БНСУ-ын IT салбарт ажил гүйцэтгэх монгол залуусыг бүртгэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан бөгөөд тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” - MKIT) сургалтын төвтэй  хамтран нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг арваннэгдүгээр сарын 19-ний даваа гарагт нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулахаар болжээ. 

Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт болоод тус газраас хэрэгжүүлсэн технологийн шинэчлэлүүдийн талаар дараах албаны хүмүүсийн байр суурийг онцлон хүргэе.


Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:
Компьютерийн үндсэн хэрэглээний ангид  1688 иргэн амжилттай суралцлаа

-Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Мэдээллийн технологийн сургалтын төвд компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп, excel программын ахисан түвшний нарийн мэргэжлийн долоон төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг. 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар компьютерийн үндсэн хэрэглээний ангид 1106, нарийн мэргэжлийн ангид 582, нийт 1688 иргэн амжилттай суралцлаа. Мөн мэдээллийн технологийн чиглэлээр бэлтгэгдэн, амжилттай төгссөн 150 гаруй залуучууд БНСУ-аас аутсорсингийн захиалгат ажлын захиалга аван, гүйцэтгэл дээрээ ажиллаж байна. КОЙКА-гийн (KOICA) хамтын ажиллагааны хөтөлбөр болох Монгол Улсад мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, бизнес инкубатор төвийн төслийн хүрээнд манай төвийн нарийн мэргэжлийн ангийг амжилттай төгссөн залуучууд Бизнес инкубатор төвд элсэж, сард 440 мянган төгрөгийн тэтгэлэгтэйгээр дадлагажиж, өөрсдийн бизнесийн санаагаа хөгжүүлдэг.

Бид зөвхөн төгсөгчдөдөө төдийгүй бусад хүмүүст боломж олгож, аравдугаар сараас эхлэн мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх шинэ анги нээсэн.  Энэ ангид мэдээллийн технологийн суурь мэдлэгтэй 16-аас дээш насныхан, алгоритмийн үндэс, объект хандалтын суурь мэдлэгтэй залуучууд, мөн “Эм кэй Ай ти” (MKIT) сургалтын төвийн мэргэжлийн ангийг төгсөгчид, ажил хайж байгаа мэдээллийн технологийн мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. Сургалтыг төлбөргүй зохион байгуулж байгаа бөгөөд сар бүр хоол, унааны зардал болох 220,000 төгрөгийн тэтгэлэг олгож байна. Одоогоор 20 хүн сургалтад хамрагдан, мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх алхам хийгээд байна. Эдгээр залуусыг сургалтаа амжилттай дүүргэсний дараа 100 хувь ажлын байраар хангана. Бид мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг Өмнөд Солонгосын 30 гаруй компанитай байнга хамтран ажилладаг. Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах сонирхол, мэдлэг чадвартай 400 программисттай хамтран аутсорсинг төсөл гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.


Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг:
Цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлсэн нь үр дүнгээ өгсөн

-21-р зуунд нийгмийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй салбар бол мэдээллийн технологи. Иргэд олон байгууллагын хаалга сахиж, төрөл бүрийн лавлагаа, тодорхойлолт авах гэж дугаарлахгүйгээр гэрээсээ, ажлын байран дээрээсээ онлайнаар төрийн үйлчилгээ авдаг боллоо. Нийслэлийн цахим үйлчилгээний порталыг нийтийн хэрэглээнд нэвтрүүлж, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийхийг зорин ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дотоод хяналт, удирдлагын UB ERP мэдээллийн цогц системийг нэвтрүүлж, нийслэлийн харьяа 1100 гаруй байгууллагын 14 мянган албан хаагч өдөр тутмын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах, хамтран ашиглах орчин үеийн шинэ технологи бүхий системтэй боллоо. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас энэ жил хороодод үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний чиглэлээр иргэдэд чиглэсэн ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, 100 мянга гаруй эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг байдлыг халж, цахим бүртгэлд шилжүүлсэн. Нийслэл хотод тээврийн  хэрэгсэл эзэмшдэг 200 мянга гаруй иргэн татвараа төлөхөд 3 минут зарцуулдаг боллоо. Мөн Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын явц, сонгон шалгаруулалтын мэдээллийг орон зайн дундын мэдээллийн санд суурилсан мэдээллийн сангаас авах, хяналт тавих боломжтой болсон зэрэг мэдээллийн технологийн ашиглалт, хүртээмж нэмэгдсэн.  


“Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр:
Аутсорсингийн ажил гүйцэтгүүлэх сонирхолтой БНСУ-ын аж ахуйн нэгжүүд нэмэгдэж байгаа

-БНСУ болон Монголын Мэдээллийн технологийн аутсорсингийн төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоогоор “Эм Кэй Ай Ти” /МКIT/ сургалтын төвийг төгсөгчид 70 гаруй төсөл хэрэгжүүлээд байна. Манай сургалтын төв нь мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж, тэднийг БНСУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, аутсорсингийн төслийн ажлуудыг гүйцэтгэх боломжоор ханган ажиллахыг зорьдог. Манай залуучуудаар аутсорсингийн ажил гүйцэтгүүлэх сонирхолтой Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжүүд жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Бид энэ удаагийн өдөрлөгт 30 орчим, 2019 онд 150 орчим вэб хөгжүүлэгч, программистын нээлттэй ажлын байр зарлан, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэдээллийн технологийн аутсорсингийн салбар цаашид Монгол Улсын хөгжлийн шинэ гарц байх болно гэдэгт итгэлтэй байгаа. Хотын зүгээс энэ салбарт ач холбогдол өгч байгаад баяртай байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармаг мэдээллийн технологийн чиглэлээр аутсорсинг ажил гүйцэтгэх чадвартай залуучуудад нээлттэй бөгөөд заавал их, дээд сургууль төгссөн байх гэсэн шаардлага тавихгүй.


Мэдээллийн технологийн нээлттэй ажлын байрны яармагт
ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

  • MKIT мэдээллийн технологийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх төслийн сургалтыг  төгсөгчид /Вэб хөгжүүлэгч, Жава хөгжүүлэгч, Вэб дизайнер болон DBMS/SYSTEM инженерийн сургалтыг амжилттай төгсөгчид болон Бизнес инкубатор төвийн төгсөгчид,


  • SW хөгжүүлэлт болон вэб дизайны туршлагатай хүн, холбогдох мэргэжлээр төгсөгчид,


  • “IT” салбарын ажил хайгчид,


  • БНСУ-н хөрөнгө оруулалтай байгууллагуудад ажилд орох хүсэлтэй болон төсөлд оролцох хүсэлтэй хүмүүс.

Нээлттэй ажлын байрны яармаг нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” , “MKIT” сургалтын төвд 2018 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр 14:00-:17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Лавлах утас:
70122999, 70122979, 9812-5557, 8901-7101

Цахим шуудан: info@mkit.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top