“Монголын үндэсний маркетингийн холбоо" (МҮМХ) ТББ-аас “Marketers’ day 2018” арга хэмжээг “THE NEXT BIG SHIFT” сэдвийн хүрээнд Төрийн ордонд өчигдөр /2018.10.31/ амжилттай зохион байгууллаа. “Маркетеруудын өдөр”-ийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Өгөөж” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл, “Стартап маркетинг спэйс” /SMS/ төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа тэргүүтэй 800-аад маркетерууд хуран цугласан юм.
Тэд салбарын ололт амжилт, шинэ туршлага, чиг хандлагын талаарх бизнесийн бодит кэйс хуваалцах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилгоор ийн чуулсаар зургаа дахь жилтэйгээ золгожээ. Энэ жилийн Маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулсан үйл явдал байв.
Энэ тухай Монголын үндэсний маркетингийн холбоо, “SMS” төвийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа “Энд цугласан 600 хүн бол маркетингийн өдөртэй болсны гэрчүүд юм. Мэдээж бидэнд суралцах зүйл их байгаа. Монгол Улс гэлтгүй дэлхий даяараа нийгмийн шилжилт, цахим шилжилт, ер нь бүх л зүйлийн дараагийн шилжилтийг давсан шатандаа яваа. Магадгүй зарим нь давахаар урагшилж байгаа байх. Бид бүгдийн хувьд айсуй шилжилтийн өмнө ирээд байна. Энэ бүхэнд соргогоор, бүтээлчээр хандаж байж шилжилтийг давж, маш том хөгжил дэвшилд хүрнэ гэж харж байгаа. Энэ жилийн чуулган “The Next Big Shift” буюу дараагийн том шилжилтийн талаарх сэдвийг авч хэлэлцэх юм. Зөвхөн маркетинг гэлтгүй эрүүл мэнд, боловсрол, бусад бүхий л салбарт технологийн шилжилтүүд том нөлөө үзүүлж байгаа. Бид энэ өөрчлөлтөд бэлэн үү, юуг анхаарах вэ гэдгийг хэлэлцэж байна. Мөн амжилтад хүрсэн хүмүүсийн жишээг сонсч, маш сонирхолтой нэгэн өдрийг өнгөрүүлж байна. Өнөөдөр 600 маркетер, бизнес эрхлэгч нэг дор чуулан, амжилттай арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ салбарт ажиллаж байгаа 42 мянган маркетерийн хувьд чухал өдөр тохиож байгаад үнэхээр их баяртай байна” гэсэн юм.
Монголын маркетеруудын баярыг хүндэтгэн, тэдэнд баяр хүргэхээр ирсэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Нийгэм аюулгүй, эрүүл байх бодлого, уриалгыг магадгүй нийгмийн түүчээ болсон маркетингийн бодлогоор дамжуулж, зөв менежменттэй хослуулж байж улс эх орон маань дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой байх. Энэхүү холбоог байгуулж, өдийг хүртэл анхнаас нь санаачилж яваа Ж.Золзаяа аливаа зүйл зөв бол тодорхой цаг хугацааны дараа үр дүнд хүрдэг гэдгийг тодорхой жишээгээр харуулж чадлаа. Маш ажилсаг, хүчтэй, манлайлагч бүсгүй. Тиймээс Ж.Золзаяадаа болон нийт залуучууддаа халуун баяр хүргэмээр байна. Та бүхний хийсэн ажил улс орны хөгжилд тодорхой оч нэмж, өнгө нэмж, монголчууд бид 21-р зуунд яаж амьдрах ёстойг илэрхийлж, дэлхийн хөгжлөөс хоцрохгүй байх бололцоо байгаа гэдгийг харуулж байна. Залуусын ярьсан олон шинэлэг санааг сонслоо. Маш их баяртай байна. Залуучууд та нарын гарт Монгол орны маань ирээдүй байгаа. Маш сайхан зөв сэтгэлгээ, зөв сайхан хандлагыг нэгэндээ бий болгохыг хүсье. Та бүхний хийж байгаа ажилд өндөр амжилт хүсэн ерөөе. Маркетеруудын өдөртэй болсонд баяр хүргэж, амжилт хүсье” хэмээв.

Технологийн нөлөө нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилж, цоо шинэ дэг журам, хэв маягийг танилцуулах болсон. Цахим шилжилт хаа сайгүй нэвтэрч, шинэ ололтууд бидний амьдралыг улам бүр хөнгөвчилжээ. Нэгэн зэрэг дөрвөн өөр амьдралын хэв маягтай, дөрвөн өөр зан төлөвтэй, дөрвөн өөр сэтгэлгээтэй, дөрвөн өөр хандлагатай үе оршин байсан тохиолдол бидний түүхэнд үгүй. Энэ сорил брэнд, компаниудыг ямагт бүтээлчээр сэтгэж, онцгой зүйлсийг санал болгохыг шаардаж байна. Тийм ч учраас маркетерууд энэ сорил болон үүсч буй боломжуудын талаар гурван төрлийн хэлэлцүүлгийн хүрээнд ярилцсаныг дор онцлоё.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 1: THE NEXT BIG SHIFT
Эхний хэлэлцүүлгийн зочдоор Санхүү, эдийн засгийн их сургууль /СЭЗИС/-ийн ахлах багш, Удирдахуйн ухааны доктор Ч.Энхболдоор удирдуулсан Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Г.Занданшатар, “Монос” группын гүйцэтгэх захирал Х.Ананд, Shoppy.mn үүсгэн байгуулагч Ц.Мэндбаяр болон “Лэнд Мн ББСБ” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Дэлгэржаргал нар уригджээ.
