Бизнес эрхлэгчдээ дэмжсэн “Сонгинохайрхан Outlet center” дэлгүүрээр...

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг борлуулах, тэднийг дэмжих зорилгоор “Сонгинохайрхан Outlet center” дэлгүүр байгуулан ажиллаж байгаа билээ. Хэдийгээр байгуулагдаад 10 гаруйхан хонож байгаа ч олны үйлчлүүлэх дуртай газруудын нэг болжээ. Сонгинохайрхан дүүрэгт бүртгэлтэй 980 Аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас өдгөө 120 орчим нь тус дэлгүүрт бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээд байгаа бөгөөд өдрөөс өдөрт хамтран ажиллах сонирхолтой Аж ахуйн нэгжүүдийн тоо өссөөр байгааг тус дэлгүүрийн нярав дуулгасан. Тус дэлгүүрт монгол үндэсний дээл болон бусад загварын хувцас, бэлэг дурсгал гээд 300-гаад нэр төрлийн бараа бүтээгдэхүүн бий.


Улаанбаатар хотын томоохон захын тоонд зүй ёсоор тооцогдох Хархорин захын зүүн талд байрлах уг дэлгүүрт үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн эко, натурал бүтээгдэхүүнүүд бий. Тухайлбал, хонины сүүлээр хийсэн эко саван, хус модны хар нүүрсээр хийсэн саван, Увс нуураас ирж байгаа давс, эрүүл мэндийн цай, шампунь, банны хөөс гээд дандаа эко бүтээгдэхүүн бий. Улаанбаатарын хэмжээнд судлаад үзэхэд “Сонгинохайрхан Outlet center” дэлгүүр нь нийслэлд анхдагч юм байна. Тодотгож хэлбэл, нийслэлийн дүүргүүдээс анх удаа Сонгинохайрхан дүүрэгт ААН, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгын дор ийнхүү дэлгүүр байгуулжээ. 


Ингээд Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрчлэгчдийг дэмжих төвийн дарга О.Гэрэлт-Од болон бусад хүмүүсээс дараах зүйлсийг тодрууллаа.  

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга О.Гэрэлт-Од: Хэтдээ гадаад зах зээлд гарах төлөвлөгөө бий


-Дүүрэгтээ “Сонгинохайрхан Outlet center” дэлгүүр нээсний ач холбогдол, зорилго юу вэ?

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд бичил бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих олон талт ажил явуулж байгаагийн нэгэн жишээ нь “Сонгинохайрхан Outlet center” дэлгүүр юм. Манай дүүрэг 320 орчим мянган хүн амтай бөгөөд нийтдээ 980 орчим Аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бид эдгээр бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгын дор үүд хаалгаа нээгээд хэдхэн хонож байна. Одоогоор манай дэлгүүр нийтдээ 140 метр квадарт талбайд үйл ажиллагаа явуулдаг. Ач холбогдлын хувьд гэвэл мэдээжийн хэрэг бизнес эрхлэгчдээ дэмжих, үүнээс гадна үйлчлүүлэгч олонд эко бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой. Одоогийн байдлаар 120 Аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Цаашид энэ 980 Аж аухйн нэгжийнхээ бүгдийг нь чадахгүй юм гэхэд ядахад тал хувийнх нь бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна, дэлгүүрийнхээ зай талбайг томсгох, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах шаардлага бий.

-Хархорин захын хажууд байрлалаа сонгосон нь ямар учиртай юм?

-Хархорин зах нь хэдийгээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт харъяалагддаг ч хүмүүс манай дүүргийнх юм шиг санадаг. Дэлгүүрээ Хархорин захын дэргэд сонгож байгуулсан нь бас учиртай. Энэ зах дээр Улаан-Үүдийн буриадууд ирж худалдаа хийдэг. Үүнээс гадна энэ орчимд Буриад, өвөрмонголчууд олноор ирж очдог юм билээ. Тэгэхээр бид зөвхөн монголдоо бус буриад, өвөрмонголчуудад худалдаа хийх зорилт тавьсан. Нөгөө талаар том зах, хөлийн газар гээд олон талаас нь бодож байршлаа сонгосон. Мөн жуулчны компаниудад санал тавьж, дэлгүүрийнхээ танилцуулгаа өгөхөөр бэлтгэж байна, тэд жуулчдаа манай дэлгүүрээр үйлчлүүлэх зэрэг харилцан хамтран ажиллахаар төлөвлөсөн. Хэтдээ гадаад зах зээлд гарах төлөвлөгөө бий. Хамгийн ойроос дурдахад, ӨвөрМонгол, Буриадад салбар дэлгүүрээ нээх зорилготой.     

