ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: Эрсдэл НЭРЛЭЖ, дүгнэлт ХҮЛЭЭЖ, чиглэл БАТЛАГДАВ

2018 оны 11 сарын 17

 

Zindaa.mn сайтын Эдийн засгийн тойм танд хүрч байна. Долоо хоногийн анхаарал татсан үйл явдлуудыг онцлохын сацуу хөндсөн СЭДЭВ-үүдээ эргэн сануулдаг билээ. Хүлээлт ёсоор Ерөнхийлөгч төсөвт хориг тавилаа. Гэхдээ бүхэлд нь хориг тавиад байна. УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн бол МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байна.

Энэ долоо хоногт Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ аравдугаар сарын байдлаарх  улс орны нийгэм, эдийн засгийн тоон  үзүүлэлтүүдийг  танилцуулсан юм. ҮСХ-ны мэдээллээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого  өмнөх оны мөн үеэс 145 100 төгрөгөөр нэмэгдсэн, Улсын төсвийн тэнцэл 341 тэрбум төгрөгийн ашигтай гарсан гэхчлэн нааштай тоонууд байгаа юм. Статистикийн эерэг тоон өсөлтүүд өрх бүрийн үүдээр үнэхээр орж байгаа юу гэдэг том асуудлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.

Мөн энэ долоо хоногт зээлийн хүүг бууруулах боломж байна уу гэдэг асуудлын хүрээнд ээлжит хэлэлцүүлэг боллоо. Монголбанкнаас боловсруулсан  зээлийн хүүг бууруулах Үндэсний стратеги болон  Ардчилсан намаас санаачлаад буй зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслийн аль аль нь нийгмийн анхаарлын төвд байгаа энэ үед талууд байр сууриудаа илэрхийлэх нь мэдээж чухал. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хүчээр тогтоох уу, зээлийн хүү буурч тогтох хөрс суурийг төр бүрдүүлэх үү. Хэрхэн яаж хүүг буулгах вэ гэдэг асуудал хэн бүхэнд хамаатай билээ. Ингээд Эдийн засгийн тойм мэдээллийг танд хүргэе.

Хүлээгдсэн ДҮГНЭЛТ


Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлт хаврын чуулганыг алгасаад намрын чуулгантай золгочихоод байна. Хавар эцэслэгдэх ёстой дүгнэлт дөрвөн улирлын нүүр үзээд буй тул чухам ямар шалтгаанаар хойшлоод байна гэдгийг энэ долоо хоногт хөндсөнөө тоймд онцолж байна. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн  /2018.10.01/ уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, "Ажлын хэсэг Оюутолгойд зунжингаа шалгалт хийж, 262 хуудас бүхий санал дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж, 13 гишүүнд өгсөн. Гишүүд эцсийн саналаа хэлээд, нэгтгэгдэж дууссаны дараа буюу ойрын хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулна. Сая УИХ-ын дарга чиглэл өгөхдөө Байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна” гэж байв. Харин энэ сарын 1-ний өдөр тэр хэлэхдээ  “Ирэх долоо хоногт Ажлын хэсгийн гишүүд уулзаж, дүгнэлтээ гаргана” гэсэн юм. Тэгвэл тэр ингэж хэлснээс хойш 16 өдөр өнгөрөөд байна. Оюутолгойн гэрээний хэрэгжилттэй холбоотой ДҮГНЭЛТ ил болоогүй хэвээрээ байна. АТГ болоод Аудитын байгууллага гэрээтэй холбоотой тоо, дүгнэлтийг Ажлын хэсэгт өгөх ёстой ч, хойрго хандаж буйг мөн мэдээлсэн билээ.

