ТЭМДЭГЛЭЛ: Нүд нээсэн “Гуанжоугийн бизнес аялал”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 02

БНХАУ-ын төдийгүй Азийн хамгийн том үзэсгэлэн болох “Canton fаir” үзэсгэлэн яармагт оролцож, Хятадын 20 мянган үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломж олгосон “Гайхамшигт аялал”-ын тэмдэглэлээ хүргэж байна. Бидний аялал 124 дэх удаагийн “Canton fair” үзэсгэлэнг тохиолдуулан “Асур тэнгэр” компаниас зохион байгуулсан гурав дахь удаагийн Гуанжоу, Хонгконг, Макаогийн аялалд багтсанаар эхэлсэн юм.

“Асур тэнгэр” компани үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, шинэ бизнесийн гарц олоход нь туслах үүднээс уг аяллыг зохион байгуулж эхэлжээ. Аялалд хамрагдсанаар олон улсад томоохонд тооцогддог аялал жуулчлал, бизнесийн төв Гуанжоугийн аж үйлдвэрүүдтэй танилцаж, тус хотын томоохон захуудаас худалдан авалт хийхийн зэрэгцээ хотын билэгдэл болсон 604 метр өндөр “Canton tower”-оор зочлон, бүтээн байгуулалтын хөгжлийг сонирхож, Сувдан голын усан онгоцоор зугаалах боломжтой. Мөн хөгжлийн төв Хонгконг, зугаа цэнгэлийн арал Макаогоор аялж, алжаалаа тайлах боломж бүрдэх юм.

Дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын үйлдвэрлэлийн хамгийн том хот Гуанжоугаас монголчууд ажил хэргийн түнш олох зорилгоор бизнес аялал их хийдэг ба ялангуяа Азийн нөлөө бүхий үзэсгэлэн яармаг “Сanton fair”-ийн үеэр Гуанжоу хотыг зорих нь нэмэгддэг байна. Ийнхүү “Canton fair” үзэсгэлэнг чиглэсэн түмний урсгалыг даган аравдугаар сарын сүүлчээр “Асур тэнгэр” компанийн бизнес аялал зохион байгуулдаг болжээ.

Гуанжоу хотыг зорих үеэр гадаадын 50 мянган хүн Гуанжоуд очих захиалга өгсөн гэсэн мэдээлэл ирж байлаа. Тиймээс ч онгоцны тийз олдсонгүй гэх олон хүнтэй таарч байв. Харин бидний аяллыг зохион байгуулсан “Асур тэнгэр” компанийн хамт олон өмнөх жилүүдийн туршлагадаа тулгуурлан бүх зүйлийг урьдчилан харж, онгоц, хурдны галт тэрэг, автобус, машин болон тохь тухтай зочид буудлыг бэлтгэсэн байв.

20 мянган үйлдвэрлэгчийг нэгтгэсэн “Сanton fаir” үзэсгэлэн

Аяллын гол зорилго бол БНХАУ-ын төдийгүй Азийн экспорт, импортын хамгийн томд тооцогддог “Canton fair” үзэсгэлэнг үзэж сонирхох байлаа. “Canton fair” үзэсгэлэн яармагт Хятадын 20 мянган шилдэг үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг ба үзэсгэлэнг үзэхээр дэлхийн 50 гаруй орны бизнес эрхлэгчид иржээ.

“Canton fair“-ийг бүтэн тойроход хэдэн өдөр зарцуулдаг ч маш олон бизнесийн санаа төрдөг гэж зохион байгуулагчид хэлж байлаа. Үнэхээр ч үзэсгэлэнд Хятадын хамгийн шилдэг, орчин үеийн өндөр техник технологийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор дэлгэсэн байв. Үзэсгэлэн жижиг, дунд үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизм, хүнсний бүтээгдэхүүн, хувцас загвар гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэх аж. Хэсэг болгон тус тусдаа том асруудад хуваагдан байршжээ.

