НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Парис хотод айлчлав

2018 оны 11 сарын 01

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид  2018 оны 10 сарын 15-19-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотод албан айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг Франц улсын Ил Дө Франс мужийн Орон нутгийн зөвлөлийн 1 дүгээр Орлогч дарга Жером Шартье, Парис хотын Гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Патрик Клүгман нартай албан уулзалт хийж, Франц улсын Олон улсын хөрөнгө оруулагч байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож, Орлеан хотод ажиллав.

Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн асан, тус улсын захиргааны төв нэгж Ил Дэ Франц мужийн Орон нутгийн зөвлөлийн 1 дүгээр Орлогч дарга Жером Шартьетэй хийсэн уулзалтаар Улаанбаатар, Парис хотуудын харилцаа, хамтран хэрэгжүүлж болох төслүүд, хот төлөвлөлт, агаарын бохирдлыг бууруулах, замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлаар санал, мэдээлэл солилцож, дараах асуудлаар хамтарч ажиллах талаар тохиролцов. Үүнд:

  • Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2040 оны ерөнхий төлөвлөлт дээр хамтарч ажиллах, Парис хотын туршлага, мэргэжилтнүүдийн дэмжлэг авах,
  • Иргэдийн хурал хооронд харилцаа тогтоох,
  • Дүүрэг хооронд холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх,
  • Парис хотын нэрэмжит гудамж байгуулах талаар судалж шийдвэрлэхээр болов.

Парис хотын орлогч дарга Патрик Клүманы зүгээс Парис хотын мэргэшсэн агентлагуудаар дамжуулан Улаанбаатар хотод мэргэжилтнүүдийг ажиллуулах болон хамтын ажиллагааны бусад чиглэлээр дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах талаар санаачлагатай ажиллахаа илэрхийлэхийн хамт Парис хотын   агаарын бохирдлыг 2050 он хүртэл бууруулах төлөвлөгөөний талаарх мэдээллийг танилцуулав. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд 5 жилд багтаан агаарын бохирдлыг 70 хувиар бууруулах, хуучин халаалтын системүүдийг шинэчлэн байгальд ээлтэй утаагүй системээр солих, автомашины тоог цөөлөх, цахилгаанаар ажилладаг автомашины хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлэл хүргэлээ.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Орлеон хотноо ажиллаж, хотын дарга Митч Ландриеу болон дэд дарга М.Гривот нартай уулзаж, санал солилцов. Энэ өдөр зохион байгуулагдсан “Монголын өдөр” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээг эхлүүлж, хоёр талын төлөлөөгчид харилцан талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлсэн.

Энэ үеэр Франц Улсын иргэн Бэнуа Гаег Монгол, Францын харилцаанд оруулсан хувь нэмрийг нь өндөрөөр үнэлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг НИТХ-ын дарга С.Амарсайхан, Элчин сайд А.Баттөр нар гардууллаа. Франц Улсын иргэн Бэнуа Гаегийн хувьд 25 жилийн турш Монгол улсыг Франц улс төдийгүй Европын улс орнуудад танилцуулах, сурталчлах, жуулчдыг Монгол улс руу аялуулах ажлыг эрхлэн зохион байгуулж ирсэн хүн юм.

Монголын төлөлөөгчид  2000 оноос хойш Монгол улсын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа Орлеон хотын Нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хүлээн авч уулзав. С.Реунауд, Л.Брет, Ж.Виала, Б.Мукентөрм зэрэг уулзалтанд оролцсон эмч нар нь Монгол улсад хийж хэрэгжүүлсэн ажлынхаа явц үр дүнгийн талаар танилцуулж, төлөөлөгчдөөс дэмжиж ажиллах хүсэлт гаргалаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан эмнэлэгийн тоног төхөөрөмж, оношлогоо шинжилгээний хүчин чадал нэмэгдүүлэх чиглэлээр хийгдсэн дээрхи ажлыг сайшааж, эмч эмнэлэгийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлж, цаашид нийслэл дүүргийн эмнэлэгийн ажилтнуудыг хамруулж өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Төлөөлөгчид тус хотноо толилуулж буй Монгол улсын зураач Р.Лхагвацэрэнгийн зургийн үзэсгэлэнгийн  нээлтэд оролцов.

Улаанбаатар хотын төлөөлөгчид Орлеон хотод ажиллах үеэрээ тус хотын цэвэрлэх байгууламж, хэрэглээний усны менежментийн үйл ажиллагаатай танилцаж, эдгээрийг хариуцдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан санал солилцож, туршлага судлалаа.

Айлчлал нь Бүгд Найрамдах Франц улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэх, ялангуяа орон нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, бодит үр дүнд хүрэхүйц ажил хэргээр үргэлжлүүлэх талаар хоёр талын ойлголцлыг баталгаажуулсан үйл явдал боллоо.

Тухайлбал,  хот төлөвлөлтөд хамтран ажиллаж франц мэргэжилтнүүдийг татан оролцуулах, замын хөдөлгөөний төвлөрөлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчины аюулгүй байдлыг хангах,  дүүрэг хоорондын шууд харилцааг тогтоох, Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж бий болгох, соёл, боловсролын салбарт харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү үйл хэргийг ажил хэрэг болгоход хоёр улсын Элчин сайдын яамдын дэмжлэг, харилцан хамтын ажиллагаа чухал гэдгийг талууд онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.85) 2018 оны 11 сарын 01

FRANTSIIN SOYL GUN UHAAN NOMER NEG

0  |  0
Top