Шинэ хууль: Гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгодог боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 01

УИХ-аар 2018 оны зургадугаар сард баталсан Бүртгэлийн багц хууль буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээлдийн улсын бүртгэлийн тухай хуулиудыг өнөөдрөөс /2018.11.01/ мөрдөж эхэлнэ.

Багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэний үнэмлэхгүй иргэн хурууны хээгээ уншуулан, Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын харьяа 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 152 хороонд хурууны хээгээ уншуулан, бүртгэлийн мэдээллээ авах боломж шинээр нээгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нэгэнт өөрт нь байгаа мэдээллийг иргэдээс нэхэж, давхар ажил болдог явдал арилна гэсэн үг.

Иргэний бүртгэлийн тухай хуульд 1999 оноос хойш өөрчлөлт ороогүй байсан бөгөөд энэ жил хийсэн өөрчлөлтөөр иргэн 10 төрлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, дээрх газруудаас

  • Төрсний гэрчилгээ

  • Гэрлэсний гэрчилгээ

  • Гэрлэлт дуусгавар болсны

  • Гэрлэлт сэргээсний

  • Иргэний байнга оршин суугаа хаягийн

  • Эцэг, эх тогтоосны

  • Нас барсны

  • Иргэний үнэмлэхийн

  • Биеийн давхцахгүй өгөгдлийн

  • Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг авна.

УБЕГ-т хийх бүртгэл:

  • Монгол Улсын харъяат болсон харъяатаас гарсан, иргэний харъяаллыг сэргээн тогтоосны

  • Хүйс өөрчлөгдсөний

Харьяа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэх бүртгэл:

  • Овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний

  • Шилжилт хөдөлгөөний

  • Үрчилсний бүртгэлийг хийнэ.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн гадаад паспортыг 10 жилийн жилийн хугацаагаар олгодог болж байна. Өмнөх хуулийн зохицуулалтаар гадаад паспортыг насанд хүрсэн хүнд 3, 5 жилийн хугацаатай олгодог байсан. Тэгвэл цаашид гадаад паспорт захиалбал насанд хүрсэн хүнд 10 жил, 16-гаас доош насны хүүхдэд 5 жилийн хугацаагаар олгох юм байна. Гадаад паспортын хүчинтэй хугацаа уртассан ч энэ ондоо төлбөр нэмэгдэхгүй. Тодруулбал, гадаад паспорт захиалахад энгийн хугацаатай бол 32800 төгрөг, яаралтай бол 42800 төгрөг хэвээр ажээ.

Сануулахад, хэрэв таны одоо ашиглаж байгаа гадаад паспортын хүчинтэй хугацаа дуусаагүй бол үргэлжлүүлэн ашиглаж болно. Хүсвэл 10 жилийн хугацаатай шинэ паспорт захиалан авч болно. Шинээр паспорт авсан тохиолдолд өмнөх нь хүчингүй болно. Шинээр олгох гадаад паспортын загвар өмнөх улаантай ижил загвартай бөгөөд чиптэй цахим ухаалаг паспорт байх болно. 48, 64 хуудастай паспортаас иргэн өөрөө сонголт хийх эрхтэй.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top