Ерөнхийлөгч: Чи тэр ЖДҮ-ийн сангаас зээл авсан чинь үнэн юм уу?
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн: Авсан, бүгдээрээ л авдаг шүү дээ.
Энэ долоо хоногийн эхний өдөр ийм яриа болоод өнгөрснийг Ерөнхийлөгч Х.Баттулга телевизэд ярилцлага өгөхдөө хэлэв. Гишүүний нэрийг хэлээд яахав гэсэн ч, хэвлэлээр нэрс нь тодорсон нэр бүхий хүмүүсийн нэг гэдэг нь ойлгогдож буй. Мэдээллүүд дээр үндэслэн Ерөнхийлөгч асууж. Нөгөө нөхөр ч бүгдээрээ ЖДҮ-ийн мөнгөнөөс идэж, уудаг гэдгийг хэлээдхэж. Хүний эрх, сонгогчийн эрх, та нарын эрх гэж ярьсаар байгаад төрийн хариуцлагатай суудалд суусан нөхдүүд үнэн хэрэгтээ хөрөнгө мөнгөний хуваарилалтаар хэрхэн нааддагийн тод жишээ нь ЖДҮ-ийн зээлтэй холбоотойгоор ил болоод буй. Энэ үед төрийн тэргүүн хийгээд эрх баригч намын төлөөллийн хооронд ийм яриа болж. Улстөрчид бизнесийн салбарт “засаглаж” буйг тэдний ярианаас ойлгож болно.
Тэгвэл Ерөнхий сайд ч “Өнгөрсөн 27 жилд улс төр, бизнес хутгалдсан нь бидний алдаа. Улс төр нь улс төрөөрөө, бизнес нь бизнесээрээ явах ёстой” гэж дуугарлаа. Мөн Нийслэлийн прокурорын газраас ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлтэй холбоотой асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлснээ өчигдөр мэдэгдлээ.
Ерөнхийдөө энэ өдрүүдэд ЖДҮ-тэй холбоотой үйл явдлууд хөврөхийн сацуу салбарын хөгжилтэй холбоотой шинэ хандлага, шинэ бодлого, эрхзүйн шинэ зохицуулалт, хуваарилалт, хяналт үгүйлэгдэж буйг тодотгоё.
ЖДҮ-ийг дэмжих ёстой мөнгө бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд тунчиг хэрэгтэй. Гэтэл зээлийн мөнгөний дийлэнх хэсгийг эрх мэдэлтнүүд холбоо хамааралтай этгээдүүдийнхээ компанийн нэрээр авдаг байж болзошгүйг бататгах баримтуудтай зэрэгцэн Улсын төсөв хэлэлцэж буй энэ үед “Ичсэн хүн, хүн ална” гэдэг шиг ЖДҮ-ийн салбарыг дэмжих хөрөнгө мөнгийг танасан шийдвэр гарах вий гэсэн болгоомжлол дагаж буй. “Би идэхгүй бол, Чи ч идэхгүй” гэсэн хандлагын золиос нь хөдөлмөрлөж, бүтээж, амьдрахыг эрмэлзэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид л болж үлдэх тул үүнийг хэлж буй юм. Санаж, сэдсэнээ, төсөл болгон боловсруулж, энгэртээ тэвэрсэн олон мянган иргэн ЖДҮ-ийн зээлд хамрагдах гэж хүсэлтээ өгдөг. Үүнийг гэрчлэх статистик тоог хүргэх болно. Улс орны эдийн засагт нэмэр тустай санаанууд, төслүүдийг хөрсөн дээр буулгах гүүр болох ёстой ЖДҮ-ийг хөгжүүлэх сан үүргээ гүйцэтгэж ирсэн эсэхэд анхаарах хэрэгтэй болж байна.
-18.918 ТӨСӨЛ ЗЭЭЛИЙН ШАЛГУУРЫН ГАДАА ҮЛДЖЭЭ-
Хуулийн байгууллагын шалгалтаар орох болоод буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь Засгийн газрын тусгай сан. 1993 онд ХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс нэртэйгээр анх байгуулагдаж, 2009 оноос сайдын тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэртэй болжээ. Тэгвэл ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 26 мянга 454 төсөлд, 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл ирүүлжээ. Үүнээс 18 хувь буюу 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосон байгаа юм. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд 18 мянга 918 төсөл ЖДҮ-ийн зээлийн шалгуурыг хангаж чадаагүй бүдэрчээ. Тэдгээр бүдэрсэн төслүүд үнэхээр шаардлага хангаагүй юу. Хэдэн хувь нь эрх мэдэл, танил тал гэсэн давуу талгүй тул зээлд хамрагдаж чадаагүй вэ гэсэн асуулт эрхгүй дагаж буй юм. Санхүүжилт авч чадсан 7536 төслийн хувьд үр ашигтай төслүүд бий. Бүгдийг нь харлуулж болохгүй.