Шилжилт, өөрчлөлт яагаад зайлшгүй хэрэгтэй тухай хэлэлцсэн тэд өөр өөрсдийнхөөрөө байр сууриа илэрхийллээ. "Нийгмийн тогтолцоог ухамсар зорилготойгоор бүхэл бүтнээр нь эргэлт буцалтгүй хувирган хувьсгахыг нийгмийн их өөрчлөлт” гэдэг. Аль ч улс оронд болоод тив дэлхийд өмнө нь хэвшиж тогтоод чамгүй олон үеийг элээчихсэн, цагтаа хөгжил дэвшил авчирч, үр шимээ өгч байсан хуучин тогтолцоо өөрийн үзэл суртал, улс төр, нийгэм, эдийн засгийн бааз суурьтай, эш ёс, эрх зүй, үнэт зүйлсийн өөрийн үнэлэмжтэй байдаг.
Хамгийн адармаатай нь уг тогтолцоонд хэдэн үеэрээ төрж, хүмүүжиж боловсрон, идээшиж дассан хүмүүсийн нийгмийн сэтгэл зүй, сэтгэлгээ нь бат нот хэвшчихсэн, ихээхэн царцанги болсон байдаг явдал юм. Хүн төрөлхтний бодит хэрэгцээн дээр тулгуурлаж, түүний ухаант үйл ажиллагаагаар дамжин өрнөдөг нийгмийн хөгжил дэвшил нийгмийн зохион байгуулалтын оршин буй тогтолцоотойгоо аргагүй зөрчилдөж, хэрэгцээ шаардлагад нь нийцэхээ больсон, цаашдын ирээдүйд чөдөр тушаа болсон нэг ёсондоо мухардалд орсон хуучин тогтолцоог үндэс сууриар нь халж өөрчлөн, эрэлт шаардлагад нь тохирсон цоо шинэ тогтолцоо бий болгохыг зүй ёсоор шаардсан тийм үе түүхэнд гарч ирдэг гэдгийг энэхүү хэсэгт зочид онцолсон.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2: The SUCCESS STORY
Амжилт бас туршлага, үүнээс юуг суралцах вэ? Энэ хэлэлцүүлгийн зочдоор ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуяг, “Ард Санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, “Central Express CVS” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар уригдсан бөгөөд МҮМХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Энхбат хэлэлцүүлгийг удирдсан. ЦЕГ-аас санаачлан хэрэгжүүлсэн “UNFRIEND” хөдөлгөөн үр дүнгээ өгсөн тухай дэд хурандаа Г.Арсланхуяг танилцуулсан юм. Мөн тэрбээр энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулахад тулгамдаж байсан бэрхшээл болоод амжилт, ололтын талаар маркетеруудтай хуваалцлаа. Ярианыхаа төгсгөлд “UNFRIEND” хөдөлгөөний үргэлжлэл болгож “Цахим орчныг зөв болгоё” хөдөлгөөн өрнүүлэхээр бэлдэж буйг дэд хурандаа Г.Арсланхуяг онцолсон.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3: NEXT GENERATION"
Технологийн нөлөө нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилж, цоо шинэ соёл, амьдралын хэв маяг бизнесийн болоод хувь хэрэглэгч, тэр бүү хэл улс оронд нөлөөлж байгаа тухай энд ярилцлаа. Цахим шилжилт нэвтэрч, шинэ ололтууд бидний амьдралыг улам бүр хөнгөвчилж байгаа. Энэ хэсэгт “Бэлэг” нэвтрүүлгийн санаачлагч, нэвтрүүлэгч Д.Одзаяа, Ангууч буюу Холимог тулааны тамирчин Б.Баттөр, “Охь бал бурам” ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Нарантуяа, Vol+, Digital Ink үүсгэн байгуулагч Б.Тэмүүлэн нар зочноор уригдаж, түлхүү хэрэглэдэг сошиал аккаунтаа хэрхэн хөгжүүлдэг, олон нийтэд юу ойлгуулахыг хүсдэг талаараа ярилцсан.
Жил бүр үйл ажиллагаа, хамрах хүрээ нь өргөжин тэлсээр байгаа маркетеруудын чуулган зургаа дахь жил дээрээ “Үндэсний маркетеруудын өдөр”-тэй болсон нь энэ хугацаанд тэднийг хэрхэн ажиллаж, хөдөлмөрлөснийг тод харуулсан чухал үйл явдал боллоо. Маркетер хүн бол байгууллагын уураг тархинаас эхлээд зүрх нь болтлоо хөдөлмөрлөдөг энэ цаг үеийн хамгийн хэрэгцээтэй мэргэжил. Тийм ч учраас маркетингийн тухай дэлхийн жишигт нийцсэн ойлголттой болгохын тулд МҮМХ энэ хугацаанд тууштай зорилго тавин ажиллаж иржээ. Ирэх жилийн Маркетеруудын өдөр үүнээс ч өргөн хүрээнд болж, мянган маркетер цуглах цаг айсуй хэмээн чуулганд оролцогчид ярилцаж байлаа.






Д.Атарцэцэг
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )