Аравдугаар сарын 31-нд 800 гаруй маркетерууд Төрийн ордонд чуулсан билээ. Тэд салбарын ололт амжилт, шинэ туршлага, чиг хандлага, бизнесийн бодит кэйс хуваалцах, мэргэжил нэгт нөхөдтэйгөө харилцаа холбоо тогтоох, нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээх, ажил мэргэжлээ сурталчлан таниулах зорилгоор ийн чуулсаар зургаа дахь жилтэйгээ золгожээ. Энэ жилийн маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын Маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулсан үйл явдал юм.
Ингээд үйл ажиллагааны зохион байгуулагчаар оролцсон, “Монгол Донж” ТББ-ын үүсгэн байгуулагчид, бүжиг дэглээч У.Бибиш, У.Басбиш нартай ярилцлаа.
-“Монголын маркетер”-ууд зургаа дахь жилдээ чууллаа. Энэ жилийн үйл ажиллагаа онцлог, онцгой зүйлсээр дүүрэн байна. Тэгэхээр зохион байгуулагчийн зүгээс ямар сэтгэгдэлтэй байна даа?
У.Басбиш: Бид хоёр маркетинг тэр дундаа сошиал маркетинг, event маркетинг гэх мэт чиглэлээр үйл ажиллагаанд оюутан байхаасаа оролцож эхэлсэн. Энэ ажилдаа маш их сонирхолтой. Тэр дундаа “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”-/МҮМХ/-ны үүсгэн байгуулагч Ж.Золзаяа гэх бүсгүйтэй хамтарч ажиллаад гурван жил болж байна. Анх МҮМХ-ны маркетингийн өдрийн арга хэмжээн дээр танилцаж байлаа. Маркетеруудын өдөр маань жил ирэх тусам онцлогтой болж байна. Ер нь ингэж ярьдаг ш дээ, маркетингийн салбар бол өөрөө байгууллагуудын тархи нь биш зүрх нь болсон. Тархи бол бодлого, зүрх бол байгууллагын хамгийн гол үйл ажиллагаа. Жил гэлтгүй цаг тутамд маркетингийн арга барил өөрчлөгдөж байдаг учраас ойр ойрхон уулзаж, шинэлэг зүйлээсээ суралцах ёстой гэдгийг МҮМХ зургаан жилийн өмнөөс хараад, энэхүү уулзалтыг хийгээд ирсэн байна. Өнөөдөр тэр нь дэвшилд хүрээд албан ёсны өдөртэй болчихлоо, биднийг байнга уулзах ёстой гэдгийг төр хүртэл харуулаад өглөө. Энэ жилийн бас нэгэн онцлог бол Пилиппин хүн ирж туршлагаа хуваалцлаа. Маркетеруудын гол барьж авах ёстой зүйл нь ирээдүй рүү чиглэсэн, залуучууд руу чиглэсэн маркетинг. Энэ жилийн уриа “The Next Big Shift” гэж байгаа. Ирээдүйн хамгийн том өөрчлөх зүйл нь юу байх юм гэдэг дээр маш олон маркетингийн менежерүүд үзэл бодлоо хуваалцаад, суралцаад явж байгаа нь маш гайхалтай үйл явдал л даа.