-Танай дэлгүүрт үндэсний үйлдвэрчлэгчдийн ур шингэсэн бүтээгдэхүүнүүд харагдана. Тэгэхээр үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн танай шаардлагыг хангаж чадаж байна уу?

-Манай үндэсний үйлдвэрлэгчдийн ур чадвар сайн байгааг ирсэн бүтээгдэхүүнээс харж болно. Дутагдалтай тал гэвэл сав, баглаа, боодлын асуудал бий. Хэчнээн гоё сайхан бүтээгдэхүүн хийгээд ирсэн ч сав баглаагүй болохоор өнгө дарахаас эхлээд асуудал үүсдэг. Сав баглааг дотооддоо үйлдвэрлэх гэхээр зөвхөн нэг төрөл дээр багадаа 30 мянган ширхэгийг үйлдвэрлэж байж сая ашигтай тусна. Түүнээс цөөн хувиар үйлдвэрлэх гэхээр өндөр зардал гараад байгаа юм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Манайх арваннэгдүгээр сарын 1-нд үүдээ нээсэн ч том захын хөлийн газар болохоор үйлчлүүлэгчид олноор ирж байгаа нь цаашид боломж байгааг харуулж байна. Тэгэхээр бид цаашид бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах хэрэгтэй. Одоогоор манайх хоёр худалдагч, нэг няравтай ажиллаж байна. Сая дэлгүүрийн нээлтэд 200 орчим хүн ирэхэд хоёр худалдагч хаанаа ч хүрэлцэхгүй байгаа учраас цаашид худалдагчийнхаа тоог нэмэх шаардлага бий. Мөн бид Цагаан сар, Сар шинэ, баяр наадам гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр бэлгийн багц гаргах зэрэг олон ажил төлөвлөсөн.  

-Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа Аж ахуйн нэгжүүдтэй ямар хэлбэрээр аижллаж байна?

-Үйлдвэрлэгчидтэйгээ гэрээ байгуулдаг, цаашид үйлчлүүлэгчдийн таалалд нийцэх бүтээгдэхүүн ч захиалах болно. Нэг хүн дээл хийгээд 200 мянган төгрөгөөр борлуулна гэвэл барааны үнийн дүнгийн 50 хувийг өгөөд, бүтээгдэхүүн борлогдсон хойно үлдсэн мөнгийг өгөх зэргээр янз бүрээр л гэрээ байгуулж эхэлсэн. Гэхдээ заавал Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчид бус бусад дүүргийн үйлдвэрлэгчидтэй ч хамтарж ажиллана. 

-Төрөөс, Дүүргийн Засаг даргын тамгын газраас хэр дэмжиж байна?

-Дүүргийн Засаг даргын тамгын газраас дэмжиж ажиллаж байгаа ч үйл ажиллагаа хязгаарлагдмал байна. Манай дүүргүүдийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс зээл олгодоггүй учраас ААН-үүд, бизнес эрхлэгчиддээ төсөл яаж бичих вэ, гадны зах зээлд яаж гарах вэ зэрэг сургалт явуулдаг. Түүнээс бид санхүүгийн дэмжлэг үзүүлэх ямар ч боломжгүй. Уг нь анхан шатанд буюу дүүргийн хэмжээнд зээл олгодог байх хэрэгтэй. Манай төвийнхөн гэхэд бизнес эрхлэгчид, ААН-үүдтэй байнгын холбоотой ажиллаж, судалгаа явуулдаг учраас аль ААН, хэн гэдэг бизнес эрхлэгч нь ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. Зээл олгох боломжтой юу үгүй юу гэдгийг судалсан байдаг. Тэгэхээр анхан шатанд зээл олгох эрх зүйн орчин шаардлагатай. Эндээс л зээл жинхэнэ хэрэгтэй газар, хэрэгтэй хүндээ очно. Түүнээс бус яамнаас болон бусад газраас өгч байгаа зээл бол бидэнд огт хамаагүй зүйл.  

“Сонгино хайрхан Outlet center” дэлгүүрийн нярав Г.Гантулга: Санасныг бодоход үйлчлүүлэгч олон, орлого сайн байна


-Шинэ дэлгүүр нээгээд удаагүй байна, үйлчлүүлэгчид хэр олон, ашиг орлогоор арвин байна уу?