Тус үзэсгэлэнгийн үеэр бизнес эрхлэгчид өөрийн бизнесийн цар хүрээгээ тэлж, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг олж харахаас гадна гадаад, дотоодын томоохон бизнес эрхлэгчидтэй уулзаж, хамтран ажиллах алтан боломжуудыг олж, бизнесээ улам өргөжүүлдэг жишиг тогтсон гэнэ. Тиймээс ч энэхүү үзэсгэлэнд монголчуудын зорьж очих хандлага жилээс жилд өссөөр байгаа аж. Энэ жилийн хувьд зөвхөн "Асур тэнгэр" компаниар дамжуулан 500 гаруй бизнесийн төлөөлөл тус үзэсгэлэнг үзэж сонирхох захиалгаа өгсөн байв. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэн олны хүртээл болох 14 хоногийн хугацаанд Монголоос өдөр бүр хүмүүс ирсээр байлаа.

Үзэсгэлэнг жил дараалан үзэж сонирхдог бизнес эрхлэгчид ч олон байдаг гэнэ. Жил бүрийн лого бүхий таних тэмдгийг мандат дээрээ хаддаг бөгөөд тухайн хүн хэдэн удаа үзэсгэлэн үзэж байгааг үүгээр мэдэж болдог юм байна. 15 удаа үзэсгэлэнг үзэж сонирхсон хүн тус үзэсгэлэнгийн үеэр үнэгүй хоол идэх эрхтэй хүндэт зочин болдог юм билээ. Өмнөх үзэсгэлэнгүүдээс Монголын 1164 компанийн төлөөлөгчид 30 сая ам.долларын худалдааны гэрээ хийгээд амжсан гэж хөтөч хэлсэн болохоор хүн болгон бизнесийнхээ санааг өргөжүүлэх, шинэ түнштэй болох горьдлого тээн үзэсгэлэнг зорьдог биз ээ.

Сонирхуулахад, “Canton fair” үзэсгэлэн хятад хүмүүст хаалттай байсан. Зөвхөн гадаадын жуулчид, бизнес эрхлэгчид л үзэж сонирхох эрхтэй. Харин үзэсгэлэнг үзэхийн тулд заавал нэвтрэх үнэмлэх /100 юань/ авах ёстой. Дараа нь олон давхар харуул хамгаалалтыг нэвтэрснийхээ дараа Хятадын шилдэг үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээс сонирхох боломжтой.

Энэ том үзэсгэлэнгийн танхимыг газрын зураг, танилцуулгагүйгээр туулна гэдэг бэрх. Танхим бүрд тоног төхөөрөмж, бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийг үзэж сонирхсон олон улсын зочид, төлөөлөгчид холхино. Энийг ч шагшиж, тэрийг ч сонирхож явсаар үзэсгэлэн тарахад цүнх дүүрэн танилцуулгатай болсон байлаа. Аяллын төгсгөлд тэр их танилцуулгыг авч явна гэдэг хүндрэлтэй санагдсан шүү. Гэтэл зарим аялагч арга сэдэж, танилцуулгын хуудсуудаа карго-гоор ачуулж байлаа.

Аяллын зорилго биелсэн нь

“Асур тэнгэр” компанийн зохион байгуулсан Гуанжоу, Хонгконг, Макаогийн аялал нь “бизнес аялал” гэдгээрээ онцлог. Энэ нь аялаж байгаа газар нутгийнхаа байгалийн сайхнаар зугаалж, тухайн хотын хөгжил, нүүр царай болсон бүтээн байгуулалтуудтай танилцахын зэрэгцээ өөрийн бизнесийг өргөтгөх, шинэ түнш олох боломж олгодгоороо давуу талтай.

Тус компанийн зүгээс нэг хөтчид цөөн тооны хүн хариуцуулан аялуулдаг журамтай аж. Аялагчдыг багт хуваахдаа аяллын зорилгыг нь харгалзана. Тиймээс ч сурвалжлагч миний бие улсын сайн малчин, нарийн боов үйлдвэрлэл эрхлэгч, мөн хувиараа наймаа хийдэг залуу хостой хамт нэг багт орсон юм. Үндсэндээ манай баг томоохон худалдан авалт, гэрээ хийхийн оронд зах, худалдааны төвүүдээр орж, ойр зуурын бараа сонирхох болон Гуанжоу, Хонгконг, Макаогийн хөгжлийг харах гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл байлаа.