У.Бибиш: Намайг Бибиш гэдэг. Бид хоёулаа МУИС-ийг төгссөн. Маркетингаас өөр мэргэжилтэй ч гэсэн маркетинг сонирхоод дөрвөн жил болж байна. Өөрсдийн сонирхлоор ингээд явж байгаа ч гэсэн МҮМХ-нд элсээд илүү өргөн цар хүрээнд сэтгэж, илүү өргөн мэдлэгтэй болж байгаа. Энэ жилийн МҮМХ-ны зүгээс хийж байгаа шинэчлэлт юу гэхээр, энэхүү арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд зохион байгуулалтын ажлыг гурван сар хэртэй ярилцаад, сэдвээ хүртэл ярилцаж, Модератор, Панелистуудаа хүртэл маш удаан бодож сонгосон. Бүх насны, бүх мэргэжлийн хүрээнд хүргэхийн тулд панелистууд дунд маань “Unfriend” хөдөлгөөнийг санаачлагч ЦЕГ-ын дэд хурандаа, төлөөлөгч байж байх жишээтэй. Дээрээс нь инстаграмм, фэйсбүүк, твиттерийн төлөөлөл байна. Цаашлаад бүх төрлийн панелистуудаас гадна 1000 орчим маркетерыг цуглуулаад үйл ажиллагаа зохион байгуулж байгаадаа баяртай байна. Өмнөх жилүүдэд бид зөвхөн энтертаймэнт чиглэлд нь анхаардаг байсан бол энэ жил бүх л зохион байгуулалтын багт нь ороод явж байна.
-Бид маркетингийн менежерийг байгууллагад мөнгө олж ирдэг хүн шиг хардаг. Маркетингийн менежерийн ажил сонирхож ирж байгаа залуучууд маань ч тэр ажилдаа тийм их дуртай биш. Маркетерууд маань ингэж чуулдаг болсноор удирдлагуудаас нь эхлээд энэ бүхнийг зөвөөр хардаг болсон гэж бодож байна?
У.Басбиш: Маркетинг бол аливаа байгууллагын зүрх гэж манай ихэр хэллээ. Аливаа албан байгууллагын маркетингийн менежер гэдэг бол албан байгууллагаас гарч байгаа зардал биш албан байгууллагад орж ирж байгаа хөрөнгө оруулалт юм. Нэг ёсондоо төдий хэмжээний зарлага гарна тэрийгээ хэд дахин нугалсан орлого өөрийнхөө байгууллагад олж ирнэ гэсэн үг. Ер нь бол сүүлийн хэдэн жил манай улсын иргэд болон хэрэглэгчдийн маань боловсрол маш хурдацтай хөгжиж байгаа. Цаашлаад дижитал маркетинг руу шилжээд иргэдийн маань сошиал хэрэглээ ч ихэссэн. Энэ дээрээс бид хэрэглэгчийн боловсрол өндөр болсон учраас тэр хэрэглэгч нарт хүрч хэрэгтэй мэдээллийг нь өгөх үүднээс маркетерууд маань өөрсдөө мэдлэгтэй, маш мэдрэмжтэй байх хэрэгтэй болсон. Өмнө нь сургуулийг нь төгссөн дипломтой хүн л маркетинг хийдэг байсан бол одоо цагт маркетер хүнээс маш олон чадваруудыг хүсдэг болчихсон. Нэг ёсондоо маркетинг хийдэг хүн зөвхөн график гаргаад, түүнийхээ дагуу борлуулалт хийдэг хүн биш. Хэзээ, хаана, ямар ямар зүйлсийг ашиглаж хэрэглэгчдэдээ хүргэх вэ, дээрээс нь би өөрөө ямар чадвартай билээ, зөвхөн график гаргаад, борлуулалт хийгээд байх уу гэдгээ бодох хэрэгтэй. Зургийн, дууны, дуугаралтын, зар сурталчилгааны мэдрэмжтэй бүх төрлийн маркетингийн чадвар эзэмшсэн хүнийг л сүүлийн үед хүсдэг болсон. Маркетинг байнга хувьсан өөрчлөгддөг байх ёстой. Маркетинг өөрөө урд нь алхаж байгаа бол тэр байгууллага дагаад урд нь алхана гэсэн үг. Ямарваа нэгэн зүйлээр байгууллагын зүрх нь болсон хүн бол маркетинг хүн. Яаж хөгжиж байна, ямар зүйлсийг өөртөө авч чадаж байна гэдэг нь маркетингийн менежер нь хэрхэн биеэ дааж авч явж чадаж байгаагаас шалтгаална. Өсөн нэмэгдэх хурдаар бид өөрсдийгөө, чуулганаа улам чадавхижуулах ёстой. Зохион байгуулагчдын зүгээс ирсэн хүн болгон 100 хувь сэтгэл хангалуун гарах ёстой гэдэг үүднээс чуулганаа зохион байгуулалтын өндөр түвшинд хийхээр зорьж байна.
