СЭДЭВ: 15 сая төгрөг хуурамчаар хэвлэсэн тохиолдол гарч байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 17
  •  Манай улсад хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэсэн хэрэг хэдэн удаа, хэрхэн гарч байсан талаарх тоон мэдээлэл, гэмт этгээдүүдэд хуулийн дагуу ямар шийтгэл оноож байсан тухай шүүх, шүүгчийн шийдвэрт хуульч, судлаачийн хийсэн дүн шинжилгээний тухай, хуурамч мөнгөн тэмдэгтэй холбоотой хэргүүдийг шийдэхдээ яг хуулийн дагуу зөв зүйчилсэн үү гэх зэрэг асуултад хариулт өгөх үүднээс дараах мэдээлэл, баримт, материалыг түшиглэн нэгтгэн хүргэж байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Анхны хуурамч мөнгөн тэмдэгтийг МЭӨ IV зуунд үйлдэж байжээ

Мөнгөн тэмдэгтийг тухайн улсын тусгаар тогтнолын баталгаа гэж үзэх хэсэг ч бий. Манай улс шар цай, хадгийг мөнгөн тэмдэгтийн оронд хэрэглэж байсан нь Ардын хувьсгалаас өмнөх үе. Харин Хубилай хааны үеэс цаасан мөнгөн тэмдэгт хэрэглэж байсан тухай Марко Поло тэмдэглэлдээ үлдээжээ. Олон улс оронд мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэхийг гэмт хэрэгт тооцсоор ирсэн байна.  Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг МЭӨ IV зуунд Грект илэрсэн.  Алт, мөнгөний голд төмөр, зэс хийн цутгадаг байжээ. Оногдуулах ял нь гарыг нь цавчих, алах, хоолойд нь хайлсан тугалга цутгах зэрэг шийтгэл байсан аж. Мөн МЭӨ VI зуунд Афинд олон тооны хуурамч зоос илэрсэн.Грекийн Эгина арал дээр технологийн өндөр төвшинд бэлтгэсэн хуурамч зоос байсан. Эртний Грект гарыг нь тасдах, Египет улсад цаазалж байлаа.

Манай улс 1926 онд хуульчилсан

"Мөнгөн тэмдэгт, гадаад валют, үнэт цаасыг хуурамчаар үйлдэх, борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд хор хүргэх аюултай гэмт хэргийн нэг” гэж доктор Г.Совд бичжээ. Манай улс 1926 онд анх Шүүх цаазын бичигт тусгасан ч 2015 оны Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүртэлх хугацаанд өөр дорвитой өөрчлөлтүүд ороогүй байв.1929 он, 1942 он, 1961 он, 1986 он, 2002 оны Эрүүгийн хуулиудад мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, ашиглах, борлуулахыг хуульчилсан уламжлалтай боловч нарийвчилсан заалт алга байсан тухай судлаач Н.Ууганчимэг дүгнэжээ. Тэрбээр, дэлхийн жишигтэй нийцэхүйц хэмжээний хандлага гэжээ. Тэгвэл 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдсөн хуульд ямар заалт оров.


Эрүүгийн хуулиар хорих ял оноодог болсон нь

2015 Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад юу гэж заав. Энэ 2017 оны долдугаар дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ.

18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах

  • 1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж заасан байна.

15 сая төгрөг хуурамчаар үйлдсэн гурван бүлэг этгээдийг  баривчилжээ

Мөнгөн тэмдэгтийг хуурамч гэртээ хувилагчаар хэвлэснээс эхлээд гадаадын иргэн 100 ам.долларыг гүйлгээнд оруулахыг завдсан хэрэг ч гардаг. 2003-2012 онд таван дэвсгэртийн 12147 ширхэг 39.296.000 төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн байна.

2013 онд зургаан дэвсгэртийн 1431 ширхэг 25.063.100 төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгт, 2014 онд таван дэвсгэртийн 1253 ширхэг18.605.000 төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгт илэрч байжээ. Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн этгээдүүд үйлдлээ ихэнх нь мэддэг учраас гэрэл гэгээ муутай, олны хөдөлгөөн бага үдэш, оройн  цагаар Түргэн үйлчилгээний цаг, Шатахуун түгээх станц, хүнсний дэлгүүрт гүйлгээнд оруулахыг эрмэлздэг аж. 2016 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 15.000.000 сая төгрөгийн хуурамч мөнгөн тэмдэгт илэрч байжээ. Тэдгээр  хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн гурван бүлгийн 10 гаруй этгээдийг хулгай хяналтынхан баривчилсан байна.