Тиймээс ч бид хөтөчдөө эл зорилгоо хэлж, сонирхож буй бараануудаа ч дуулгаад авав. Хөтөч бидний хүслийг дор нь ойлгон, аль дэлгүүр, ямар худалдааны төв рүү авч явахаа сайн мэдэж байсан юм. Митрогоор хэдхэн буудал явсны дараа бид ямар нэгэн худалдааны төв, зах дээр очсон байдаг байв. Хятадуудтай наймаа хийхдээ манайхан “жүди жүди” гээд л үнэ унагаж байгаад авцгаах нь наймаанд адтайг харуулна. Ингээд хэдэн цаг дэлгүүр хэссэний дараа өөрсдийн сонирхсон зүйлсээ барьчихсан уулзацгаадаг байлаа.

Хятадын “Чи хэдий хэмжээний хөрөнгө зарцуулна төдий хэмжээний чанар худалдаж авна” гэдэг зарчим Гуанжоуд жинхэнэ утгаараа үйлчилж байгаа харагдсан. Учир нь Гуанжоу бол дэлхийн хамгийн том хуулбарлан үйлдвэрлэгч хот. Бид “Мастер copy”, “А copy”, “В сору”, “С сору” гэж ярьдаг шүү дээ. Тус хотод 20 мянган ам.долларын үнэтэй брэндийн цүнхийг “А сору” хувилбараар 2000 ам.доллараар зарж байна. Материал, загвар, оёдол эсгүүр гээд бүх зүйл нь адилхан, ганцхан нууцлалын код нь байхгүй. Бүр 200 ам.долларын хуулбар ч харагдана.

Тэгэхээр Гуанжоуд боломжгүй зүйл гэж байхгүй. Та брэндийн цүнх баримаар байвал сайн чанарын хуулбарыг нь хүссэн үнээрээ авч болно. Супер загварын гутлаар гангарсан ч болно. Гэхдээ чанарын хувьд ялгаатай.


Бидний аяллыг зохион байгуулсан “Асур тэнгэр” компанийн хамт олон мэргэжлийн өндөр төвшний орчуулагчаар дамжуулан аялагчдын хүссэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзуулж, чөлөөтэй ярилцан, бизнесийн гэрээг нь байгуулахад тусалж өгдөг нь сайхан санагдсан. Энэ нь аялагч бүрийн аяллын зорилго биелэх боломж олгож байв. Тухайлбал, “Canton fair” үзэсгэлэнгийн үеэр нэгэн бизнес эрхлэгч хөтчөөрөө дамжуулан 4000 гацуур мод авахаар үйлдвэрлэгчидтэй гэрээ хийсэн дуулдсан.

Манай аяллын багт багтсан хүмүүсийн зорилго ч биелсэн. Улсын сайн малчин маань мотоцикл, нарийн боовны цех ажиллуулдаг залуу шинэ тоног төхөөрөмж авч амжсан. Мөн хувиараа бизнес эрхлэгч хосууд сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй холбоо тогтоосон нь тэдний хувьд шинэ бизнесийн эхлэл нь болсон юм.