-Чуулганд оролцож байгаа компаниуд шинэ хөтөлбөр, шинэ технологио танилцуулж байна. Үүнийг боловсруулах гэж тухайн компани өөрөө маш их цаг, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Гэтэл хэрэглэгч тэрхүү гаргаж байгаа технологийг ойлгож, хүссэн хэмжээнд нь ашиглах гэдэг том ажил байх?
У.Бибиш: Мода эргэнэ гэж ярьдаг шиг маркетинг өөрөө эргэдэг зүйл. Жишээлбэл, нэг хэсэг тод өнгө моданд ордог байсан бол одоо эргээд минималист, хүний нүдэнд өртөхгүй, амархан зүйлрүү буцаад шилжиж байгаа л даа. Цаг үе дандаа өөрчлөгдөж байдаг. Хэрэглэгч ч гэсэн байнгын нэг зүйл хүсэхээ больдог. Тэрийг нь гялс мэдрэх хэрэгтэй. Яг үнэндээ моодыг чинь маркетингийхан гаргадаг юм шүү дээ. Уран зургаар яривал хар зургийг буддагтай яг адилхан. Хэрэглэгч юу хүсч байгааг маркетингууд маань өөрсдөө нэг ёсны хэрэглэгч учраас хамгийн түрүүнд мэдэрдэг. Гол нь компанийн хамтын ажиллагаа “networking” чухал. Нэг хүн ганцаараа маркетинг үүсгэнэ гэж байхгүй. Хоёроос гурван газартай хамтарч байж, аль болох олон хүмүүстэй ажиллаж байж, суралцаж байж маркетинг өөрөө үүсдэг. Мөн хэрэглэгчдээс судалгаа авахгүйгээр, хэрэглэгчдийн оронд өөрсдийгөө тавьж үзэхгүйгээр ямар нэг маркетинг хийнэ гэж байхгүй. Хэрвээ би байсан бол энэ зүйл надад таалагдах уу? Гэж үргэлж өөрөөсөө асуудаг байх хэрэгтэй.
-Та хоёрын хувьд сошиал маркетинг талдаа илүү мэргэшсэн гэсэн. Тэгэхээр сошиал маркетинг гэж яг юуг хэлдэг юм бэ. Зарим хувь хүмүүс, компаниуд өөрсдөө олон мянган лайктай пэйж худалдаж аваад, түүнийгээ бүүст хийгээд л болоо гэдэг. Энэ үнэн үү?
