ШИНЭ ДҮРЭМ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ
Zindaa.mn замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн хэрэгжилт, зам, тээврийн осол зөрчлийн талаар сурвалжиллаа.
Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улс анх 1925 онд баталж байжээ. Тэр цагаас хойш 11 удаа шинэчлэгдэж, таван удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Хамгийн сүүлд 2004 онд шинэчлэгдэн түүнээс хойш 14 жилийн хугацаанд ямар нэгэн шинэчлэлт ороогүй байсан аж. Харин энэ удаа 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Замын хөдөлгөөний хуучин дүрэм 23 бүлэгтэй байсан бол шинэчлэгдсэнээр 27 бүлэгтэй болж, 60 гаруй өөрчлөлт оржээ.
Орсон өөрчлөлтүүдийн дийлэнх хувийг сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд аюулгүй зорчих, явган хүн, жолооч зам тээврийн осол гаргахгүй, өртөхгүй байхад чиглэсэн заалтууд эзэлж байгаа юм. Замын хөдөлгөөний Удирдлагын төв 2010 онд байгуулагдсан. Одоогоор нийслэл Улаанбаатар хотын нийт замын ачаалал, түгжрэл ихтэй 38 уулзварыг камераар хянаж, Тээврийн цагдаагийн албанд мэдээллийг баримтжуулж хүргэдэг байна.
Шинэ дүрэм мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор уулзварууд дээр зохицуулалт хийж буй замын хөдөлгөөний зохицуулагч цагдаа нараас ирүүлсэн мэдээллийн дагуу зөрчилтэй тээврийн хэрэгслийг зургаар баримтжуулдаг байна. Тус төвөөс замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн талаар иргэд, жолооч нарт МҮОНТ-ээр өдөрт гурван удаа, “UBS” телевизээр нэг удаа, “Лайв” телевизээр 1.30 цаг тутамд мэдээлэл өгч байгаа ажээ.
Ч.ЧИМЭДБАТ: 2017 ОНД 55 ХҮҮХЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС НАС БАРСАН
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдсөнөөс хойш зам тээврийн хөдөлгөөний зөрчил, осол, урьдчилан сэргийлэх чиглэрээр хийж буй ажлын талаар тодрууллаа.
-Шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөхийн өмнө бэлтгэл ажил багагүй хийгдсэн байх?
-Дүрэм хэрэгжихээс 3-4 сарын өмнө хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч иргэдэд сурталчлах ажлыг хийсэн. Улаанбаатар хотод 550 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог. Шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөх тухай мэдээллийг зөвхөн жолооч нараар хязгаарлахгүй явган зорчигч, иргэдэд ч давхар хүргэсэн.
-Дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөхийн урд өдөр, мөрдөгдсөн өдрийн нөхцөл байдлыг харьцуулбал ямархуу дүр төрх харагдаж байв?
-2018 оны аравдугаар сарын 31-ний өдөр зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой 340 гаруй дуудлага ирж, ослын улмаас 21 хүн бэртэж гэмтсэн мэдээлэл байна. Дүрэм мөрдөгдөж эхэлсэн арваннэгдүгээр сарын 1-ний өдөр 221 дуудлагатай, хүн гэмтсэн дуудлага найм болж буурсан. Эндээс шинэчлэгдсэн дүрмийг жолооч нар зохих хэмжээнд мөрдөж байгаа юм болов уу гэсэн дүр зураг харагдаж байна.
-Хөдөлгөөний зохицуулалтыг шар тэмдэглэгээтэй уулзваруудад замын зохицуулагч хийж байгаа харагдсан?
-Дүрэм мөрдөгдөөд удаагүй учраас замын цагдаа зохицуулалт хийж байна. Жолооч нар эгнээгээ буруу эзлэх, шар тэмдэглэгээ давах зөрчил гарч байгаа. Жолооч нараас асуухаар дүрмээ мэддэг мөртлөө зөрчөөд байна.
-Шууд торгууль ногдуулахгүй байгаа бололтой?
-Торгохыг урьтал болгоогүй. Шинэчлэгдсэн дүрмийг тайлбарлах зэргээр ухуулга, сурталчилгаа хийж байна. Жолооч нэг удаа зөрчил гаргахад замын зохицуулагч цагдаа төхөөрөмж дээрээ машины дугаарыг тэмдэглээд, дараагийн удаа зөрчсөн тохиолдолд торгоно. Жолооч нар дүрэм зөрчихөд сануулаад өнгөрөх нь гэж ойлгож бас болохгүй. Дүрмийнхээ дагуу торгож, хариуцлага хүлээлгэнэ. Нэг удаа сануулна, зөвлөнө.
-Дүрэмд зөвлөмж хэлбэрийн заалт орсон гэсэн нь их содон сонсогдсон л доо?
-Зөвлөмж байдлаар заалт оруулсан. Жолоочтой хамт яваа зорчигч нь хөгжмөө чангалахыг хүсдэг. Энэ нь жолоочийн анхаарлыг сарниулах, явган зоригчийг ч эрсдэлд оруулах учраас зөвлөмж байдлаар дүрэмд тусгасан. Явган зорчигч чихэвч хийхгүй, утсаар ярихгүй байх зэргийг зөвлөмж хэлбэрээр оруулсан. Зохицуулагчийн шүглийн дууг сонсох хэмжээнд чихэвчний дуу, чимээг тохируулах, гэрэлтүүлэг муутай газарт гэрэл ойлгодог хувцастай явах зэргийг зөвлөсөн. Зөвлөнө гэдэг нь торгохгүй гэсэн үг.
-Хүүхдийг асран хамгаалагчгүй явуулсан тохиолдолд хариуцлага тооцохоор байсан?
-10 нас хүрээгүй хүүхдийг ганцааранг нь зорчуулахгүй. Ганцааранг нь явуулсан тохиолдолд эцэг, эхийг, сургууль, цэцэрлэгийн орчинд хариуцсан багш, асран хамгаалагчид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Энэ нь 50 мянган төгрөгөөр торгох хүртэл шийтгэл бий.
-Өнгөрсөн жил хүүхэд зам тээврийн осолд өртсөн дүн мэдээлэл нэлээд байсан. Ихэвчлэн орон нутгийн замд осолд орсон гэдэг үнэн үү?
-2017 онд зам тээврийн ослын улмаас 1050 хүүхэд бэртэж, гэмтсэн. Үүнээс 55 хүүхэд нас барсан. Улаанбаатар хотын ачаалал ихтэй ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн хүүхдүүд тэр чигээрээ осолд орсонтой дүйцэх хэмжээний тоо шүү дээ. Осол юунаас болов гэдэг асуулт зүй ёсоор гардаг. Орон нутгийн замд ихэнх хүүхэд нь амиа алдсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, хамгаалалтын бүс бүслээгүй зэрэг зөрчлөөс үүдэлтэй. Гэр бүлээрээ машинаар явахдаа эхнэр нь хүүхдээ тэврээд урд суудалдаа суудаг. Асуухаар “Эрхлээд урд суудалд сууна гээд уйлаад байсан юм” гэдэг. Хууль, дүрмээ мөрдөх ёстой. Замын цагдаатай газар дүрэм зөрчдөггүй. Цагдаагүй газар дүрэм зөрчөөд явдаг нийтлэг дутагдал бий.
-Иргэдээс баримтжуулсан мэдээлэл авч, хариуцлага тооцно гэсэн. Ажлын явц ямар байна вэ?
-“IPolice” гэсэн аппликешныг аравдугаар сарын 1-нээс эхэлж ажиллуулсан. Гар утсандаа үнэгүй татна. 10000 орчим хэрэглэгчтэй. Зөрчил гэсэн 8000 орчим зураг ирсэн. Явган хүний зам дээр машин тавьсан байвал тухайн үед нь зургийг нь аваад Замын хөдөлгөөний удирдлагын төвд явуулахад хариултыг нь өгдөг. Маргааш нь явуулсан тохиолдолд хүлээж авах боломжгүй. Үнэхээр зөрчилтэй байвал тухайн жолоочийн хаягаар торгуулийн хуудас очно.
