Одоогоор 22 хашаа, өргөтгөл, орц гарц, явган шатыг буулгаж, газрыг чөлөөлжээ

2018 оны 10 сарын 31

Нийслэлд явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх ажлын хүрээнд газар чөлөөлөх ажил үргэлжлэн явагдаж байгаа билээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хийгдэж буй энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй юм. Ажлын хэсгээс хийж буй ажлынхаа явцын талаар хотын даргад өчигдөр /2018.10.30/ танилцууллаа.

“Өнөөдрийн байдлаар Натур худалдааны төвөөс урагшаа явсан зам дагуу таван байршилд, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд Туушин зочид буудлын орц, гарцын хэсэг, Тээвэрчдийн гудамжинд таван ААН, байгууллагын хашаа, П.Гэндэнгийн гудамжинд 2 ААН, байгууллагын хашаа зэрэг 11 байршилд нийт 22 хашаа, өргөтгөл, орц гарц, явган шатыг буулгаж, газрын чөлөөлсөн байгаа” гэж Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун танилцуулав. Мөн иргэдээс цахим хуудсаар дамжуулан ирүүлж буй мэдээллийн дагуу судалгаа хийсний дагуу нийт 15 байршилд газар чөлөөлөлт хийхээр болсон гэлээ.

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас энэ онд хийж, гүйцэтгэсэн явган замын ажлуудаа танилцууллаа.

УБЗЗАГ-аас нийт 7135 ам метр талбайд явган зам тавьсан байна. Гадна тойруугийн 4-р хэсгийн Дарь-Эхээс Ганц худаг-Цагаан даваа чиглэлийн 2.89 км авто замын ажлын хүрээнд 2.89 км явган хүний зам, Махатма Гандийн гудамжийг нарны замтай холбосон түр замын ажлын хүрээнд 420 метр, Сэлбэ гол дээгүүрх түр гүүрийн ажлын хүрээнд 100 метр, Натур худалдааны төв орчимд 54 метр зэрэг хэд хэдэн газарт явган хүний зам тавьсан байна

Мөн явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх чиглэлээр Хот тохижилтын газраас хийсэн ажлаа танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын өнгөрсөн наймдугаар сард гаргасан захирамжаас хойш ХУД-ийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талын явган хүний замын ажил, ЧД-ийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвөөс 24 дүгээр сургууль хүртэлх гражийн хамгаалалтын шон суулгах ажил, СБД-ийн 8 дугаар хороо, Туушин зочид буудлын өмнөх хана буулгах ажил, СБД-ийн 1 дүгээр хороо Платиниум зочид буудлын орчмын явган хүний замын ажил зэрэг нийт есөн байршилд явган хүний замын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top