У.Басбиш: Манай панелистууд хэлж байна. Спонсор дээр тулгуурласан сурталчилгааг бид дэмжихээ больсон. Монголчууд их мэдрэмжтэй. Фэйсбүүкийн хэрэглээ өдрөөс өдөрт ихсэж байгаа юм шиг харагдаж байгаа ч яг үнэндээ буурч байгаа. Сошиал маркетингийн хамгийн чухал зүйл нь шударга үнэн байдлаар тухайн бүтээгдэхүүнээ хүрэх ёстой хүндээ хүргэх юм. 1000 лайк авна уу, 10 лайк авна уу тэр чухал биш. Тиймээс бид шударга маркетингийг чухалчилдаг. Түүнээс биш сошиал маркетингийн хувьд 10 мянган лайктай пэйж худалдаж аваад 20, 30 доллараар спонсор хийгээд явахыг сошиал маркетинг гэж боддоггүй. Тэгээс эхлээд өөрсдийнхөө үнэнч 500 хэрэглэгчийг бүрдүүлэх нь чухал. Энэ хандалтыг яаж ихэсгэх вэ, манай хэрэглэгчид юу зорьж, юу хүсч байгаа вэ гэдгийг фэйсбүүкээс харж болно. Дижитал маркетингийн хамгийн гоё зүйл нь юу хүсч байна, юу хүсэхгүй байна, хаана нь зогсож байна, хаана, юу өнгөрөөж байна гэдгийг харах боломжтой, мөн хэдээс хэдэн насны, ямар хүмүүс харах боломжтой вэ гэдгийг сошиал маркетинг өөрөө үзүүлчихдэг учраас түүн дээр тулгуурлаад маркетингаа хийхэд илүү хялбар байдаг. Байнгын хэрэглээ гэдэг утгаараа сошиал бол ерөөсөө л өчнөөн километр скролдож ухдаг зүйл. Тэр ухаж байх явцад хүний анхаарлыг татахуйц зүйл байх хэрэгтэй. Дээрээс нь байгаа онох хэрэгтэй. Манай бүх маркетерууд үүнийг мэддэг л дээ. Долоо хоногийн дараа бүгд фэйсбүүк ашиглахгүйгээр инстаграмм руу орох магадлалтай байдаг болохоор үүнийг зөгнөж хэлж болохооргүй зүйл дээ. Яагаад гэвэл, АНУ-ын сошиал маркетинг Снап чат дээр тогтдог. Хятадынх WeChat, Солонгосчууд LINE гэх зэргээр ашигладаг. Долоо хоногийн дотор гэнэт хүчтэй апп гараад ирвэл манайхан тийшээ нүүгээд явчихаж магадгүй. Тийм болохоор сошиал маркетингийн ирээдүйг хэлэх хэцүү.
-Нэг зүйл сонирхолтой санагдаж байна. Бид өөрсдөө фэйсбүүк их хэрэглэдэг болохоор дэлхий нийт фэйсбүүк дээр тогтчихоод байгаа юм шиг харагддаг л даа. Гэтэл гадны орнууд өөр өөрсдийн хэрэглээнд тохирсон зүйлээ хэрэглэдэг тухай та дээр хэллээ. Манай монгол залуус шинэ шинэ платформуудыг санаачилж хийдэг болсон байна. Фэйсбүүкээс цааш газар үгүй биш, энэ бол хөгжих боломжтой маш том зах зээл гэж харагдаад байгаа юм?
У.Бибиш: Манай монголын фэйсбүүк хэрэглээ Азидаа нэгдүгээрт, дэлхийд эхний 10-т орж байгаа. Нийтдээ 2,4 сая аккаунт бий гэсэн судалгаа гарсан. Хамгийн муухай нь үүний 40 хувь нь хуурамч акаунт байдаг. Нэг ёсондоо тал нь шахуу хуурамч байдаг гэсэн үг. Фэйсбүүкийн хандалтын тоонд итгэх хэрэггүй. Фэйсбүүкийн хэрэглээ Азидаа тийм дээгүүрт ордог юм уу гэхээр бас үгүй. Хятадын тэрбум хүний хэрэглээг “WeChat” хангаж байна, Солонгост ч гэсэн “Kakao” гээд чат байгаа. АНУ-д Снапчат, Твиттер бий. Ер нь Монгол шиг фэйсбүүкийг нэгдүгээрт тавьчихсан орон ховор. Гэхдээ дэлхийд эхний 10-т гэхээр бидний өмнө 9 улс байгаа гэсэн үг ш дээ. Манай