ШАР ТЭМДЭГЛЭГЭЭ ДАВБАЛ 20000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Замын шар тэмдэглэгээг нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Цэцэг төвийн уулзвар, Цаг уур орчны шинжилгээний газрын өмнөх уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Боловсролын их сургуулийн уулзварт хийсэн. 200 сая төгрөгийн өртөгтэй гэх уг тэмдэглэгээний талаар жолооч нар хэр мэдээлэлтэй байгаа бол…
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч П.Энхтөр “Би замын цагдаагийн зохицуулагчаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Замын хөдөлгөөний шинэ дүрэм мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор жолооч нар шар тэмдэглэгээн дотор орох зөрчил нилээд гарч байгаа. Бид торгохоос илүүтэй сануулж, зөвлөгөө өгч байна. Жолооч нар байр, эгнээгээ зөв эзлээгүйгээс дүрэм зөрчдөг. Суудлын бүсийг жолооч нар зүүж хэвшиж байгаа. Мөн 10 хүртэлх насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаж байна. Гол анхаарах зүйл эгнээгээ зөв эзлэх хэрэгтэй” гэж ярилаа.
Шар тэмдэглэгээ олон улсын жишиг ажээ. Шар тэмдэглэгээ давж, хөндлөн урсгалд түгжрэл үүсгэдэг. Зөрчил гаргасан жолоочийг 20 мянган төгрөгөөр торгож байгаа ажээ.
ЖОЛООЧ НАР ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРМЭЭ МЭДЭЖ БАЙНА УУ?
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар шинэчлэгдсэн Замын хөдөлгөөний дүрмээ мэдэж байна уу, ямар хэлбэрээр мэдээлэл авч байгаа вэ гэдгийг сонирхлоо. Зарим жолоочийн байр суурийг хүргэе.
Ч.Даваагомбо: Дүрмээ мөрдвөл торгуулахгүй шүү дээ
(Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг)
-Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн мэдээллийг телевиз, радиогоос голчлон авч байна. Явган зорчигчийн үүрэг, хариуцлагыг тодотгож тусгасан юм болов уу гэж бодож байгаа. Шар тэмдэглэгээ давсан тохиолдолд торгоно гэдгийг мэдэж авсан. Явган зорчигч чихэвчтэй явах, ном унших зэргийг нарийвчилсан нь зүгээр санагдсан. Жолооч нар дүрмээ мөрдсөн тохиолдолд торгуулахгүй шүү дээ. Би зөрчил гаргаж, торгуулиагүй л байна.
М.Мөнх-Эрдэнэ: Цахим орчноос мэдээлэл авч байна
(Дорнод аймаг, Чойбалсан хот)
-Би Дорнод аймгаас ирсэн. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг цахим орчноос авдаг. Хот, хөдөөд адилхан л мөрдөгдөж байгаа. Чойбалсан хотод шар тэмдэглэгээ байхгүй гээд мөрдөхгүй гэсэн үг биш. Хөдөөнөөс хотод ирсэн гээд ямар нэгэн зөрчил гаргаж, торгуулсан тохиолдол байхгүй.
Ч.Мягмарсүрэн: Замын хөдөлгөөний дүрмийн мэдээллийг ойлгомжтой өгч байгаа
(Улаанбаатар хот)
-Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийг цоо шинээр хийгээгүй гэж сонссон. Хуучин дүрмийнхээ хүрээнд заалтуудыг нь сэргээж, тодотгосон юм болов уу. Мэдээллийг цахим орчноос авч байгаа. Цаасан байдлаар хэвлээд жолооч нарт, иргэдэд тараалаа гэж бодоход зардал их гарах нь тодорхой. Цахим орчинд Тээврийн цагдаагийн албанаас онцолсон заалтуудыг энгийн иргэн, жолооч нарт маш ойлгомжтой, эмх цэгцтэй байдлаар тарааж байна лээ.
Д.ДАМДИНДОРЖ
Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 1 )
jiriin irgediig torgoj shiitgeh yah be. ter deeguuree ideed uugaad baigaa tomchuuddaa arga hemjeegee ab