Бүх шүүгч ёс зүйн сургалтад хамрагдаж байна

2018 оны 11 сарын 01

Шүүхийн ерөнхий зөвлөл болон Азийн сан хамтран Монгол Улсын бүх шүүгчийг ёс зүйн сургалтад хамруулж байна.

Нийслэлийн дэх шүүгчдэд зориулсан “Шүүгчийн ёс зүйн сургалт” өнөөдөр /2018.11.01/ ШЕЗ-ийн байранд эхэллээ. Сургалт энэ сарын 7-ыг хүртэл таван ээлжээр болох бөгөөд нийслэлийн 209 шүүгч оролцох аж.

Энэ удаагийн сургалт нь шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нийтийн алба, нийгмийн харилцаа, хувийн амьдралд баримтлах ёс зүй, олон улсын стандарт, төвийг сахих зарчим, ашиг сонирхлын зөрчил, зан төлөв зэрэг сэдвээр үргэлжилж байгаа юм.

Сургалтын нээлтийн үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор шүүхийн сургалтын дизайн батлагдана. Энэ төлөвлөгөөгөөр шүүгчийн ёс зүй, хүний эрхийн сургалт үндсэн, бусад нь сонголтын шинжтэй байх юм. Өөрөөр хэлбэл, шүүгчид хүний эрх болон ёс зүйн сургалтад заавал хамрагдана.

Энэ удаагийн сургалтад Монголын бүх шүүгч оролцож байгаагаараа түүхэн ач холбогдолтой” хэмээсэн юм.

Азийн сангийн Дэд суурин төлөөлөгч Диана Фернандез “Шүүх засаглалыг шинэчлэхэд Азийн сан олон жил хамтран ажиллаж байна. Шүүхийн тухай багц хуулийн төсөл батлагдахаас эхлээд шүүгчийн сонгон шалгаруулалтын программ боловсруулж, шинэчлэх болон авлигын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, шүүгчийн ёс зүйн сургалт зэрэг олон чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

Шүүгчийн ёс зүйн талаарх суурь мэдлэгийг гүнзгийрүүлж, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадвар, хандлага төлөвшүүлэх зорилготой уг сургалтыг өнгөрсөн сарын 22-30-нд орон нутагт есөн бүсэд зохион байгуулжээ. Сургалтад 271 шүүгч оролцсон байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.52) 2025 оны 03 сарын 13

Согтуу жолоо барьж яваад жирэмсэн хүүхнийг дайрч алсан хүн шүүүгчдэд ёс зүй яриад байж байхаар Монгол улсад шударга ёс гэж байхгүй шүү дээ.

1  |  0
зочин(103.229.123.71) 2025 оны 03 сарын 13

Тэрбумтан шүүгч Ёс зүйг сонирхов

1  |  0
Сансар(122.201.22.139) 2025 оны 03 сарын 13

”ШҮҮГЧ ЁС ЗҮЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА.” Богинохон, гоё онигоо байна.

1  |  0
Top