IT аппликейшн сонирхдог залуус маш олон зүйл хийж байгаа. Гол нь санхүүгийн байдлаас болоод дэлхийн нийт болон монгол улс даяар гарч ирж чадахгүй байгаа. Түүнээс биш манай залуус хэзээ нэгэн цагт монгол апп хэрэглэдэг болох өдөр ирнэ. Тэр үед ахиад л нэг сошиал маркетингийн суваг гарч ирнэ гэсэн үг. Бас нэг зүйл ярихад, дэлхий нийт сошиал маркетинг болоод маркетингийн салбарын хамгийн гол баримталж байгаа зүйл бол СтартАпп маркетинг. Хамгийн сүүлд Израйл улс Старт-Апп гэдгээ зарласан. Гэх мэтчилэн өндөр хөгжилтэй орнууд СтартАпп руу чиглэж эхлэж байна. СтартАпп өөрөө хамгийн жижиг бизнесээс эхлэж супер санаа нь хамгийн глобал түвшинд очих өөрчлөлт байдаг. Тэрийг жилийн өмнөөс манай МҮМХ хараад “SMS center” байгуулсан. Маш олон брэнд үүнээс гараад бидний гар дээр аль хэдийн ирчихсэн байгаа болохоор магадгүй дөрөв, таван жилийн дараа монголын зах зээл дээр ноёлоод “SMS center”-ээс гарсан бүтээгдэхүүнүүд ирэх байх гэж найдаж байгаа. Бид өөрсдөө залуучууд, хүн болгонд боломж бий. Сэтгэж чадаж байвал түүгээр мөнгө олох боломж байна. Олон залуучууд бизнесийн санаа гэж яриад байдаг. Тэдний хувьд мөрөөдөл нь биелэхүйц бодитой санагддаг учраас СтартАппын зах зээл рүү шилжсэн байх гэж бодож байна. СтартАпп дээр дөрөөлөөд залуучууд маань маш их хөгжиж байна гэж харж байгаа.
-Бизнес хийхэд хувь хүнээс асар их хөрөнгө шаардагддаг. Гэтэл “SMS center”-т зүгээр л нөүтбүүкээ тэврээд ирэхэд л хангалттай. Магадгүй энэ нь маш олон залууст гэрэл асааж, итгэл найдвар өгсөн байх. Цаашлаад “SMS center” өөрөө яаж хөгжих вэ, олон улсад яаж хөгжиж байна?
У.Басбиш: “SMS center”-ийн хувьд Дархан, Эрдэнэтээс эхлээд орон нутгуудад салбартай болж эхлэж байгаа. Дэлхийн хэмжээнд СтартАпп-аас үүсэлтэй хөгжлөө олчихсон том том компаниуд гараад эхэлчихсэн байна. Дэлхийд үүнийг дэмждэг маш олон уралдаан тэмцээнүүдэд Монголчууд оролцоод байр эзлээд эхэлчихсэн байгаа. Гоо сайхан болоод хувцас загварын салбарынхан олон улсад борлуулалтаа хийгээд, зарим нь салбараа нээгээд эхлэж байгаа сонсогдож байна. Энэ бол бидний хувьд манай залуус чадаж байгаа юм чинь бид нар зүтгээд үзье гэсэн итгэл, гэрэл гэгээ гэж харагдаж байгаа юм.
Г.ЭНХ-УЯНГА
Сэтгэгдэл ( 7 )
Eejteigee hamt ireed 2 davhar or,ohin duudee bulgan numrig avaad yavsan odoo hurtel tag zugataad mungu uguugui.Iim muuhai luivarchin eejteigee niildeg zaluus niigdmd ulger duurailal uzuullee yu.Oir naiziud ni gert ni orson bol harsan l bgaa ter 2 davhar oriig.Ekh Munkhtsetseg bol yarih ch yum alga
Хөөрхөн, даруухан бас мундаг хөвгүүд юмаа. Аав ээж нь сайхан өсгөж хүмүүжүүлсэн байна даа. Баяр хүргье бас улам их амжилт хүсье.
Wow.ийм мундаг залуус байсан байх нь. Ардын булангаар л гарч байхыг нь хардаг байлаа.Амжилт
Нэрийг нь яаж бодож өгөв.сонин байна.сүрхий хүүхдүүд юм.итгэл зүтгэл.гэрэл гэгээ байвал болно ш