Манай багийн гишүүн, улсын сайн малчин залууг Б.Адъяадорж гэдэг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин тэрбээр нутгийнхандаа чанартай мотоцикл нийлүүлэх хүсэлтэйгээр “Асур тэнгэр” компанийн бизнес аялалд нэгджээ. Б.Адъяадорж аяллынхаа талаар “Би ч нутаг ус, байгаль харах маягтай л явж байна. Гадаад явж, галуу шувууны мах идэх чинь сайхан юм. Хятад аргагүй хөгжжээ. Манай улс ингэж хөгжвөл сайхан л байна. Би нутгийнхандаа сайн мотоцикл авч очихоор ирсэн. Монголд байхгүй чанар сайтай мотоцикл их байна. Би Улаанбаатар ч ховор ордог хүн. Нутагтаа хэрэгжүүлэх санал санаачлага ч их харагдаж байна. Хамгийн гол энэ олон хүнийг яаж зохион байгуулж байгаа нь их сонин санагдлаа. Нутгийнхандаа ярих юм их байна даа. Захаас нь эхлээд яриад байна даа. Зарим нь итгэхээргүй ч зүйл их үзлээ. Нутгийнхандаа аялж байгаарай гэж захих болно. Малчин бид чинь чөлөө заваа ашиглаад нутаг орон үзэж баймаар юм байна. Өөрийнхөө нүдээр үзэж байж л илүү сайхан зүйл хийнэ шүү дээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Энд нэгэн сонирхолтой түүх сонссоноо дуулгая. “Асур тэнгэр” компанийн аялалд нэгдсэн нэгэн малчин “Canton fаir” үзэсгэлэн яармагаас нарны зайн үүсгүүртэй хөлдөөгч олж харжээ. Түүнийг нутгийнхандаа авч очихоор шийдэж, 20 хөлдөөгч ачуулсан байна. Ингээд хөлдөөгчөө нутгийнхандаа борлуулан, малаар сольж, чамгүй ашиг олжээ. Анхлан нутгийн зон олондоо сайхан зүйл хүргэх санаа агуулсан өнөөх малчин одоо нутагтаа хүндтэй томоохон бизнес эрхлэгч болсон гэнэ. Үүнтэй адил “бизнес аялал”-аас төрсөн амжилттай яваа хүмүүс олон байдаг юм билээ.

Хөгжлийн гайхамшигт хурд буюу Хонгконг, Макаогийн аялал

Гуанжоугаас галт тэргээр цаг гаруй явсны дараа Шинжинь хотод хүрдэг. Тэндээсээ Хонгконг гарах боломжтой. Хонгконгийн хил гааль нэвтэрсний дараа БНХАУ-аас тэс өөр орчинд очих болно. Хонгконг нь 1942 оноос 1997 онд Хятадад шилжүүлэгдэх хүртлээ Нэгдсэн Вант Улсын засаг захиргаан дор байжээ. Хятад-Британийн хамтарсан тунхаг болон Хонгконгийн Үндсэн хуулинд зааснаар шилжүүлснээс 50 жилийн дараа буюу доод тал нь 2047 он хүртэл Хонгконг нь Хятадын засаг захиргааны онцгой бүс байх ёстой.

Хонгконгод Голден Баухин талбай, “Peak Park” өндөрлөг дээр гарч Дорнын сувд болох Хонгконг хот, дэлхийд алдартай Викториягийн боомт, алсын Коулоон хойгийг харах боломжтой. Мөн Хонгконгийн кино урлагийн 100 жилийн түүхийг өгүүлэх “Оддын өргөн чөлөө”-гөөр зугаалах нь сонирхолтой санагдсан. Энд Bruce Lee-гийн хөшөө, Jackie Chan, Jet Lee зэрэг Хятадын олон алдартай жүжигчний гарын хээ болон Хонгконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно. Хэрэв хүсвэл Диснейн гайхамшигт ертөнцөөр аялах боломжтой.

Гуанжоугаас мөн л цаг гаруй галт тэргээр аялснаар ‘‘Дорны Лас Вегас’’ хэмээн алдаршсан Макао руу нэвтэрнэ. Мөн л өөр улсад зорчиж байгаа мэт хилийн шалганаар нэвтэрдэг. Хэрэв та Макаогоор аялахаар судалж байгаа бол тус арлын билэг тэмдэг болсон ‘‘Павлын сүм’’-ийн хана, ‘‘Алтанлянхуа’’ талбайгаар зугаалахыг санал болгох байна. Түүнчлэн “Казиногийн хаан” хочит Макаогийн тэрбумтан Stanley Ho-гийн санаачилгаар бүтээгдсэн 338 метр өндөр “Макао цамхаг’’ дээр гарч, Макао хотыг бүтнээр нь буюу Колан, Тайпа хойгтой нь хамт Хятадын өмнөд тэнгис, хил залгаа орших бүс нутаг Жухай, Хонгконг хотыг тольдон харах боломжтой.