Тоо харахад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон санхүүжилтийн үр дүнд Улаанбаатар хотод 13 341 ажлын байр хадгалсан бол 19 600 ажлын байр шинээр нэмэгдүүлжээ. Орон нутагт 12 076 ажлын байр хадгалж, 21 028 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн. Нийт дүнгээрээ 25 417 ажлын байр хадгалж, 40 628 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн гэх статистик байна.
Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хүч агуулдаг ЖДҮ-ийн салбарт 25 мянга гаруй ажлын байр хадгалагдаж чадсан гэдэг бол нааштай л тоо. Гэхдээ энэ тоо нэмэгдэх бодит боломжууд бий гэдгийг судлаачид хэлж байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваад, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж яваа хэсэг байхад олон удаа төслөө шалгаруулалтад өгсөн ч, нааштай хариу авч чадаагүй хүмүүс олон бий. Сангийн шалгуурыг даваагүй ч, ББСБ-аас зээл аваад, 4.8 хувийн хүү төлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байна. Тэдний нэг н.Удвалцэцэг хэлэхдээ “ЖДҮ-ийн сангийн төслийн зээл авах гэж 3 удаа төслөө өгсөн. Ерөөсөө шалгараагүй. Тэвэр дүүрэн магтаалтай л гарч ирдэг. Сайхан хэрэгжих боломжтой төсөл байна, даанч дэмжигдсэнгүй гээд гараад ирдэг. Надад танил тал байхгүй учраас дэмжигддэггүй. Тиймээс бид байгаа барьцаа хөрөнгөө бариад банк дээр очдог. Банк зээл судлаж байна гэж, ЖДҮ-ийг мөлхөөд унатал нь 2-3 сар болдог. Хамгийн хурдан шийдэх байх гээд ББСБ дээр очдог, 4.8 хувийн хүүтэй зээл авдаг. Гэтэл дарга нар ажилтныхаа тоог голчлоод, жилийн 1 хувийн хүүтэй зээл авчихдаг. Тэр авсан зээлээ өөрсдийнхөө банк, ББСБ-аар дамжуулаад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд хүүлж, мөнгө олдог” гэж сууна. Түүнтэй ижил бэрхшээл хэлэх хүмүүс үнэндээ олон таардаг.
ЖДҮ-ийг дэмжих зээл авч чадаагүй нэгэн иргэн төрдөө гомдож буй тухайгаа сошиал хуудсандаа өгүүлснээс эшлэе. Тэрбээр “Удмын ур тавилгын үйлдвэр”-ээ өргөжүүлэх томоохон дэлгүүртэй болох, хүүхдийн чанартай тавилгыг дагнан үйлдвэрлэх, модон тоглоом үйлдвэрлэх чин хүсэл, мөрөөдөл байсан ч, зээл авах гэхээр цоожтой хаалга, зангиатай нөхдийн хуурамч инээмсэглэл, худал үг биднийг мөрөөдлөө, баялаг бүтээх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүслийг унтраасан юм. Одоо харин манай үйлдвэрийн хаалга цоожтой, тоног төхөөрөмж минь бүтээлгээтэй байна. Гэхдээ захиалга өгөхийг хүссэн хүмүүс өнөөдөр ч утасдсаар” хэмээн бичжээ. Энд нэмж тайлбар хийх нь илүүц болов уу.
-Асуудал дүүрэн байхад, Шийдэл хаана байна вэ?-
ЖДҮ гэдэг энэ чухал салбар манай эдийн засгийн 17 орчим хувийг л эзлэж буйг хэлье. Бусад улс орнуудын эдийн засгийн бүтцийг харахад 45-95 орчим хувийг нь ЖДҮ бүрдүүлж байдаг. Япон, БНСУ, Англи зэрэг улс орнуудад 95-аас дээш хувийг нь ЖДҮ эзлэж байх жишээтэй. ЖДҮ-ийн салбар эдийн засагт нөлөөллөө нэмэгдүүлэх нь шударга өрсөлдөөнийг бий болгох, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх сайн талтай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ утгаараа бол яг өнөөдөр манай эдийн засагт тулгамдаад буй БҮТЭЦ тэлэх асуудлын чухал шийдэл нь ЖДҮ-ийг дэмжихэд чиглэх ёстойг сануулж буй. Харамсалтай нь, ЖДҮ-г дэмжих ёстой хөрөнгө мөнгө “бай”-гаа олж очихгүй байгаа явдал юм.
ЖДҮ хөгжүүлэх сангийн 2018 оны төсөл сонгон шалгаруулалтаас харахад энэ хардлага улам баталгаажиж буй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сан 24 ажилтан, албан хаагчидтай.
Тэгвэл төсөл хүлээн авч дууссан өдрөөс хойш сайдын тушаал гартал ажлын 20 хоногийн дотор 1031 төслөөс 498 төслийг шалгаруулж, шалгарсан 498 төслөөс 134 төсөлд нь зээл олгосныг “Баялаг бүтээгчдийн холбоо” ТББ-аас мэдээлэл хийхдээ онцолж байсан.
1031 төслийг 20-хон хоногийн дотор шалгаруулан зээл олгож, хэт богино хугацаанд шийдвэрлэсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж тэд харж байгаа юм. Мөн 2018 оны наймдугаар сарын 3-наас сайдын тушаал гартал ажлын 14 хоногийн дотор 511 төслөөс 82 төсөл шалгарч, сонгон шалгаруулах хороо, дэд хорооны шийдвэр гарч, сайдын тушаал гарсан нь төсөл сонгон шалгаруулалт, шударга, үнэн зөв явагддаггүй нь баримтаар нотлогдож байна гэж мэдэгдсэн юм.
ЖДҮ-ийн зээл олгох Сонгон шалгаруулалтын багт Яамнаас 3 хүн, Сангаас 3 хүн багтдаг, хөндлөнгийн хараат бус хяналт байхгүй гэдгийг тодотгох хэрэгтэй юм. Нэг ёсондоо ЖДҮ-ийн зээлийг зоргоороо зарцуулах боломж, хуулийн хүрээнд эрх баригчдад “нээлттэй” байгаа нь ойлгогдож буй юм.
Зүй нь ЖДҮ-ийн салбарыг БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД гэсэн ангилал тус бүрээр нь тодотгож, төсөвлөгдсөн хөрөнгө мөнгийг хэдий хэмжээгээр хуваарилах вэ. Санхүүжилтийн хүртээмжийг яаж нэмэгдүүлэх вэ. Эрх мэдлийн давуу талаа ашиглан ЖДҮ-ийн зээлийн босгыг ТЭРБУМ-аар тогтоочихоод буй жишгийг хэрхэн халах вэ. Салбарыг хөгжүүлэх зорилготой зээл олгох сонгон шалгаруулалт харьцангуй шударга явагддаг нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ. Хяналтыг хэрхэн чангатгах вэ гэсэн олон асуудал яригдах ёстой.
Гэтэл өнөөдөр шийдэл гаргах ёстой улстөрчид ЖДҮ эрхлэгчдээ ялгаварлан, гадуурхсан байр байдалтай л сууцгааж байна. ЖДҮ-ийг Ажилчдын тоо, Эргэлтийн хөрөнгийн хэмжээгээр тодорхойлдог. Ажилчдын тоо нь 200-аас доош, эргэлтийн хөрөнгийн хэмжээ 1.5 тэрбумаас доош бол ЖДҮ-ийн зээл авах хүсэлт гаргаж, төслөө өгөх эрхтэй. Гэтэл өдгөө чуулганаар хэлэлцэгдэж буй Жижиг, дунд үйлдвэрлэлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тухайн компани хэдэн төгрөгийн орлого олдог байхаас үл хамааран ажилтны тоог голчилж төсөлд нь зээл олгохоор тусгасан байгаа нь 5-6 ажилтантай, 50-60 тэрбумын эргэлттэй сайд, дарга нарын компанид ЖДҮ-ийн зээл олгох хөрсийг, хуульчлан бэлдэж өгч буй явдал гэж харагсад байна. Энэ бол анхаарах ёстой асуудал мөн.
-ЖДҮ-ийн мөнгийг улстөрчид УГААЖ байна уу?-
АН, МАН аль нь ч ялгаагүй, ЖДҮ-ийн зээлийн мөнгөөр дураараа дургиж байна гэсэн байр суурийг үйлдвэрлэл эрхлэгчид илэрхийлж буй. Хөдөлмөрийн үндэсний намаас ч энэ талаар мэдээлэл хийсэн.
2018 оны тухайд Улсын төсөвт ЖДҮ-ийг санхүүжүүлэхээр 97.8 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Тэгвэл ил болоод буй мэдээллүүдээс үзэхэд эрх мэдэлтэй хүмүүсийн хамаарал бүхий компаниудын зээлийн хэмжээ тэрбумаар л хэмжигдэж байна. Тэгэхээр тэрбум гэсэн тогтсон жишгээр тооцоход 90-хэн төсөл л ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас санхүүжилт авах дүр зураг харагдаж байна. Хэрэвзээ улстөрчид л ЖДҮ-ийн зээлийг тэрбум тэрбумаар нь хувааж аваад байх юм бол, энэ мөнгөний үр ашгийг СААРАЛ ОРДОН доторх нөхдүүд л эргэн тойрныхондоо наах боломж харагдаж байна. Тиймээс төсөвлөсөн мөнгөний хэдэн хувийг БИЧИЛ бизнес эрхлэгчдэд хуваарилах вэ. Хэдэн хувь нь жижиг бизнест, хэд нь дунд ангиллын үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд очих вэ гэдгийг хуульд нарийн суулгаж өгөх шаардлага үнэхээр байна.