ШҮҮЛТҮҮР-ийн төсөл шүүрхий байна

Жилийн дөрвөн улирлын турш нийслэлийн агаар орчны бохирдлын эх үүсвэр болдог авто тээврийн хэрэгслүүд тэр дундаа  насжилт өндөр,  утаа тортог, хүхэр ихтэй дизель мотортой автобуснуудын янданд шүүлтүүр суурилуулах ажилд ахиц байна уу гэдгийгэнэ долоо хоногт хөндсөн юм. Автобусны янданд шүүлтүүр суулгаж эхлэх он 2017 он байсан ч, манайхан гадныхныг царайчилдаг жишгээ энэ удаад ч давтагдсан. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (JICA)-ын Жижиг, дунд үйлдвэрийг гадаадад хөгжүүлэх төслийн хүрээнд “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр (DPF) тавьж хөө тортгийн ялгарлыг бууруулах арга хэмжээг баталгаажуулж, нэвтрүүлэх төсөл” туршилтын шатаа даваагүй байна. Нийслэлд нийтийн тээврийн 900 гаруй автобус үйлчилгээнд явж буй. Тэдгээрээс 24-д нь л шүүлтүүр суурилуулж, туршсан гэх мэдээлэл байгаа юм. Автобусанд шүүлтүүр тавихад хар утаа 97 хувь буурах боломжтойг туршилт харуулсныг тэмдэглэх хэрэгтэй.

Өдөрт нэг автобусны шүүлтүүрээс дунджаар 175 грамм хар утаа ялгарч буй  бөгөөд сарын хэмжилтийн дүнгээр тооцоход шүүлтүүр суурилуулсан 24 автобуснаас ялгарах 66.4 кг хөө тортог  агаарт хаягдах эрсдэлийг үгүй болгож байгаа гэсэн судалгаа бий. Нийтийн тээврийн бүх автобусанд  шүүлтүүр суурилуулсан тохиолдолд хар утааны жилийн ялгаруулалтын хэмжээ 43.8 тонноор буурах боломжтой. Гадны тусламжаар, бидний хувьд үнэгүй хийгдэж буй ажил учраас шахамдуулаад, шаардаад байхад мэдээж хэцүү.  Ийм тулгамдсан асуудлуудаа шийдэхдээ бусдыг царайчлахаасаа урьтаж, дотоод нөөц бололцоондоо тулгуурлахад анхаарах ёстойг бид нийтлэлээрээ сануулсан. УИХ-аар төсөв хэлэлцэхэд агаар орчны бохирдлыг бууруулахаар төсөвлөсөн мөнгийг 80 тэрбумаар танаж хаясан. Тэгвэл нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх автобусны янданд шүүлтүүр байрлуулахад нийтдээ 40 тэрбум 500 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

Гурван ЭРСДЭЛ-ийг нэрлэв


“МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ”  энэ долоо хоногт боллоо. Форумаар ирэх 2019 онд Монголын бизнесийн салбарт учирч болзошгүй байгаа эрсдэлт нөхцөл байдлуудыг тодотгон ярилцав. Уг арга хэмжээнд оролцогчид улсын хэмжээнд тулгамдаж буй эрсдэлийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах тогтвортой хөгжлийн загварыг бий болгох, тулгарч болзошгүй эрсдэлийг хохирол багатайгаар даван туулах боломжийг эрэлхийлж, харилцан туршлага, мэдээллээ хуваалцдагаараа онцлогтой. Энэ жилийн форумаар “Эдийн засгийн өсөлтөд бизнесээ бэлдэх нь” болон “2019 оны бизнест учирч болох ТОП 3 эрсдэл” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөсөн юм. Хувийн хэвшлийнхэн 2019 оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих макро эдийн засгийн төлөв байдал, манай улсад тулгардаг түгээмэл эрсдэлүүд дээр мэргэжлийн шинжээчдийн хийсэн тооцоо, таамаглал болон эдийн засгийн өсөлтийн үеийг ашиглан бизнесээ өргөжүүлэх боломжуудын талаар ярилцлаа. Мөн орчин үеийн бизнесүүдийн хамгийн том эрсдэл болох хүний нөөцийн эрсдэл, байгууллагын мэдээллийн аюулгүй байдал ба цахим эрсдэл, үйл ажиллагааны эрсдэлийн талаар өөрийн бизнест тохиолдож буй эрсдэлийн кейс болон туршлагаасаа хуваалцлаа. Форумыг зохион байгуулагч “Голомт” банкны Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг байр сууриа илэрхийлэхдээ валютын ханшийн эрсдэл зөвхөн бизнес эрхлэгчдэд  бус иргэдийн хувьд хүнд тусдаг гэдгийг хэлсэн. Монгол төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч буй нь намууд популист амлалтаа хэрэгжүүлэхээр үргүй зардал гаргадагтай, төсвийн бодлого ухаалаг бус байгаатай холбоотой. Мөн эдийн засгаа төрөлжүүлж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхгүйгээр ханшийн тогтвортой байдлыг бий болгох боломжгүйг хэлж байв.