Португалийн колони байсан Макоа нь мөн л барууны хот мэт харагдана. Энд замын хөдөлгөөн нь ч Хятадаас өөр буюу зүүн гарын дүрэмтэй. Дэлгүүрийнх нь бараа Гуанжоуг бодвол илүү үнэтэй бөгөөд чанарын хувьд эргэлзэх зүйлгүй.

Макаод ирсэн хүний заавал хийдэг зүйл бол казино тоглох байх. Дөнгөж Макаод нэвтэрсний дараа хил дээр үнэгүй үйлчлэх тусгай автобуснууд хүлээж байдаг. Энэ нь таныг казино тоглохыг урьж байгаа хэрэг. Аялагчид өөрийн очихыг хүссэн казиногийнхоо нэр бүхий автобусанд суухад л хангалттай. Ингээд манай аяллын баг Парис, Венец хотуудыг санагдуулам “Парис казино, зочид буудлын цогцолбор”-ыг зорьсон юм.


“Парис казино”-д үүднээс нь эхлээд л хүний нүд хужирлах гайхалтай бүтээн байгуулалтыг хийсэн байлаа. Хэрэв та казино руу нэгэнт орсон бол цагийн баримжаагаа алдана гэж мэд. Казино нь цонхгүй бөгөөд wi-fi ажилладаггүй. Бидний очсон казиногийн таазыг тэнгэр шиг зохиомжилж хийсэн байв. Яг л цаг хугацаа зогссон мэт мөнхийн намуухан үдэш болж буй сэтгэгдэл төрүүлнэ. Тэгэхээр казинод орсон хэн ч яарахгүй, тайван амгалан байж, хэд л бол хэдэн өдөр тоглож мэдэхээр санагдсан.

Манай аяллын багийнхан бүгд л “Парис казино”-гийн бүтээн байгуулалтыг шагшиж байлаа. Ялангуяа улсын сайн малчин Б.Адъяадорж “Энэ тэнгэрийг юугаар хийсэн юм бол. Бороо орохгүй л болохоос яг тэнгэр шүү” хэмээн уулга алдаж байхав. Тэрбээр мөн “Зүг чигээ алдчихлаа. Би өөрийгөө урд зүг рүү харж байна л гэж бодоод явна” гэхэд нь “Та Монгол руу харж байна шүү дээ. Монгол хүн чинь өөрийн мэдэлгүй Монголынхоо зүг хардаг байхгүй юу” гэж бид цаашлуулж явсан юм.

Макаод ирсэн аялагчдын жишгээр бид ч казино тоглож, азаа үзэж амжсан. Миний хувьд автомат машин дээр сууж, рулет тоглосон.

Дэлхийн худалдааны төв Гуанжоугийн монгол үдэш

Хятадын гурав дахь том хот Гуанжоуг дэлхийн худалдааны төв гэдэг. Олон улсын бизнесийн төв цэг болсон энэ хотод жил бүр монголчууд цуглаж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлдэг гэхээр сонин санагдах биз.

“Асур тэнгэр” компаниас “Canton fair” үзэсгэлэн яармагийг тохиолдуулан Гуанжоу хотноо ажиллаж, амьдарч буй монголчууддад зориулж "Guangzhou night" үдэшлэгийг зохион байгуулдаг уламжлал тогтжээ. Ингэхдээ Монголын алдартай хамтлаг, дуучдыг урьж, эх орноо санагалзсан монголчууддаа ая дууны мэндчилгээ хүргэдэг ба энэ удаагийн "Guangzhou night" үдэшлэгт урилгаар хүүхдийн элч дуучин A cool, "Улаан театр" нэгдлийн уран бүтээлч Хангай нар оролцож байв.

