Гурван “Улаан” хотын хамтын ажиллагааны бизнес форум эхэллээ

2018 оны 11 сарын 02

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван орны найрсаг харилцаа эдийн засаг, соёлын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд гурван хотын хамтарсан нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. “Улаанбаатар-Улаанцав-Улаан-Үд” хотуудын хамтын ажиллагаа 2018 нэгдсэн арга хэмжээний хүрээнд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны бизнес форум өнөөдөр эхэллээ. Бизнес форумын нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцлоо.

Тус гурван хотуудын хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлага болон цаашдын хөгжил дэвшлийн суурь энэхүү арга хэмжээгээр эхэлж байгаа төдийгүй түүхэн ач холбогдолтой юм. Өнөөдрийн чуулга уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, зорчигч болон ачаа тээвэрлэлт, логистик, эрүүл мэнд шинжлэх ухаан, боловсрол, аялал жуучлалын салбарын гурван талын хамтын ажиллагааг тодорхойлох юм. Мөн Улаанбаатар, Улаанцав, Улаан-Үд хотуудын стратегийн түншлэлийн дунд болон урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн саналыг боловсруулах юм. Цаашид дээрх гурван хотуудын эдийн засгийн коридор байгуулах бодлогын бичиг баримтыг боловсруулна.

Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын ардын засгийн ордон, Монгол Оросын Худалдааны танхим, “Мишээл Экспо” ХХК нь арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд Нийслэлийн засаг даргын тамгын газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ардын засгийн ордон,  ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Буриад улсын ардын хурал, ОХУ-ын Буриад улсын бүс нутгийн хөгжлийн сан, Монгол улс дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газар нь арга хэмжээний дэмжигч байгууллагаар тус тус ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд гурван хотын дарга нарын албан уулзалт болох бөгөөд Монгол, Хятад, Орос гурван орны аж ахуй нэгжийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 2-4-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top