Нийслэлийн ИТХ-аас “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолыг өнгөрөгч 7 сард батлан гаргасан.
Тогтоолоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн бүх удирдлага, албан тушаалтан, иргэдэд үүрэг чиглэл өгсөн.
Тэгвэл энэхүү тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлээр холбогдох албан байгууллагуудын өнгөрсөн сард хийсэн зарим ажлуудаас тоймлон хүргэж байна.
НМХГ, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, НБГ, НЦГ-аас ирүүлсэн тайлан мэдээлэлд дурьдагсан ажлуудаас дараах хэдэн ажлыг онцлон хүргэе.
Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр аливаа осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэхээр хүүхдийн тоглоомын байгууламж болон гадна тоглоомын талбайн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангах, засвар үйлчилгээний байдалд хяналт шалгалт явуулж илэрсэн зөрчлийг арилгуулжээ.
Мөн “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг барилга, тоосгоны үйлдвэрүүд, худалдаа үйлчилгээний ил задгай зах, төвүүдэд тандалт судалгаа хийж, ажил хөдөлмөр эрхэлж буй 75 хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалд тандалт хийн 12 зөрчил илрүүлэн, гарсан зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллажээ.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль 136, сургуулийн өмнөх боловсролын 227 байгууллага байдаг. Есөн дүүргээс ирүүлсэн тандалт судалгааны явцын дүнгээр 110 сургууль, 210 цэцэрлэгийн 500 метр дотор архи, согтууруулах ундаа худалддаг, үйлчилдэг 1204 аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн судалгааг гаргасан байна. Үүнээс ресторан, баар, кароаке, нийтийн хоолны газар зэрэг 387 газар байгаагаас архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 361 үйлчилгээний газар байсны тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ.
Стандартын улсын үзлэг зохион байгуулж, шинэчлэх шаардлагатай стандартуудыг олон улсын жишигт нийцүүлэх ажлыг зохион байгуулах, хүүхдийн эрх, хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлаар салбар дундын үзлэг, шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж иргэдийн болон орон сууцны хороолол доторх цэвэр бохир ус, дулаан, холбооны худгийн тагны ашиглалтанд хяналт тавьж бүрэн бүтэн байдлыг хангажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулж, гадна, дотор орчныг камерын хяналтын системээр бүрэн хангах, эрсдэлтэй тоног төхөөрөмж, тоглоом хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн хүүхэд залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “Unfreind хөдөлгөөн”- ийг иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хэрэглээний соёлыг төлөвшүүлэх чиглэлээр “Хотын соёл” аяны хүрээнд дэмжин хамтран ажиллаж байна. Аяны хүрээнд Нийслэлийн Засаг даргын Хэрэгжүүлэгч 33 агентлаг, харьяа байгууллагуудад дэмжиж хамтран ажиллах албан тоот хүргүүлэн, тус хөдөлгөөнд зориулан хийсэн нөлөөллийн видео шторк зурагт хуудас, Facebook кове, прэйм зэргийг хүргүүлэн олон нийтэд сурталчлан ажиллажээ.
Нийслэлийн харьяа агентлаг, холбогдох албан байгууллагууд тогтоолын хэрэгжилтийг хангаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаснаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдалд ноцтой зөрчил гарсан тухай гомдол, мэдээлэл олбогдох байгууллагад ирээгүй нь тогтоол үр дүнтэй хэрэгжиж байгаагийн илрэл гэж хэлж болохоор байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНТ
Сэтгэгдэл ( 0 )