Гуанжоу хотод бизнесийн шугамаар монголчууд их очдог төдийгүй Гуанжоу болон ойр орчмын хотуудад 500 орчим монгол хүн амьдардаг байна.

Дашрамд сонирхуулахад, Гуанжоуд монгол хоолоор үйлчилдэг "Mongolian food" ресторан ажилладаг ба Гуанжоу дахь монголчуудын зорин очдог газрын нэг болжээ. "Mongolian food" ресторанаас "Guangzhou night" үдэшлэгийн үеэр бууз, цуйван зэрэг монгол хоолоор үйлчилсэн нь үзэгчдэд ихэд таалагдаж байлаа.

“Таны...” төлөөх монгол карго

Гуанжоу хотоос Монгол руу илгээх ачаа тээврийн үйлчилгээг өвөрмонголчууд "атгасан" байдаг аж. Тэд Монгол руу илгээх ачааг кг-ыг нь 4.5 юаниар зөөдөг байна. Харин “Асур тэнгэр” компанийн хамт олон монгол хүний төлөө “Таны...” нэртэй карго ажиллуулж эхэлжээ. Гуанжоу хотын Саяанли дүүрэгт байрлах тус каргогоор зөөсөн кг ачааг 4 юань буюу өвөрмонголчуудаас 5 мо-гоор хямд үнээр үйлчилдэг юм байна. Энэ нь тонн ачаа илгээлээ гэж бодоход 500 юань буюу 187 мянган төгрөгийн хэмнэлт гаргах боломжийг олгож байгаа гэсэн үг. Монгол хүмүүс монголчуудаа дэмжиж ажиллаж байгаагийн сайн жишээ энэ.

Мөн “Асур тэнгэр” компанийн ажилчид Монголоос онлайн захиалга авч, Монгол руу илгээдэг юм байна. Биднийг “Таны...” каргогоор үйлчлүүлэхээр очихын өмнөхөн Зайсанд баригдах томоохон барилгын плита ачигдсан байлаа. Түүнчлэн Улаанбаатар хотын 10 том дэлгүүрийн захиалгатай хувцсыг ачиж явуулсан тухайгаа тус каргоны ажилчид ярьж байсан юм.

“Таны...” каргогоор илгээсэн энгийн ачаа долоо хоногийн дотор эзэндээ хүрдэг бол яаралтай ачаа дөрөв хоногийн дотор Монголд хүрдэг юм билээ. Харин монголчууд ихэвчлэн авто сэлбэг, тоног төхөөрөмж, барилгын материал, хувцас илгээдэг байна.

Сэтгэлтэй залуусын нэгдэл “Асур тэнгэр”

“Асур тэнгэр” компанийн хамт олон “бизнес аялал”-д хамрагдсан аялагчдынхаа хүссэн бүхнийг өөрсдийн хүсэл мэт санан цаг хугацаа, мөнгийг нь хэмнэж, хамгийн боломжтой,  шилдэг үйлдвэрлэгчтэй нь холбож өгдөг болохыг энэхүү аялалаас олж харсан юм. Энэ хамт олон монголчуудыг илүү хөрөнгө мөнгө зарцуулахаас, чанарын баталгаагүй бараа бүтээгдэхүүн худалдан авахаас, худалдан авсан ачаа барааных нь бүрэн бүтэн байдал алдагдахаас сэргийлж ажиллаж байсан нь бахархмаар. Худалдаа наймаа хийхээр болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхээр ирсэн харилцагчдынх нь ажил үйлс дэлгэрч байвал л эдгээр залуусын зорилго биелэх аж. Тиймээс ч өмнө нь ирж байсан хүмүүс биет төлөөлөгчөө Гуанжоуд үлдээсэн мэт ажлаа амжуулдаг ба “Асур тэнгэр”-ийнхэн ч тухайн компанийн Хятад дахь татан авалтыг харилцагч, бүтээгдэхүүн нийлүүлэгчээр ажиллаад хэвшжээ. Энэ хүрээнд мэргэжлийн өндөр төвшний орчуулагч хөтчийн хамт өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй уулзаж, чөлөөтэй ярилцан бизнесийн цар хүрээгээ тэлж гайхамшигтай боломжийг санал болгож байсан юм.

