Уур амьсгалын өөрчлөлт, инноваци, шийдэл...

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

Ховордож буй амьтан, цаг уурын өмнө бөхийж буй ургамлын төрөл зүйл, инноваци шингэсэн бүтээгдэхүүн. Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. 2015 оноос хойш яг энэ нэрээр үүсгэн байгуулагдсанаасаа хойш хэрэгжүүлж буй 20 гаруй төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээний бүтээл, монгол орны ургамал, амьтан, бичил биетний өмнө тулгамдаж буй асуудлыг өнөөдрийн өдөрлөгөөр олон нийтэд хүргэсэн юм.

Биологийн олон талт байдалд тулгарч буй их сорил

Уур амьсгалын өөрчлөлт. Киотогийн протоколоос Парисын тунхаглал хүртэл 20 гаруй жилийн хугацаанд ярьж ирсэн уур амьсгалын өөрчлөлт Монголд ч сүүдрээ тусгасныг мэргэжилтнүүд хэлж байлаа. Сүүлийн 30 гаруй жилийн судалгаагаар амьтан, ургамлын төрөл зүйлд цаг уурын өөрчлөлт, цөлжилт ихээр нөлөөлснийг судалгаа харуулж байна.

 

“Дохиолол бүхий хүзүүвчтэй амьтдын судалгаанаас харахад ус бараадан нүүдэллэдэг байсан бол ус ширгэж, цөлжиж байгаа нь харагдаж байгаа. Ялангуяа жижиг хөхтөн амьтан дээр тод илэрч байгаа. Тарваганы тархац нутаг хумигдах хандлагатай байна. Цөлжилтөө дагаад нүхээр шүтэж амьдардаг амьтдын орчин нэлээд өөрчлөгдсөн. Тарваганы нүх элсний нүүдлээр чигжигдэж байгаа нь маш том асуудал болоод байна. Тарваганы тархац нутаг багасахын хэрээр шүтэлцээтэй амьдардаг бусад зүйлийн амьтдад дам байдлаар нөлөөлж байна” гэж ШУА-ийн Хөхтөн амьтны экологийн лабораторийн зэрлэг амьтдын биологич Ц.Мөнхзул ярьсан юм.

Ургамлын аймагт уур амьсгалын өөрчлөлт томоохон асуудлын нэг болжээ. Үүний нэг жишээ нь, Монгол Улсын “Улаан ном”-д хагны нэн ховор гурав, ховор 12 нийт 15 төрөл зүйл бүртгэгдсэн байна. Улаан дансны үнэлгээгээр 32 хагийг устах аюулд орсон гэж бүртгэн, Ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар судалгааны ажил үргэлжилж буй аж.

“Хэрэв нэн ховор, ховор гэж бүртгэгдсэн хагууд устлаа гэхэд дахиж ургахгүй, био технологийн аргаар ч нөхөн сэргээж, ургуулж чадахгүй. Яг одоогоор бичвэрийн боловсруулалтын шатандаа явж байна” гэж ШУА-ийн Ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.Жавхлан ярилаа.

 

Монгол Улсад биологийн олон янз байдал буюу ургамал, амьтан, эгэл биетэн нийлсэн 21 мянган төрөл зүйл бий гэх судалгаа гарчээ. Үүнээс ургамлын төрөл зүйл нь 1/3 буюу 7351 төрөл зүйл байдаг аж. Уур амьсгалын өөрчлөлт ургамлын төрөл зүйл болгонд харилцан адилгүй байгаа ч хаг, мөөг зэрэг доод төрлийн ургамалд илүүтэй нөлөөлөх магадлалтай байна.

ШБОС: Шинэ бүтээгдэхүүний судалгаа

Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн шинэ бүтээл, инновацийн шийдэл ашигласан бүтээгдэхүүн гаргаж байгаа гэвэл та итгэх үү? Кофены хаягдал, барагшунтай саван, нүхэн жорлонгийн үнэр ариутгагч, шингэн болон түрхмэл барагшун зэрэг олон бүтээгдэхүүн хийж байгаа аж. 2015 оноос эхлэн “Био Плас” буюу барагшунтай бүтээгдэхүүн дээр төвлөрөн ажиллаж, 2016 оноос хэвийн үйл ажиллагаандаа шилжжээ.

 

“Шууд уух зориулалттай, эмчилгээний зориулалттай гэсэн хоёр төрлөөр барагшун үйлдвэрлэж байна. Бид барагшуны орц, найрлагыг хэвийн хэмжээнд барьж, биологийн идэвхт нөлөөллийг нь хадгалах байдлаар хийдэг. Одоогоор барагшуны орцыг 7, 30, 70 хувийн дайрлагатайгаар хийж байна. Үүнийг бид сүүлийн таван жилийн хугацаанд судалсны үндсэн дээр гаргасан” гэж Микрогенетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан М.Мэнд-Амар ярьсан юм.

Хүрээлэнгийн хийж буй дараагийн бүтээл нь саван. Кофены шаар, барагшун, замаг, чацарганатай дөрвөн төрлийн саван нь хүний биед хэрэгтэй бичил биетний тэнцвэрийг хадгалах, гадны нөлөөтэй вирусийг бууруулах, арьсыг гэмтээхгүй зэрэг олон давуу талтай аж. Тэд үүнээс гадна нүхэн жорлонгийн үнэр ариутгах, аюултай бактер устгах зориулалт бүхий ариутгал бүтээхээр ажиллаж байна.

*         *        *   

Ботаникийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн 2015 онд нэгдэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн байгуулагдсан түүхтэй. Биологийн хүрээлэнгийн түүхийг яривал 1960-аад оноос ярих хэрэгтэй болно. Монгол орны байгалийн зэрлэг ургамал, амьтан, бичил биетнийг геологи, морфологи, генетикийн төвшинд нарийвчилсан судалгаа хийдэг байгууллага юм.

Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалттай болон өөрийн байгууллагын төвшинд нийтдээ 20 гаруй судалгаа хийж байгаа аж. Хамгийн том судалгаа нь Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран хэрэгжүүлдэг Мазаалайн судалгаа гэв. Тус хүрээлэнгийн хөхтөн амьтан болон генетикийн лабораторийн судлаачид хамтран дээрх судалгааг хийдэг ажээ. Энэ жилээс БНХАУ-ын эрдэмтэдтэй хамтран ажиллах санал гарган хэрэгжүүлэхээр хэлэлцээний шатанд явж буй аж. Өнгөрөгч дөрөвдүгээр сард БНХАУ-ын 17.5 сая ам.долларын техникийн тусламжийг БОАЖ-ын яаманд хүлээлгэн өгсөн байна. Гурван жилийн хугацаанд хэрэгжих төсөл өнгөрсөн зунаас хэрэгжиж эхэлжээ. Цаашид ШУА нь БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top