Соёлын өвийн үндэсний төвөөс өнөөдөр түүх соёлын үл хөдлөх дурсгалуудыг хамгаалах, хадгалах, ашиглах нэгдсэн системтэй болох асуудлаар уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Нийслэлийн газрын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж зөвлөлдсөн юм.
Манай улсын хувьд өргөн уудам газар нутагт тархан байршсан түүх, соёлын үл хөдлөх дурсгал буюу палеонтологийн олдворт газар, археологийн дурсгалт газар, барилга архитектурын дурсгалаар нэн баялаг. Гэвч газрын хэвлийд болон хөрсөн дээр байх эдгээр түүхэн дурсгалууд нь газрын харилцаа, ашиглалттай холбоотой үйл ажиллагаанд өртөж, сүйдэх, устаж үгүй болох эрсдэл улам бүр нэмэгдэж байна.
Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийг авран хамгаалах газрын дарга Г.Анхсанаа:
“Соёлын өвийг хамгаалах тухай хуультай холбогдуулаад түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, хадгалах, ашиглах тухай асуудлаар төрийн мэргэжлийн агентлагуудын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд соёлын өвийг 11 ангилсан байдаг. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжилтэй холбогдуулаад уул уурхай зам хөгжил газар олголтын үйл ажиллагаа эрчимжиж байна. Үүнтэй холбоотойгоор хөдөө хээр байх түүх соёлын өв дурсгалууд эвдэж сүйдэх устах тохиолдол гарсаар байна” гэлээ.
ДОКТОР Ч.АМАРТҮВШИН: ТҮҮХЭН ДУРСГАЛЫН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН САН
БИЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8-д Хотын суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахаас өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул судалгаа хийж, дүгнэлт гаргуулна хэмээн заасан байдаг ч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Тиймээс газрын хэвлийд болон хөрсөн дээр байрлах соёлын өв, түүхэн дурсгалууд сүйдэх, устаж үгүй болох эрсдэлтэй тулгарч байгаа нь анхаарах асуудал болоод байгаа юм.
Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Ч.Амартүвшин “Хүрээлэнгийн зүгээс түүх дурсгалын өвийг хадгалах хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн хувьд Улаанбаатар хотыг тойрсон асуудлыг түлхүү ярьж байна.
Тухайлбал, Туул голын хөндий бол арвин баялаг газар. Хэдийгээр харагдахгүй боловч голын хөндийд чулуун зэвсгийн үеэс эхлээд 18, 19-р зууны үе хүртэлх бүхий л дурсгалууд байдаг. Тэгэхээр үүнд анхаарах цаг болсон. Түүхэн дурсгалаа хадгалж хамгаалах ашиглах зөв жишгийг нэвтрүүлбэл, дэлхийн жишиг хотын хэмжээнд очих боломжтой. Үүний тулд нэгдсэн мэдээллийн сан бий болгох шаардлагатай. Өнөөдөр дээрх мэдээллийн сан байхгүйгээс соёлын өв оршиж буй газарт газар олгох асуудал гарч байна. Манай хүрээлэнгийн хувьд 2002 оноос хойшхи археологийн авран хамгаалах судалгааны мэдээлэл манайд хадгалагдаж байдаг. Тэгэхээр бидэнд томоохон мэдээллийн сан байна. Энэ мэдээллийн санг бусад төрийн мэргэжлийн газрын сантай холбох шаардлага үүсээд байна” гэлээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
ARHIOLOG GELTGUI ERDEMTEDIIN BUTEELIIG HADGALAH SAN