Тус компани Гуанжоу, Хонгконг, Макаогийн бизнес аялалыг эхлүүлээд гурав дахь жилтэйгээ золгож байгаа аж. Тэдний аялагчид “Canton fair” үзэсгэлэнгийн үеэр нэмэгддэг бөгөөд компанийн зүгээс ачаалал нэмэгдсэн үед Гуанжоуд суралцдаг монгол оюутнуудыг ажлаар хангадаг юм байна.

Хамгийн сонирхолтой нь тэд бизнес аяллынхаа төлбөрөөс ашиг олохыг хүсдэггүй гэсэн. Үнэнийг хэлэхэд нэг хүнээс 100 мянган төгрөг л хардаг гэж “Асур тэнгэр” ХХК-ийн Монголын талыг хариуцсан захирал В.Мөнхбаяр хэлж байсан юм. Тэрбээр “Бид монголчуудынхаа бизнесийг өргөжүүлж, худалдан авалтыг нь бүтээж өгснийхөө дараа урган гарах том бүтээмжид найдаж, урт хугацааны хамтын ажиллагааг чухалчилж ажилладаг” гэсэн юм.

В.Мөнхбаяр захирал аялал жуулчлалын менежментийн ангийг төгссөнийхөө дараа мэргэжлийнхээ дагуу “Canton fair” үзэсгэлэнг анх үзсэнээс хойш Гуанжоуд бизнесийн асар их боломж байгааг олж харсан байна. Энэхүү боломжийг монголчууддаа нээж өгөх хүслээр “Асур тэнгэр” компанийн захирал Н.Эрдэнэ-Оюунтай уулзсанаар Монголоос бизнес аялал зохион байгуулж эхэлжээ.

“Асур тэнгэр” ХХК нь анх 2008 онд Хөвсгөл аймагт үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 20 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага аж. Харин охин компани болох аялал жуулчлалын компани нь Гуанжоу хотод үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тэд Монгол орныхоо жижиг дунд бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгж, хувь хүн, албан байгууллагуудыг Хятад улсад зохиогдох бүхий л том үзэсгэлэн худалдаа, Хятадын томоохон хотуудаар аялуулж, олон улсын үзэсгэлэн яармагт оролцуулж, туршлага судлуулан аялагчдад хэрэгтэй том, жижиг тоног төхөөрөмж, машин механизм, бараа бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрүүдтэй нь холбох гүүр нь болж ажиллахыг зорьдог юм байна.

“Асур тэнгэр” компанийн ойрын хоёр жилийн зорилго нь Гуанжоу хот дахь “Монгол таун”-ыг бий болгох явдал гэсэн. Монгол таунаар дамжуулан Гуанжоу хотод ирж байгаа монголчууддаа зориулсан бүх төрлийн үйлчилгээг цогцоор нь хүргэхээр төлөвлөсөн байна. “Монгол таунд” монгол хэлтэй бизнес аяллын гарын авлагаас эхлээд мөнгөн шилжүүлэг, бараа материалын татан авалт, тээвэрлэлтийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх юм байна. Уг ажлын урьтал судалгаа болгож аяллын багт багтсан хүмүүстэйгээ ийнхүү тулж ажиллаж байгаа юм билээ.

Хуруугаа нийлүүлэн, үл ялиг нугалан, ширээ тогшин хүндэтгэл илэрхийлье

Эрт цагт Гуанжоу хотын хүн ард өлсгөлөнд автжээ. Тэр үед ишигтэй ямаа тааралдаж, олон түмэнд сүүгээ өгч, өсч үржин өлсгөлөнгөөс аварсан домог бий. Тиймдээ ч гоуанжоу хотын иргэд ямааг хүндэлдэг тухай хөтөч тайлбарласан. Өөр нэгэн сонирхолтой түүхийг Гуанжоу хотын нэгэн томоохон үйлдвэрийн захирал бидэнд ярьж өгсөн юм.

