Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах асуудлыг НИТХ дэмжиж УИХ-д уламжлахаар болов

2018 оны 11 сарын 05

НИТХ дах “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа, Төсөв санхүү, эдийн засгийн хороон дарга Ц.Сандаг-Очир, Хууль эрх зүйн хорооны дарга Ж.Батсайхан, Нийгмийн бодлогын хороон дарга Д.Мөнхжаргал  нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлахтай холбоотой санал, дүгнэлтээ танилцууллаа.

“Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва хорооны гишүүдээс 2019 оны Үндсэн чиглэлд залуусыг ажилтай, иргэдийг орлоготой болгох асуудлыг Үндсэн чиглэлийн тэргүүлэх зорилт болгох, бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хийгдэх ажлын төсвийг нэмэгдүүлэх, Нийслэл хотод байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг санал гаргасныг уламжиллаа.

Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны зүгээс 2019 оны Үндсэн чиглэлд  “Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг нэмэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхтэй холбоотой хөрөнгийн эс үүсвэрийг шийдэх,  орон сууцан дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн идэвх оролцоог дэмжих, урамшуулах, хог хаягдлын менежментийг сайжруулах” зэрэг саналыг  хуралдаанд орууллаа.   

Төсөв санхүү, эдийн засгийн хорооноос 2019 оны Үндсэн чиглэлд  дурьдагдсан таван бүлэг 26 зорилттой  442 ажил арга хэмжээг нийтдээ  нэг их наяд 708 тэрбум 866 сая   төгрөгөөр хийхээр төлөвлөжээ. Гэвч УИХ-аас Улсын төсвийг хэлэлцэж байгаа энэ  цаг үед Засгийн газраас өргөн баригдсан төсвийн төслөөс харахад нийслэлээс улсын төсөвт оруулах төсөв нэлээд өндөр байгаатай холбогдуулан ойлгоход ирэх  жил төсөв санхүүгийн хувьд хүндхэн жил болох төлөв ажиглагдаж байна. Иймээс Үндсэн чиглэлд дурьдагдсан дээрх ажлуудыг хэрэгжүүлэхдээ дан ганц нийслэлийн төсвийг харах биш, хөрөнгийн бусад эх үүсвэрийг дотод гадаадын зах зээлээс босгох талаар идэвх санаачлагатай ажиллах шаардлагатай болж байгааг дурьдав. Иргэдийн орлогод нийцсэн орон сууцны зураг төсвийг Баянхошуу, Сэлбэ төвүүдэд гаргаж ажиллах, гадаадын хөрөнгө оруулагчидад эдийн засгийн үр ашигтай төслүүдийг сурталчлан хөрөнгө оруулалт татах зэрэг саналыг гаргав.

Хууль эрх зүйн хорооноос 2019 оны үндсэн чиглэлд Нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулахын тулд нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлуулах, Барилга хөгжлийн төвийн зөвшөөрөл хяналтын асуудалд анхаарах, дагуул хаяа хот, дэд төвүүд, шинэ суурьшлийн бүсийн хөгжүүлэх зэрэг санал илэрхийллээ.

Нийгмийн бодлогын хорооноос Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ниймийг салбарт 163 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, эдгээр ажилд нийт төсвийн 20 орчим хувийг  зарцуулахаар төлөвлөснийг  нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэнийг уламжлав. Мөн Хороо дундын жишиг өрхийн эмнэлэг 3-4 барих,  Багануур дүүрэгт соёлын өвийн барилга шинээр барих, Уншлагыг дэмжих 2021 төслийг дэмжиж хэрэгжүүлэх гэх зэрэг саналыг нэмж тусгуулахаар санал орууллаа.

Хороодын санал дүгнэлттэй холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, саналаа илэрхийллээ. Хороодоос гарсан горимын саналуудыг дэмжиж ажиллахыг холбогдох байгуулагуудад хүргэж, ажил хэрэг болгохоор болсон бол хороо дундын жишиг өрхийн эмнэлэг 3-4 барих,  Багануур дүүрэгт соёлын өвийн барилга шинээр барих зарчмын асуудлаар хурлын дэгийн дагуу төлөөлөгчдийн дунд санал хураасан ч төлөөлөгчдийн олонхи нь дэмжээгүй бол “Уншлагыг дэмжих-2021” дэмжигдэж хэрэгжихээр боллоо.

Мөн 2019 оны Үндсэн чиглэлд хүн амийн тоо, нягтаршлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлаар гаргасан төлөөлөгч Б.Сүхбаатарын санал,  төлөөлөгч Ш.Төмөрбаатарын гаргасан  Сүхбаатар дүүргийн XVI хороог хуваах  зарчмын саналын дагуу  хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад олонхи төлөөлөгч дэмжлээ. Ингэснээр Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах саналыг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Түүнчлэн Ц.Байгалмаа төлөөлөгчийн гаргасан Хан-Уул дүүрэг дэх Богд хааны музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах санал дэмжигдэж, 2019 оны Үндсэн чиглэлд нэмж орохоор боллоо. Төлөөлөгч Б.Сүхбаатарын дэвшүүлсэн  орон сууны хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2019 онд Азийн орон сууцны олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах ажил дэмжигдэж Нийслэлийн  эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  2019 оны Үндсэн чиглэлд  нэмж тусгахаар болж  НИТХ-аар нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны Үндсэн чиглэлийг баталлаа.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top