ЖДҮ-гээс ургасан  МЭДЭГДЛҮҮД

Жижиг, дунд үйлдвэрлэлийг /ЖДҮ/ дэмжих ёстой мөнгө Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн санг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болоод байна гэсэн байр суурийг илэрхийлэгсэд цөөнгүй байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ үүнийг үгүйсгэсэн байр суурийг энэ долоо хоногт ч илэрхийллээ. Бүр албан ёсны мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Банк бус санхүүгийн байгууллагууд дүрмийн сангаа Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай болон холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагааны орлого, цэвэр болон хуримтлагдсан ашиг, хууль ёсны бусад орлогоор нэмэгдүүлдэг бөгөөд аливаа зээлийн эх үүсвэр, тэр дундаа ЖДҮХС-гийн зээлээр нэмэгдүүлэх боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.

СЗХ өөрийн хамаарах ББСБ-аа ийн өмөөрөхтэй зэрэгцэн МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, тэргүүлэгчдийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболдод хандан мэдэгдэл гаргасан юм.  

“ЖДҮХС-гаас төр засгийн өндөр албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хувийн компаниуддаа зээл авсан нь ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа энэхүү үйл явдлыг бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох МҮХАҮТ ихэд жигшин зэвүүцэж байна. Энэ нь зөвхөн  ЖДҮХС хэмээх ганц сангаар дамжсан зүй бус зарцуулалтаар илэрч байгаа хэдий ч Монголын төрд урхагшсан хариуцлагагүй байдал, хяналтгүй зарцуулалт, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хуульзүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, иргэддээ зах зээлийн тэгш боломж олгохтой холбоотой Үндсэн хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчиж байгаа явдал юм. Тухайлбал,  Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1.7-д  улсын төсвийн бүх зардал УИХ-ын онцгой эрхээр зохицуулагдана хэмээн заасан ч манай эрх баригчид ард иргэдийнхээ өмнө ил тод, шударга байх үүргийг  умартаж, татварын хөрөнгөөр сан нэртэй “мөнгө угаалт”-ыг санхүүжүүлж, хяналтгүйгээр ашиглаж байгаа нь эдийн засгийг эвдэж, зах зээлд тэгш оролцох зарчмыг алдагдуулж байгаа хэрэг гэж үзэж байна” гэв.

Үндсэн чиглэл БАТЛАГДАВ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ энэ долоо хоногт батлав.Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох бодлогын алхмууд хийх гэж байгаагаараа онцлог гэж Төв банкнаас мэдэгдсэн. Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна гэж үзэж буй.  Эдийн засгийн хүндрэл гүнзгийрсэн 2016 оноос хойш ихэнх салбар хуримтлагдсан дүнгээрээ өсөлттэй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөөд байна. Энэхүү нааштай үр дүнг бэхжүүлж,  цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл бүхэлдээ чиглэж байна гэж мэдэгдсэн юм.


Мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, институцийг бэхжүүлэх шаардлагатай. Иймээс ирэх онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг  нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож, санхүүгийн зах зээлд нэвтрүүлнэ гэж мэдэгдлээ.

Э.БОЛОРХАЖИД

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.114) 2018 оны 11 сарын 18

Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Top