Тодотгоход, Жижиг дунд үйлдвэрлэл гэсэн ангилалд багтдаг Хоршоо эрхлэгчдийн дунд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нэг ч газар байхгүй гэдгийг Монголын малчдын хоршоодын үндэсний холбооны тэргүүн О.Мөнх-Эрдэнэ хэлж байна лээ. Энэ бол зээлийн хуваарилалт шударга бус байгааг илтгэх нэг жишээ юм.
Ер нь тусгай сангуудын мөнгө хүрэх ёстой газартаа очилгүй, зам зууртаа улстөрчдийн халаас руу ордог гашуун жишиг олон жил давтагдаж байна гэж учир мэдэх хүмүүс дуугарч буйг анзаарахгүй орхиж болохгүй. Эдийн засагч Т.Доржханд хэлэхдээ “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гадна Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацийг дэмжих сан, Орон нутгийн хөгжлийн тусгай сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд улстөрчдийн мөнгө угаадаг сангууд байна. Ардчилсан нам байна уу, Монгол Ардын Нам байна уу ялгаагүй. Аль нь ч гарч ирсэн тухайн системийг хөгжүүлээд явдаг буруу замаар бид олон жил явж ирлээ. Өнөөдөр банкны хүү 25 хувьтай, ББСБ-ын хүү 50-100 хувьтай байна. Гэтэл ББСБ-ын тэр хөрөнгийн эх үүсвэр хаана байна вэ гэсэн чинь хүү багатай дээрх сангууд болж таарч байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй зээл аваад цааш нь 100 хувийн хүүтэй болгож зээлдүүлж байна” гэсэн юм. Түүний хэлсэнтэй холбогдуулаад нэмээд нэг зүйл хэлэхэд улстөрчид тэрбум тэрбум төгрөгийг хүүлж байж болзошгүй асуудлыг хуулийн байгууллага нягтлан, шалгах нийгмийн шаардлага нэгэнтээ үүсчихээд байна.
Гэхдээ улстөрчид мөнгө хүүлэхдээ ББСБ-аар дамжуулаад байна уу, эсвэл бүртгэлгүй хар зах руу оруулж мөнгө хүүлээд байна уу гэсэн асуулт бас давхар дагаж байна. Жижиг худалдаа эрхлэгчдийн тулгамдсан асуудал болсон ӨДРИЙН ЗЭЭЛ гэгчийг гаргадаг хүмүүс нь дандаа нөлөө бүхий хүмүүс байдаг гэх байр суурийг Монголын худалдаачдын холбооны зүгээс удаа дараа илэрхийлж байсныг дашрамд сануулъя.
Монголын эрх баригчид мөнгө угаахын эсрэг дорвитой ажиллах үүргийг олон улсын байгууллагуудын өмнө хүлээгээд буй. Гэтэл дотоодын нөхцөл байдал иймэрхүү л байна.
ЖДҮ-ийн салбар эрүүлжихийг хүлээсэн мянга мянга иргэн ТӨСӨЛ-өө тэврээд, ЗОХИЦУУЛАЛТ, ШИЙДЭЛ хүлээж сууна.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 7 )
УИХ тараая
томчуул жижигүүдийн хоолыг булаасаар. Бидний дээр ийм л новшнууд удирдаж байна. Төр засагтаа гомдож байна. Үр хүүхдээ энэ улсад амьдар гэж цаашдаа хэлж чадахгүйндээ
Авсан өгсөн хамууд хуйгаараа цэвэрших болтугай.
jijig dund yildber hogjuuleed uls oron hogjihgui hedhen erh medeltei hymyys baujdag nomtoi yyniig nuugaal zeel abaad baidag shyy
хулгай хийж авсан зээлийг арилжааны банкны хүүгээр тооцож хурааж аваад албан тушаалыг нь хураан авч их хэмжээний торгууль ногдуулах хэрэгтэй
DUND TUSHAALIIN DARGA NAR BUUNII NOHOI BOLOH ERSDELTEI
Uls ornoo tsulmugsud hulgaichid ichih nvvrgui blj uur hvmvvs songood ch yalgaagui huuli shvvhiin prokuroriiig ers uurchluh hregtei ulsaas mungu absan ni togtoodbol shuud yal aban shud