-Нээгдээд удаагүй гэхэд үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй сайн, өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үйлчлүүлэгчид манай дэлгүүрт ирээд “үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн гадуур байдаг ч үнэтэй, зарим тал дээр шаардлага хангадаггүй. Харин танай дэлгүүрт өргөн сонголттой, чанартай, үнэ хямд гээд давуу тал олон байна” гэдэг. Анх бид дэлгүүрээ нээгээд эхний сард ч борлуулалт муу, үйлчлүүлэгч цөөн байна гэж бодож байсан. Гэтэл санаснаас борлуулалт сайн, үйлчлүүлэгчид олон байна.

-Бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчид хэр олон байна?

-Хэвлэл мэдээллээр ч сурталчилгаа явсан, амнаас ам дамждаг ч бололтой юм. Үйлчлүүлэгчдийн тоо олшроод зогсохгүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Одоогоор 120 үйлдвэрлэгчийн 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн манайд бий. Сүүлийн үед иргэд маань натурал зүйлд дуртай болж, нөгөө талаар үндэснийхээ чанартай бүтээгдэхүүнийг ч авах сонирхолтой болжээ. Миний хувьд ч үндэсний эко бүтээгдэхүүнээ хэрэглэж, монгол хувцасаа өмсөхийг хүсдэг. Энэ бол цаг үеэ олсон сайхан газар, тиймээс ийм газарт ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.  

“Сонгинохайрхан Outlet center” дэлгүүрт бүтээгдэхүүн нийлүүлэгч, “Содон хүйс” компанийн гүйцэтгэх захирал Г.Ганбаяр: Манай дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв ААН-үүдтэйгаа сайн хамтарч ажилладаг


-“Сонгинохайрхан Outlet center” дэлгүүрт анхдагч бараа нийлүүлэгчдийн нэг юм байна. Тэгэхээр танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай компани 2017 онд үүсгэн байгуулагдсан, үйл ажиллагаа явуулаад нэг жил болжээ. Үндсэндээ гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Инстант кофе гэж кофе, сүү, сахар гурвууланг нь нийлүүлсэн бүтээгдэхүүн бий, мөн зургаан төрлийн жимстэй, зөгийн балтай цай, эрүүл мэндийн цай, зургаан төрлийн эрүүл мэндийн ундаа гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн Солонгосоос сайн чанарын сахар болон үхрийн махтай амтлагчийг авчирч савладаг.

-Шинээр үүд хаалгаа нээгээд байгаа дэлгүүрийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Бусад дүүргийг сайн мэдэхгүй юм. Сонгинохайрхан дүүргийн хувьд Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төвөөс ААН-үүдтэй маш сайн хамтарч ажилладаг. Аль болох олон талт ажлыг зохион байгуулж мэдээллээр байнга хангадаг. Дэлгүүрийн хувьд бол жижиг дунд үйлдвэрлэгчиддээ олгож байгаа том боломж учраас баяртай байгаа. Бид “Сонгинохайрхан Outlet center” дэлгүүрээр дамжуулж бүтээгдэхүүнээ борлуулах суваг нээгдэж байна шүү дээ. Өнөөдөр манайх 500 орчим мянган төгрөгийн бараа авчирч тавилаа. Манайх ундаа, кофе, цайгаа бэлгийн багц буюу таваар, гурваар гэх зэргээр савладаг учраас сая 23 нэр төрлийн бүтээгдэхүүн авчирч тавьсан.

-Танай үйлдвэр хэдэн ажилтантай вэ, түүхий эдээ хаанаас гол төлөв авч байна?

-Манай үйлдвэрийн хувьд зөгийн бал, нэрс, чацаргана гэх мэт зүйлийг монголоос авдаг. Харин дотоодоос авах боломжгүй, монголд ургадаггүй зүйлийг гаднаас авдаг. Хүн орхоодой, анар, нимбэг гэх мэт зүйлийг Солонгос, АНУ-аас авдаг. Зуун настыг Вьетнамаас гэх зэргээр авдаг. Манайх 25 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

С.УУГАНБАЯР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sainaa(139.5.216.160) 2018 оны 11 сарын 22

Ok

0  |  0
Sainaa(139.5.216.160) 2018 оны 11 сарын 22

Ok

0  |  0
Top