Хувилагчаар хуурамч мөнгөн тэмдэг хийж байжээ

Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулахыг оролджээ. Ийм хэрэг банкин дээр гарч илэрсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176.1, 176.2-т зааснаар зүйлчлэн ял оногдуулсан хэрэг шүүх дээр 2011-2016 онд 18 шийдвэрлэгдсэн. Үүнээс зургаа нь  хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн, ашигласан хэрэг байна. Эдгээр шүүхээр шийдэгдсэн хэргийн ихэнх нь Түргэн үйлчилгээний цаг, Шатахуун түгээх станц, баар, цэнгээний газарт борлуулах гээд баригдсан байдаг. Хуурамч мөнгөн тэмдэгтийг принтерээр хувилах, саатай бал ашиглах зэргээр хийдэг аж. Энэ нь энгийн хүн хараад таних хэмжээний хуурамч үйлдэл.

Гудамжнаас олсон 10000-тын хуурамч дэвсгэртүүдийг гүйлгээнд оруулахыг завджээ

“Г” гэгч этгээд гудамжнаас олон тооны 10 мянгатын хуурамч мөнгөн тэмдэгт олсон байна. Хэдийгээр хуурамчийг нь мэдэж байсан ч гүйлгээнд оруулахаар шийдвэрлэжээ. Ингээд бааранд үйлчлүүлж байхдаа хуурамч мөнгөнөөсөө 70 мянган төгрөгөөр тооцоо хийж гэж байгаад баарны үйлчлэгчид баригдсан байна. Нөхцөл байдлыг дүгнэн сэжигтэн Т-д шүүхээс дөрвөн сарын баривчлах ял оноосон аж. Түүнийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх ял оноох боломж байсныг судлаач дүгнэлтдээ дурдсан байсан. Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176.1-т зааснаар хуурамч, мөнгөн тэмдэгт ашигласан, борлуулсан гэж үзжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176.1-гээр биш 148.1-т зааснаар залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шийтгэх боломж байсан бололтой.

10 хэргийн нэгд нь торгох ял оноож байв

Хэргийг хэрхэн шийдвэрлэхэд дүгнэлт хийснээ судлаачид хөндлөнгөөс шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдоогүй гэдгийг ахин дахин тайлбарладаг. Шүүхийн үйл ажиллагаанаас хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой 10 хэргээс 1-т нь торгох ял оноосон байдаг аж. Дэлхийн жишигт нийцэх хэмжээний гэж судлаачийн тайлбарласан 2015 оны шинэчилсэн Эрүүгийн тухай хуульд мөнгөн тэмдэг хуурамчаар үйлдэхийг гэмт хэрэгт оруулсан боловч зарим талаар учир дутагдалтай байна  хэмээжээ. Тус хуульд цахим карт хуурамчаар үйлдэх, ашиглах, хадгалах, зөөвөрлөх, тараасан үйлдлийг гэмт хэрэг гэж тооцсон ч гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг зөвхөн зохион байгуулалттай бүлэг зохион байгуулахаар заасныг хязгаарлагдсан зохицуулалт гэж үзсэн байна. Энэ нь шинэ төрлийн гэмт хэрэг. Үүнийг ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэх хэрэгтэй гэж үздэг байна.

Д.ДАМДИНДОРЖ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.186.33) 2018 оны 11 сарын 17

Д.Дамдиндоржтон яарч оруулав уу, яахын сорих гэж үг, утгын алдаа гаргав уу... ” Тэдгээр хуурамч мөнгөн тэмдэгт үйлдсэн гурван бүлгийн 10 гаруй этгээдийг хулгай хяналтынхан баривчилсан байна ” гэж бичсэн нь утгын хувьд ” хууль хяналтынхан ” гэж оруулах ёстой. Гэтэл хуурам ч мөнгөн тэмдэгт үйлдсэн гурван бүлгийг 10 гаруй этгээдийг баоивчилсан хүмүүс өөрсдөө хулгай тодотголтой хяналтынхан баривчилсан болоод байгааг юу гэж ойлгох вэ. Хариулт өгнө үү ?

0  |  0
Top