

daruuhan zaluu yma!hicheegeerei!amjilt!

0  |  0
Баяраа(90.221.228.46) 2018 оны 10 сарын 30

Эр хүн! Сайн бөх төдийгүй сайн хүн болох нь ээ! Эрүүл энхийг л хүсье! Бусдын чи өөрөө чаднаа

0  |  0
Баяраа(90.221.228.46) 2018 оны 10 сарын 30

Эр хүн! Сайн бөх төдийгүй сайн хүн болох нь ээ! Эрүүл энхийг л хүсье! Бусдын чи өөрөө чаднаа

0  |  0
Пүрэвбат(203.91.115.51) 2018 оны 10 сарын 30

Үнэхээр мундаг хөөрхөн ч зантай хүүхэд шүү

0  |  0
зочин(202.179.24.230) 2018 оны 10 сарын 30

эр хүн юм аа Амжилт

0  |  0
Батбаяр(80.121.151.58) 2018 оны 10 сарын 30

Манай Бооёо ухаантай хүү шүү ! Улам их амжилт хүсье !!!

0  |  0
Батбаяр(80.121.151.58) 2018 оны 10 сарын 30

Манай Бооёо ухаантай хүү шүү ! Улам их амжилт хүсье !!!

0  |  0
z(202.179.24.29) 2018 оны 10 сарын 30

энэ гомо мөнхөө гэж яг яаадаг хүнн байдийн мэдэх хүн амьтан байвал бичээч хө унший

0  |  0
Top