Бизнес аялалын явцад савлагаатай сүүн бүтээгдэхүүний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Leiwest Pak” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. 200-гаад ажилтантай энэ үйлдвэр савлагаатай сүүн бүтээгдэхүүний 50 гаруй тоног төхөөрөмжийг дэлхийн өнцөг булан бүрт нийлүүлдэг шилдэг үйлдвэр байлаа.

“Leiwest Pak” үйлдвэрийн удирдлагууд бизнесийн шинэ гарц хайж яваа монголчуудыг халуун дотноор хүлээн авч, үйлдвэрээ танилцуулахын зэрэгцээ бидэнд оройн зоог барьж, хүндэтгэл үзүүлсэн юм. Оройн зоогийн үеэр тус үйлдвэрийн удирдлагууд нэгэн заншил зааж өгсөн нь хүндэтгэлийн тухай байв.

Хятад хүн эрт дээр үеэс хаад, ноёдоо буюу эрхэм дээд хүмүүсээ өвдөг сөгдөн хүндэлдэг ёс заншилтай байж. Харин орчин үед өвдөг сөгдөн хүндэлж байгаагийн илэрхийллээ баруун гарын долоовор, дунд хуруугаараа нийлүүлэн, үл ялиг нугалан ширээ тогшин илэрхийлдэг болжээ. Энэ бол хүндлэл.

Гуанжоу хотын иргэд биднийг баруун гарын хоёр хуруугаа нийлүүлэн, үл ялиг нугалан ширээ тогшиж хүлээн авсан. Найрсаг сайхан хүлээн авч, үйлдвэрлэлийн хөгжил, Хятад орны өөрчлөлт, шинэчлэлт, хүн ардын найрсаг байдлыг үзүүлж чадсан Гуанжоу хотын хөдөлмөрч ард түмэнд болон энэ бүх бололцоог нээж өгсөн аялал жуулчлалын Н.Эрдэнэ-Оюун захиралтай “Асур тэнгэр” компанийн хамт олонд баруун гарын хоёр хуруугаа нийлүүлэн, үл ялиг нугалан, ширээ тогшиж талархал илэрхийлье.

Эрхэм уншигч Та "Асур тэнгэр" компанитай холбогдож, "бизнес аялал"-ын талаар мэдээлэл авахыг хүсвэл доор утсаар холбогдоорой.

Утас /Монгол/: 90075757, 88815757

Утас /Гуанжоу/: 18814147089, 18814149289

Фэйсбүүк: Guangdong business


М.Хангал

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хаха(66.181.176.159) 2024 оны 02 сарын 22

Асур тэнгэр гэж жинхэнэ шуналын микроб болцон газар байна лээ\n

0  |  0
Зочин(120.82.194.136) 2023 оны 06 сарын 09

Canton fair очоод тэгээд бүтэн контенерийг л авахгүй бол хямд бараа олдохгүй. 5 атга шрупээ 100 айлаасаа авөө. 5 атга шруп авөх гэж хаа байсан Гуанжоуд ирэх хэрэггүй. 100 айл дээр илүү хямд байгаа. Бүр наймаа хиймээр санагдаад дотор сэтгэл чинь хатгаад байвал Эрээн ороод хоолон гэрт нь наашаа цаашаа нэг гусаад, бандаж турсикны захаас эхнэртээ нэг лээвчик, хүүдээ нэг таавчиг ав. Хөгжил мөгжил яриад цээж чинь бачим байгаа бол хулгайч нартайгаа тэмц. Хулгайч нар чинь 5 автобус авах мөнгөөр нэгийг аваад хөгжлөөс чинь хойш чангаагаад байгаа юм.

1  |  0
зочин(66.181.166.134) 2018 оны 11 сарын 02

янзын сайхан аялжээ. сайхан сурвалжлага болсон байна. амжилт хүсье

0  |  0
я(122.201.26.172) 2019 оны 11 сарын 21

Гуанжоу ч бизнесийн орон байнлээдээ

1  |  0
Top